Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/03117

 

 

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар дараах хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ... тоот хаягт оршин суух, эмэгтэй, Х... овогт М...гийн И..., /РД: .../

Хариуцагч: Баянгол дүүргийн ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, О... овогт Г...гийн Б... /РД: .../,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч М.И...,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.И... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Г.Б...нийн хүсэлтээр зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг хүүгүй, 18 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээг нийт 3 хувь үйлдэн, нотариатаар гэрчлүүлж, нэг хувийг нотариатын товчоонд бид тус бүр нэг хувийг авсан. Гэрээний зүйл 10,000,000 төгрөг, үүний 5,000,000 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн Мобайл банкаар Г.Б...нийн Хаан банкны ... тоот дансанд шилжүүлсэн. Урьд урьдын зээлдсэн мөнгөн дүнг нэгтгэж, нийт 10,000,000 төгрөгийг 18 хоногийн дараа өөрийн цалингийн зээлийг аван надад эргүүлж төлөх нөхцөлтэй, хүүгүй, барьцаагүй зээлж авсан. Иймд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй зээлдэгч Г.Б...ниас үндсэн зээл 10,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би хариуцагчийн гуйлтаар олон удаа мөнгө зээлдүүлж байсан. Мөнгөө өгөхгүй, маргаан үүсгэж, шүүхэд өг гэсэн. Би өөрөө гуйж байгаад мөнгө зээлдүүлсэн мэт ярьж байна. 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгөөр тус тус зээлдүүлж байсан. Сүүлдээ 10,000,000 төгрөг зээлээч гэхээр нь өмнө зээлдүүлсэн мөнгө нийлээд бараг 10,000,000 төгрөг болж байгаа, бэлэн 5,000,000 төгрөг байгааг зээлдүүлж болно гэхэд зөвшөөрөөд, нийт надад 10,000,000 төгрөг буцааж өгөхөөр тохирсон. Надтай холбогдох бүртээ мөнгө гуйдаг байсан. Буцааж 400,000 төгрөг л өгсөн байх. Хариу тайлбарыг нь уншаад гайхаж байна. MRI гэдэг утгатай шилжүүлэг нь хариуцагч надаас гуйгаад, аавыгаа MRI-д харуулах хэрэгтэй боллоо гээд авсан. Дугуй гэсэн утгатай гүйлгээ нь хариуцагч Mi брэндийн дугуй авахаар боллоо гэж гуйгаад зээлдүүлсэн. Ингэж гуйж авчихаад ийм хариу тайлбар хэлж байгааг гайхаж байна...гэв.

2. Хариуцагч Г.Б... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Иргэн М.И... нэхэмжлэлдээ 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ хийж, тэр өдрөө 5,000,000 төгрөг шилжүүлсэн гэжээ. Мөн гэрээг байгуулахдаа намайг өмнө нь зээлсэн мөнгөө оруулаад 10,000,000 төгрөгийг 18 хоногийн хугаатай хүүгүй, барьцаагүй зээлсэн бөгөөд миний бие гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэл гаргасан гэсэн байна. М.И... надад 10,000,000 төгрөг зээлээгүй, өмнө нь түүнээс би ямар ч мөнгө зээлж байгаагүй, нэхэмжлэл дээр намайг өмнө нь зээлсэн мөнгөө оруулаад 10,000,000 төгрөг зээлсэн гэдэг ор тас худал нэхэмжлэл, ийм яриа огт байгаагүй. “Эхний ээлжид надад 5,000,000 төгрөг байна, та авч байх уу? би үлдэгдлийг нь дараа шилжүүлье” гээд зөвхөн 5,000,000 төгрөгийг 4-5 хоногийн дараа шилжүүлсэн. Дараа нь надад мөнгө шилжүүлээгүй. Би өмнө нь энэ хүнээс нэг ч төгрөг зээлж байгаагүй, өмнө зээлсэн мөнгөө оролцуулаад 10,000,000 төгрөг зээлэх тухай ямар ч яриа байгаагүй. Урьд өмнө мөнгө зээлсэн ямар ч асуудал байхгүйг мэдсээр байж худал нэхэмжлэл гаргасан байна. Энэ хугацаанд М.И... “би танд өгсөн 5,000,000 төгрөгөө авахгүй, би зөндөө их бодлоо, буруу зүйл их хийж, энэ мөнгийг ерөөсөө авахгүй, таниас авсан машиныг чинь ч буцааж өгнө” гэж удаа дараа хэлж байсан. Бас ломбарднаас таны машиныг чөлөөлөх гэсэн юм мөнгө байна уу гэхэд нь би байсан 400,000 төгрөгөө М.И...гийн Хас банкны дансанд шилжүүлж байсан...гэжээ.

3.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:

- 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ /хх-4-5/, Хас банк дахь депозит дансны хуулга /хх-6-9/ зэрэг болно.

4. Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа нотлохоор шүүхэд аливаа нотлох баримт гаргаагүй байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч М.И...гийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “зээлийн гэрээг бичгээр байгуулан хариуцагчид 10,000,000 төгрөг зээлдүүлэхээр тохиролцож, бодитоор 5,000,000 төгрөгийг шилжүүлэн, үлдэх 5,000,000 төгрөгийг урьд зээлдүүлсэн мөнгөн дүнг нэгтгэн 5,000,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон учир гэрээнд заасан 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардана” гэж тодорхойлсон.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч бодитоор 5,000,000 төгрөг хүлээн авсан ба зээлдүүлэгч уг 5,000,000 төгрөгийг буцааж авахгүй гэж олон удаа хэлсэн учир төлөх төлбөргүй” гэж тайлбарлан маргаж байна.

4. Хариуцагч Г.Б... шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талын эзгүйд, хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн банк дахь харилцах дансны хуулга болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

5.1. М.И..., Г.Б... нар 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ бичгээр байгуулан, М.И... нь Г.Б...д 10,000,000 төгрөгийг 18 хоногийн хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, зээлийн хугацаа нь зээлдэгч зээлийг хүлээн авсан үеэс эхлэн тоологдох, зээлийг бэлэн бусаар, зээлдэгчийн Хаан банкны ... тоот дансанд гэрээ хийсэн өдөр шилжүүлэх, зээлдэгч Г.Б... нь зээлийн төлбөрийг мөнгө шилжүүлэн авснаас хойш 18 хоногийн дараа буцаан төлөх үүрэг тус тус хүлээхээр тусгаж, гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлсэн байна.

5.2. Зээлдүүлэгч нь гэрээний дагуу 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлдэгчийн гэрээнд заасан ... тоот дансанд 5,000,000 төгрөгийг “зээлэв” гэх утгатайгаар шилжүүлжээ.

5.3. Зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө М.И...гаас Г.Б...нийн ... тоот данс руу 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөгийг “зээл” гэх утгаар, 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 3,500,000 төгрөгийг “дугуй” гэх утгаар, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөгийг “MRI” гэх утгаар тус тус шилжүүлсэн байна.

6. Талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон гэрээний дагуу зээлдүүлэгчээс зээлдэгчид 5,000,000 төгрөг шилжүүлсэн, зээлдэгч 5,000,000 төгрөг буцааж төлөөгүй талаар маргаагүй. Харин талуудын хооронд уг зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө зээлийн гэрээний харилцаа үүссэн байсан эсэх, тухайн гэрээний дагуу шилжүүлэгдээгүй 5,000,000 төгрөгийг болон бодитоор шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас буцаан шаардах эрхтэй эсэх талаар өөр өөрийн үндэслэл зааж маргасан.

7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ.

8. Талуудын байгуулсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн буюу хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид 10,000,000 төгрөгийг бэлэн бусаар буюу зээлдэгчийн харилцах данс руу шилжүүлэх үүрэг хүлээж, улмаар 5,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр шилжүүлсэн болох нь түүний харилцах дансны хуулгаар тогтоогдож байна.

9. Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчид өмнө зээлдүүлсэн мөнгөнүүдийг нийлүүлэн зээлийн гэрээнд 10,000,000 төгрөг гэж бичиж, бодитоор 5,000,000 төгрөг шилжүүлэхээр тохиролцсон гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан уг тайлбараа баримтаар нотлоогүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчид бодитоор зээлдүүлсэн 5,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

10. Хариуцагчид өмнө нь зээлдүүлсэн гэх 3 удаагийн гүйлгээнүүд болох нийт 5,500,000 төгрөгийг нотлохоор нэхэмжлэгч өөрийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан боловч эдгээр харилцааг нэгтгэн дүгнэж буюу Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар өмнөх гэрээний үүргээ дүгнэсэн тухай маргаан бүхий зээлийн гэрээнд энэ талаар тусгаагүй байна.

11. Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчийг зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг буцаан шаардахгүй гэж олон удаа тайлбарласан учир төлөх төлбөргүй гэх агуулга бүхий тайлбар гаргасан байх боловч шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагч Г.Б... зээлийн гэрээний дагуу хүлээн авсан 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М.И...д буцаан төлөх үүрэгтэй.

12. Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэл 5,000,000 төгрөгт тооцогдох тэмдэгтийн хураамж 94,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б...ниас 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.И...д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 /таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б...ниас 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.И...д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА