Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2023/04387

 

 

 

 

 

 

 

2023 10 10

101/ШШ2023/04387

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Баянзүрх дүүргийн 0000 оршин байрлах, Т н сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 дугаар байр, 0000тоотод оршин суух, Б.Хуяг-О /рд:0000/-т холбогдох, 

Техникийн өрөөнөөс албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ө нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

Нэхэмжлэгчээс эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлснийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Түмэн наст сууц өмчлөгчдийн холбоо нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоонд бүртгүүлж, гэрчилгээгээ авч, үйл ажиллагаа явуулж байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д орон сууцны байшингийн ... доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө,... нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна, Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-д "Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууцны өмчлөгчдийн дундын өмчлөлд байна. гэж тус тус заасан. Гэтэл манай сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн техникийн өрөө болох 36б байрны 216а, 108а, 36в байрны 73 тоот техникийн өрөөнүүдийг улсын бүртгэлийн Ү-0000, Ү-0000, Ү-0000 дугаарт бүртгэж, бусдад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж орон сууц өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байсан. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр бид шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 231 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 395 дугаар магадлалаар иргэн Г.Мгийн нэр дээр бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Т н хотхонд байршилтай, 36/Б байрны 108а тоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн 000593956 дугаар, 0000тоот өрөөний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн 0000 дугаар, 36/В байрны 73 тоотын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн 0000 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлд байх техникийн өрөөг бусад хүн эзэмшиж, ашигласны улмаас дундын өмчлөлийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийж чадахгүй байх, үүний улмаас өмчлөгчдийн эд хөрөнгө, аюулгүй байдалд хохирол учруулах нөхцөл бүрдсэн. Ийм учраас бид дээрх техникийн өрөөгөө зориулалтын дагуу ашиглахаар тухайн өрөөнд амьдарч байгаа Б.Х-Оыг өрөөг суллаж өгөх талаар удаа дараа мэдэгдэл өгсөн боловч өрөөг суллаж өгөөгүй байна. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасны дагуу дээрх техникийн өрөө нь хуульд заасны дагуу сууц өмчлөгчдийн холбооны дундын өмч учир бид мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар Б.Х-О-ын хууль бус эзэмшлээс техникийн өрөөгөө шаардах эрхтэй болно. Иймд 36Б байрны 0000тоот техникийн өрөөнөөс Б.Х-Оыг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Т н хотхонд байршилтай 36б байрны 2016а тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Г.Мгоос орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр худалдаж авсан. Би дээрх орон сууцныхаа төлбөрийг бүрэн төлж дууссан. Ингээд Г.Мгоос нэрээ шилжүүлж авъя гэхэд миний өмчлөл рүү орон сууцыг маань шилжүүлж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл шүүхээс намайг гэнэт дуудаж 36б байрны 0000тоотоос албадан гаргуулах утга бүхий нэхэмжлэл өгсөн. Миний зүгээс уг байрыг худалдан авсан, үнийг бүрэн төлсөн. Авсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл амьдарч илээр шударгаар эзэмшиж ирсэн бөгөөд би бол шударга өмчлөгч юм. Ч.Г нь Түмэн наст сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөх эрхгүй тул тэрээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь аль дүүргийн хэддүгээр хороонд байрлах орон сууцнаас чөлөөлүүлэхийг хүссэн нь нэхэмжлэлд тодорхойгүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт 216 тоотод байрлах техникийн өрөөнд гэрчилгээ олгосныг хүчингүй болгосон. Иймд Б.Х-О-ын амьдарч байгаа 0000тоотод олгосон гэрчилгээг хүчингүй болгосон гэж үзэхгүй тул Т н сууц өмчлөгчдийн холбоо нь өмчлөгчийн өмнөөс албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 Нэхэмжлэгчээс гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0000 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 395 дугаар магадлал, мэдэгдэл, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 02-02/829 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/00000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0000 дүгээр магадлал,

3.2 Хариуцагчаас гаргасан сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурлын тогтоол, тэмдэглэл, оршин суугчдын санал асуулга,

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв ОНӨААТҮГ-ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 257 тоот албан бичиг, Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 02/2780 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв ОНӨААТҮГ-ын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 277 тоот албан бичиг, бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоол, удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, холбооны дүрэм, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, удирдах зөвлөлийн гишүүдийн тодорхойлолт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т н сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Х-От холбогдуулан техникийн өрөөнөөс албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч Т н сууц өмчлөгчдийн холбоог Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 36а, 36б, 36в дугаар байрны бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэлийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга бүртгэж гэрчилгээ олгожээ.

 

Тус сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор Ч.Гыг гүйцэтгэх захирлаар томилсон байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2023/00000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0000 дүгээр магадлалаар гүйцэтгэх захирал Ч.Г нь Т н сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөх бүрэн эрхтэй этгээд болох үйл баримтыг дүгнэсэн байна.

 

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ, дүрэм зэрэг баримтуудаар Ч.Г нь Т н сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас гаргасан Ч.Г нь сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй гэж тайлбар үндэслэлгүй.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...тус хотхоны 36б байрны 0000тоот нь техникийн өрөө байхад хууль зөрчиж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан байсныг захиргааны хэргийн шүүх хүчингүй болгосон. 0000тоотод Б.Х-О нь зөвшөөрөлгүй амьдарч байна гэж,

 

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...0000тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Г.Мгоос худалдаж авсан. Миний өмчлөлийн өрөө тул чөлөөлөх үндэслэлгүй гэж тус тус тайлбарласан.

 

4.1 Т н сууц өмчлөгчдийн холбоо нь Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Т н хотхоны 0000тоот өрөөний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн 0000 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0000 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 395 дугаар магадлалаар бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх захиргааны хэргийн шүүхийн шийдвэр магадлалд ...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Т н хотхоны 0000тоот өрөө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө буюу техникийн өрөөний зориулалттай байхад зориулалтыг нь өөрчилж, улмаар үл хөдлөх эд хөрөнгөөр иргэн Г.Мгийн өмчлөлд бүртгэсэн нь хууль зөрчсөн талаарх үйл баримтыг тогтоож, 0000тоот өрөөний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн 0000 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

4.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 395 дугаар магадлалын тогтоох хэсэгт ...216 тоот өрөөний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай гэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн тогтоох хэсэгт өрөөний тоотыг 216 гэж тусгасан байгаа нь одоо Б.Х-О-ын амьдарч байгаа 0000тоот биш байгаа тул 0000тоотод олгосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хүчингүй болоогүй гэж тайлбарласан.

 

Хэдийгээр шүүхийн магадлалын тогтоох хэсэгт 216 тоот гэж тусгасан байгаа боловч энэ нь техникийн шинжтэй зөрүү гарсан гэж үзэхээр байна. Тус шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт ...0000тоот өрөө нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн 0000 дугаар гэрчилгээ болохыг дүгнэсэн, тогтоох хэсэгт ...үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн 0000 дугаар гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Үүнээс үзэхэд хүчингүй болгон шийдвэрлэсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний улсын бүртгэлийн дугаар тохирч байх ба уг гэрчилгээгээр бүртгэгдсэн тоот нь 0000болох нь шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдсон.

 

Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.

 

5. Иргэний хуулийн 143 дугаар зүйлд зааснаар нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулах ба сууц өмчлөгчдийн холбооны асуудлыг хуулиар зохицуулахаар байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.6-т хяналтын зөвлөл нь холбооны санхүүгийн болон бусад үйл ажиллагаатай холбогдсон зөрчлийг арилгуулах талаар шүүх болон холбогдох бусад байгууллагад хандах талаар зохицуулжээ.

 

Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2-т зааснаар дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд хамаарч байна.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө хамаарна гэж зааснаас дүгнэхэд хариуцагчийн эзэмшилд буй 0000тоот өрөө нь орон сууцны бус зориулалттай дундын өмчлөлийн зүйл байна.

 

5.1 Иймд нэхэмжлэгч Т н сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны дангаар өмчилсөн хэсгээс бусад орон сууцны барилга, байгууламж буюу 0000тоотын шударга эзэмшигч юм. Хариуцагч талаас гаргасан сууц өмчлөгчдийн холбоо нь 0000тоотын өмчлөгч, эзэмшигч болох нь баримтаар тогтоогдоогүй, эзэмших эрхтэй талаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй тул уг тооттой холбоотой шаардлага гаргах эрхгүй гэх тайлбар дээрх хуулийн зохицуулалтуудаар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны бус зориулалттай дундын өмчлөлийн зүйлд эзэмших эрхтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гардаггүй, хуулийн дагуу сууц өмчлөгчдийн холбооны эзэмшилд хамаарч байна.

 

5.2 Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн адил шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч Т н сууц өмчлөгчдийн холбоо нь 0000тоот өрөөний хууль бус эзэмшлээс Б.Х-Оыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

6. Хариуцагч нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Т н хотхоны 0000тоот өрөөг хууль ёсны дагуу Г.Мгоос худалдан авах замаар, гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

Хариуцагч Б.Х-О нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Өнөөдрийг хүртэл хугацаанд Г.Мтой байгуулсан гэх худалдах-худалдан авах гэрээ, орон сууцны төлбөр төлсөн талаарх баримтаа цуглуулж өгөх хангалттай хугацаа байхад энэ талаарх баримтаа хэрэгт өгөөгүй. Хариуцагчийн тайлбарласнаар Г.М гэх иргэнээс 0000тоотыг хэдэн төгрөгөөр худалдаж авсан болохыг шүүх хуралдаанд тодруулахад тайлбар тодорхой үнийн дүн хэлж тайлбарлаагүй.

 

6.1 Иймд хариуцагч Б.Х-О-ын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн 0000 тоотод байрлах техникийн өрөөг чөлөөлж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон боловч уг хуулийн зохицуулалт нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй. Аливаа иргэн, хуулийн этгээд нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа шаардах эрхийг олгосон хуулийн зохицуулалтыг зөв гаргах шаардлагагүй, үүнийг шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийх замаар тогтооно.

 

6.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар ...нэхэмжлэгч нь аль дүүргийн хэддүгээр хороонд байрлах орон сууцнаас чөлөөлүүлэх гэж байгаа нь нэхэмжлэлд тусгаагүй байгаа тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Т н сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын 36а, 36б, 36в дугаар байрыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг болох нь Баянзүрх дүүргийн Засаг даргаас олгосон гэрчилгээ, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон.

 

Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа дүүрэг, хороог тусгаагүй байгааг аль дүүрэг, хороонд байрлах орон сууцны өрөөг чөлөөлүүлэхээр шаардаж байгаа тодорхойгүй гэж үзэхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд Т н сууц өмчлөгчдийн холбооны хариуцан үйл ажиллагаа явуулдаг 0000 тоотод байрлах өрөөг хариуцагч нь хууль ёсоор эзэмшиж байгаа эсэх үйл баримтад маргаж, энэ талаар мэтгэлцсэн.

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн хороодын хэсгийн зохион байгуулалтад өөрчлөлт орж, Т н хотхоны орон сууцыг тус дүүргийн 42 дугаар хороонд харьяалуулсан болох нь талуудын тайлбар, Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв ОНӨААТҮГ-ын 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 257 тоот албан бичгээр тогтоогдсон.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 0000 тоот техникийн өрөөг хариуцагч Б.Х-О-ын эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгч Т н сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ