| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/01630/И |
| Дугаар | 102/ШШ2023/03185 |
| Огноо | 2023-09-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2023/03185
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч Ч.Баярсүрэн, А.Зүмбэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, ... регистртэй, Б... овогт Мөнхбатын А...,
Хариуцагч: Баянгол дүүргийн ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, ... регистртэй, Х... овогт Ц...ийн Л...,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3,450,000 /гурван сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч М.А...,
Хариуцагч Ц.Л...,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.А... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Чингүнжав гудамжны “Жем молл” худалдааны төвийн зүүн талын замд Тоёота Приус-... маркийн ...-... УАК улсын дугаартай машиныг жолоодож явсан Ц.Л... нь намайг зам гараад явж байхад зүүн талаас мөргөж гэмтэл учруулсан. Тухайн үед хариуцагч шууд намайг гэмтлийн эмнэлэг авч яваад, надад анхан шатны тусламж үзүүлсэн. Эмч нь манай чих, хамар, хоолойн эмч байхгүй байгаа учир Нэгдүгээр эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж үзээд бичиг хийж өгсөн. Тэрний дагуу би Нэгдүгээр эмнэлгийн чих, хамар, хоолой, мөн нүдний тасаг болон эрүү нүүрний тасагт үзүүлсэн. Хавдраа буулгаад ирж үзүүл гэсний дагуу 3 дугаар сарын 07-ны өдөр давтан үзүүлэхэд хамрын хугарал засах мэс засалд орох шаардлагатай гэж эмнэлгийн картан дээр бичилт хийж өгсөн. Энэ мэс заслыг хийлгэхэд миний сонгосон “Ш...” эмнэлэгт 2,000,000 төгрөг шаардлагатай болсон учир энэ зардлыг хариуцагчаар урьдчилан төлүүлэх хүсэлтэй байна. Үүнээс гадна би осолд орсноос хойш өвдөлт, хавдар их байсны улмаас ажлаа хийж чадаагүй. Би “М...” ХХК-д мужааны ажил эрхэлдэг бөгөөд өдрийн 50,000 төгрөгийн цалинтай, 7 хоногийн 6 өдөр ажилладаг. Энэ ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсанаас ажил хөдөлмөр эрхлээгүй, цалин хөлсөө авч чадаагүй тул 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл ажлын 29 хоногийн авах ёстой цалин хөлсөнд 1,450,000 төгрөг болж байна. 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр цагдаад хандаж, Тээврийн цагдаа ирээд нөхөн үзлэг хийсэн ба хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хамрын нурууны хугарал тогтоогдож, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэг тогтоосон. Үүнийг үндэслэн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Тээврийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гаргасан. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар гэм хорын хохиролд хамрын хугарал засах мэс заслын зардалд 2,000,000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөнд 1,450,000 төгрөг, нийт 3,450,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Зайлшгүй энэ хагалгаанд орох шаардлагатай гэсэн баримт бол байхгүй. 29 хоног ажиллаагүй болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой баримтууд байхгүй. Энэ хугацаанд эмчилгээ хийлгээд ажилдаа явж чадаагүй...гэж тайлбарлав.
2. Хариуцагч Ц.Л... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
2023 оны 02 дугаар сарын 9-ний өглөөний 09 цаг өнгөрч байх үед 25 дугаар эмийн сангаас доош уруудаж байх үедээ санамсаргүй машины хажуу талын шанаагаар мөргөсөн. Тухайн үед эмнэлэг явах уу гээд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэг дээр байж байтал ээж нь ирсэн. Бүх зүйлээ ярилцаад дүүргийн эмнэлэг дээр очин хамар, чих, тархи гээд бүгдийг нь үзүүлсэн. Эмч нар үзээд хамар нь хавантай байна. Гэхдээ засаж янзлах зүйл байхгүй юм байна гэж хэлсэн. Эхний хэдэн сардаа мэдэгдэхгүй байх магадлалтай гээд эмч нар хариу хэлээгүй. Тэгээд бид тэндээс гараад гэрт нь хүргэж өгсөн. Маргааш нь дүүргийн эмнэлэгт очиж хэвтүүлэн үзүүлж, харуулсан ерөнхийдөө шантаачлах тал руугаа хандаж эхэлсэн. Тэд эдэн сая төгрөг орно гэж надад хэлсэн. Дараа нь М.А...ийн ээж цагдаад хандан өргөдлөө өгсөн. Цагдаагаар яван шүүх эмнэлгийн тогтоолоор надад хэлж байснаасаа зөрсөн. Зөвхөн хамрын яс хугаралтай, мөн тархины өнгөн хэсгээр язралттай, хавантай гэж гарсан. Хуулийн дагуу бүх зүйл шийдэгдээд надад цагдаа арга хэмжээ авсан. Тухайн үед М.А...ийн эмнэлгээр явж үзүүлсэн эмчилгээний зардал 500,000-600,000 төгрөг болсон. Түүнээс хойш хуулийн дагуу шийдвэрлэх ёстой юм байна гэж бодон хуулийн дагуу арга хэмжээ авч дууссаны дараа шүүхээс нэхэмжлэл ирсэн. Тухайн үед М.А...ийн эмчилгээнд гарсан мөнгийг нь гаргасан. Энэ асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдэх ёстой. Би нэхэмжлэгчийг зодоогүй. Санаандгүй, харалгүйгээр мөргөсөн. Хамгийн гол нь миний эрүүл мэнд ийм байна, ийм эмчилгээ хийлгэсэн, хийлгэнэ гээд баримт гаргаад ирвэл би төлөх боломжтой. НӨАТ-ын төлбөрийн баримтаа гаргаад ирвэл даатгалаар шийдүүлэх боломжтой байсан. Даатгал НӨАТ-ын баримт шаарддаг юм билээ. Нэхэмжлэгч нотлох баримт гаргаагүй тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэм буруугийн талаар бол маргахгүй...гэж тайлбарлав.
3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор: өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, Эмчлүүлэгчийн дэвтрийн хуулбар /хх-5/, Тээврийн прокурорын газрын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 251 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолын хуулбар /хх-6-8/, “Х...” ХХК-ийн Ш... эмнэлгийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт /хх-9/, Барилга угсралт, худалдааны “М...” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн цалингийн тодорхойлолт /хх-10/, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгийн тэмдэглэл /хх-11/, холбогдогч жолоочийн биеийн байцаалт /хх-12/, Нөхөн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт, тэмдэглэлийн хамт /хх-13-16/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 2635 тоот Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ бүхий шинжээчийн дүгнэлт /хх-17-18/, Өндөр өртөгт оношилгоо шинжилгээний дүгнэлт /хх-19/, фото зураг /хх-20/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
4. Нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргасан эмчлүүлэгчийн дэвтрийн хуулбар /хх-5/, Өндөр өртөгт оношилгоо шинжилгээний дүгнэлт /хх-19/ зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
5. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдаанд оролцохоор иргэдийн төлөөлөгчөөр иргэн Б.Анхбаяр томилогдож, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. М.А... нь Ц.Л...т холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 3,450,000 төгрөг гаргуулахаар шаардаж, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг учирсан хохиролтой холбоотой нотлох баримт гаргасан тохиолдолд эвлэрэх, төлбөрийг төлөх боломжтой гэх тайлбарыг гаргаж байна.
2. Шүүх бүрэлдэхүүн М.А...ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчийн буруугаас зам тээврийн осолд орж, эрүүл мэндэд хохирол учирснаар хамрын хугарал засах мэс засалд орох шаардлагатай болсон ба Ш... эмнэлэгт хийгэхэд 2,000,000 төгрөгийн зардал шаардлагатай болсон, мөн ослын улмаас 29 хоног ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй, цалин хөлс аваагүй учир энэ хугацааны авах ёстой цалинг нэг өдрийн авдаг цалин 50,000 төгрөгөөр тооцоон 1,450,000 төгрөг, нийт 3,450,000 төгрөгийг хариуцагчаас шаардана” гэж тодорхойлсон.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас гэм буруугийн талаар маргаагүй боловч нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдохгүй байгаа учир бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж байна.
5. Хэрэгт цугларсан бичмэл баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
5.1. Хариуцагч Ц.Л... нь 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Чингүнжавын гудамж “Жем молл” худалдааны төвийн зүүн талын замд Тоёота Приус-... маркийн ...-... УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч явсан нэхэмжлэгч М.А...ийг мөргөсөн байна.
5.2. Уг зам тээврийн осол болсноос хойш М.А... нь цагдаагийн байгууллагад хандаж, Тээврийн цагдаагийн албанаас 2023 оны 2 дугаар 26-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийж, 2 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилон, шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 2635 дугаар дүгнэлтээр: “М.А...эд духны зүүн хэсэг, зүүн зовхинд цус хуралт, хамрын нуруу, үзүүрт зулгаралт, хамрын нурууны хугарал тогтоогдсон, энэ гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1.4-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоов” гэж дүгнэжээ.
5.3. Тээврийн прокурорын газрын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 251 дүгээр тогтоолоор Ц.Л... замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулаагүй учир хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж дүгнэн, М.А...ийг эмчилгээний зардал, цаашид гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 499, 505 дугаар зүйлд зааснаар буруутай этгээдээр төлүүлж арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдан, Ц.Л...ын үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр холбогдох материалыг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна.
5.4. Нэхэмжлэгч М.А...ийг “Хурилдуур” ХХК-ийн Шинонмед эмнэлгээс Гэмтлийн гаралтай хамар ясны шинэ хугаралт, таславчийн мурийлт оношоор хагалгаанд орох шаардлагатай бөгөөд тус эмнэлгийн энэ төрлийн хагалгааны төлбөр 1,800,000-2,000,000 төгрөгийн хооронд хийгддэг болохыг 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, Чих хамар хоолойн их эмч нар тодорхойлсон байна.
5.5. Харин нэхэмжлэгч М.А...ийн ажил олгогч гэх “М...” ХХК-ийн ерөнхий захирал Б.Эрдэнэбаяр нь нэхэмжлэгчийг тус компанид мужааны ажил эрхэлдэг, нэг өдрийн 50,000 төгрөгийн цалин авдаг, Нийгмийн даатгалын шимтгэлийг 550,000 төгрөгөөр тооцож төлдөг, ажлын өдөр долоо хоногт 6 өдөр байдаг тухай 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр тодорхойлсон байна.
6. Зохигчид зам тээврийн ослын улмаас М.А...ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, уг гэмтэл Ц.Л... замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас буюу хариуцагчийн гэм буруугаас нэхэмжлэгчийн биед гэмтэл учирсан талаар маргаагүй. Харин нэхэмжлэгчийн шаардаж буй 3,450,000 төгрөг нь нэхэмжлэгчид учирсан бодит хохирол мөн эсэх, нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдсон эсэх талаар хариуцагч марган, нотлогдоогүй зардлыг төлөх үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбар гаргасан бол нэхэмжлэгчийн зүгээс 2,000,000 төгрөгийн хагалгаа хийлгэх шаардлагатай, уг зардлыг гаргах боломжгүй учир хариуцагчаас шаардаж байгаа, ослын улмаас ажилдаа яваагүй учир ажиллаагүй хугацааны цалингаа шаардаж байгаа гэж тайлбарасан.
7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.
8. Хэдий хариуцагчийн гэм буруугаас нэхэмжлэгчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь зохигчдын тайлбар болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч нэхэмжлэгч М.А... нь хамар ясны хугаралт, таславчийн мурийлт гэх оношоор зайлшгүй Шинонмед эмнэлэгт хагалгаа хийлгэх шаардлагатай болсон гэх нөхцөл байдлыг баримтаар нотлоогүй, тухайн гэмтлийг улсын эмнэлэгт эмчлүүлэх буюу хагалгаа хийлгэх боломжтой эсэх талаар тодруулаагүй байна. Мөн гэмтлийн улмаас 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 29 хоногийн хугацаанд ажиллаагүй болох нь баримтаар тогтоогдохгүй, “М...” ХХК-д барилгын мужааны ажил эрхэлдэг болох нь тухайн компанийн цалингийн тодорхойлолтоор бүрэн нотлогдохгүй байна.
9. Иймд эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч М.А...ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10. Нэхэмжлэгч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, цаашид гарах зардлуудыг нотлох баримтаа бүрдүүлэн буруутай этгээдээр төлүүлэхээр шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тийнхүү нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
11. Шүүх М.А...ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Л...оос 3,450,000 төгрөг гаргуулах тухай М.А...ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА
ШҮҮГЧИД Ч.БАЯРСҮРЭН
А.ЗҮМБЭРЭЛ