Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/29

 

Х.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/63 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Б-д холбогдох эрүүгийн 2013001570121 дугаартай, 5 хавтастай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, орчуулагч А.Еркегүл, тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгч Х.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып, Х.Зулхаш, Ж.Э /цахим сүлжээгээр/, П.Г /цахим сүлжээгээр/ нар оролцов.

     Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Д суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ө сумын  дүгээр баг, дугаар гудамж, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Х-гийн Б /БЮ00000/ нь 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө, согтуугаар Баян-Өлгий аймгийн Ө сумын  дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ амь хохирогч С.Е-г “өөрийнх нь гэрт шээсэн” гэх шалтгаанаар зодож, амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/63 дүгээр шийтгэх тогтоолоор Б овогт Х-гийн Б-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Х.Б болон түүний өмгөөлөгч Ж.Э нарын хамтран  гаргасан давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Б, өмгөөлөгч Ж.Э бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Баян-Өлгий аймгийн 8 дугаар багт оршин суух хаягтай Сахаба овогтой Е нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр бусдад зодуулсан байж болзошгүй байдалтай, аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэж, эмчилгээ хийлгүүлж байгаад нас барсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн иргэн Х  овогтой Б нь 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шилжих шөнө амь хохирогч С.Е-ы эрх чөлөөнд халдаж, зодсоны улмаас иргэн С.Е нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өглөө 07 цаг 30 минутад түргэн тусламжийн машинаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн, сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгүүлж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед нас барсан гэх гэмт хэрэгт 2020 оны 04 сарын 13-ны өдөр 2013001570121 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 5/24 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар өөрчлөлт оруулж яллагдагч Х.Б-ийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт үйлдсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан гомдлын үндэслэлээ тайлбарлая.

Нэг. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт”... Шүүгдэгч Б овогт Х-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Шүүгдэгч Х.Б-ийг 2020 оны 04 сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө согтуугаар Баян-Өлгий аймгийн Ө сумын  дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ амь хохирогч С.Е-г “өөрийнх нь гэрт шээсэн” гэх шалтгаанаар зодож, амь насыг нь хохироосон гэм буруутайд тооцсон. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1.Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 4/Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах эрхтэй.

“УДШ-ийн 2020.02.17-ны өдрийн №105 дугаартай тогтоолд”... Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

“УДШ-ийн 2019.10.28-ны өдрийн №550 дугаартай тогтоолд”... “Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай. Гэтэл анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн З.Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгах үүргээ биелүүлээгүй.

Эрүүгийн 2013001570121 дугаартай хавтаст хэргийн материалд: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020-11-24-ний өдрийн 1315 дугаартай дүгнэлтээр “1.2 талийгаач С.Е-ы цогцост гавал тархины битүү гэмтэл, дагзны ясанд зүүнээс баруун рүү чиглэсэн 14см урттай ташуу шугаман хэлбэрийн хугарал, тархины баруун тал бөмбөлгийг хамарсан 300 мл хатуу хальсан доорх цусан хураа, тархины суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн талын зулай дух суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, баруун талын 4 дүгээр хавирганы хугарал, дагз, зүүн нүдний дээд зовхи, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралт, бүсэлхий, зүүн ташаа, баруун зүүн өвдөгт зулгаралт зэрэг гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 4. Талийгаач С.Е нь гавал тархины битүү гэмтэл, дагзны ясанд зүүнээс баруун рүү чиглэсэн 14 см урттай ташуу шугаман хэлбэрийн хугарал, тархины баруун тал бөмбөлгийг хамарсан 300 мл хатуул хальсан доорх цусан хураа, тархины суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн талын зулай, дух , суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал тархмал цус харвалт гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдлын улмаас нас баржээ. 6.7. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №13 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 8.10. Өмгөөлөгчийн асуултын хариу дээрх гэмтлүүд нас барахаас 3-5 хоногийн өмнө үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 12.С.Е-ы тархинд үүссэн цусан хураа нь дагз ясны хугаралтай шууд шалтгаант холбоотой байна”.. гэжээ. С.Е-ы хуучин амбулаториор эмчлүүлж байх үеийн картад чамархайн яс хугаралтай гэсэн бол шинжээчийн дүгнэлтээр дагзны шугаман хэлбэрийн хугарал, суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн талын зулай, дух, суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт гэсэн байдлаас үзэхэд илт өөр өөр гэмтэл байна.

2020 оны 05 сарын 08-ны өдрийн шинжээч Е.Бауыржанаас мэдүүлэг авсан тэмдэглэлд”.... Энэ цусан хураа, хугарал нь тархины аль хэсэгт, ямар судас гэмтсэнээс шалтгаалж, шинж тэмдэг нь илэрдэг. Талийгаач Е-ы хувьд цусан хуралтын /бүлэгнэсэн цус/ хэмжээ нь бага байснаа цус алдалт нь зогсоогүйгээс болж, тархи нь цус хуралтын хэмжээ томорч, тархи дарагдаж нас барсан байна”... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-135 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгч шинжээч К.Хайратаас мэдүүлэхдээ”... Тухайн үед яагаад амь насыг нь аврах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан бэ гэхээр цаг тухайд нь оношлогдож, эмнэлгийн яаралтай тусламж авсан бол өөрөөр хэлбэл өндөр зэрэглэлийн клиникийн эмнэлгүүдэд ийм гэмтлүүдийг эмчлэх боломжтой байдаг. Түүнээс биш аймгийн болон сумын төвд амь насыг нь аврах боломжгүй. Өндөр зэрэглэлийн эмнэлгүүдэд ийм төрлийн гэмтлүүдэд арга хэмжээ авах боломжтой шинжлэх ухаан хөгжсөн үе байгаа гэж ярьсан байгаа. Тархины гэмтэл үүссэний дараа тархинд үүссэн цус хуралтын хэмжээ нь цаг минут тутамд өөрчлөгдөж томорч байдаг. Томорсоор байгаад цусан хураа нь тархийг нь дарж, амьсгал зүрх судасны төвийг дардаг. Тархинд бүх амьсгал, зүрх судасны төв байдаг. Өндөр зэрэглэлтэй эмнэлгүүдэд тархины ясыг бүтнээр нь аваад мэс засал хийдэг болсон. Тэрэнд нарийн багажууд хэрэгтэй. Аймаг болон сумуудад тийм багаж байхгүй. цаг тухайд нь оношлогдсон бол амь насыг нь аврах боломжтой”.. гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгч шинжээч Г.Энхбаатараас мэдүүлэхдээ”.... Талийгаач С.Е-ы биед үүссэн гэмтэл нь амь насанд аюултай шинэ гэмтэл байсан. Хуучин гэмтэл тогтоогдоогүй. Талийгаачийн баруун талын 4 дүгээр хавирганы хугарал болон дагзны яс нь зүүнээс баруун чиглэсэн 14 см-ийн урттай ташуу шугаман хэлбэрийн хугарал нь нэг цаг хугацаанд үүсэх боломжтой. Нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжгүй. Задлан хийсэн актаас үзэхэд ямар нь хуучин гэмтэл тогтоогдоогүй байсан. Тархинд учирсан байсан хуучин гэмтлүүд эдгэрч болно. Ясны хувьд шугаман хугарал байсан бол эдгэрч болно. Тархины цусан хураа гэмтэл авсан хугацаанаас эхлээд нас барах хүртэл хугацаанд ЗООмг болсон гэж ойлгож болно”... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэг авагджээ. Амь хохирогч С.Е нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өглөө 07 цаг 30 минутад түргэн тусламжийн машинаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн, сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгүүлж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед нас барсан байна. Амь хохирогч С.Е-д учирсан гэмтэл болох “суурь хэсгийн цусан хураа” буюу хатуу хальсан доор тархины баруун тал бөмбөлгийг хамарсан ЗООмл орчим бүлэгнэсэн цусан хураатай мэс засал хийсэн бол амь насыг аврах боломжтой байсан эсэх эмч нар зохих ёсны эмнэлгийн тусламж үзүүлсэн эсэх нь эргэлзээтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, гэмтлийн эмчийн 2015, 2016 оны үндсэн оношоор”... КТ-толгойд Тархины баруун тал бөмбөлөгт 1x7,2x2,74 см хэмжээтэй цус хуралт тодорхойлно. Духны баруун талд бөмбөлөгт 1x7,2x2,74 см хэмжээтэй цус хуралттай, чамархай яс хугаралттай”... гэж оношлогдсон байна. Энэ нь:

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2016 оны 12 сарын 24-ний өдрөөс 2017 оны 12 сарын 24- ний өдрийг хүртэл 70 хувиар 12 сарын хугацаатайгаар хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг сунгаж тогтоолгосон байна. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2017 оны 12 сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 сарын 24- ний өдрийг хүртэл 70 хувиар 12 сарын хугацаатайгаар хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгосон байна.

Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2018 оны 5 сарын 1-ний өдрөөс 2019 оны 5 сарын 1-ний өдрийг хүртэл 69 хувиар 12 сарын хугацаатайгаар хөдөлмөр чадвар алдалтын хувь тогтоолгосон байна. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 сарын 01- ний өдрийг хүртэл 60 хувиар 12 сарын хугацаатайгаар хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгосон байна.

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын өдрийн бичээгүй 01 дугаартай шүүх эмнэлгийн задлан шинжилгээний нэмэлтээр гаргасан шинжээч К.Хайратаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, бусад оролцогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар, шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болох хуулийг зөрчжээ. Учир нь хавтаст хэрэгт гэрчээр М.А, С.С нарт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн N213 дугаартай шинжээчийн дүгнэлтийг танилцуулж мэдүүлэг авсан байна. Гэтэл дээрх гэрч нар нь КТ- толгойд Тархины баруун тал бөмбөлөгт 1x7,2x2,74 см хэмжээтэй цус хуралт тодорхойлно. Духны баруун талд бөмбөлөгт 1x7,2x2,74 см хэмжээтэй цус хуралттай, чамархай яс хугаралттай оношийг 5 жил тавьж 70, 69 хувийн группт оруулж байсан байсан бөгөөд цус хуралт нь шимэгдсэн уйланхайтай байсан бол группт орох байсан эсэх нь эргэлзээтэй, чамархай яс хугаралттай байсныг мэдүүлэгтээ хэлээгүй байна. Өөрөөр хэлбэл 3-р хавтаст хэрэгт авагдсан амь хохирогчийн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн историйн хуулбар, үндсэн онош, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, он онд сунгаж байсан группийн талаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулаагүй.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой байтал хэргийг хэтэрхий нэг талыг барьж хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн З.Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн З.Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.

Гэрч Ө.Е-гийн 2020 оны 04 сарын 10-ны өгсөн мэдүүлэгтээ... Е-г анх гэртээ оруулахад тэр гадаа байхдаа өмдөндөө шээчихсэн байсан бөгөөд гэрт оруулж ирсний дараа Е нь хурхирч унтаад гэр дотроос шээс үнэртээд байхаар нь Б түүнийг сэрээхээр хацар луу нь 3,4 удаа алгадаж байсан дараа нь дагз болон мөр хэсэг рүү нь бас хэд хэдэн удаа алгадсан, сүүлд нь нуруу тус газар нь өшиглөж авсан. Гэр дотор шээс үнэртээд эхлэхээр нь Б нь “гэрээс шээс үнэртчихлээ энийг сэрээж зайлуулъя” гэж хэлээд шаланд унтаж байсан Е-г татаж байгаад хацар луу нь баруун гараараа 3,4 удаа хүчтэй алгадаад байсан... гэх мэдүүлэг /ХХ-ийн 55-60 дугаар хуудас/

Гэрч Ө.Е-гийн 2020 оны 04 сарын 11-ний өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ... тэр үед Б уурлаад “энэ муу хаана шээгээд байгаа, шээс үнэртчихлээ” гэж хэлээд эхлээд алчуур аваад шээсийг арчиж байснаа Е-г барьж аваад хацар луу нь хүчтэй хоёр удаа алгадаж авсан. Дараа нь Е босохгүй байхаар нь нударгаараа Е-ы толгойн дагз хэсэг рүү нь хоёр удаа цохиж аваад, баруун хөлөөрөө талийгаачийн нуруу тус газарт нь нэг удаа өшиглөж авсан. Б-тэй найзлаад 4,5 жил болсон болохоор түүнийг өрөвдөөд, бодит асуудлыг буюу нударгаараа хоёр удаа цохисон явдлыг нь нь хэлээгүй юм... гэх мэдүүлэг /ХХ-ийн 61,63 дугаар хуудас/

Гэрч Ө.Е-гийн 2020 оны 04 сарын 30-ны өдөр 3 дах удаа өгсөн мэдүүлэгтээ... машины гарааж нь зэрэгцээ баригдсан байсан бөгөөд нэг гараашны дотор түлээ байсан бөгөөд бид гурав мод авч байтал Е нь өвдөглөж суугаад мод авч байгаад хажуу тийшээ гараашны ханыг түшээд унтаад эхэлсэн. Тэгэхлээр нь Б бид хоёр гартаа модоо бариад гэрт оруулаад хэсэг хугацааны дараа Е-г сэрээж гэрт оруулахаар очиход тэр сэрэхгүй байхаар нь түүнийг чирээд Б-ийн гэрт оруулаад шаланд хэвтүүлсэн. Тэр үед Е нь хурхираад унтаж байсан ба өмдөндөө шээс алдсан, шээс үнэртэж байсан. Тэр үед Б түүнд “гэрт шээс үнэртчихлээ” гэж хэлээд шээсийг нь арчиж байснаа Е-г барьж аваад хацар луу нь хүчтэй хоёр удаа алгадаж авсан. Дараа нь Е босохгүй байхаар нь нударгаараа Еы толгойн дагз руу хоёр удаа цохиж аваад, баруун хөлөөрөө талийгаачийн нуруу тус газарт өшиглөж авсан. Тэр үед би буйданд хэвтэж байсан ба ирээд Бийг татаж авсан... гэх мэдүүлэг /ХХ-ийн 64,65 дугаар хуудас/

Гэрч Ө.Е-гийн 2020 оны 07 сарын 27-ны өдөр 4 дэхь удаа дахин өгсөн мэдүүлэгтээ.... Бийнд хэдэн цагийн үед очсоноо сайн санахгүй байна. Нэлээн оройтсон байсан. Би болсон асуудлын талаар урьд өмнө үнэн зөвөөр хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн. Одоо би Бтэй нүүрэлдэн мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна... гэх мэдүүлэг, зэрэг зөрүүтэй мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагджээ

3-р хавтаст хэрэгт гэрч Ө.Е-гийн 2020 оны 10 сарын 06-ны өдөр 5 дахь удаа дахин өгсөн мэдүүлэгтээ”... би Е-г Б зодож байхыг харсан, зодооныг нь салгасан цорын ганц гэрч юм”... гэж мэдүүлжээ.

Гэтэл дээрх хавтаст хэрэгт авагдсан гэрч Ө.Е-гийн өгсөн мэдүүлгээс нь харахад Х.Б Ө.Е-г сэрээхээр хацар, толгой руу цохисон гэх 5 удаагийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй, тогтворгүй мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулж худал мэдүүлэг өгсөн байна. Шүүгдэгч Х.Бийн мэдүүлэг тогтвортой байна. хохирогч С.Е-ы нас барсан үйлдэлд гэрч Ө.Е-гийн оролцоо байсан эсэхийг тогтоогоогүй хэргийг дутуу шалгасан.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн И.гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад зүйл/, 1.2. гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3. гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн сэдэлт зорилго, 1.6 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоогоогүйд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1.Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. 2.Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянуулахаар гомдол гаргаж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэжээ

 

Шүүгдэгч Х.Б-ийн өмгөөлөгч П.Г-ийн давж заалдах гомдолд: “Өмгөөлөгч П.Г- миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял эдэлж байгаа Б овогт Х-гийн Б-д холбогдох Эрүүгийн 2013001570121 дугаартай хэрэгт хэргийн бүрдэл хангагдаагүй,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” бүрэн гүйцэт нотлогдоогүй, эргэлзээгүй шалгаж тогтоогоогүй байдлууд байсаар байтал анхан шатны шүүх энэ талаар гаргасан миний болон бусад өмгөөлөгч нарын санал хүсэлтийг үл хайхарч хэргийг шийдвэрлэж байгаа нь Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг биелүүлээгүй учраас доор дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд дараах гомдлуудыг гаргаж байна.

1. Нотлогдоогүй хэргийн талаар: а/ 2020 оны 04 дүгээр сарын 7-8 нд шилжих шөнө Х.Б , Ө.Ертэй, амь хохирогч С.Е нар нийлж архи уусан байна. Шөнө дундын үед сэрээд гурвуулаа гал түлэхээр түлээ авахаар гарсан ба гарахдаа хохирогч зүгээр хоёр хөл дээрээ босоод явсан гадаа гараад ухаан алдсан энэ үед нь хажууд нь хэн байсан яагаад ухаангүй болсон нь эргэлзээ төрүүлж байна.

б/ Энэ хэргийн цорын ганц гэрч Ө.Ертэй гэх этгээд хэрэгт гэрчээр оролцуулж хууль сануулж мэдүүлэг авсаар байхад мэдүүлгээ олон янзаар өгч байгаа нь мөн адил эргэлзээ төрүүлж байгаа юм . Гэрч нь шүүх хуралдаанд оролцогч нарын асуултад хариулахдаа олон янзаар мэдүүлэг өгсөн байдаг ба шүүх үүнийг хуралдааны тэмдэглэлээс харж болно. Гэрч биеэ хамгаалсан энэ хэрэгт ямар нэгэн холбогдолгүй болох гэсэн нь илтэд байгааг шүүх нягталж шалгах ёстой байна.

в/ Мөн шинжээч нарын өмнө гаргасан дүгнэлт, шүүх дээр өгч байгаа мэдүүлэг нь зөрүүтэй байгаа нь эргэлзээтэй байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн талаар: 1. Өмгөөлөгч         миний бие гэм буруугийн хурал дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д зааснаар “Мөрдөгч .прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн заалтыг хангаагүй учир хэргийг прокурорт буцаах талаар санал тавьсан боловч хүлээж аваагүй болно.

3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хараат бус дотоод итгэл үнэмшлээр тогтооно гэж заасан байхад Х.Б-ийн хэрэг дээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Гэрч Ө.Е хэрэг мөрдөн шалгах явцад, шүүх хурал дээр мэдүүлгээ зөрүүтэй өгч байгаа нь хэргийг нотлон гэрчилж чадахгүй байна гэж дүгнэж байна. Харин эсрэгээрээ миний үйлчлүүлэгч Х.Б нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ч нэг мэдүүлэг өгч байгаа нь дангаараа түүнийг гэм буруугүйд тооцох үндэслэл болохгүй ч хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой ба шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч /шүүгдэгч/-ийг тодорхой гэмт хэрэг үйлдсэн явдалтай нь холбогдуулж байцаадаг тул түүний мэдүүлэг нь анхдагч нотлох баримт болдог онцлогтой гэсэн дээд шүүхийн тайлбарыг анхан шатны шүүх олж харсангүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг анхан шатны шүүх бүрэн тогтоож чадсангүй гэж үзэж байна.

4. Анх  энэ хэрэг дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байхдаа шүүгч Б.Б нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хурал дээр зүйлчлэлийг өөрчил гэж прокурорт үүрэг өгсний дагуу хүндрүүлж зүйлчилж байгаа нь шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэ талаар шүүгдэгчийн ах дүү гомдолтой байгаа ба шүүгч прокурорт ямар нэгэн ашиг сонирхол байна гэж үзээд өмгөөлөгчийн хамт шалгуулах хүсэлтээ зохих хянан шалгах байгууллагад хандсанаа дурдах нь зүйтэй байхаа. Иймд Бая-Өлгий аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 2021/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ж.Э, П.Г нарын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

            Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө, согтуугаар, Баян-Өлгий аймгийн Ө сумын  дүгээр багт байрлах гэртээ амь хохирогч С.Е-г “өөрийнх нь гэрт шээсэн” гэх шалтгаанаар зодож, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургууд, хэргийн газарт дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэл, шүүгдэгч Х.Бийн биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургууд, гэрч Ө.Е-, С.Е, Ж.А, Т.А, Х.Ж, Ц.Т нарын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Х-ы мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай нэмэлт дүгнэлт, шинжээч эмч Е.Б-ы мэдүүлэг, хохирогч С.Е-ы 2020 оны 4 дүгээр сарын 08-наас 10-ны өдөр хүртэл аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1315 дугаартай дахин шинжилгээ хийсэн дүгнэлт  болон бусад нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Х.Б нь хамт архи уусан хохирогч С.Е-г өөрийнх нь гэрт шээсэн гэх шалтгаанаар нүүр рүү алгадаж, толгойн дагз хэсэг рүү нударгаараа  цохиж, нуруу тус газарт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд “гавал тархины битүү гэмтэл, дагзны ясанд зүүнээс баруун хэсэг рүү чиглэсэн 14 см урттай ташуу хэлбэрийн хугарал, тархины баруун тал бөмбөлгийг хамарсан 300 мл хатуу хальсан доорх цусан хураа, тархины суурь хэсгийн хатуу хальсан дахь цусан хураа, зүүн талын зулай дух суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт” бүхий хүнд гэмтэл учруулж санаатай алсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   Шүүгдэгч Х.Б-д холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, шийтгэх тогтоолд дурдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтууд нь Х.Б-ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой тусгаж, нотлох баримтад тулгуурлан хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.

 

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ял эдлүүлэх дэглэмийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдэн, хохирогч С.Е-ы Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан амьд явах суурь, үндсэн эрхийг хохироосон  нь тогтоогдсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

            Иймд шүүгдэгч Х.Б-ийг шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор арван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй шүүхээс оногдуулсан хорих ял мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан “хэргийг прокурорт буцаах тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ж.Э, П.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянаж үзэхэд, гомдолд заасан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, хэргийг прокурорт буцаах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль зүйн үндэслэлүүд тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Х.Бийн цагдан хоригдсон 252 хоногийн хугацааг хуульд зааснаар түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Б болон түүний өмгөөлөгч  Ж.Э нарын хамтран гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гийн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийн цагдан хоригдсон 252 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Д.КӨБЕШ