Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2023/0187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* ХХК /РД:2061899/,

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газар нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн захирал Н.Б*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******[1], хариуцагч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нарангарав[2], хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин[3], Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Учрал[4] шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ренчинмядаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаар тогтоолын[5] 1 дүгээр зүйлийн 1.1 дүгээр заалтад хамаарах Б******* ХХК-д эзэмшүүлэхээр олгосон Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* төвийн баруун талд байрлах нэгж талбарын 17******* дугаар бүхий 20,428 м.кв талбай бүхий газарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох,

1.2.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/544 дүгээр захирамжийг[6] хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгох,

1.3.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 03/3067 дугаар албан тоотоор татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, архитектур төлөвлөлтийн даалгавар гаргахыг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж маргасан болно.

Хоёр. Маргааны үйл баримт болон процессын тухайд:

2.1. Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ...Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/06 дугаар захирамжаар Б******* ХХК-д Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9500 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байсныг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/741 дүгээр захирамжаар[7] газрын хэмжээг 20444 м.кв болгон нэмэгдүүлж, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 000322187 дугаар Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ[8] олгожээ.

2.2. Б******* ХХК-иас өөрийн эзэмшиж буй газрын зориулалтыг өөрчлүүлэхээр 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 19/04/18 дугаар хүсэлтийг[9] холбогдох баримтуудын хамт Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасныг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурал-аар хэлэлцээд ...20444 м.кв газрын зориулалтыг Орон сууц, үйлчилгээ болгон өөрчлөхийг зөвшөөрсөн... байна.[10]

2.3.Улмаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/815 дугаар захирамжаар[11] Б******* ХХК-д эзэмшиж буй нэгж талбарын 178015/0075 дугаар бүхий газрын зориулалтыг Орон сууц, үйлчилгээ болгон өөрчлөн эзэмшүүлж, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000017071 дугаар гэрчилгээ олгон[12], Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №01122-2020/00769 дугаар гэрээ байгуулжээ[13].

2.4.Б******* ХХК-иас дээрх гэрээ, гэрчилгээнд заасан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулахаар худалдаа үйлчилгээ, орон сууцны цогцолбор хотхоны эскиз зураг хийлгэн[14], архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрөл олгохын хүсэн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт хандахад, тус газар 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 03/3067 дугаар албан бичгээр ...тус байршил нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын төлөвлөлтийн Баруун-2 бүсийн Үйлдвэр 1 нэгж хорооллын ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламж байхаар тусгагдсан байдаг тул орон сууц, үйлчилгээний барилгын зориулалтаар Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохгүй болохыг уламжилья... хэмээх хариуг өгчээ[15].

2.5.Б******* ХХК-иас дээрх албан бичгийн эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад хугацаанд Нийслэлийн Засаг дарга 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр А/544 дүгээр захирамж гарган ...2020 оны А/815 дугаар захирамжаар ...ойн сан бүхий газарт орон сууц, үйлчилгээний зориулалтаар 20444 м.кв газрыг эзэмших эрх Б******* ХХК-д олгосон нь Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийг зөрчиж, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн...газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон...-той холбогдуулан Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчдийг хариуцагчаар татан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2.6.Нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлаар маргаагүй болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн захирал Н.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б******* ХХК-ийн хувьд 2014 оноос хойг өөрийн хууль ёсны эзэмшлийн газарт хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл гаргаагүй, холбогдох төлбөрийг цаг тухай бүрт нь төлж, зохих хууль, журмын дагуу шат дараалалтай зөвшөөрлийг авч ажиллаж, өнөөдрийг хүртэлх хугацаанд манай эзэмшлийн газар хууль ёсны хэвээр байхад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолыг үндэслэн Архитектур төлөвлөлтийн даалгавар олгох боломжгүй байгаа нь үндэслэлгүй.

...Хуучин энэ газар дээр үйлдвэрлэл, бааз, зуурмагийн үйлдвэр маань байсан. Бид нар холбогдох хуулийн дагуу хүсэлтээ тавиад үйлдвэрлэлийн зориулалтаа орон сууцны зориулалттай болгоё гэсэн хүсэлт гаргасны дагуу Хот байгуулалтын тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан Ерөнхий төлөвлөгөөний дагуу Нийслэлийн засаг дарга 2020 онд А/815 дугаар захирамжийг гаргаж, Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 20428 м.кв газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлчхээд хэсэг хугацааны дараа 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/544 дүгээр захирамж гарган газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож Б******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.

... Манай компанийн хувьд тухайн газар дээр 1188 м.кв үл хөдлөх хөрөнгө маань байгаа. Энэ нь одоогийн зах зээлийн үнээр 3 тэрбум гаруй төгрөгийн үнэтэй. Энэ объектод дулааны сүлжээ, цэвэр, бохир усны сүлжээ, цахилгаан шугам сүлжээ, дэд бүтцийн өртөг хүртэл байдаг. Энд бид нар бас цэвэрлэх байгууламжийн насосны станц бас байгуулсан. Манай станцаас холбогдох газрууд цэвэрлэх байгууламжийг дараа төлөгдөх нөхцөлөөр ашиглаж байгаа. Бид нар барилга байгууламжаа барихын тулд инженер, геологийн судалгааны тайлан хийлгэсэн.

Үндсэндээ 215 сая төгрөгийн инженер, геологийн судалгаа хийгдсэн байгаа. Цэвэрлэх байгууламжийн насосны станцыг өөрийн хөрөнгөөр 1,1 тэрбум төгрөгөөр баригдсан байгаа. Цахилгааны дэд өртөг 978 сая төгрөгийн өртөгтэй шугам сүлжээ маань байгаа. Объектод 375 сая төгрөгийн өртөгтэй шугам сүлжээ явж байгаа. Гурван талын бетон суурийн угсармал хашаа 530-аад сая төгрөгийн өртөгтэй хашаа байгаа. Зураг төсөлд урьдчилсан байдлаар 389 сая төгрөгийн хөрөнгө шийдэгдээд явчихсан. Үндсэндээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зааснаар бид нар өөрийнхөө эзэмшил газар дээр 4 тэрбум орчим төгрөгийн хөрөнгийг зарцуулчихсан байгаа. Иймд манай компани хууль ёсны итгэл хамгаалагдах үндэслэлтэй гэж үзэж байгаа... гэв.

 

 

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага баримт бичгийн хавсралт, масштаб зургуудад маргаан бүхий газар нь тусгагдсан байгаа.

...Төлөвлөлтийн үндсэн зураг 1.2.2.3 зурагт *******-гийн хажуу талд байрлах Б******* ХХК эзэмшлийн газрыг ягаан өнгөөр ялгасан байх бөгөөд №7 буюу холимог ашиглалтын нутаг дэвсгэрт хамаарч байгаа юм. Улаанбаатар хотын 2030 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, архитектур орон зайн төлөвлөлт, төлөвлөлтийн үндсэн зураг 18 дээр №7 буюу холимог ашиглалтын нутаг дэвсгэр дотор үйлдвэр-үйлчилгээ, үйлдвэр-орон сууц, орон сууц-үйлдвэр гэж тодотгосон байна.

...Улаанбаатар хотын 2030 оны хөгжлийн чиг хандлага, Улаанбаатар хотын экологийн сүлжээ 90 зурагт ойжуулах талбайг ногоон эрээн зургаар илэрхийлсэн байх бөгөөд энэ хэсэгт Б*******-ийн газар хамаарахгүй бөгөөд 21 зураг дээр Б*******-ийн газрыг №5 буюу холимог ашиглалтын бүс, үүн дотроо 5.1 үйлдвэр суурин холимог бүс гэж тэмдэглэжээ.

Хот байгуулалтын үйл ажиллагаа 19 зурагт Б*******ХХК-ийн газрыг №6 буюу цэнхэр өнгөөр ялгаж, үйлдвэрийн дахин төлөвлөх хэсэг, зориулалт дээр зориулалтыг хэвээр хадгалах хэсэг гэж тэмдэглэсэн байдаг. Улаанбаатар хотын одоогийн байдал 2010 он, Гэр хорооллын ангилал 38 зурагт №1 буюу бүдэг ягаан өнгөөр барилгажсан хэсгийг заажээ.

Улаанбаатар хотын одоогийн байдал 2010 он, Газар ашиглалт, бүсчлэл 46 зурагт №1 дээр орон сууц, олон нийтийн бүсийг улбар шар өнгөөр тэмдэглэсэн байх бөгөөд Б******* ХХК-ийн газар нь уг улбар шар хэсэгт хамаарч байна.

...Монгол улс, Улаанбаатар хот, Төлөвлөлтийн баруун-2 бүсийн Үйлдвэр-1 хорооллын ерөнхий төлөвлөгөө, Одоогийн байдал хэсэглэл-4 М1:2500 зурагт хөх өнгөөр үйлдвэрийн газрыг тэмдэглэсэн байх бөгөөд Б******* ХХК-ийн газар нь энэ хөх хэсэгт хамаарч байгаа юм. Монгол улс, Улаанбаатар хот, Төлөвлөлтийн баруун-2 бүсийн Үйлдвэр-1 хорооллын ерөнхий төлөвлөгөө, Одоогийн байдал М1:5500 зурагт Б******* ХХК-ийн газар нь Үйлдвэр болон инженерийн барилга байгууламж гэж тэмдэглэсэн хэсэгт хамаарч байх бөгөөд 869 гэсэн тэмдэглэгээг Б******* ХХК-ийн газар дээр тавьсан байна. Энэ мэтчилэн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага гэсэн энэхүү баримт бичгийн хүрээнд батлагдсан зургуудаас харахад маргаан бүхий газар маань ойн сан бүхий, усны сан бүхий газарт огтоос байхгүй. Тусгай хамгаалалтын бүсэд, барилгажихыг хориглосон, тийм бүсэд огтоос хамаарахгүй гэдэг нь харагдаж байгаа.

Өөрөөр хэлбэл дээрх төлөвлөгөөнд тусгагдсан байдлаар маргаан бүхий газар маань ойн сан бүхий, усны сан бүхий газарт огтоос байхгүй.

... Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт Улсын их хурлаас баталсан 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэв гэж зааснаас үзвэл Улсын их хурлаас бүрэн эрхийн хүрээнд баталсан төлөвлөгөөнд үл нийцүүлэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж болохгүй бөгөөд Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т "хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө" гэж хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, орон сууцны болон гэр хорооллын газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилтын төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний хангамжийг нарийвчлан тодотгож төлөвлөсөн хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичгийг; 12 дугаар зүйлийн 12.5-д Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна заасныг зөрчиж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан буюу маргаан бүхий газрыг ногоон байгууламж байхаар төлөвлөсөн гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм... гэв.

3.3.Хариуцагч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 28/17 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн...Хан-Уул дүүргийн 3,4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун бүсийн Үйлдвэр-1 нэгж хорооллын ерөнхий төлөвлөгөөг баталсан.

Тус ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлд тухайн маргаан бүхий Б******* ХХК-ийн эзэмшлийн гэх газар нь ногоон байгууламж байхаар төлөвлөгдсөн байна.

Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох-ыг хориглохоор хуульчилсан байдаг учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... гэв.

3.4.Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хот байгуулалт, хөгжлийн газар нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг. Үйл ажиллагаанд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон Улсын Их Хурлын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнүүдийг мөрдлөг болгон ажилладаг. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаар тогтоол дээр тухайн Б******* ХХК-ийн эзэмшиж байгаа газар нь ногоон байгууламж төлөвлөгдсөн байгаа учраас тухайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчиж бид нар архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын зөвшөөрлийг олгох боломжгүй. Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.3, 24.1.5 заалтуудыг тус тус зөрчиж байна... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

3.5.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/544 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрийн ойн сан бүхий газарт орон сууц, үйлчилгээний зориулалтаар 20444 м.кв газрыг эзэмших эрхийг Б******* ХХК-д олгосон нь Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийг зөрчиж, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн.

... маргаан бүхий захиргааны акт гарах болсон хууль зүйн үндэслэл нь юу вэ гэхээр ойн сан болон усан сан бүхий газар дээр газар олголт хийгдсэн байна гэж харагдаж байгаа юм. Үүнийг хэзээнээс ярих вэ гэхээр 2017 оны А/741 дугаар захирамж буюу талбайн хэмжээг нэмэгдүүлж, 20,444 м.кв болгосон үеэс эхлээд харах нь зүйтэй. Энд орон сууц бариад ирэхээр Улаанбаатар хотын хүн амын хууль ёсны эрх, ашиг хөндөгдөнө гэж Засаг дарга үзэж байгаа юм.

...Б******* ХХК-ийн газрын 60-70 хувь орчим нь ногоон байгууламж, мөн дээрээс нь усан сан бүхий гэдэг хамгаалалтын зурвасыг мэдээллийн санд бүртгэсэн нөхцөл байдал байгаа... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Дөрөв: Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1 дүгээр заалтад хамаарах Б******* ХХК-д эзэмшүүлэхээр олгосон Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* төвийн баруун талд байрлах нэгж талбарын 17******* дугаар бүхий 20,428 м.кв талбай бүхий газарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгох шаардлагын тухайд:

4.2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ...хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хот, тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлах бүрэн эрхээ хэрэгжүүлэн Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 28/17 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлсэн саналыг тус тус үндэслэн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага-д нийцүүлэн боловсруулагдсан төлөвлөгөөний дагуу ...Хан-Уул дүүргийн 2, 3, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун-2 бүсийн Үйлдвэр-1 нэгж хорооллын ерөнхий төлөвлөгөө, 514.0 га талбайд баталжээ.

4.3.Уг тогтоол нь 2013 онд боловсруулан батлагдсан Хот байгуулалт, газрын харилцааны асуудлыг цэгцлэх үндсэн бодлогын баримт бичиг болох Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага-д баримт бичигт нийцүүлэн гарсан байх бөгөөд энэхүү Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу менежментийн төлөвлөгөөнүүд гарч, улмаар хэрэгжүүлэх агентлагууд чиглэл тус бүрээр үйл ажиллагаа зохион байгуулж, арга хэмжээ авч ажиллах ёстой.

4.4.Тиймээс маргаан бүхий Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаар тогтоолыг хэлэлцүүлэхээс өмнө Нийслэлийн Засаг даргаас 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/985 дугаар Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулахаар өргөн барих тухай албан бичгээр ...Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоол батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага-д тусгасны дагуу Улаанбаатар хотын доторх төрийн захиргаа, худалдаа үйлчилгээ, санхүү бизнесийн нэг төвт хотоос олон төвт хот болгох бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 47 нэгж хороололтой байхаар төлөвлөсөн бөгөөд түүнээс 5 нэгж хорооллын нэг нь Үйлдвэр -1 нэгж хорооллын ерөнхий төлөвлөгөө...[16] боловсруулсан саналаа өргөн барьсан.

4.5.Уг саналыг гаргахаас өмнө Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Газар барилгажилтын зөвлөлийн хурал-аар хэлэлцүүлсэн байна[17].

4.6.Гэвч Нийслэлийн Засаг даргын өргөн барьсан саналд болон маргаан бүхий тогтоолд Монгол Улсын Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д заасан Засаг даргын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах, түүний хилийн зааг, хамгаалалтын дэглэм тогтоох,..., 17.2.2-т заасан ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх болон ой, хээрийн түймрээс хамгаалах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг... боловсруулсан талаарх үйл баримт байдаггүй.

4.7.Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага зураглалын материалд байгаль орчин ногоон байгууламж, цэцэрлэгжилтийн талаар ...Хотын газар зүйн байршлын онцлогийг харгалзан Улаанбаатар хотын дундуур урсах Туул гол, түүнд цутгах Сэлбэ, Улиастай болон бусад жижиг голуудын хөндийг хамруулсан ногоон байгууламжийн сүлжээ байгуулна. Хотын нутаг дэвсгэрт байгаа суурьшилд тохиромжгүй нутаг дэвсгэр, гол горхинуудын хамгаалалтын зурвас газруудыг одоо байгаа суурьшлаас чөлөөлж, мод тарьж ойжуулан цэцэрлэг, байгалийн ногоон байгууламж болгоно... гэж,[18] Улаанбаатар хот, төлөвлөлтийн баруун-2 бүсийн үйлдвэр-1 хорооллын ерөнхий төлөвлөгөөнд нэхэмжлэгч Б******* ХХК-ийн эзэмшиж буй 20444 м.кв газар болон түүний орчмын газрыг архитектур орон зайн төлөвлөлтөөр холимог ашиглалтын буюу үйлдвэр-үйлчилгээ, үйлдвэр- орон сууц нутаг дэвсгэр гэж тусгасан, барилгажихад тохиромжтой сул чөлөөтэй нутаг дэвсгэрийг шинээр төлөвлөж орон сууц, олон нийтийн зориулалтаар барилгажуулна... гэж тайлбарласан байна[19].

 

 

4.8.Дээрх баримтад Б******* ХХК-ийн эзэмшиж буй 20428 м.кв газар дээр Монгол Улсын Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан "ойн сан" гэж энэ хуулийн 3.1.1-д ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг; газар хэмээн тэмдэглээгүй.

4.9. Харин төлөвлөсөн орон сууцны хорооллыг дотроо цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэгт талбай, цэцэрлэгт гудамж, модот гудамж, зүлэгжүүлэлт бүхий ногоон хязгаарлагдмал хэрэгцээний зориулалттай ногоон байгууламж бий болгохыг тусгажээ.[20]

4.10.Энэ төлөвлөлтийн дагуу Нийслэлийн Засаг дарга Газрын харилцааны талаарх нийтлэг чиг үүрэг хэрэгжүүлдэг болохын хувьд Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1 нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангуулах үүргээ хэрэгжүүлэн маргаан бүхий газар дээр анх У******* ХХК-д эзэмшүүлсэн 9500 м.кв газрын эрхийн гэрчилгээг 2014 оны А/947 дугаар захирамжаар Б******* ХХК-д шилжүүлэн, улмаар 2015 оны А06 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг сунган, хожим Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолд заасан шаардлагыг хангасан гэж үзэн 2017 оны А/741 дүгээр захирамжаар газар эзэмших ашиглах эрхийн талбайн хэмжээг 20444 м.кв болгон нэмэгдүүлэн эзэмшүүлсэн бол 2020 оны А/815 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн зориулалтыг орон сууц, үйлчилгээ болгон өөрчлөн эзэмшүүлж байсан.

4.11.Өөрөөр хэлбэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаар тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө болон хойно энд дурдаж буй маргаантай асуудал хөндөгдөж байгаагүй тул дээрх газар эзэмших эрх олгосон захирамжууд газрын асуудал эрхэлсэн бие даасан байгууллагын шалгуураар орж, хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд олгогдсон гэж үзэхээр байна.

4.12.Иймд Үйлдвэр-1 нэгж хорооллын ерөнхий төлөвлөгөөнд Б******* ХХК-ийн эзэмшиж буй 20444 м.кв газар дээр нийтийн эзэмшлийн ногоон байгууламж төлөвлөсөн гэх хөдөлбөргүй нотлох баримт бүхий үндэслэл тогтоогдохгүй байх тул 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т заасан хууль тогтоомжид заасан бусад бурэн эрхийн хүрээнд гаргасан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1 дүгээр заалтыг хүчингүй болгох боломжгүй.

4.13.Уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй гэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тав.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/544 дүгээр захирамжийг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

5.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 10-ны 25/21 дүгээр тогтоолоор Хан-Уул дүүргийн 2 дугаар хороодын зарим хэсгийг 20 дугаар хороо болгон өөрчилсөн байна[21].

5.2.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Нийслэлийн Засаг дарга 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/815 дугаар захирамжаар Б******* ХХК-д Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж буй 20444 м.кв газрын зориулалтыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар болгон өөрчлөхдөө Б******* ХХК-ийн газрын зориулалтыг өөрчлөх тухай хүсэлт[22], хуулийн этгээдийн гэрчилгээ[23], газар эзэмших эрх олгосон захирамж[24], гэрээ[25], гэрчилгээ[26], Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт[27], Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт[28] нэгж талбарын 18******* тоот газрын байршлын кадастрын зураг[29], газрын төлөв байдлын харуулсан тойм зураг[30] болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт хөгжлийн газрын хамтарсан Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл-ийн дүгнэлт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор ...газрын зориулалт,...өөрчлөх тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ баримтлах батлагдсан журмыг хангасан гэж үзэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний...дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэжээ.

5.3.Төд удалгүй 1 жил 8 сарын дараа хариуцагч Нийслэлийн Засаг өөрийн гаргасан дээрх шийдвэрийнхээ үндэслэлийг эрс үгүйсгэж Б******* ХХК-д Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц, үйлчилгээний зориулалтаар олгосон 20444 м.кв газар нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-т ойн сан бүхий газар гэж тодорхойлон, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно заасны дагуу тус компанид олгосон 20444 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

5.4.Хэдийгээр хариуцагч Хот байгуулалт хөгжлийн газраас ирүүлсэн зургаар[31] нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрыг ногоон өнгөөр тэмдэглэсэн байгаа боловч хавтас хэрэгт авагдсан Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлтэд ...хөрсний өнгөн давхарга бүрэн эвдэрч бүтцээ алдаж, хайрга дайрга элсний холимог болсон...[32], Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлтэд ...эзэмшил бүхий талбай нь овоолсон шороо болон гуу жалгатай, бохирдол ихтэй...20444 м.кв ургамал нөмрөггүй халцгай газар эзэлж байна... тэмдэглэсэн болон маргаан бүхий газар шүүхээс үзлэг хийж, газрын бодит байдлыг харуулсан фото зургуудаас үзэхэд Б******* ХХК-д Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц, үйлчилгээний зориулалтаар олгосон 20444 м.кв газрыг Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна гэж заасантай нийцэхгүй, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4-т заасан төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглах ойн сан бүхий газар заасан газар гэж үзэхээргүй байна.

5.5.Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаар тогтоолын холбогдох хэсэгт ойн сан бүхий газар тэмдэглэгдээгүй.

5.6.Нийслэлийн Байгаль орчны газрын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б******* ХХК-д Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц, үйлчилгээний зориулалтаар олгосон 20444 м.кв газар дээр хэрэгжих Орон сууц төслийн баримт бичигт хийсэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудаст[33] ойн сан бүхий газрын талаар дурдагдаагүй.

5.7.Бодит байдал дээр маргаан бүхий газрыг Нийслэлийн ногоон бүсийн ойн сан, ой бүхий газар гэж тодорхойлох ямар ч боломжгүй байх тул уг газар дээр нийтийн эрх ашиг сонирхол хөндөгдөх ойлголт байх ёсгүй.

5.8.Харин хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ...Б******* ХХК-д Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц, үйлчилгээний зориулалтаар олгосон 20444 м.кв газар зарим хэсгээрээ Туул голын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай... гэж тайлбарлан маргах боловч, энэ талаар шүүх хариуцагчийн төлөөлөгч актын үндэслэлийг дэлгэрүүлж тайлбарлах болохоос актын үндэслэлд огт дурдагдаагүй асуудлаар актынхаа хууль зүйн үндэслэлийг эрс өөрчлөн тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

5.9.Учир нь энэхүү тайлбарт дурдсан үндэслэлийн талаар Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий актыг гаргах ажиллагааг хийхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 25 дугаар зүйлийн 25.1.1-д ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, 25.1.2-т оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах гэж заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит үнэнийг тогтоох үүргийг хэрэгжүүлээгүй[34].

5.10.Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн хувьд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц, үйлчилгээний зориулалтын дагуу үе шаттай үйл ажиллагаа явуулж байсан болох нь илэрхий, бусад байдлаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байхад Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/544 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлд байхгүй асуудлаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт хөтлөгдөн маргаан бүхий актыг зөвтгөн хамгаалах зүйд нийцэхгүй.

5.11.Иймд дээрх үйл баримтаар зөвхөн нэхэмжлэгч компанийг тусгайлан авч үзэж, түүнд тохиолдуулан асуудал бий болгож байгаа нь шударга ёсонд тохирохгүй, хариуцагчийн хуулийн дагуу гаргасан хууль, эрх зүйн акт, түүний харьяалах нэгж байгууллагатай байгуулсан гэрээнд заасан үйл ажиллагааг нэхэмжлэгч хийж гүйцэтгэсний улмаас түүнд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар бий болсон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлан энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэн, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дугаар сарын 20-ны өдрийн А/544 дугаар захирамжийг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болголоо.

Зургаа.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 03/3067 дугаар албан тоотоор татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, архитектур төлөвлөлтийн даалгавар гаргахыг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6.1.Энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад явцад Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Ж*******[35]түүний үүсгэн байгуулсан Хатан туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн НҮТББ-аас тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохоор хүсэлт гарган, хариуцагчийн үйлдлийг дэмжин оролцох байдлаар Улаанбаатар хот, төлөвлөлтийн баруун-2 бүсийн Үйлдвэр-1 хороололд үйл ажиллагаа явуулж буй компаниудаас зөвхөн Б******* ХХК-ийн эзэмшлийн 20444 м.кв газар дээр орон сууцны хороолол барихыг эсэргүүцэн, тус газрыг Туул голын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай хэмээн тайлбарлан маргасныг шүүхээс хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн.

6.2. Хот байгуулалт хөгжлийн газраас нэхэмжлэгчийн эзэмшиж буй газрыг Туул голын энгийн хамгаалалтын бүсэд оруулан зураг үйлдэж ирүүлсэн боловч энэ талаар маргаан бүхий актын үндэслэлд болон хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбарт дурдагдаагүй.

6.3.Шүүхээс бодит нөхцөл байдлыг газар дээр нь очиж танилцахаар үзлэгээр Б******* ХХК-ийн эзэмшлийн 20444 м.кв газар дээрээ үл хөдлөх хөрөнгө бүхий барилга[36], цахилгааны дэд өртөөний станц зэргийг өөрийн хөрөнгөөр бий болгосон байх бөгөөд зүүн хойд хэсгээр Мишээл группийн Монголын анхны байгаль орчны хүрээлэнтэй, эрүүл мэнд, боловсрол, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, орон сууц гэх мэтчилэн 15 дэд төвийн байгууламж бүрэн цогцлоосон Үндэсний том бүтээн байгуулалт болох  "Мишээл Сити" төсөл[37] баригдаж байгаа бол зүүн болон зүүн урд талд уг төслийн нэг хэсэг болох Мишээл Экспо төвийн барилга, хойд талаараа бүхэлдээ орон сууцны хороолол баригдаж байсан.

6.4.Харин урд хэсгээрээ Туул голын хамгаалалтын далан түүний дагуу Мишээл байгаль орчин танин мэдэхүйн хүрээлэн үйл ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдсон.

6.5.Нэхэмжлэгч компанийн хувьд өөрийн эзэмшиж буй газар дээрээ төлөвлөлтийн дагуу ногоон орчныг бүрдүүлсэн орон сууцны барилга байгууламж барих боломжтой байхад хариуцагчаас зөвхөн нэхэмжлэгчийн газар дээр ногоон байгууламж барихаар төлөвлөгдсөн хэмээн газрын мэдээллийн санд ногоон өнгөөр тэмдэглэсэн тэмдэглэгээг ойн сан бүхий газар, ногоон байгууламж төлөвлөгдсөн бүс гэж тайлбарлах нь өрөөсгөл юм.

6.6.Энэ талаар шийдвэрийн үндэслэх хэсгийн дөрөв дэх хэсэгт Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 03/3067 дугаар албан бичгийн үндэслэл болсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун-2 бүсийн Үйлдвэр-1 нэгж хорооллын ерөнхий төлөвлөгөөнд Б******* ХХК-ийн эзэмшиж буй 20444 м.кв газар дээр нийтийн эзэмшлийн ногоон байгууламж төлөвлөсөн гэх хөдөлбөргүй нотлох баримт бүхий үндэслэл тогтоогдохгүй байна гэж хангалттай дүгнэсэн.

6.7.Иймээс нэхэмжлэгч Б******* ХХК-ийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 17******* дугаар бүхий газарт орон сууц, үйлчилгээний барилга барих хүсэлтийг шийдвэрлэхгүй, бодит нөхцөл байдал нийцэхгүй үндэслэлээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж байгаа хариуцагчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 03/3067 дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан хууль бус эс үйлдэхүй байна.

6.8.Энэхүү захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, уг зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авахаар нэхэмжлэгчийн гаргасан барилга байгууламж барих хүсэлтийн дагуу[38], архитектур төлөвлөлтийн даалгаврыг Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-т ...хорооллын зураг төсөл, техникийн баримт ...бичгийг батлах... заасны дагуу гаргахыг шүүхээс Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн[39] 19 дүгээр зүйлийн 19.1.4-т заасныг баримтлан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 52 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1 заалтад хамаарах Б******* ХХК-д эзэмшүүлэхээр олгосон Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* төвийн баруун талд байрлах нэгж талбарын 17******* дугаар бүхий 20,428 м.кв талбай бүхий газарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/544 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

3. Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12-т заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 03/3067 дугаар албан тоотоор татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, архитектур төлөвлөлтийн даалгавар гаргахыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Нийслэлийн Засаг даргаас 23,400 төгрөг, Хот байгуулалт, хөгжлийн газраас 23,400 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР