Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 235

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Батмөнхийн Ганбаатарт холбогдох эрүүгийн 201726030677 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: улсын яллагч Т.М /томилолтоор/, шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1.................................................

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СМ” нэртэй баарны үүдэнд Б.С-тэй маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

Талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заанаар шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг  нь хангаж, хэргийг хянан шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнийг  тэмдэглэв. 

 

1. Шүүгдэгч Б.Г-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

“...2017 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө би найз Ганболд, Төмөрсүх нарын хамт “СМ” бааранд орсон. Тэгээд Соёлчхүү гэх залуутай муудалцаж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Цэргийн дүйцүүлэх албаны талаар ярьж байгаад муудалцсан. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас зарим зүйлийг сайн санахгүй байгаа. Тжхайн өдөр найз Ганболд, Төмөрсүх нарын хамт найзынхаа одонгийн найранд очоод архи уусан байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.

Хохирогч Соёлчхүүгийн биед учирсан, шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлийг би учруулсан. Хохирогчоос уучлалт гуйж, эмчилгээний зардалд эхлээд 200.0000 төгрөг,  дараа нь 800.000 төгрөг тус тус төлсөн. Би өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй,  захиргааны арга хэмжээ авахуулж байгаагүй, хохирогчоос уучлалт гуйж хохирол төлсөн зэрэг байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201726030677 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Б.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би хадам эгч Ганцэцэгийн одонгийн найранд уригдаад БГД-н нутаг дэвсгэрт байх “Наран” нэртэй ресторанд эхнэр, хүүхдүүдийн хамт очиж байж байгаад 23:00 цагийн орчим гэртээ ирсэн. Би уг найранд байхдаа хүмүүсийн хийж өгсөн архинаас нь 5-6 хундага, 0,5 литр Сэнгүр шар айраг 2 шилийг уусан байсан.

Тэгээд гэртээ ирэх замдаа эхнэр, хүүхдээ Яармагийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчихөөд гэртээ харих замдаа Яармагийн эцсийн буудалд найз Майраатай тааралдсан. Ингээд бид хоёр ярилцаж байгаад нэг, нэг шил шар айраг уухаар ХУД-ын 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “СМ” бааранд орсон. Уг бааранд орсны дараа Майраа надад “картаа орхисон байна, бэлэн мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгээд Майраа түрүүлээд явсан. Би түүний араас гарах гэж байх үедээ зүс таних, Яармагт амьдардаг Ганбаатар гэх залуутай тааралдсан ба түүний сууж байсан ширээн дээр очиж гар барин мэнд асуусан.

Тэр үед би Ганбаатартай урьд өмнө хамт цэргийн дүйцүүлэх алба хааж байсан талаараа ярилцаж байсан ба яриан дундаа түүнийг “ямар их таргалсан юм бэ” гэж хэлсэн. Миний хэлсэн “таргалсан” гэдэг үгэнд уурлаад бид хоёр бага зэрэг маргалдсан. Тэгээд би тамхи татахаар түрүүлээд гарсан. Баарны гадаа зогсож байтал араас Ганбаатар, Ганболд, Төмөрсүх нар гарч ирсэн. Тэгээд Ганбаатар надад хандан “чи намайг Яармагт мэдэх үү”, гэх зэргээр өдөөд байхаар нь би түүнд “чи ямар том юм бэ” гэж хэлсэн.

Тэгсэн чинь л Ганбаатар шууд миний хамар руу нэг удаа толгойгоороо мөргөчихсөн. Тэр үед миний хамарнаас цус гарсан. Би гараараа хамраа дараад доош суух үед Ганбаатар намайг хавсарч унагаан хөлөөрөө нэг удаа зүүн гуя руу өшиглөсөн. Тэгээд би босоод буцаж баар руу ороод цагдаа дуудсан. Намайг баарны гадаа гарч ирэх үед тэд нар явсан, байхгүй байсан. Тэгээд цагдаа нар удалгүй ирээд, тэдгээр залуучуудыг гудамжинд явж байхад нь барьсан. Тухайн үед шөнийн 01:00 цаг болж байсан, гадаа харанхуй, мөн бороо орж байсан. Би хамраа эмчлүүлмээр байна. Өглөө босох үед хамар битүүрээд цус гарч байгаа...” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х/,

 

2. ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийгдсэн  шинжилгээний 7302 тоот дүгнэлт:

1. Б.С-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хэргийн 14х/,

 

3. “Натур эмнэлэг”-ийн компьютерт томографийн оношилгооны баримт /хэргийн 15х/,

 

4. Хохирогч Б.С-гээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст бичгээр гаргасан “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хэргийн 42х/,

 

5. Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо,  Нүхтийн 17-282 тоотод эхнэр Гантуяа, охин Анужин, хүү Анхбаяр нарын хамт 2008 оноос хойш одоог хүртэл амьдарч байна. 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би найз Батзаяагийн гэрт очиж түүнийг “Алдарт эхийн” одон авсныг нь найзуудаараа тэмдэглэсэн юм. Тэгээд Батзаяагийн гэрээс Ганболд, Төмөрсүх нарын хамт гараад 23:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “СМ” бааранд очиж үйлчлүүлсэн. Тэгээд байж байтал зүс таних Соёлчхүү гэх залуу, танихгүй эрэгтэй хүний хамт миний сууж байсан ширээнд ирсэн. Тэгээд Соёлчхүү нь надтай ойр зуур юм ярьж байгаад баарнаас гарсан. Соёлчхүү баарнаас гарах үедээ “намайг он жав яасан их таргалаа вэ” гээд гараараа гэдэс рүү нудраад байсан. Тэр үед баар хааж байсан учраас Ганболд, Төмөрсүх, бид гурав мөн уг баарнаас гарсан. Баарны үүдэнд Соёлчхүү, найзынхаа хамт тамхи татаад зогсож байсныг санаж байна. Би тухайн үед нилээн согтсон байсан учраас яг ямар шалтгаанаар түүнтэй маргалдсанаа сайн санахгүй байна.

Нэг мэдэхэд Соёлчхүү над руу “яасан том пизда вэ” гээд дайраад байсан ба би түүний нүүрэн тус газар нь нэг удаа мөргөсөн. Тэгсэн Соёлчхүү намайг цохих гээд дахин дайрахад Ганболд түүнийг түлхэж холдуулж байсан. Ганболд түүнийг гараараа цээжин тус газар нь түлхэж харагдсан. Тэр үед Соёлчхүү намайг “тарган банди” гэх зэргээр хэл амаар доромжлоод дайраад байсан учраас би дахин нэг удаа мөргөсөн.

Тэгээд түүнийг газар хавсарч  унагаан нэг удаа өшиглөсөн, хаана нь өшиглөснөө мэдэхгүй байна. Тэгээд Соёлчхүү баар луу эргэж орсон. Бид нар гэр гэр лүүгээ явсан. Соёлчхүү бид хоёрын дунд өс хонзонгийн ямар ч асуудал байхгүй. Архи уусан болохоор л буруу зүйл хийсэн байна. Соёлчхүүд учирсан гэмтлүүд нь миний хоёр удаагийн мөргөлтөөс үүссэн байх.

Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэр Гантуяа ажилгүй гэртээ хүүхдүүдээ хардаг юм. Би ажил хийж гэр бүлээ тэжээдэг...” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж,  Б.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “СМ” нэртэй баарны үүдэнд Б.С “яасан их таргалсан юм бэ” гэж хэлснээс маргалдан муудалцаж, улмаар түүний нүүр хамар тус газарт толгойгоороо 2 удаа мөргөснөөс  хохирогч Б.Сгийн биед “хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхины цус хуралт, хамрын нурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хохирогч Б.С-гийн мэдүүлэг /хэргийн 18-19х/, ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжээчийн Хүний биед хийгдсэн шинжилгээний 7302 тоот дүгнэлт /хэргийн 14х/, “Натур” эмнэлгийн компьютерт томографийн оношилгоо /хэргийн 15х/ болон шүүгдэгч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос хохирогч Б.С-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан Б.Гын гэмт үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон ба шүүгдэгч нь хэргийн үйл баримтад маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байна.  

  

Шүүх, шүүгдэгч Б.Г-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт хэргийн 82-р талд авагдсан байна.

 

Шүүх, шүүгдэгч Б.Г-т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох  ба шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Б.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг  шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                     ТОГТООХ нь:

 

1. ................ овогт Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-ыг 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл, ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Б.Г нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Б.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон Б.Г нь төлөх төлбөргүй болохыг тус тус тэмдэглэсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл, шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАЗАРХАНД