Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 310

 

 

 

 

 

 

 

 

 

Х_Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03641 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х_Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Гт холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10 750 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, багаж, тоног төхөөрөмжийн үнэд нийт 2 280 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ажил гүйцэтгэх гэрээний дагуу А.Гт урьдчилгаа болгон 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 5 000 000 төгрөгийг тус тус 5028242364 тоот А.Гийн өөрийн дансанд нь шилжүүлсэн. Энэхүү ажил гүйцэтгэх гэрээгээр Архангай аймгийн Цэцэрлэг суманд махны үйлдвэрийн талбайн ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар харилцан тохиролцсон. Гэтэл А.Г нь гэрээгээр тохирсон ажлаа хийлгүй, 2018 оны 05 дугаар сарын 02-ноос 2018 оны 07 сарын 10-ны өдөр хүртэл гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй. Иймээс 7 000 000 төгрөгийг буцаан гаргуулж, гэрээний хугацаа дууссан 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нэг хоногийн 70 000 төгрөг /80 хоног/, гэрээний 6.1-т зааснаар 0.5 хувийн алданги тооцоход 5 600 000 төгрөг болсон ч гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар 3 750 000 төгрөгийг нэмж тооцон нийт 10 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. ...Гэрээгээр тохирсон ажлаа А.Г нь хийгээгүйгээс болж миний ажиллуулж байсан 15 хүнтэй 2 өрлөгийн бригад маань ажилгүй болсон. ...Би А.Гт Б.Намсрай миксер, нэвлер дуран, бетон өнгөлөгч зэрэг 3 багажийг чинь авсан надаас авсан 7 000 000 төгрөгөө өгөөрэй гэж хэлсэн. Усны асуудалтай байсан гэдэг нь худлаа. Худгийн бригад дуудаж усаа авч байсан..” гэжээ.

Хариуцагч А.Г болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тохирсон ёсоор ажлаа хугацаандаа гүйцэтгэхээр 5 сарын 26-ны өдөр тухайн газар очиж ажлаа гүйцэтгэж байсан орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр албан мэдэгдэл ирж шаардах хуудас өгч ажлаа зогсоохыг шаардсан ингээд бид арга буюу ажлаа зогсоосон. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. 7 000 000 төгрөг шилжүүлэн авсан дээр маргахгүй байгаа. Хууль болон гэрээнд заасан ажил гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангаагүй. Тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай ус хангалтгүй байсан. Энэ нөхцөл бололцоог хангаж өгөөч гэж шаардсан боловч энэ нөхцөлийг хангаагүй. Энэ 2 шалтгаанаар гэрээний хугацаа дууссан. А.Гийн хувьд гэрээний 2.2-т заасан ажлыг шударгаар биелүүлсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3-т ажиллах нөхцөл бололцоо, багаж хэрэгслээр хангаж өгөх ёстой гэж бичсэн боловч талууд гэрээгээ хийхдээ тэр нөхцөлөө тодорхойлоогүй. А.Г энэ нөхцөлийг өөрөө хангахаа хүлээн зөвшөөрч, хүрз жоотуу, орогнох орон байр, ажиллах нөхцөлөө хангах ажилд урьдчилан авсан 7 000 000 төгрөгөө давуулан зарцуулалт гаргасан. Багаж хэрэгслийн хувьд 2 280 000 төгрөгийн багаж хэрэгслийн талаарх баримтаа шүүхэд гаргасан. Өөрийн хувийн машинаараа 5 удаа Архангай аймаг уруу ирж очсон. Нэг удаа ирж очиход доод тал нь 300 000 төгрөгийн бензин орж багцаагаар бодоход 1 500 000 төгрөгийг бензин тос зарцуулсан. Ажил гүйцэтгэгч А.Г нь 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр очоод 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг дуустал 2 хоногийн ажил хийсэн. Ингэхдээ гэрээнд заасан ажиллах боломж бололцоогоор хангана гэж заасан. Гэтэл Х_А нь шаардлага хангахгүй том том хайрга авч ирсэн байсан. Үүнээс болж талуудын хооронд маргаан үүсэж 0.3, 0.5 хэмжээтэй хайрга авчир гэсэн байдаг. Ийнхүү ажил гүйцэтгэхэд боломжгүй нөхцөл байдал бий болсон. Гэтэл ажиллах нөхцөл бололцоогоор хангаагүй 3 тохиолдол байна. Үүнийг бид хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэж байна. Иргэний хуульд гарцаагүй хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдлыг ажил захиалагч тал бий болгосон. 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх хугацаа дуусах байсан. А.Г уруу Х_А яриад бид ажиллах нөхцөл бололцоогоор хангачихлаа ирээч гэсэн шаардлага тавьсны дагуу өөрийнхөө хамтран ажилладаг Б.Намсрай, н.Тэмүүлэн нарыг явуулсан. Явуулаад ажлыг гүйцэтгэх гэтэл ажил гүйцэтгэх боломж бүрдээгүй. Б.Намсрай амаар тохирсон гэрээгээ зөрчөөд тухайн үедээ захиалагч Б.Анхбаяртай хувиараа тохироод энэ ажлыг хийх боллоо гэж н.Тэмүүлэн ирж хэлж, гэрээг цааш үргэлжлүүлэхэд эргэлзээтэй байдал бий болсон. А.Г нь урьдчилгаанд авсан мөнгөө бүхэлд нь энэ ажил гүйцэтгэх гэрээнд зарцуулсан. Байр, орон сууц, тогоочийн хөлсөн зарцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Галцацрах шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Х_Атай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажил эхлээд биднээс үл шалтгаалах үндэслэлээр ажил түр зогссон. Ажил гүйцэтгэх гэрээ ёсоор ажлын багаж хэрэгсэл орогнох байр, хоол, замын зардал ажилчдын цалин хөлс гээд бүх санхүүгийн тооцоог ажил гүйцэтгэгч А.Г гаргаж байсан. Тухайн үед ажиллах боломжгүй болж мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлага аваад өөрөөс санхүүгээ гаргаж авсан бүх багаж хэрэгслээ ажил захиалагчид үлдээж улмаар 2018 оны 07 сарын эхээр ажил дахин эхлэж өөрийн ажилчдаа явуулж ажиллуулсан боловч А.Гт мэдэгдэлгүй Б.Намсрайтай гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсэн байдаг. Ингээд миний бие өөрийн санхүүгээ зарцуулж авсан багаж хэрэгсэл ажлын тоног төхөөрөмжөө буцааж ажил захиалагч Х_Ааас аваагүй болно. Иймд миксер 1 300 000 төгрөг, невлер 3 хөлтэй дуран 380 000 төгрөг, бетон өнгөлөгч /сэнс/ 600 000 төгрөг, нийт 2 280 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч Х_А сөрөг нэхэмжлэл гаргасан тайлбартаа: ... А.Гийн ажилтан гэх гэрч Б.Намсрай А.Гийн тоног төхөөрөмж болох миксер, невлер, бетон өнгөлөгч сэнс гэсэн ажлын багаж хэрэгслийг хариуцаж авсан болно. А.Г, Б.Намсрай хоёрын хоорондын асуудал атал тоног төхөөрөмж ажлын багаж хэрэгслийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Гаас 7 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х_Ат олгож, нэхэмжлэлээс 3 750 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Гийн 2 280 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х_Ат холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 126 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х_Ат олгож, хариуцагч А.Гаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганцацрах давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Ажил гүйцэтгэгчээс үл шалтгаалан ажил түр зогссон. Дахин ажлыг хийж гүйцэтгүүлэхээр өөрийн 2 ажилтныг явуулахад инженер н.Намсрайтай ажил гүйцэтгүүлэхээр хувиараа амаар гэрээ байгуулан, ажлаа хийлгүүлж дуусгасан байдаг. Түр ажил зогсоход өөрийн зардлаар авсан бүх багаж, тоног төхөөрөмжөө Х_Ат үлдээгээд явсан байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар нэхэмжлэгч хүлээн завшөөрсөн байхад Х_Ат байхгүй гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х_А нь хариуцагч А.Гт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд өгсөн 7 000 000 төгрөг, алданги 3 750 000 төгрөг, нийт 10 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч багаж, тоног төхөөрөмжийн үнэд 2 280 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд байрлах махны үйлдвэрлэлийн зориулалттай барилгын дотор засал, гадна талбайн цутгалтын ажлыг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэх, захиалагч нь 50 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч Х_А нь уг гэрээний урьдчилгаа төлбөрт 2 000 000 төгрөгийг А.Гийн Хаан банк дахь 5028242364 тоот данс руу шилжүүлж, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ажлыг хийж дуусгахаар тохиролцсон байсан ч Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэн О.Алтансүх, Ц.Энхтуяа нарын махны үйлдвэрийн барилга байгууламжийн угсралтын ажлыг түр зогсоож, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс мэргэжлийн хяналтын байгууллага уг ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрснөөр захиалагч Х_А 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр А.Гийн Хаан банк дах 5028242364 тоот данс уруу 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

Архангай аймгийн Цэцэрлэг сум Тэс петролиум шатахуун түгээх станцын баруун талын зэрэгцээ хашаанд байрлах махны үйлдвэрлэлийн зориулалттай барилгын ерөнхий захиалагч нь иргэн О.Алтансүх, Ц.Энхтуяа нар бөгөөд Ц.Энхтуяа иргэн Х_А, Х_Аын “Рейнч хаус” ХХК-тай гэрээ байгуулсан, Х_А уг ажлыг хийж гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгч А.Гтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

Шүүх зохигчдын хоорнод байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв байна.

Хэрэгт Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Барилгын угсралтын ажлыг түр зогсоох тухай” акт гэх баримт авагдсан байх ба уг акт тавигдсантай холбоотойгоор ажил зогссон талаар талууд маргаагүй. Уг актаар тогтоогдсон зөрчил арилсаны дараа 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчээс хариуцагч А.Гт ажлын урьдчилгаа төлбөрт 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаарх Хаан банкны депозит дансны хуулга, мөн гэрч “...ажиллах нөхцөл бололцоогоор бүрэн хангагдсан байсан...” гэх тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг хаьцуулан үзвэл захиалагч нь ажил гүйцэтгэх боломжоор хангаагүй гэж үзэхээр байна.

Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Хариуцагч А.Г нь Х_Атай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж, ерөнхий захиалагч иргэн О.Алтансүх, Ц.Энхтуяа нар нэхэмжлэгч Х_А, Х_Аын “Рейнч хаус” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсантай холбоотойгоор холбогдуулж Х_А, А.Г нарын хооронд байгуулагдсан 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ хэрэгжээгүй гэж үзнэ. Ажил гүйцэтгэх гэрээ нь захиалагчийн хөрөнгөөр гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх, ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн байх учиртай.

Ийнхүү гэрээ цуцлагдсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Хариуцагч А.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...ажил хийхэд шаардлагатай усны хангамж хүрэлцээгүй байсан, ажлыг эхлүүлэх бэлтгэл ажил болон багаж хэрэгсэл авахад 7 000 000 төгрөгийг зарцуулсан” гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотлож чадаагүй байна.

            Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги шаардах эрхгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, энэ талаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргаагүй болно.

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч А.Г нь нэхэмжлэгч Х_Ааас миксерийн үнэд 1 300 000 төгрөг, невлерийн үнэд 380 000 төгрөг, бетон өнгөлөгч сэнсний үнэд 600 000 төгрөг, нийт 2 280 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

            Хариуцагч А.Г нь нэхэмжлэгч Х_Ат миксер 1 ширхэг, невлер 1 ширхэг, бетон өнгөлөгч сэнс 1 ширхгийг тус тус хүлээлгэн өгсөн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүйгээс гадна, гэрч Б.Намсрайгийн “...А.Гийн миксер 1 ширхэг, невлер 1 ширхэг, бетон өнгөлөгч сэнс 1 ширхгийг 2018 оны 7 дугаар сард Архангайд авч очсон ба уг багажуудыг би ашиглаж байгаад А.Гаас авах цалиндаа тооцож бусдад худалдан борлуулсан. Эдгээр багаж Х_Ат байхгүй нь үнэн...” гэх мэдүүлгээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна. Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/03641 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...355 дугаар зүйлийн 355.1, 355.2...” гэснийг “...205 дугаар зүйлийн 205.1...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

           

                             ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН