| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/01912/И |
| Дугаар | 102/ШШ2023/02968 |
| Огноо | 2023-08-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2023/02968
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ... албаны байранд байрлах “Х... банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн ... тоот хаягт оршин суух, ... регистртэй, Ш... овогт Б....гийн Т...т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 14,543,015.99 /арван дөрвөн сая таван зуун дөчин гурван мянга арван таван төгрөг, ерэн есөн мөнгө/ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н...,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х... банк” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Н.. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Иргэн Б.Т... нь Х... банктай 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1560024565 дугаартай зээлийн гэрээ байгуулан 16,500,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгч Б.Т...ийн Х... банк дахь .... тоот дансанд 16,500,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 3,924,184.83 төгрөг, зээлийн хүүд 1,206,175.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,632.50 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны хуваарьт өдрөөс хойш төлөөгүй ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 368 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х... банкны зүгээс зээл төлөх боломжоор хангаж хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн. Иймд зээлийн гэрээг цуцалж, төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 12,575,815.17 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаарх хүү 1,889,157.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,043.63 төгрөг, нийт 14,543,015.99 төгрөгийг хариуцагчаас гаргуулах. Хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй учраас зээлийн гэрээний 8.2.1, 8.2.9 дэх заалтыг үндэслэн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 14,543,015.99 төгрөг шаардаж байна...гэв.
2. Хариуцагч Б.Т... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б... овогтой Т... нь Х... банкнаас авсан зээлээ 2022 оны 7 дугаар сараас хойшхи хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хийж чадахгүй байсаар төлж барагдуулаагүй бөгөөд одоо буюу 2023 оны 6 дугаар сарын 02-нд Х... банкнаас нэхэмжилж байгаа төлбөрийг 1 жилийн хугацаанд хуваан төлөх хүсэлтэй байна...гэжээ.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Барьцаат зээлийн гэрээ /хх-12-15/, Б.Т...ийн дансны хуулга /хх-16-17/, Б.Т...ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-18/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
4.Хариуцагч тал шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаж, тайлбараа нотлохоор аливаа нотлох баримт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
5. Хариуцагч Б.Т... шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талын эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч “Х... банк” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Т...т холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 14,543,015.99 /арван дөрвөн сая таван зуун дөчин гурван мянга арван таван төгрөг, ерэн есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 1 жилийн хугацаанд хувааж төлөхийг хүссэн хариу тайлбар гаргасан байна.
3. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу шаардана гэж тодорхойлсон.
4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгчийн зээлийн болон дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. “Х... банк” ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1560024565 тоот Барьцаат зээлийн гэрээ (Хэрэглээний зээл)-г Б.Т...тай байгуулж, зээлдэгчийн өрхийн хэрэглээнд зориулан 16,500,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар болон бусад нөхцлийг харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажуулжээ.
4.2. Зээлдэгч Б.Т... гэрээний дагуу үндсэн зээлээс 3,924,184.83 төгрөг, зээлийн хүүнд 1,206,175.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,632.50 төгрөгийг төлж барагдуулсан боловч 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зээлийн дансны хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогдсон.
5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд тус тус заасан шаардлага хангаж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцож гэрээнд энэ талаар тусгасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.
7. Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгчид гэрээгээр тохирсон зээлийн мөнгийг шилжүүлсэн бөгөөд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэлгүй үндсэн зээл 12,575,815.17 төгрөг, зээлийн хүү 1,889,157.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,043.63 төгрөг, нийт 14,543,015.99 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч “Х... банк” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэл 14,543,015.99 төгрөгийг хариуцагч Б.Т...аас шаардах эрхтэй.
8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,665 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т...аас 230,665 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х... банк” ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х... банк” ХХК, Б.Т... нарын байгуулсан 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.Т...аас зээлийн гэрээний үүрэгт 14,543,015.99 /арван дөрвөн сая таван зуун дөчин гурван мянга арван таван төгрөг, ерэн есөн мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч “Х... банк” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 230,665 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т...аас 230,665 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х... банк” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА