Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2023/04276

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 03

101/ШШ2023/04276

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0000 тоотод оршин суух, Далх овогт Д.Б /рд:0000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0000 тоотод оршин суух, Самиахан овогт Б.А /иргэний бүртгэлийн дугаар:0000/-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний зүйлийн доголдлыг арилгахад гаргасан зардал 1,165,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч В.Г нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Б.Агийн зарж байсан Тоёото филтер маркийн, улсын дугаар аваагүй, гаальтай машиныг 24,200,000 төгрөгөөр худалдаж авсан. Анх уг машиныг хараад л надад шууд таалагдаад авсан. Машинаа авахдаа нөхөртэйгээ хамт явж авсан ба манай нөхөр машиныг өөрөө үзэж шалгаад авсан. Машиныг худалдаж авах үед цахилгаан машины баттериаг оношлогооны газраар үзүүлээгүй шууд авсан. Б.А анх надад уг машиныг 4 үнэлгээтэй гэж хэлсэн гэхдээ машиныг унаж явах гэтэл 3.5 үнэлгээтэй гэдгийг мэдээд Б.Агаас энэ тухай асуутал 4 үнэлгээтэй машинаас ялгаа байхгүй сайн машин гэж хэлсэн. 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зуслан руу Дарь-Эхийн замаар явж байтал хянах самбар дээр янз бүрийн гэрэл асч, япон бичиг гарч ирсэн. Тухайн үед дуудлагын засварчинг 10,000 төгрөгөөр дуудан, уг ассан гэрлүүдийг унтраалгатал тэр хүн та баттериагаа комоор нь солих шаардлага үүссэн байна гэж хэлсэн. Дараа нь Приус центер орж баттерианы талаар асуутал баттериаг бүтнээр нь солиулах шаардлагатай дахин сэргэх боломжгүй юм байна гэсэн хариу хэлсэн.Приус центер баттериаг 1,300,000 төгрөгөөр сольж өгнө гэхээр нь хямд газар хайж байгаад Дарь-Эхийн салдаг зам дээр засварын газраар 1,100,000 төгрөгөөр солиулсан. Би 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Б.А руу залгаж энэ тухай хэлтэл тийм байх боломжгүй эсвэл би машинаа буцааж аваад мөнгийг чинь буцааж өгье гэсэн хариу өгсөн. Тухайн үед уг машин миний өмч болсон учир би буцааж өгөх боломжгүй болохоо хэлсэн. Б.А нь надад баттериа муутай машин худалдсан тул шинээр баттериа солиулсан 1,100,000 төгрөг, яаралтай үеийн оношилгоо хийлгэсэн 65,000 төгрөг, нийт 1,165,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би машин зардаг бизнес хийгээд 20 гаруй жил болж байна. Да хүрээ зах дээр нилээн олон зогсоолтой, 10-20 машин тогтмол зардаг. Нэхэмжлэгч наадмын баярын дараа ирж машин үзсэн. Миний зарж байсан Тоёото филтер хабрид маркийн 2014 онд үйлдвэрлэгдсэн, 3.5 үнэлгээтэй, Японоос 113,988 км явсан хэмжилттэй, Монголд 114,010 км хэмжилттэй гаалиар орж ирсэн машиныг 24,200,000 төгрөгөөр худалдан авсан. Д.Бг би хулхидаагүй, гаалиар хэвийн орж ирсэн машиныг зарсан. Уг машиныг худалдахад цахилгаан баттериа нь дүүрэн байсан болох нь гаалийн мэдүүлгийн баримтаас харагдана. Д.Б нь машин авсанаас хойш хэд хоногийн дараа над руу бензин идээд байна, мөн хянах самбар дээр гэрэл ассан, баттериа муу байна гэж утсаар залгаж 2,000,000 төгрөг нэхсэн. Тухайн үед би үнэхээр доголдол байгаа бол надад машиныг авчраад үзүүлээч гэхэд нэг ч удаа ирээгүй. Шинээр цахилгаан баттериа худалдан авсан гэж байгаа боловч баримтгүй байна. Анх машин худалдаж авахдаа баттериа нурсан байгааг мэдэх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, фото зургууд, зээлийн гэрээ, фидуцийн гэрээ, баталгаат хуудас, Л.Эээс гаргасан тодорхойлолт,

3.2 хариуцагчаас гаргасан худалдах-худалдан авах гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, автомашины ерөнхий үнэлгээ, фото зураг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Ад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний зүйлийн доголдлыг арилгахад гаргасан зардал 1,165,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

3. Талууд 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.А нь 0000 арлын дугаартай, Тоёото королла филтер маркийн 2014 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгөтэй суудлын автомашиныг шилжүүлэх, Д.Б нь автомашины үнэд 24,200,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

3.1 Зохигчид худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ хэн аль нь биелүүлж, Б.А нь 0000 арлын дугаартай, Тоёото королла филтер маркийн тээврийн хэрэгслийг Д.Бгийн өмчлөлд шилжүүлэн өгч, Д.Б нь 24,200,000 төгрөгийг Б.Ад бүрэн төлсөн үйл баримтыг талууд тайлбарласан.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...худалдан авсан тээврийн хэрэгслийн эд анги болох цахилгаан баттериа нь нурсан байсан тул шинээр авч солиулахад 1,165,000 төгрөгийн зардал гарсныг хариуцагчаар төлүүлнэ гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...ямар ч доголдолгүй тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн. Анх худалдан авах үедээ доголдлыг илрүүлэх боломжтой байсан. Үнэхээр доголдол илэрсэн бол би өөрийн нүдээр харъя гэхэд үзүүлээгүй байж одоо мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж маргасан.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй заасан. Уг эрхийг худалдан авагч хэрэгжүүлэхийн тулд худалдан авсан эд зүйлд доголдол илэрсэн болохыг мөн тухайн доголдлыг арилгахад өөрөөс зардал гаргасан болохоо баримтаар нотлох шаардлагатай.

 

4.1 Нэхэмжлэгч Д.Б нь шүүх хуралдаанд ...тээврийн хэрэгслийг оношлогоонд оруулж үзэж шалгаагүй, анх хараад таалагдсан болохоор нөхөртэйгээ үзэж байгаад шууд авсан. Анх авах үед цахилгаан баттериа нь хянах самбар дээр хэвийн байсан болохоор итгэсэн гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн уг тайлбараас үзэхэд гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг худалдан авах үедээ эд ангид доголдол байгаа эсэхийг мэргэжлийн газраар оношлуулах замаар илрүүлж, үүний дараа уг тээврийн хэрэгслийг худалдан авах боломжтой байжээ.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх заалтад эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан.

Нэхэмжлэгч Д.Б нь тээврийн хэрэгсэлд доголдол байгаа эсэхийг худалдан авахаас өмнө шалгаж авах эрхээ хэрэгжүүлээгүй, доголдол байгааг мэдэх боломжтой байхад худалдан авсан байх тул тээврийн хэрэгслийн доголдлыг арилгахад гарсан зардлыг төлүүлэх шаардлага гаргах эрхээ алдсан байна.

Хариуцагчаас доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэн өгсөн гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг доголдолтой байсан болохыг нотлох шаардлагатай. Гэвч нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн цахилгаан баттериа нь худалдан авах үед нурсан байсан болохыг нотлоогүй.

 

4.2 Мөн нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн цахилгаан баттериаг 1,100,000 төгрөгөөр солиулсан, оношлогоонд 65,000 төгрөг төлсөн гэж шаардах боловч энэ талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Нэхэмжлэгч нь 1,100,000 төгрөгөөр тээврийн хэрэгслийн цахилгаан баттериаг солиулсан гэх шаардлагаа баталгаат хуудас, Л.Эээс гэх иргэнээс гаргасан тодорхойлолтоор нотлоно гэх боловч дээрх баримтуудаар нэхэмжлэгчээс 1,100,000 төгрөгийн зарлага гарсан болох нь тогтоогдохгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.Ад холбогдуулан гаргасан 1,165,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Ад холбогдох 1,165,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ