Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 157/ШШ2023/00203

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй хариуцагч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт холбогдох “орон сууцны үнэ 74,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  С.Эрдэнэсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

1.Нэхэмжлэгч *******  нь хариуцагч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт холбогдуулан “орон сууцны үнэ 74,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов.

 

2.Нэхэмжлэгч *******  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Нэхэмжлэгч *******  миний бие улсад 33 жил, үүнээс 1994-2010 оны хооронд Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрт орон сууцны байцаагчаар 16 жил тасралтгүй ажиллаж Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүд болон УБҮ-ийн орон сууц хувьчлах журмын дагуу Бор-Өндөр сум 2-р баг ..... тоот байрыг гэр бүлийн гишүүд нөхөр П.Х, хүү *******, охин ******* нарын хамтаар өмчилж 2010 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст Улсын бүртгэлийн Ү-............. дугаарт бүртгүүлж .............. тоот үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авсан.

Тухайн үед манай ..... тоот байрыг бүртгэсэн улсын бүртгэгч уг байран дээр өмнө нь бүртгэл хийсэн талаар хэлээгүй учир бид анх удаа бүртгэл хийгдсэн гэж ойлгож байсан.

Гэтэл ******* гэдэг иргэн ******* итгэмжлэлээр 2020 оны 02 сарын 20-ны өдөр Бор-Өндөр сум дахь сум дундын анхан шатны шүүхэд намайг хариуцагчаар татаж байрнаас чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаснаар .... тоот байран дээр 2001 оны 06 дугаар сарын 08 өдөр ******* нарын 4 хүний дээр үл хөдлөх эд хөрөнгийн /Ү-......./ гэрчилгээ байсныг олж мэдсэн. Миний бие *******  нь тухайн үед орон сууцны байцаагч байсны хувьд ******* нь 2001 онд Бор-Өндөр УБҮ-с .... тоот байрыг гэр бүлийн гишүүдийн хамтаар хувьчлан авсан боловч 2001 оны 09 сарын 17-ны өдрийн Бор-Өндөр УБҮ-ийн Орон сууц хувьчлах төв комиссын хурлаар "******* Улаанбаатар хотод байр өгсөн учир байрыг хурааж, хувьчилсан эрхийн бичгийг буцааж авах" шийдвэр гарсан байсныг мэдэж байна. Дээрх шийдвэрийн дагуу ******* нь Бор-Өндөр сумын ...... тоот байрыг суллан өгч Улаанбаатар хот руу шилжсэн бөгөөд "Монголросцветмет" нэгдлээс Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол ...... тоот байрыг олгож улмаар ******* Орон сууц хувьчлах хуулийн дагуу 2004 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хувьчлан авсан байна. /Гэрчилгээний дугаар ...../

Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн /цаашид "орон сууц" гэх/ нэг сууц /өрөө/-ыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын нь үндсэн дээр, нэг удаа үнэгүйзөвхөн орон сууцны зориулалтаар, хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтална" гэж заасан байна.

Ийнхүү бид 2021 оны 08 сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд Бор-Өндөр сумын 2 дугаар баг ...... тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухайн нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн 2021 оны 12 сарын 01-ний өдрийн 157/ШШ2021/00183 дугаар шийдвэрээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг .... тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь *******, П.Х, *******, ******* нар мөн болохыг тогтоосон.

Хариуцагчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 226/МА2022/00002 тоот магадлалаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 сарын 01-ны өдрийн 157/ШШ2021/00183 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу хэргийг дахин хянаад 2022 оны 11 сарын 18-ны өдрийн 157/ШШ2022/00157 дугаар шийдвэрээр дахин Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг ...... тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ******* , П.Х , ******* , ******* нар мөн болохыг тогтоосон.

Гэвч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянаад 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 226/МА2023/00002 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг ...... тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж, хариуцагч *******, *******, ******* нарыг тус орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж тогтоосон байдаг. Бид дээрх Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 226/МА2023/00002 тоот магадлалыг эс зөвшөөрч Улсын Дээд шүүхэд хяналтын гомдол гаргасан боловч 2023 оны 04 сарын 06-ны өдрийн 001/ШХТ2023/00384 тоот тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Ийнхүү Улсын Дээд Шүүх гомдлыг хүлээн аваагүй тул Давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болж хувьчилж авсан орон сууцаа бусдад алдсан. ******* ******* ******* нар нь хууль зөрчиж улсаас үнэ төлбөргүй Улаанбаатар хот болон Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд хоёр орон сууц аваад байна.

Миний бие улсад 33 жил, түүнээс 16 жил Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт ажиллаж, Орон сууц хувьчлах хуульд заасны дагуу төрөөс 1 удаа орон сууц хувьчилж авсан боловч Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захиргааны алдаатай ажиллагааны улмаас манай гэр бүл амьдрах байраа албадан чөлөөлүүлэхэд хүрч орох оронгүй болж хохирч байна. Өөрөөр хэлбэл ******* Бор-Өндөр суманд хувьчилж авсан орон сууцнаас татгалзан, нөхцөл сайжруулан Улаанбаатар хотод байр авах тухай хүсэлт гаргасныг Монголросцветмет ТӨҮГ хүлээн авч шийдвэрлэж Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт орон сууц өгсөн, Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр өмнө хувьчилж өгсөн Бор-Өндөр сумын 2 дугаар баг ...... тоот орон сууцаа тухайн үед хүлээн авсан атлаа тус орон сууцыг ******* хувьчилсан шийдвэрээ хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй байснаас өнөөдрийн энэ нөхцөл байдлыг үүсгээд байна.

Миний бие Орон сууц хувьчлах тухай хуульд заасан эрхээ хангуулахын тулд Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрээс дахин 3 өрөө байр хувьчилж авах боломжтой. Гэвч Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт одоо дахин хувьчлах байр үлдээгүй тул миний бие хувьчлан авч гэр бүлийн хамт амьдарч байсан 3 өрөө орон сууцны үнэтэй дүйцэх төлбөрийг Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс гаргуулах хүсэлтэй байна. Одоо манай гэр бүл амьдарч байгаа 3 өрөө байртай адил хэмжээтэй орон сууцыг 74 000 000 төгрөгөөр худалдан авахаар байна. Иймд Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрээс 3 өрөө орон сууцны үнэд 74 000 000 төгрөг гаргуулан өгч, *******  миний болон миний гэр бүлийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч ******* ийн хувьд 1994 оноос 2010 оныг хүртэлх хугацаанд нийт 16 жил тасралтгүй Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт орон сууцны байцаагчаар ажиллаж байсан. Энэхүү ажиллаж байх хугацаандаа 2010 онд Орон сууц хувьчлалын тухай хууль болон Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлах журмын дагуу Бор-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ...... тоот хаягт гэр бүлийн хамтран өмчлөх хөрөнгө буюу дундын эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж 3 өрөө орон сууцыг хувьчилж авсан үйл баримт байгаа. 2010 оноос хойш 2020 он хүртэл өмчлөх, захиран зарцуулах эрх ямар ч асуудалгүй өмчилж байсан. Тус байрыг гэр бүлийн гишүүдийн хамт эзэмшиж ашиглаж байсан. 2020 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум  дахь сум дундын шүүхэд Эрдэнэбулган гэдэг хүнээс тус ...... тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан байдаг. Тэр нь ямар учиртай нэхэмжлэл вэ гэхээр тус орон сууцыг *******  өмчлөхөөс өмнө Эрдэнэбулган гэдэг хүн 2001 онд Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс өмчилж авч байсан. Үүний дараагаар нөхцөл сайжруулах зорилгоор тус орон сууцнаас татгалзаад Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт 2 өрөө орон сууцыг өмчилж авсан байдаг. Гэхдээ өмнөх өмчлөх эрхийн гэрчилгээгээ хүчингүй болгоогүй дахиад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулаад авсан. Нэг ёсондоо хоёр орон сууцыг нэг иргэн өмчилсөн гэсэн үг. Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрээс тухайн өмчлөх эрхийг хүчингүй болгосонтой холбоотойгоор холбогдох байгууллагад хасалт хийлгэх тушаал шийдвэр, захирамж гаргаагүй байсан. Тэгээд дахин тогтоол гараад ******* т тус орон сууцыг өмчлүүлсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тус ...... тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Орон сууц хувьчлалын тухай хуульд юу гэж заасан бэ гэхээр тус хуулийн 4.1-д Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны нэг сууцыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын үндсэн дээр, нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар хувьчилж өгнө гэсэн зохицуулалт байдаг. Тус зохицуулалтын үндсэн дээр нэхэмжлэгч талын зүгээс Бор-Өндөр сумын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасны үндсэн дээр тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-нй өдрийн дугаар шийдвэрээр ...... тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ******* , Х, Б, У нар нь мөн гэсэн шийдвэр гарсан байдаг. Тус шийдвэрийг хариуцагч нар эс зөвшөөрч Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Тус гомдлыг хүлээж аваад анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэх үндэслэлтэй гээд анхан шатны шүүх рүү буцаасан байдаг. Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс тус магадлалын дагуу дахиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 2 дахь удаагаа 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэрээр ******* , Х, Б, У нар нь тус орон сууцны өмчлөгч мөн гээд шийдвэр гарсан. Нэг ёсондоо тус орон сууцны хууль ёсны өмчлөгч нь *******  болон түүний гэр бүлийн гишүүд мөн гэдгийг шүүхийн шийдвэрээрээ тогтоогоод өгсөн байгаа. Хариуцагч нар дахиад Давж заалдах гомдол гаргасан. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээж аваад магадлал гаргасан. Тус магадлалаар өмчлөх эрх нь Г, Э, Э, Э нарын өмчлөх эрхтэй гэсэн шийдвэр гаргасан. Тус шийдвэрийн үндэслэл нь маш энгийн. Тухайн орон сууц дээр 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан байгаа тохиолдолд хамгийн эхэлж түрүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан этгээд нь тус орон сууцны өмчлөгч байна гэсэн заалтыг үндэслээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч талын зүгээс тухайн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй. Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч Нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор хэргийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэгдээд, энэ хэрэг шийдэгдээд дууссан гэсэн үг. Тийм учраас Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захиргааны алдаатай, хариуцлагагүй шийдвэрийн улмаас нэхэмжлэгч *******  болон түүний гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрх нь ноцтой зөрчсөн. Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрээс тус зөрчигдсөн эрхийг сэрээлгэхээр 3 өрөө орон сууцыг гаргуулж өгнө үү. Хэрвээ 3 орон сууц байхгүй гэж үзэж байгаа тохиолдолд өнөөдрийн зах зээлийн үнэлгээгээр тус орон сууцны нийт ханш нь эрх бүхий байгууллагын шинжээчийн дүгнэлтээр 74,000,000 төгрөг гэж гарсан. Тийм учраас тус дүгнэлтийг бариад 3 өрөө орон сууц байхгүй тохиолдолд Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс 74,000,000 төгрөгийг гаргуулж зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

4.Хариуцагч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  “Нэхэмжлэгч нь хариуцагчийг “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр гэж тодорхойлжээ. Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь бие даасан хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд “Монголросцветмет” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж юм. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “... 3 өрөө орон сууцны үнэд 74.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тодорхойсноос дүгнэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан нутаг дэвсгэрийн харьяалал, 16 дугаар зүйлд заасан онцгой харьяаллын маргаан биш гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хариуцагчийн оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчиж, хариуцагч биш этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Иймд шүүхийн харьяалал зөрчиж, хариуцагч биш этгээдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

5.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шардлагатай холбогдуулан тодруулж хэлье. Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр өөрөө Монголросцветмет Төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэцэд ордог нэгж юм. Монгол 2019 оны 103 дугаартай төрийн өмчит оруулах тогтоолоор байгуулсан байдаг. Монголросцветмет Төрийн өмчит үйлдвэрийн газрыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаартай “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай тогтоолоор аж ахуйн дотоод  үйлдвэрийн газар хэлбэрээр байгуулсан байдаг. Хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичгийг Засгийн газрын тогтоолыг үндэслээд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 196 дугаартай Монголросцветмет Төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схем, албан тушаалын жагсаалт батлах тухай тогтоолын 2 дугаар заалтын 2.5 дахь хэсэгт Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр гэж, мөн тогтоолын нэгдүгээр хавралтад “Монголросцветмет” Төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн схем үйлдвэрийн бүтэцэд Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийг тодорхой заасан байгаа. Тус үйлдвэрийн захирлын хэрэглэдэг тамга, санхүүгийн бүртгэлийн хэлтсийн тэмдэг “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2550466 дугаартай регистрээр бичигддэг. Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлд заасан хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газрын чиг үүргийг хэрэгжүүлдэг төсөөтэй буюу иргэний эрх зүйн харилцаанд тухайлан оролцох эрх зүйн чадваргүй. Төрийн өмчит үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж гэдгийг нотолж байгаа баримт юм. Мөн Иргэний хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан заалтуудыг үндэслээд дүгнэхээр Уулын баяжуулах үйлдвэр өөрөө Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр гэсэн тухайлсан нэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэл хийгдээгүй гэрчилгээ байхгүй. Бүртгэлийн байгууллагаас олгосон регистрийн дугаар, гэрчилгээ байхгүй. Энэ үйл баримтаар иргэний эрх зүйн чадваргүй гэдэг нь тогтоогдож байгаа. Шүүх энэ байдлыг тодруулалгүй нэхэмжлэл үүсгээд, хүсэлтийг хангаад шийдвэрлэсэн. Ямар хүсэлт гаргасан бэ гэхээр дансны зарлагын хөдөлгөөний битүүмжлэх хүсэлт өгснийг 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 461 дугаартай шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлээд Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Монголросцветмет” ТӨҮГ-ын Төрийн банк, ХААН банк, Хас банк дахь зарлагыг 74,000,000 төгрөгийн хэмжээнд битүүмжилсэн арга хэмжээнүүд авагдсан байгаа. ******* ийн нэхэмжлэл дээр хариуцагч талаар татагдаагүй этгээдийн өмчлөх эрхэд нь халдаад, өмчлөх эрхийг нь захиран зарцуулах эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа. Манайх энэ нотлох баримтаа өгсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардах эрхийг шалгахаасаа өмнө энэ асуудлыг тодруулах ёстой байсан. Хариуцагч байх чадваргүй, хариуцагч биш этгээдэд холбогдуулж гаргасан 74,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна” гэв.

 

 

6.Нотлох баримт:

 

-Нэхэмжлэгч *******  нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 сарын 01-ны өдрийн 157/ШШ2021/00183 дугаар шийдвэр, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 226/МА2022/00002 тоот магадлал, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 сарын 18-ны өдрийн 157/ШШ2022/00157 дугаар шийдвэр, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 сарын 07-ны өдрийн 226/МА2023/00002 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2023 оны 04 сарын 06-ны өдрийн 001/ШХТ2023/00384 тоот тогтоол, “Ашид билгүүн ХХК-ийн орон сууцанд хийсэн үнэлгээ, Уулын баяжуулах Бор-Өндөр Үйлдвэрийн 2020 оны 03 сарын 12-ны өдрийн тодорхойлолт, ******* нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн мэдлийн орон сууцны 2 дахь шатны хувьчлалын журам, Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн орон сууц хувьчлалын товчооны 2004 оны 10 сарын 01-ний өдрийн хурлын тогтоол, Уулын баяжуулах Бор-Өндөр Үйлдвэрийн 2010 оны 02 сарын 12-ны өдрийн захирлын тушаал, ...... тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн код дугаар олгох тухай журмын хэрэгжилтийг шалгасан дүн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 31-ний өдрийн Г.Б гэрчээр асуусан тэмдэглэл, 49-57 тоот орон сууны улсын бүртгэлийн гэрчилгээ /Ж.Ү/, ... тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ /В.Н, Н.Г. Ү.Т/, .... тоот орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ /Г.Г/, Уулын баяжуулах Бор-Өндөр Үйлдвэрийн 2001 оны 09 сарын 17-ны өдрийн орон сууцны тухай өргөтгөсөн хурлын тогтоол, Уулын баяжуулах Бор-Өндөр Үйлдвэрийн 2008 оны 03 сарын 26-ны өдрийн Орон сууцны хурлын Протокол, Уулын   баяжуулах   Бор-Өндөр   үйлдвэр   *******    нарын   хооронд байгуулагдсан Орон сууц өмчлөгч, орон сууц хөлслөгчийн хооронд байгуулсан 2008 оны 05 сарын 18-ны өдрийн гэрээ, Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн орон сууц хувьчлалын товчооны 2009 оны 01 сарын 30-ны өдрийн хурлын протокол, ...... тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ /******* /, Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын 2010 оны 02 сарын 12-ны өдрийн захирлын тушаал, ......   тоот   орон   сууцны   улсын   бүртгэлийн   гэрчилгээ /П.Х , ******* , ******* , *******ранбилэг/,  Монголросцветмет ТӨҮГ-ийн 2020 оны 05 сарын 07-ны өдрийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд ирүүлсэн албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 14-ний өдрийн З.Л гэрчээр асуусан тэмдэглэл, ******* Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, ******* Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан өргөдөл, ******* Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

-Хариуцагч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь нотлох баримт гаргаж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаагүй болно.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч *******  нь хариуцагч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт холбогдуулан “орон сууцны үнэ 74,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч *******  нь “...Миний бие Орон сууц хувьчлах тухай хуульд заасан эрхээ хангуулахын тулд Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрээс дахин 3 өрөө байр хувьчилж авах боломжтой. Гэвч Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт одоо дахин хувьчлах байр үлдээгүй тул миний бие хувьчлан авч гэр бүлийн хамт амьдарч байсан 3 өрөө орон сууцны үнэтэй дүйцэх төлбөрийг Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс гаргуулах хүсэлтэй байна. Одоо манай гэр бүл амьдарч байгаа 3 өрөө байртай адил хэмжээтэй орон сууцыг 74,000,000 төгрөгөөр худалдан авахаар байна. Иймд Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрээс 3 өрөө орон сууцны үнэд 74,000,000 төгрөг гаргуулан өгч, *******  миний болон миний гэр бүлийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.” гэж шаардах эрхээ тодорхойлов.

3.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******  нь “...Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь бие даасан хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд “Монголросцветмет” ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгж юм. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “... 3 өрөө орон сууцны үнэд 74,000,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж тодорхойсноос дүгнэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан нутаг дэвсгэрийн харьяалал, 16 дугаар зүйлд заасан онцгой харьяаллын маргаан биш гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хариуцагчийн оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчиж, хариуцагч биш этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Иймд шүүхийн харьяалал зөрчиж, хариуцагч биш этгээдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, тайлбарыг гаргасан байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар:

 

5.Нэхэмжлэгч *******  нь 1994 оноос 2010 он хүртэл “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан гэх үйл баримт,

-Нэхэмжлэгч *******  нь 2008 оноос 2023 оныг хүртэл Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг ...... тоот 3 өрөө орон сууцыг эзэмшиж, өмчилж байсан үйл баримт,

-Нэхэмжлэгч *******  нар нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг ...... тоот 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр өмчлөгчөөр тогтоогдсон үйл баримт тогтоогдсон, энэ талаар хариуцагч нь үгүйсгэж татгалзаагүй байна.

 

6.Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******  нь “...Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хариуцагчийн оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчиж, хариуцагч биш этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Иймд шүүхийн харьяалал зөрчиж, хариуцагч биш этгээдэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, тайлбарыг гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн  14.2 дахь хэсэгт “Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг ... газрын шүүхэд гаргана.” гэж  заасны дагуу нэхэмжлэгч нь хэргийн харьяалал зөрчөөгүй, “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө тодорхойлох үндсэн зарчмын дагуу хариуцагч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр гэж тодорхойлсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн  28.1 дэх хэсэгт “...хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, ...хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно.” гэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй.” гэж заасан байх шүүх санаачлагаараа хариуцагчийг солих үндэслэлгүй байна.

 

7.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна.” гэж, мөн зүйлийн 9.4.2 дахь хэсэгт “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх” гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч *******  нь маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй, өөр өмчлөгч байсан эсэхийг мэдэх боломжгүй, улсын бүртгэлийн байгууллагад орон сууц өмчлөх хүсэлт, материалаа  бүрдүүлж өгсөний улмаас эрх бүхий байгууллагаас өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь ******* буруутай үйл ажиллагаанаас болоогүй, *******  нь шударгаар уг орон сууцны өмчлөгчөөр тогтоогдож байна.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэж байгаа нотлох баримтыг  өөрөө нотлоогүй, нотлох баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн гэм бурууг нотолж, түүнийг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй байна.

 

9.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбарыг нотлох зорилгоор нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаагүй байна.

 

10.Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ.” гэж, Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Орон сууц хувьчлахад нийтийн зориулалттай орон сууцны байшингийн /цаашид "орон сууц" гэх/ нэг сууц /өрөө/-ыг түүнийг эзэмшигчдэд тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийн хамт сайн дурын нь үндсэн дээр, нэг удаа үнэгүй, зөвхөн орон сууцны зориулалтаар, хувьчлах ажлыг төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчмыг баримтална.” гэж заасан зарчмын дагуу нэхэмжлэгч *******  нь төрөөс орон сууц хувьчлахад нэг удаа үнэгүй орон сууц хувьчилж авах эрхтэй.

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 3 өрөө орон сууц 74,000,000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоосон байна. /хх-ийн 36-54/

“Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 54 дугаартай тодорхойлолтоор *******  нь тус үйлдвэрийн орон сууцны байцаагчаар 1994 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан нь тогтоогдож байна. /хх-ийн 55-56/

 

“Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн мэдлийн орон сууцны 2 дахь шатны хувьчлалын журам /хх-ийн 57-58/, Бор-Өндөрийн УБҮ-ийн Орон сууцны тухай өргөтгөсөн хурлын протокол /хх-ийн 71-72/, орон сууцны хурлын протокол /хх-ийн 73/, 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Орон сууцны хурлын протоколоор ...... тоот орон сууцыг ******* т олгосон байна. /хх-ийн 74/, Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 76/, 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 151 дугаартай Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын тушаал /хх-ийн 77/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 78/, “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/1382  дугаартай албан бичиг /хх-ийн 79/, З.Л гэрчийн мэдүүлэг /хх-ийн 81-82/ зэрэг нотлох баримтаар *******  нь орон сууц өмчилж авсан байна.

 

Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******  нь Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн хувьчилсан орон сууцнаас орон сууц үнэ төлбөргүйгээр хувьчилж авах эрхтэй байна.

 

Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн буруутай үйл ажиллагаанаас болж *******  нь орон сууц хувьчилж аваагүй хохирсон, Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр нь Х.Ганхуягт хувьчилсан орон сууцыг давхардуулан ******* т олгосон, *******  нь хувьчлагдсан орон сууц болохыг мэдэх боломжгүй байсан, *******  нь хууль зөрчиж, хуулиар олгосон эрхээ хэтрүүлж өмчлөгчөөр тогтоогдсон орон сууцыг өөрөө өмчилж аваагүй, Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэр нь өөрийн буруугүй гэх үйлдэл, эс үйлдэхүйг нотлоогүй байна.

 

Хариуцагч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт ямар нэгэн нотлох баримт шинжлэн судлаагүй байх тул хариуцагчийг үүргийн гүйцэтгэлээ чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

11.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс “орон сууцны үнэ 74,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* т олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

12.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 527,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс улсын тэмдэгтийн хураамж 527,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон  ТОГТООХ  нь:

 

  1.Иргэний хуулийн  9 дүгээр зүйлийн 9.4.2, Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 121 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс орон сууцны үнэ 74,000,000 /далан дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* т олгосугай. 

  2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 527,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс улсын тэмдэгтийн хураамж 527,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* т олгосугай.

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

           5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        М.ЭНХМАНДАХ