Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2023/03542

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн ... тоот хаягт байрлах “З...” ХХК,

Хүсэлтийн агуулга: “З...” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоолгож, дампуурсанд тооцон татан буулгах тухай дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө...,

Дампуурлын хэрэг гүйцэтгэгч А.Э...,

Нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч “З...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө... шүүхэд гаргасан хүсэлтэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. “З...” ХХК нь 2006 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр зочид буудал, баар, биллъяард, хүнсний дэлгүүрийн чиглэлээр үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах хугацаанд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа нэмж бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байсан. Тус компани анх нэг үүсгэн байгуулаг, 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай үүсгэн байгуулагдсан ба хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр Б.г компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр, компанийн дүрмийн санг 402,982,500 төгрөг буюу нэг бүр нь 403,982.5 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1000 ширхэг энгийн хувьцаа байхаар нэмж бүртгүүлсэн. Компанийн үүсгэн байгуулагч, эрх бүхий албан тушаалтан Г.Б... нь биеийн эрүүл мэндийн хувьд 2010 оноос хойш хэд хэдэн удаа харвалт өгч тал биеийн мэдээгүйдэл, харааны хүнд зэргийн өөрчлөлтөд орж, мэдрэлийн эмчийн тогтмол хяналтанд байдаг байсан. Үүний улмаас компанийн үйл ажиллагаа доголдож, ашиггүй ажиллаж эхэлсэн тул нэмэлтээр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг нэмж бүртгүүлэн тодорхой хэмжээнд боломжийн ажиллаж байсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагч, компанийн эрх бүхий албан тушаалтан Г.Б... нас барж, энэ үйл явдалтай залгаад Ковид-19 цар тахал дэгдэн компанийн үйл ажиллагаа улам бүр доголдож, сүүлийн 2 жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй, цаашид үйл ажиллагаа явуулах ямар ч санхүүгийн болон төлбөрийн чадваргүй болсон. Иймд хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрээр компанид холбогдуулан шүүхийн журмаар дампуурлын хэрэг үүсгүүлэхээр шийдвэрлэсэн. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Монгол улсын дээд шүүхийн 2000 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолын 7-д “хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтын ...итгэмжлэн өмчилсөн эд хөрөнгө гэдэгт өмчлөгчөөс хууль буюу гэрээгээр тодорхойлон олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх эдэлж буй хуулийн этгээдийн эд хөрөнгийг ойлгоно” гэжээ. Манай компанийн өмчлөлд бүртгэлтэй хөрөнгө болон итгэмжлэн өмчилсөн эд хөрөнгө байхгүй болно. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 00440 дугаар шийдвэрээр манай компани “Ю...” ХХК-д 346,304,800 төгрөгийн төлбөртэй. “З...” ХХК нь сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулаагүй, ажилчид авч ажиллуулаагүй тул Нийгмийн даатгалд хуримтлагдсан өр төлбөргүй, мөн татварын өр төлбөр байхгүй. Компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчийн төрсөн охин Б.З... нь “З...” ХХК-ийн хууль ёсны өвлөгч бөгөөд компанийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байна. Б.З... нь 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0079 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээгээр тус компанийн хууль ёсны өвлөгч болсон ба энэхүү өөрчлөлтийг эрх бүхий байгууллагад бүртгүүлэх гэсэн боловч манай компаниас 346,304,800 төгрөг гаргуулж “Ю...” ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “З...” ХХК-ийн шилжилт, хөдөлгөөн, өөрчлөлт хийх эрхийг түдгэлзүүлсэн үндэслэлээр дээрх өөрчлөлтийг нэмж бүртгэхээс татгалзсан байгаа. Ийнхүү “З...” ХХК нь цаашид үйл ажиллагаа явуулах, бусдын өмнө үүргээ хэрэгжүүлэх, оршин тогтнох хөрөнгө санхүүгийн чадамжгүй болсон тул дампуурсанд тооцож, татан буулгаж өгнө үү.

1.2. “З...” ХХК нь “Ю...” ХХК-д 346,304,800 төгрөгийн төлбөртэй. Дампуурлын хэрэг үүсгэснээс хойш шүүгчийн туслахын зүгээс болоод миний зүгээс ахлах шийдвэр гүйцэтгэгч н.Э...т дампуурлын хэрэг үүсгүүлсэн талаарх мэдээллээ өгсөн. “Ю...” ХХК-д холбогдох талаар асуудал тавьсан боловч өөрсдөө ямар нэг хүсэлт гаргаагүй байгаа. Ингээд “З...” ХХК нь цаашид үйл ажиллагаа явуулах, бусдын өмнө үүргээ хэрэгжүүлэх, оршин тогтнох хөрөнгө санхүүгийн чадамжгүй болсон тул дампуурсанд тооцож татан буулгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд манай хүсэлт үндэслэлтэй болох нь харагдаж байна. Манайх өнөөдрийн байдлаар хүсэлтэд дурдсанаар цаашид үйл ажиллагаа эрхэлж явах чадваргүй болсон гэдэг хүсэлтээ дэмжиж байна...гэв.

2. Хэрэг гүйцэтгэгч А.Э... шүүхэд бичгээр гаргасан дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт уг дүгнэлтээ тайлбарлахдаа:

2.1. “З...” ХХК нь улсын бүртгэлийн ... дугаартай, ... регистртэй, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ... тоотод байрлаж ажиллахаар 2006 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 1 гишүүнтэйгээр зочид буудал, баар, хүнсний дэлгүүр, биллъярдын үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хувь эзэмшигч 1 нэмэгдэж, нийт 2 болж өөрчлөгдсөнийг, мөн өдөр өөрийн хөрөнгийн хэмжээ 402,932,500 төгрөгөөр нэмэгдэж нийт 403,982,500 төгрөг болж өөрчлөгдсөнийг, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа шинээр тус тус бүртгүүлсэн байна.

Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Г.. овогтой Б..., эцсийн өмчлөгчөөр Б... овогтой З... нар бүртгүүлсэн, хувь нийлүүлэгч Г.. овогтой Б... нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нас барж, нас барсны бүртгэлийн 5627 дугаарт бүртгэгдсэн учир Б... овогтой З...д өв залгамжлалаар компанийн хувьцааг өвлүүлсэн байна.  

2.2. Санхүүгийн тайлангуудад тусгагдсан эргэлтийн хөрөнгийн харьцаанаас тооцоход “З...” ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн харьцаа хэвийн бус, онолын зохистой үзүүлэлтээс маш бага буюу 835 дахин бага үзүүлэлт гарч байгаа нь богино хугацаат өр төлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалтгүй, төлбөр төлөх боломжгүй болохыг илэрхийлж байна. “З...” ХХК-ийн санхүүгийн тайланд тусгагдсан түргэн хөрвөх чадварын харьцааны утга 2018 оноос хойш алдагдаж, богино хугацаат өр төлбөрөө барагдуулах боломжгүй болсон, тус компанийн мөнгөн хөрөнгө нь өр төлбөрийн 0,2%-ийг л барагдуулах боломжтой байх ба мөнгөн хөрөнгө нь богино хугацаат өр төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүйг илэрхийлж байна.

2.3. “З...” ХХК-ийн 2016-2021 онуудын санхүүгийн тайлан тэнцэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 00440 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 2-183/14281 дугаартай албан бичиг зэрэг лавлагаа, нотлох баримтуудад тусгагдсанаар “З...” ХХК нь “Ю...” ХХК-д гэрээний үүрэгт 346,304,800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1,889,474 төгрөг, нийт 348,194,274 төгрөг төлөх өр төлбөртэй байна. Баянгол дүүргийн Татварын хэлтэст НӨАТ, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, газрын төлбөрт 11,760,178.60 төгрөг, нийт 359,954,452.6 төгрөгийн өр төлбөртэй болсон, бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2018 оноос үүссэн, компанийн үйл ажиллагаа 2019 оноос бүрэн зогссон нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган, татварын өр төлбөрөө бүрэн барагдуулсан. Тус компанийн санхүүгийн тайлан, шүүхэд ирсэн нотлох баримтууд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт зэрэг үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд компанийн өр төлбөр 359,954,452.6 төгрөг болж, өөрийн хөрөнгийн 72.11%-74.80%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.

2.4. Хүсэлт гаргагч “З...” ХХК нь 2018 оноос өөрийн хөрөнгийн 74.33%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж, төлбөрийн чадваргүй болсон ба тус компанийн төлбөр барагдуулах боломж түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 8 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2018 оноос бүрэн алдагдсан үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотлож байна. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон, компанийн удирдлага Г.Б... нь 2019 онд өвчний улмаас нас барж үйл ажиллагаа нь бүрэн зогссон нь “З...” ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна.

2.5. Улсын бүртгэлд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Б.З...г “З...” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр бүртгэж үүсгэн байгуулагчаар 100%-ийн хувь эзэмшигчээр бүртгэжээ. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01786 дугаар шийдвэрээр “З...” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага Гомбо овогтой Б...г 2010 оноос өвчний улмаас бусдын асрамжинд байсныг тогтоож, иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Г.Б... нь өвчний улмаас нас барсан, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Б...гийн З... нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлд заасны дагуу “З...” ХХК-ийн 50%-ийн хувьцааны өв хүлээн авч Өвлөх эрхийн 0079 дугаартай гэрчилгээ авсан баримтууд тогтоогдож байна. Харин тус компанийн богино хугацаат болон урт хугацаат өр төлбөрүүд өмнөх удирдлага, хувь эзэмшигчдийн үед үүссэн байх тул “З...” ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг Б.З...гийн буруутай ажиллагаа холбоотой байсан эсэх дүгнэлт гаргах боломжгүй, үйл баримт тогтоогдохгүй байна.

2.6. Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө “З...” ХХК-д байгаа эсэх, тус компанийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тогтоохоор шүүхэд нотлох баримт болон лавлагаа гаргуулах хүсэлт гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу өмчийн болон өмчийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэх баримт бичиг, бусад нотлох баримтуудаар “З...” ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө, хөрөнгийн эрхийн бүртгэл тогтоогдоогүй.

2.7. Шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 10494 дугаар захирамжаар “З...” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийг хүлээн авах хугацаа, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасны дагуу нийтэд мэдээлсэн боловч хуульд заасан хугацаанд иргэн, хуулийн этгээдээс Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл ирүүлээгүй.

2.8. Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэфициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь “З...” ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ. Хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хүсэлт гаргагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус “З...” ХХК нь 2018 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж “З...” ХХК-ийг татан буулгах санал оруулж байна.

2.9. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хүсэлт гаргагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй...гэв.

3. Хүсэлт гаргагч “З...” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлээ нотлохоор: Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-5/, компанийн дүрмийн хуулбар /1-р хх-6-9/, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэрийн эх хувь /хх-10/, Өвлөх эрхийн гэрчилгээний эх хувь /1-р хх-11/, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /1-р хх-12/, Б.З...гийн иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-13/, Г.Б... нас барсны гэрчилгээний хуулбар /1-р хх-14/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01235 дугаар Гүйцэтгэх хуудас, шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн 16181 дүгээр захирамж зэргийн хуулбар /1-р хх-16-18/, компанийн 2019-2021 оны Санхүүгийн тайлан /1-р хх-19-78, 2-р хх-69-149/, компанийн 2016-2018 оны Санхүүгийн тайлан /1-р хх-205-250, 2-р хх-1-14/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01786 дугаар шийдвэрийн хуулбар /2-р хх-48/, иргэн Б.З...гийн “Төрийн банк” ХХК-тай байгуулсан Түрээсийн гэрээнүүд /2-р хх-240-246/, иргэн Б.З...гийн “Х...” ХХК-тай болон “У..” ХХК, “М...” ХХК-иудтай байгуулсан Ажлын байр түрээслэх гэрээнүүд /3-р хх-1-2, 5-6, 9-10/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4. Шүүхээс дампуурлын түр хэрэг гүйцэтгэгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 12542 дугаар захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /1-р хх-88-89/, арилжааны банкууд, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Баянгол дүүргийн татварын хэлтэс, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Нийслэлийн болон дүүргүүдийн Газрын албад зэргээс “З...” ХХК-тай холбоотой лавлагаа, баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байна. /1-р хх-127-176, 189-191/

Зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлт гаргагч “З...” ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. “З...” ХХК нь хүсэлтийн үндэслэлээ “компанийн үүсгэн байгуулагч, эрх бүхий албан тушаалтан Г.Б... 2010 оноос хойш хэд хэдэн удаа харвалт өгч тал биеийн мэдээгүйдэл, харааны хүнд зэргийн өөрчлөлтөд орж эмчийн тогмтол хяналтанд орох болсноор компанийн үйл ажиллагаа доголдож ашиггүй ажиллаж эхэлсэн ба Г.Б... шүүхийн шийдвэрээр эрх зүйн чадамжгүй болох нь тогтоогдож, улмаар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нас барж, энэ үеэр Ковид-19 цар тахал дэгдэн компанийн үйл ажиллагаа доголдож, сүүлийн 2 жил үйл ажиллагаа явуулаагүй, цаашид үйл ажиллагаа явуулах санхүүгийн болон төлбөрийн чадваргүй болсон” гэж тодорхойлсон.

3. Хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд нийцсэн баримтууд болон зохигчдын гаргасан тайлбаруудаар дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

3.1. “З...” ХХК нь 2006 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Гомбо овогтой Б... гэх нэг гишүүнтэй, Баянгол дүүргийн .. тоот хаягт, зочид буудал, баар, хүнсний дэлгүүр, биллъярдын үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хувь эзэмшигч 1 нэмэгдэж, нийт 2 болж өөрчлөгдсөнийг, мөн өдөр өөрийн хөрөнгийн хэмжээ 402,932,500 төгрөгөөр нэмэгдэж нийт 403,982,500 төгрөг болж өөрчлөгдсөнийг, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа шинээр тус тус бүртгүүлсэн байна.

3.2. “З...” ХХК нь Нийслэлийн дүүргүүдэд өмчлөлийн болон эзэмшлийн газаргүй, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байхгүй, тус компанийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй, мөн компанийн эзэмшилд ашигт малтмалын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл бүртгэлгүй, өмнө бүртгэлтэй байсан тухай мэдээлэл байхгүй болохыг холбогдох байгууллагууд шүүхэд лавлагаа ирүүлсэн байна. Түүнчлэн, хүсэлт гаргагч нь арилжааны банкуудад данс эзэмшдэггүй байна.

3.3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр Гомбо овогтой Б...г эрх зүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар О.Төмөртуяаг тогтоосон байна. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Г.Б... нас барж, 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр түүний охин, “З...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэг Б... овогтой З... нь тус компанийн 50 хувийн хувьцааг Өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авч, Г.Б...гийн бусад өвлөгчид болох эхнэр О.Төмөртуяа, охин Б.Золжаргал нар өв хүлээн авахаас татгалзжээ.

3.4. Компанийн хувьцаа эзэмшигч Б.З... 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “З...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, компанийг шүүхийн журмаар дампуурлын хэрэг үүсгүүлж татан буулгахаар шийдвэрлэсэн байна.

3.5. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 00440 дугаар шийдвэрээр “З...” ХХК-иас 346,304,800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,889,474 төгрөг гаргуулан “Ю...” ХХК-д олгохоор шийдвэрлэж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай мөн шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 16181 дугаар захирамж гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болох нь зохигчоос гаргасан дээрх эрхийн актууд болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын лавлагаа бүхий албан бичгээр тогтоогдсон.

3.6. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон түр хэрэг гүйцэтгэгч А.Э.. нь “З...” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоон дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг үндэслэн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 10494 дугаар захирамжаар “З...” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож /2-р хх-240/, уг захирамжид даалгаснаар тус шүүх дэх Тамгын газраас энэ тухай “Өнөөдөр” өдөр тутмын хэвлэлийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хэвлэлд нийтлүүлж /3-р хх-13/, тийнхүү нийтэд мэдээлсний дагуу хүсэлт гаргагчид холбогдуулан аливаа нэхэмжлэгч шүүхэд хандан нэхэмжлэл гаргаагүй байна.

3.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Татварын хэлтсээс “З...” ХХК-д холбогдуулан татварын өр төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж оролцож байсан боловч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааснаас хойш шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 10494 дүгээр захирамжаар “З...” ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлан нийтэд мэдээлсэн ба Баянгол дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэл гаргаж дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй болно.

3.8. Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч оролцоогүй учир шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 13321 дүгээр захирамжаар дампуурлын хэрэг гүйцэтгэгчээр А.Э-...ыг томилж /3-р хх-14/, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр “З...” ХХК-ийг 2018 оноос төлбөрийн чадваргүй болж, өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс “З...” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй, дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн, өөрийн хөрөнгийн 74.33 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон гэж дүгнэн, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулсан.

3.9. Хүсэлт гаргагч “З...” ХХК-ийн өмчлөлд аливаа үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй бөгөөд тус компанийн байрлах хаяг дахь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 61 хаягт байрлах 2,240 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс компанийн эцсийн өмчлөгч Б.З...гийн өмч бөгөөд тэрээр уг хөрөнгөө хуулийн этгээдүүдэд түрээсийн гэрээгээр түрээслүүлдэг болох нь Б.З...гийн “Т... банк” ХХК, “Х...” ХХК, “У..” ХХК, “М..” ХХК нартай байгуулсан Түрээсийн гэрээ, Ажлын байр түрээслэх гэрээ зэргээр тогтоогдож байна.

4. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараахь этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу зохигчдоос болон хэрэг гүйцэтгэгчээс “З...” ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө, хүсэлт шүүхэд гаргаагүй байна.

5. Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээс “З...” ХХК-ийн өөрийн нийт хөрөнгө болон өр төлбөрийн нийт дүн, зохигчийн дахин хөрөнгөжүүлэх хүсэл сонирхолгүй байгаа зэргийг харьцуулан дүгнээд, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар дампуурсанд тооцож, татан буулгах нь зүйтэй гэж үзлээ.

6. Шүүх “З...” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн учир хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

7. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт “Хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор шүүх энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ” гэж зааснаар Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хуулийн этгээдийн ... регистртэй “З...” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар “З...” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц компанийн эд хөрөнгө захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э...-д шилжүүлсүгэй.

3. Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3 дахь хэсгүүдэд зааснаар “З...” ХХК-ийг татан буулгах ажиллагааг явуулж дуусгавар болгон, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, Улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг хийж гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч А.Э...-д даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хүсэлт гаргагч “З...” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар /Д.Б../-т даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд, шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА