Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0236

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Халиуна нар оролцож, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч:

Маргааны төрөл: гийн эзэмшиж байсан газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоосонтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, иргэдийн төлөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ренчинмядаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Нэхэмжлэгч нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаа 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийн миний газартай давхцаж буй хэсгийг буюу 1-5 дугаартай солбицлын цэг бүхий хэсгийг хүчингүй болгуулах гэж эцсийн байдлаар тодруулан маргасан болно[1].

Хоёр. Маргааны үйл баримтын тухайд:

2.1. Нийслэлийн Засаг дарга 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/667 дугаар захирамжаар иргэн д Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 17554 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000048797 дугаар гэрчилгээг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр олгосон атлаа 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/587 дугаар захирамжаар г газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгожээ.

2.2. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/587 дугаар захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гарган, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ/2022/0272 дугаар шийдвэрээр маргаан бүхий дээрх захирамжийг хүчингүй болгуулж, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон[2].

2.3. Гэтэл нэхэмжлэгч болон Нийслэлийн Засаг даргын нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргаан шүүхээр хэлэлцэгдэж байх хугацаанд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09/25 дугаар тогтоолын хавсралтаар Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд байршилтай 50,000 м.кв газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоон шийдвэрлэжээ.

2.4.Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/4748 дугаар албан бичгээр нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг батлах тогтоолын төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөн мэдүүлснийг үндэслэн баталсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгээр нийтийн эдэлбэрт авсан Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд байршилтай, 50,000 м.кв талбайтай[3] нэхэмжлэгч гийн эзэмших эрх бүхий 17554 м.кв газар бүхэлдээ багтсан байна.

2.5. Нэхэмжлэгч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолыг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2022/0424 дүгээр шийдвэрээр маргаан бүхий актыг биелэлтийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

2.6. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 533 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул анхан шатны шүүхээс магадлалд заасан ажиллагааг шүүхийн санаачилгаар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хязгаарлахгүйгээр хийж гүйцэтгэсэн болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: ...Маргаан бүхий захиргааны акт нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул урьдчилан мэдэгдэж, надаас тайлбар авах учиртай байсан. Гэтэл сонсох ажиллагаа хийгээгүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн сонсох ажиллагаа хийхтэй холбоотой заалтуудыг зөрчсөн хэрэг юм. Тодруулбал, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.5 дахь заалтуудыг зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.4-д газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн солих буюу эргүүлэн авах боломжтой тухай заасан. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д тусгай хэрэгцээний газарт хамаарах газрыг заасан. Нийтийн эдэлбэрийн газар нь үүнд хамаарахгүй. Иймд "нийтийн эдэлбэрийн газар болгоно" гэх үндэслэлээр миний газрыг улс эргүүлэн авах, нийтийн эдэлбэр болгох үндэслэлгүй юм.

Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3. 39 дүгээр зүйлийн 39.1.5, 42 дугаар зүйлийн 42.1, 42.3 дахь заалтуудад газрыг эргүүлэн авах тохиолдолд нөхөн олговор олгох тухай заасан. Энэ нь Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.4, арван зургаадугаар зүйлийн 16.3-д заасан нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгө, газрыг дайчлан авбал шударга нөхөн олговор олгох, үнийг төлөх зарчмаас эхтэй. Гэтэл хариуцагч нь ямар ч нөхөх олговор, үнэ төлөхгүйгээр миний эзэмших эрх бүхий газрыг нийтийн эдэлбэр газар болгох замаар улсын мэдэлд авах агуулга бүхий захиргааны акт гаргасан байна. Иймд Газрын тухай хуулийн энэхүү заалтууд зөрчигдөж байна. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3-д заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь маргаан бүхий тогтоолдоо миний эзэмшил бүхий газрыг нийтийн эдэлбэр газар болгон тогтоох бүрэн эрх олгосон хуулийн заалтаа тусгах ёстой. Маргаан бүхий тогтоолд Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 20 дугаар зүйлийн 20.1.1. 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалтууд, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.3. 20 дугаар зүйлийн 20.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалтуудыг тус тус үндэслэл болгосон байна. Гэвч эдгээр нь хариуцагч байгууллагад маргаан бүхий захиргааны актыг гаргах, миний эзэмшил газрыг нийтийн эдэлбэр газар болгон тогтоох бүрэн эрх олгосон заалт биш байна. Ийнхүү Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаартай тогтоолын хавсралтын 13 дахь хэсэг нь миний газар эзэмших эрхийг зөрчсөн, хууль бус захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийн миний газартай давхцаж буй хэсгийг буюу 1-5 дугаартай солбицлын цэг бүхий хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 147 дугаартай тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийн нэхэмжлэгчийн газартай давхцаж байгаа солбицлын цэг буюу 1, 2, 3, 4, 5 дугаартай цэг бүхий хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Олон солбицлын цэг байгаа. Үүнийг бүхэлд нь өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулъя гэж нэхэмжлэлээ гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс тодруулах шаардлагатай, холбогдолгүй хэсгийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэсний дагуу солбицлын цэгийг нь тодруулахад 1-5 дугаартай солбицлын цэг нэхэмжлэгчийн газартай давхцаж байна гэдэг нь баримтаар тодорхой болсон. Тийм учраас давхцаж байгаа хэсгийг хүчингүй болгуулах хүрээндээ нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Маргаан бүхий акт нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа вэ гэхээр нэгдүгээрт, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчиж байгаа. Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн эзэмших эрхийн гэрчилгээ, захирамж бүхий газрыг давхцуулаад нийтийн эдэлбэр газарт оруулсан. Нэхэмжлэгч газар дээрээ газар эзэмших эрхийн гэрчилгээ, захирамжтай. Хоёр жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон. Хүчингүй болгосон захирамжтай маргаад явж байх явцад нэгэнт газар нь хүчингүй болсон гээд нийтийн эдэлбэрт авсан. Тэр нь 2 дугаар хавтаст хэргийн 44-р талд авагдсан баримтаар харагдана. Энэ дээр Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа газар эзэмших эрхийн гэрчилгээг 2021 оны 07 сарын 28-ны өдрийн 587 дугаартай захирамжаар иргэн гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газрын эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Нэгэнт газрын эрх нь дуусгавар болсон учраас маргаан бүхий актаар нийтийн эдэлбэрт авсан. Нэгэнт газрын эрх нь дуусгавар болсон учраас нөхөн олговор өгөөгүй. Сонсох ажиллагаа хийгээгүй. Газрыг эргүүлэн авах, солих асуудлыг бид яриагүй юм гэдэг агуулгаар тайлбар ирүүлсэн байдаг. Тэгэхээр газрыг нь 07 дугаар сард хүчингүй болгочхоод 11 дүгээр сард нийтийн эдэлбэрт авсан. Газрыг 2 жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны актыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Шүүх тухайн маргааныг шийдвэрлээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 04 сарын 08-ны өдөр 0272 дугаартай шүүхийн шийдвэрээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Газрын гэрчилгээгээ авснаас хойш 2 жилийн хугацаа болоогүй байсан. Нэгэнт хоёр жилийн хугацаа болоогүй учраас хоёр жил ашиглаагүй гэдэг үндэслэл байхгүй гэдэг байдлаар хүчингүй болгосон. Давж заалдах гомдол гаргасан боловч гомдлоо татаж аваад, энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа. Энэ шийдвэр хавтас хэрэгт авагдсан байгаа. Ингэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэсэн. Гэхдээ Газар зохион байгуулалтын албаны зүгээс газрынх нь гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа. Яагаад гэвэл нийтийн эдэлбэрт авсан захирамж хүчин төгөлдөр байна гэдэг. Газар хүчингүй болгосон захирамжтай нь маргах явцад шүүхээс нотлох баримт цуглуулаад, тэр дээр нь нийтийн эдэлбэрт авсан гэдэг захирамж тухайн хэрэг дээр нотлох баримтаар ирдэг. Нэхэмжлэгч захирамжийг мэдэнгүүтээ тусдаа нэхэмжлэл гаргаад захиргааны хэрэг үүсгүүлсэн. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд хэтэрсэн зүйл байхгүй. Ийм байдлаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн. Маргаан бүхий захиргааны акт яагаад хууль бус вэ гэвэл Үндсэн хуульд заасан бусдын өмчлөх эрх, газар эзэмших эрхийг нөхөх олговортойгоор авч болно гэдэг хуулийн заалтыг зөрчсөн. Ямар нэгэн нөхөх олговор өгөөгүй. Хоёрдугаарт, бусдад эзэмшүүлсэн газрыг ингэж нийтийн эдэлбэрт авах бүрэн эрхийг хуулиар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгоогүй. Тогтоолын үндэслэл болгосон заалтаас харахад бүрэн эрх бүхий тогтоол биш. Өмнө нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шийдэхдээ бүрэн эрхтэй байна гэдэг агуулгаар дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч гийн газрыг нийтийн эдэлбэрт авах болсон үндэслэл нь анхнаасаа энэ газрыг хүчингүй болгочихсон юм чинь одоо нийтийн эдэлбэрт авъя гэдэг үндэслэлээр гарсан. Гэтэл бид тэр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон акттай маргаад явж байсан. Тэгэхээр Газрын тухай хуулиар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэртэй маргаж явж байгаа бол бусдад эзэмшүүлж, ашиглуулж болохгүй гэдэг хуулийн заалт байгаа. Бусдад эзэмшүүлж, ашиглуулах гэдэгт нийтийн эдэлбэрт авах гэдгийг ч хамруулж ойлгох ёстой. Яагаад гэхээр энэ хүний газар эзэмших эрх сэргэх үү, үгүй юу гэдэг нь тодорхой болоогүй, маргаад явж байхад нийтийн эдэлбэрт авсан нь хууль бус юм. Ингэснээрээ тухайн хүний эрхийг шүүхээр сэргээх байдалд саад болж байгаа. Сонсох ажиллагаа хийгээгүй, нөхөх олговор санал болгоод, үнэлгээ дээрээ зөвшөөрөөгүй гэдэг ч юм уу тийм зүйл байхгүй. Иргэний зүгээс харахаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоод хоёр жил болоогүй байхад та газраа хоёр жил ашиглаагүй байна гээд хүчингүй болгоод, газар эзэмших эрхээ шүүхээр сэргээлгээд иртэл газрыг тань нийтийн эдэлбэрт авчихсан гэдэг. Тэгээд нөхөх олговор олгоогүй, өөр газар олгосон зүйл байхгүй. Тэгэхээр энэ бол нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг ноцтойгоор зөрчсөн хэрэг юм. Тийм учраас үүнийг хүчингүй болгож өгөөч гэж хүсэж байна. Газрыг нь хүчингүй болгосон байсан учраас нөхөх олговор, сонсох ажиллагаа хийгээгүй, газрыг солих асуудал яриагүй юм. Бид шүүхийн цахим сангаас судалж үзлээ. Энэ акттай холбоотой маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 24-ний өдрийн 0222 дугаар шийдвэрээр шийдвэрлээд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын 19-ний өдрийн 349 магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулсан. ******* гэх иргэн энэ актын 13 дахь хэсгийг хүчингүй болгуулъя гэж маргаад, анхан шатны шүүх 13 дахь хэсгийг нь буюу бидний маргаж байгаа хэсгийг бүхэлд нь хүчингүй болгосныг давж заалдах шатны шүүхээс 13 дахь хэсгийн н.Оюунбилэгт холбогдох хэсгийг хүчингүй болго гэж өөрчилсөн. Үүгээр энэ шүүхийн шийдвэрээр маргаан бүхий захиргааны акт хууль бус гэдэг асуудал шүүхээр нэгэнт дүгнэгдсэн байна. Хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй учраас гийн хувьд энэ акт хууль ёсны болохгүй гэж хууль, шүүхэд итгэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, актын нэхэмжлэгч Баясгаланд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

3.3. Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэл хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр барилгажилт, нягтрал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа өнөө үед нийслэлийн гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр үлдээх, шинээр ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлага нэн хэрэгцээтэй байна.

Нийслэлийн Засаг даргаас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд чөлөөт цагаа зөв боловсон ая тухтай өнгөрүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах зорилгоор Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 2.7-д нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээг тогтоож, холбогдох шийдвэрийг гаргуулан бүртгэлжүүлэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд асуудлыг өргөн барьсны дагуу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11/33 дугаар тогтоолоор баталсан байна.

Газрын тухай хуульд нийтийн эдэлбэр газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг төрийн хяналт зохицуулалттайгаар нийтээр ашиглах гэж заасан, мөн нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоол нь батлагдсан ба тус газруудад шинээр газар олгохгүй, барилга байгууламж барихыг хориглосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

3.4. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, хариуцагч талын тайлбарыг сонсоод, өөрийн дотоод итгэл үнэмшлийн хүрээнд хариуцагч талын тайлбар илүү хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

4.2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална: 4.1.2.газар төрийн хяналт, хамгаалалтад байх;, 6 дугаар зүйлийн 6.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана: 6.2.2.хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар;, 12 дугаар зүйлийн 12.2-т Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна., 20 дугаар зүйлийн 20.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.1.1.газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаархи Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх; , 2006 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: 18.1.2.нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар: з/нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах; 20 дугаар зүйлийн 20.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 18.1.1."е", 18.1.1."ж", 18.1.2."г", 18.1.2."ж", 18.1.2."з", 18.1.3."в", 18.1.3."г", 18.1.3."ж", 18.1.3."з", 18.1.3."к", 18.1.3."л", 18.1.3."н"-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ гэж заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд байршилтай, 50,000 м.кв талбайг нийтийн эдэлбэрт авсан байна.

4.3. Харин маргааны үйл баримтаас үзвэл дээрх маргаан бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд байршилтай, 50,000 м.кв талбайг нийтийн эдэлбэрт авах үед нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээгүй буюу Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ заасан хэмээх хуулийн шаардлагыг хангаагүй байжээ.

4.4. Гэвч энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй заасан үр дагавар үүсэхээс сэргийлсэн зохицуулалтыг хэрэглээгүй нь шүүх маргах эрхийг хязгаарласан шүүхийн шийдвэрийг хэн буйгаа ч биелүүлнэ гэсэн зарчим зөрчигдөх нөхцөл байдал үүссэн.

4.5. Өөрөөр хэлбэл, тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ/2022/0272 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болох үед тухайн шийдвэрээр нэхэмжлэгч өөрийн сэргээгдсэн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй шинэ нөхцөл байдал бий болсон.

4.6. Маргаан бүхий тогтоолоор Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Морин тойруулгын хойд талд байршилтай, 50,000 м.кв талбайг нийтийн эдэлбэрт авснаар дээрх шүүхийн шийдвэрээр сэргээгдсэн газар эзэмших эрхийг эдлэх боломжгүй болсон боловч нөгөө талаас шүүхийн шийдвэрээр гийн газар эзэмших эрхийг сэргээснээр маргаж буй захиргааны акт болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хууль зүйн болон бодит үндэслэл болсон нийтийн ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал үүссэн байна.

4.7. Энэ тохиолдолд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/ болон Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудад /дээр дурдсан/ хуульчилсан газрыг нийтийн эдэлбэрийн газраар тогтоох талаарх эрх хэмжээгээ хэрэгжүүлсэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг буруутгах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

4.8. Харин хууль зүйн утгаараа, хариуцагчийн гаргасан 2021 оны 147 дугаар тогтоолын 1 дэх заалтаас үзэхэд нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилго бүхий буюу агуулгаараа нийтийн ашиг сонирхлыг хангах үүднээс гарсан болох нь тогтоогдож байна.

4.9. Энэ нөхцөлд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран түүнийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цуцалж болно, мөн зүйлийн 49.3-д Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно:, мөн 49.3.3-д шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол, 49.3.5-д нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд гэж заасныг хэрэгжүүлэн нэхэмжлэгч д эерэг нөлөөлөл акт бүхий газар эзэмших эрхийг цуцалж, улмаар мөн хуулийн 49.6-д Энэ хуулийн  49.3.3, 49.3.4, 49.3.5-д заасан үндэслэлээр захиргааны актыг цуцалсан тохиолдолд учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээдийн шаардсанаар нөхөн төлнө гэж зааснаар нэхэмжлэгчид учрах эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.

4.10. Мөн Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно гэж зааснаар нөхөн олговор шийдвэрлэх хүртэл маргаан бүхий актын нэхэмжлэгчийн газарт холбогдох давхцалтай хэсгийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

4.11. Дээр дурдсан нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд ийнхүү нэмж тодруулах зүйл нь хуулиар хариуцагч байгууллагад байх тул шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж дүгнэлээ.

4.12. Эцэст нь шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс ...нэхэмжлэгч талын нэхэмжлэл, хариуцагч талын тайлбарыг сонсоод, өөрийн дотоод итгэл үнэмшлийн хүрээнд хариуцагч талын тайлбар илүү хууль зүйн үндэслэлтэй ... гэх дүгнэлтийг өгсөн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэлд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг анхаарсан болохыг тэмдэглэж байна.

4.13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасан тул хариуцагчид шүүхээс тогтоосон 6 хүртэл сарын хугацаанд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэж, захиргааны шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийн гийн газартай давхцаж буй хэсгийн буюу 1-5 дугаартай солбицлын цэг бүхий хэсэг хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.5, 42 дугаар зүйлийн 42.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 49.3.3, 49.3.5, 49.6-д тус тус заасныг баримтлан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийн иргэн гийн газартай давхцаж буй хэсгийн буюу 1-5 дугаартай солбицлын цэг бүхий хэсгийн биелэлтийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 147 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь хэсгийн гийн газартай давхцаж буй хэсгийн буюу 1-5 дугаартай солбицлын цэг бүхий хэсгийг хүчингүйд тооцсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.


 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Л.БАТБААТАР

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА