Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2023/04847

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 07

101/ШШ2023/04847

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0000 тоотод оршин байрлах, Н х сууц өмчлөгчдийн холбоо /рд:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин байрлах, С ХХК /рд:0000/-д холбогдох,

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 2,833,064 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай Н х сууц өмчлөгчдийн холбоо нь С ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Рекламны самбарын түрээсийн гэрээ байгуулсан билээ. Тус гэрээгээр "Н х сууц өмчлөгчдийн холбоо нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах өөрийн эрхлэн хариуцдаг орон сууцны байшингийн 2 хананд тус бүр 6.30м х 14м хэмжээ бүхий талбайд С ХХК-ийн рекламыг байрлуулах, С ХХК нь түрээсийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. Тодруулбал, гэрээний 2.1-т заасны дагуу рекламын самбарыг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал нийт 365 хоногийн турш ашиглан реклам, сурталчилгаа байрлуулахаар тохирсон бөгөөд 1 самбарын түрээс нь сарын 450,000 төгрөг буюу 2 самбар 900,000 төгрөг байхаар тохиролцсон. Гэтэл түрээслэгч С XXК нь 2020 оны 3 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрөө төлөөгүй байна. Тус компани 2017 оноос хойш энэ төрлийн гэрээ байгуулан самбар түрээслэж, рекламаа тогтоон төлбөрөө цаг хугацаанд нь бүрэн төлсөөр ирсэн тул бид тэвчээртэй хүлээж, төлөх болов уу хэмээн найдаж ирсэн юм. Гэсэн хэдий ч төлбөрөө төлөхгүй байсан тул бидний зүгээс тус компанид удаа дараа мэдэгдэж, холбогдох шаардлагыг хүргүүлж байсан боловч "цар тахалтай байсан тул төлөхгүй хэмээн үндэслэлгүйгээр татгалзсаар өнөөдрийг хүрч байна. Иймээс түрээслэгч нь талуудын хооронд байгуулагдсан Рекламны самбарын түрээсийн гэрээ-ний 4.2.1-т заасны дагуу самбар ашиглаж байсан хугацааны төлбөр болох 1,888,709.68 төгрөг, гэрээний 4.2.4-т заасны дагуу алдангийг гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2020 оны 11-р сарын 18-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл тооцож нийт 1038 хоногийн алданги болох 9,802,403.23 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй байна. Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул түрээслэгч нь 944,354.84 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй болж байна. Иймд Рекламны самбарын түрээсийн гэрээний төлбөр 1,888,709.68 төгрөг, алданги 944,354.84 төгрөг, нийт 2,833,064.52 төгрөгийг С ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай компани бизнесийн үйл ажиллагаандаа зориулан Н х сууц өмчлөгчдийн холбоотой Рекламны самбарын түрээсийн гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 15-наас 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаатай байгуулан холбогдох түрээсийн төлбөрийг цаг тухай бүрт нь төлж байсан. Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, нийт 17 удаа хугацаа сунгасан бол бүх нийтийн бэлэн байдлын зэрэгг 5 удаа шилжүүлж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагааг хязгаарлан гадуур гарах хөл хорио тогтоосон тул бид уг хугацааны төлбөрийг давагдашгүй хүчин зүйл гэж үзэн уг төлбөрийг төлөх боломжгүй болсон. Бид үүссэн нөхцөл байдлыг тайлбарлан гадна сурталчилгааг үзэх ямар ч хөл хөдөлгөөн байхгүй бүх нийтийн хөл хориотой байсан тул боломжоороо төлбөрөөсөө хасч гэрээний дагуу сурталчилгаагаа дахин байрлуулах гэтэл Н х сууц өмчлөгчдийн холбоо нь гэрээний 3.2.1-д заасан түрээсийн самбарыг гуравдагч этгээдэд давхар ашиглуулахгүй байх үүрэгтэй, 3.2.5-д заасан гэрээний хугацаанд түрээслэгч талын зөвшөөрөлтэйгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр рекламны самбарыг гуравдагч этгээдэд түрээслүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Тм ХХК-ийн сурталчилгааг байрлуулсан байсан. Бид гэрээнийхээ дагуу сурталчилгаа байрлуулан танайд хорионы үед төлөөгүй төлбөрийг нөхөн төлье гэсэн хариу өгөөгүй утсаа ч авахгүй байсан. Мөн Тм ХХК-тай холбогдоход бид 1 жилээр гэрээ хийсэн Н х сууц өмчлөгчдийн холбоотой гэрээгээ дүгнэ гэсэн. Гэвч Н х сууц өмчлөгчдийн холбооны дарга С.Д нь утсаа аваагүй, суртапчилгаа байруулахад шаарлагатай дээврийн түлхүүрээ өгөөгүй, биднийг хэвлэлийн төлбөрөөр хохироосон. Иймд уг төлбөрийг төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан гэрчилгээ, Рекламны самбарын түрээсийн гэрээ, тооцооллын хүснэгт,

3.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээд улсын бүртгэлийн гэрчилгээ, захидал зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н х сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч С ХХК-д холбогдуулан Рекламны самбарын түрээсийн гэрээний үүрэгт 2,833,064 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Зохигчид 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Рекламын самбарын түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Н х сууц өмчлөгчдийн холбоо нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах өөрийн эрхлэн хариуцдаг орон сууцны байшингийн 2 хананд тус бүр 6.30м х 14м хэмжээ бүхий талбайг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал түрээслүүлэх, С ХХК нь 1 самбарын түрээсийн үнэ 450,000 төгрөг буюу 2 самбарт сар бүр нийт 900,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Талууд дээрх гэрээг байгуулсан болон тус гэрээний дагуу С ХХК нь өөрийн зар сурталчилгааны самбарыг Н х сууц өмчлөгчдийн холбооны эрхлэн хариуцдаг орон сууцны байшингийн 2 хананд байрлуулсан үйл баримтад маргаагүй.

 

3.1 Зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

 

4. Хариуцагч С ХХК нь 2020 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны самбар түрээслэсний хөлсийг төлсөн, 2020 оны 3, 4, 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй үйл баримтад маргаагүй байна.

 

4.1 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...цар тахалтай холбоотойгоор 2020 оны 3 дугаар сараас 5 дугаар сард хөл хорио удаа дараа тогтоосны улмаас зарын самбарыг үзэх ямар ч хөл хөдөлгөөнгүй болсон. Үүнтэй холбоотой түрээсийн төлбөрөөс хасах хүсэлт гаргахад хүлээн аваагүй. Төлбөр төлөх боломжоор хангалгүй, бидэнд мэдэгдэлгүй гэрээний хугацаа дуусаагүй байхад манай зарын самбарыг авч өөр компанийн зарын самбарыг байрлуулсан байсан гэж тайлбарлажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдсээр байтал төлөөгүй тул 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр С ХХК-ийн зарын 2 самбарыг буулгаж, Тм ХХК-ийн зарын самбарыг байрлуулсан. Төлбөр төлөхгүй бол гэрээ цуцлахыг сануулж, мэдэгдэж байсан гэж тайлбарласан.

 

4.2 Хариуцагч С ХХК нь эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн зарын 2 самбарыг нэхэмжлэгч Н х сууц өмчлөгчдийн холбооны эрхлэн хариуцдаг орон сууцны хананд байрлуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

4.2а Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хөлслөгч нь эд хөрөнгө ашигласан хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй. Хариуцагч С ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд зарын 2 самбарыг байрлуулсан атлаа уг хугацааны төлбөрийг төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Талуудын байгуулсан гэрээнд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор төлбөрөөс чөлөөлөгдөх агуулга бүхий тохиролцоо тусгагдаагүй байна.

Иймд хариуцагч С ХХК-иас 2020 оны 3, 4 дүгээр сарын төлбөр 1,800,000 төгрөг, 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 88,709 төгрөг, нийт 1,888,709 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н х сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

4.3 Талуудын тайлбараас үзэхэд гэрээгээр тохирсон хугацаа дуусаагүй байхад хугацаанаас өмнө эд хөрөнгө хөлслөх гэрээг Н х сууц өмчлөгчдийн холбооны санаачилгаар цуцалсан үйл баримт тогтоогдож байна.

 

4.3а Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаанаас өмнө төлбөр төлөөгүй үндэслэлээр гэрээ цуцлах мэдэгдлийг хариуцагчид хүргүүлж, мэдэгдэж байсан гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

4.3б Хариуцагч С ХХК-иас цар тахлын улмаас хөл хорио тогтоосноос төлбөр төлөх хугацааг хожимдуулж байгаагаа илэрхийлж байсныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа үгүйсгээгүй.

 

4.3в Талууд гэрээг 12 сар буюу урт хугацаатай байгуулсан, 2020 оны 3, 4 дүгээр сарын төлбөр төлөөгүй нь ялимгүй зөрчил гэж дүгнэхээр байх ба нэхэмжлэгч Н х сууц өмчлөгчдийн холбоо нь эд хөрөнгө хөлслөх гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаагаа хариуцагч С ХХК-д мэдэгдэлгүйгээр 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тус компанийн зарын 2 самбарыг буулгасан байна.

 

4.4 Талуудын хооронд байгуулагдсан Рекламын самбарын түрээсийн гэрээний 4.2.4-т түрээслэгч нь түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу хоцорч төлсөн тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх үүрэгтэй гэж заасан байна.

Хэдийгээр талууд Рекламын самбарын түрээсийн гэрээний 4.2.4-т зааснаар хариуцагч С ХХК нь эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон байх боловч дээр дурдсанаар нэхэмжлэгч Н х сууц өмчлөгчдийн холбоо нь гэрээ цуцалж байгаагаа мэдэгдээгүй, цар тахалтай холбоотойгоор төлбөр төлөх хугацааг ялимгүй хэтрүүлсэн байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан болох нь тогтоогдсон.

 

4.4а Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж, мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь заалтад Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж тус тус заасан.

Иймд нэхэмжлэгч Н х сууц өмчлөгчдийн холбоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээгээр тохирсон алданги авах эрхээ алдсан байх тул нэхэмжлэгчээс алдангид нэхэмжилсэн 944,354 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

5. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч С ХХК-иас эд хөрөнгө хөрөнгө хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр 1,888,709 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н х сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс үлдэх 944,354 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул хариуцагчаас 1,888,709 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 45,169 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,279 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

8. Хариуцагчийн төлөөлөгч Э.Б нь шүүх хуралдааны тов мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгчээс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэх хүсэлтийг гаргасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С ХХК-иас 1,888,709 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н х сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 944,354 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,279 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45,169 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ