Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 237

 

 

 

 

 

 

 

 

                     

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн .......... овогт П.Т-т холбогдох эрүүгийн 1710000000077 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: улсын яллагч Т.Ж, шүүгдэгч П.Т нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ............................

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч П.Т нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ өргөө” хотхоны 23-2-4 тоотод гэртээ эхнэр С.Ц-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад 

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Т нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

1. Шүүгдэгч П.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

“...Би 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн орой 8, 9 цагийн үед эхнэртээ хэлээд хамт ажилладаг найзтайгаа бааранд сууж байгаад шөнө 02-03 цагийн үед гэртээ ирээд унтаад өглөө нь миний халааснаас утасны дугаар бичсэн цаас гарч ирснээс маргаан болж хэрэлдсэн. Бодит байдал тэсвэрлэхэд бэрх байсан. Би хувь хүний тал дээр яхир, ааш муутай хүн биш. Ийм хэрэг үйлдсэн нь миний буруу. Эхнэрээ 4-5 удаа цохисон. Эхнэр Цолмонгийн толгой руу нь 2 удаа, бие рүү нь 3 удаа цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримтад маргахгүй. Өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна

Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эмэгтэй хүнд, эхнэртэй гар хүрч гэмтэл учруулсан нь миний буруу. Бид хоёр 4 настай, 8 настай хүүхдүүдтэй. Би тухайн үед 0.5 литрийн 3 шил пиво уусан байсан. Би эхнэртээ эмчилгээ хийлгэсэн, хохиролд 500.000 төгрөг өгсөн. Улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг, 

 

Эрүүгийн 1710000000077 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч С.Ц-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

“...2017 оны 08 сарын 22-ны өдрийн 05 цагийн үед гэртээ амарч байтал манай нөхөр П.Т нь согтуу орж ирээд нэг л хэрүүл өдөх гээд байхаар нь тоолгүй буцаад орондоо ороод унтах гэхэд “миний тамхи хаана байна” гээд орилоод байхаар нь чи одоо дуугүй байгаач хүүхэд унтаж байна. Сэрээлээ гэж хэлтэл “чи дандаа ингэж байдаг” гэхээр нь “юу яриад байгаа юм. Чамайг хар шөнөөр гэртээ ирэхээр чинь хаагуур яваад ирж байгааг яагаад асууж болдоггүй юм” гэж хэлтэл “чамд ямар хамаатай юм, би найзтайгаа уулзаад ирлээ” гээд миний өөдөөс хэрэлдээд, намайг барьж аваад зодож байгаад больчихоор нь гэрээсээ гарах гэсэн боловч гэрийн хаалгыг дотор талаас нь түгжсэн байсан. Тэгээд удалгүй унтах гээд хэвтэхээр нь хүлээж байгаад өглөө 07:00 цаг болгоод 2 хүүхдээ аваад гэрээсээ явсан.

Төгс-Очир нь миний нүүрлүү гараараа 2-3 удаа, толгой руу гараараа 3 удаа, нуруу, элэг, баруун гарын булчин хэсэг рүү гараараа нилээн олон удаа цохисон. Миний толгойн дагз хэсгээр мөн хавдсан, нуруу зулгарсан, элэг хэвлий хэсгээр хөндүүрлэж байгаа. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-13х/,

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10791 тоот дүгнэлт:

1. С.Ц-гийн биед дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, баруун дал, нуруу, зүүн дал, бүсэлхий, цээж, баруун бугалга, хэвлийд цус хуралт, бүсэлхийд зулгаралт, баруун дээд 1-р шүдний эмтрэл, дагзны хуйх, баруун чамархай, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь 2017.8.22-нд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 18х/,

 

3. “Натур эмнэлэг” Компьютер томографийн оношилгооны хариу /хэргийн 21х/,

 

4. Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хэргийн 22х/,

 

5. П.Т урьд ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 37х/,

 

6. Хохирогч С.Ц-гийн “...хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хэргийн 41х/,  

 

7. Шүүгдэгч П.Т-ын хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагчаар өгсөн:

“...2017 оны 08 сарын 23-ны өдөр би гэртээ байж байгаад орой 23:00 цагийн үед найз Батзоригтой уулзахаар гарсан. Тэгээд бид хоёр уулзаад “Эргэн дурсахуй” нэртэй бааранд орж хүний 3, 3 шил пиво ууж, юм ярьж, бүжиглэж байгаад шөнийн 03:00 цагийн үед баарнаас гарч найзаасаа салаад гэртээ ирээд амарсан. Өглөө нь гэртээ унтаж байтал гэнэт л нэг хүн толгой руу цохихоор нь сэрээд хартал манай эхнэр С.Ц зогсож байсан.

Тэгснээ гартаа нэг жижиг цаас барьчихсан. “Энэ цаасан дээр утасны дугаар бичсэн байна. Хэний дугаар юм” гэхээр нь би “мэдэхгүй” гэж хэлтэл, миний нүүр маажаад, орилж чарлаад над руу дайраад байсан. Амьхандаа намайг өөр хүнтэй хардаж хэрүүл хийсэн. Сүүлдээ би ч бас мөчөөгөө өгөлгүй эхнэртэйгээ маргалдсан. Гэтэл манай эхнэр С.Ц нь миний нүүр лүү нулимхаар нь миний уур хүрээд, босож ирээд 4-5 удаа нүүр, толгой, нуруу хэсэг рүү нь гараараа цохисон. Манай эхнэр ч уйлаад “би явлаа” гээд хоёр хүүхдээ дагуулаад гэрээсээ гараад явсан.

Миний хувьд эхнэрээ зодъё гэж бодоогүй. Тухайн үед манай эхнэр намайг хий хоосон бусадтай хардаад, хэрүүл хийж байсан. Энэ нь сүүлдээ даамжраад, миний нүүр лүү нулимхаар нь миний уур хүрээд зодсон. Тухайн үед хоорондоо учраа олоод эвлэрсэн. Тэрнээс өөрөөр цохиж зодож байсан асуудал гаргаж байгаагүй.

Манай эхнэр С.Ц-гийн ярьж байгаагаар намайг өөрийг нь байнга зодож дарамталдаг гэж худал мэдүүлж байна. Манай хадам талынхан хүртэл энэ асуудлыг нь дэвэргэж, байнга зодож дарамталдаг гэж хэлж байна. Миний хувьд эхнэрээ зодох нь битгий хэл хоорондоо ч олон удаа хэрэлдэж маргалдаж байгаагүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Эхнэрээсээ уучлалт гуйж, эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-35х/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд П.Тын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч П.Т нь 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ өргөө” хотхоны 23-2-4 тоотод гэртээ эхнэр С.Ц-г зодож, түүний биед дух, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт цус хуралт, баруун дал, нуруу, зүүн дал, бүсэлхий, цээж, баруун бугалга, хэвлийд цус хуралт, бүсэлхийд зулгаралт, баруун дээд 1-р шүдний эмтрэл, дагзны хуйх, баруун чамархай, зулайд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хохирогч С.Цгийн мэдүүлэг /хэргийн 9-13х/, ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10791 тоот дүгнэлт, шүүгдэгч П.Т-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг баримтаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч П.Т-ын эхнэр С.Ц-г зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Энэ хэргийн шүүгдэгч П.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч С.Ц-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож эмчилгээний төлбөрийн 500.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан, хохирогч С.Ц болон шүүгдэгч нараас прокурорын хяналтын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт тус тус гаргасан тул /хэргийн 40х, 41х/ 2017 оны 09 сарын 11-ний өдрийн 36 дугаартай прокурорын тогтоолоор шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. 

 

Иймд шүүх, шүүгдэгч П.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба ингэхдээ улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч П.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг арилгах зардалд тооцон хохирогчид эмчилгээний төлбөр нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

П.Т-ын гэмт үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан хохирогч С.Ц нь эмчилгээний зардалд тооцон 500.000 төгрөг хүлээн авсан баримт хэргийн 22 дугаар талд авагдсан байна.  

 

Энэ хэрэгт П.Т нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, П.Т нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

ТОГТООХ нь:

 

1. ....................... овогт П-н Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Т-ыг 700 /долоон зуу/ нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Т-т оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан П.Т нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. П.Т-т оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт П.Т нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, П.Т нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан П.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАЗАРХАНД