Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2023/03148

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ... давхарт байрлах, хуулийн этгээдийн ... регистртэй “М...” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, ... регистртэй, Б.... овогт О...ийн Э...т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ажил олгогчид учруулсан хохирол 1,123,900 /нэг сая нэг зуун хорин гурван мянга есөн зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н...,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн нар оролцов.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “М...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н. шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

“М...” ХХК нь түргэн хоол хүргэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд манай байгууллагад 2022 оны 2 дугаар сарын 19-нд Ачаа тээврийн гэрээ байгуулан ажилд орсон О.Э... нь 2022 оны 4 дүгээр сард борлуулалтын орлогоос мөнгө дутааж ажлаас гарсан бөгөөд ажлаас гарахдаа уг орлогоос авсан мөнгөө удахгүй өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл борлуулалтын орлогын дутагдлаа төлөөгүй, утсаа авахгүй алга болсон. Бид Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж, гэрээний эрх зүйн харилцаанд орсон тул 2022 оны 6 дугаар сарын 28-нд шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан нь 102/ШЗ2022/17720 дугаартай захирамжаар буцаагдсан учир дахин нэхэмжлэл гаргаж байна. Иймд О.Э...аас борлуулалтын орлогын дутагдал болох 1,123,900 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хоёроос гурван сарын хугацаанд ажилласан. Ажиллаж байх хугацаандаа бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос дур мэдэн хувьдаа завшсан. Үүнийг удаа дараа өөрт нь хэлсэн, ойлгуулсан. Өөрөө хүлээн зөвшөөрдөг. Хэсэг хугацаа өгчих, тэр хугацаандаа төлж барагдуулъя гэсэн боловч жил гаран дамнасан. Борлуулалт хийсэн болон пицца тахианы хүргэлт хийгээд хүргэлтийн мөнгийг хувийн дансаараа болон бэлэн мөнгө авсныг хувьдаа завшсан. 2022 оны 4 дүгээр сард энэ үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн...гэв.

2. Хариуцагч О.Э... 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа бичгээр гаргаагүй, шүүхэд аливаа нотлох баримт ирүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, “М...” ХХК-ийн ажил горилогчийн анкет /хх-5/, О.Э...ын жолоодох эрхийн лавлагаа /хх-6/, О.Э...тай байгуулсан ачаа тээвэрлэлтийн гэрээ /хх-7/, Нэхэмжлэлийг буцаах тухай тус шүүхийн шүүгчийн захирамж /хх-8/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх “М...” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч О.Э... хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцдаа буюу пицца, тахианы хүргэлт хийхдээ борлуулалтын мөнгийг бэлнээр болон хувийн дансаараа нийт 1,123,900 төгрөг авч ажил олгогчид хохирол учруулсныг буцаан гаргуулахаар шаардана” гэж тодорхойлсон.

3. Хариуцагч О.Э... 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа бичгээр гаргаагүй, мөн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэн, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан О.Э...ын ажил горилогчийн анкет, жолоодох эрхийн лавлагаа, ачаа тээвэрлэлтийн гэрээ болон зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч “М...” ХХК нь түргэн хоолны үйлчилгээ, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, гадаад худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хариуцагч О.Э... нь “М...” ХХК-д ажилд орохоор өргөдөл гарган ажиллаж, 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр талуудын хооронд Атг/22/004 тоот ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулагдан, хариуцагч нь хүргэлтийн түргэн хоолыг захиалагчид тээвэрлэн хүргэх, хүргэлт тус бүрийн хөлс 5000 төгрөг авах, борлуулалтын орлогыг байгууллагын Хаан банкны 5219279794 дугаар дансаар авах үүрэг хүлээсэн байна.

4.2. Хариуцагч ажиллах хугацаандаа буюу 2022 оны 2 дугаар сараас 4 дүгээр сарын хооронд нийт 1,123,900 төгрөгийн хүргэлтийн төлбөрийг өөрийн хувийн дансаар болон бэлнээр авч, нэхэмжлэгчид өгөөгүйн улмаас 2022 оны 4 дүгээр сард ажлаас чөлөөлөгджээ.

5. Талууд Ачаа тээвэрлэлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч хэдийгээр Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний агуулгыг харьцуулан дүгнэвэл тэдний хооронд Иргэний хуулийн 369 дүгээр зүйлд заасан Хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.

6. Мөн хариуцагч нь хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцдаа байгууллагын дансаар авах ёстой борлуулалтын төлбөрийг өөрийн хувийн дансаар болон бэлнээр авснаар ажил олгогч “М...” ХХК-д 1,123,900 төгрөгийн хохирол учирсан байх тул нэхэмжлэгчийн гаргаж буй энэхүү нэхэмжлэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Ажил үүргээ гүйцэтгэх үедээ аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болно” гэж заасанд хамаарна.

7. Иймд дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Э...аас 1,123,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М...” ХХК-д олгож шийдвэрлэв.

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,524 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 31,524 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Э...аас 1,123,900 /нэг сая нэг зуун хорин гурван мянга есөн зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М...” ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 31,524 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31,524 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА

.