Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 311

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02305 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Цгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М Сургууль, М Сургуульд тус тус холбогдох

 

Илүү цагийн цалин хөлс 2 947 874 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1994 оноос өнөөдрийг хүртэл нийт 24 дэх жилдээ МУИС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимд багшаар ажиллаж байна. Би 2004 оноос хойш ахлах багшийн зэрэглэлд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр багшаар ажиллаж байгаа бөгөөд 2014 онд Хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулсан. Энэхүү гэрээний 1.2 дахь заалтанд гүйцэтгэх ажил үүргийг тодорхой зааж, сургалтын А цаг нь 15 цаг, эрдэм шинжилгээ хийх Б цаг 6 багц цаг, бусад ажил В цаг нь 5 багц цаг байхаар зааж нийт 26 багц цагийн ажлыг хичээлийн жил тутамд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байгаа юм. Гэтэл 2017-2018 оны хичээлийн жилд би сургалтын А багц 15 багц цаг заах байснаас 22.35 багц цаг зааж 7.35 илүү цаг гарсан боловч 1.35 багц илүү цагийн мөнгийг олгоод бусад 6 багц илүү цагийн нэмэгдэл хөлсийг надад олгоогүй. Өөрөөр хэлбэл ахлах багш хөдөлмөрийн гэрээ болон МУИС-д Профессор, багш ажиллуулах журмын 10.4-д заасны дагуу 15 цагийн сургалтын цаг зааж, тухайн цагаас хэтэрсэн цагт илүү цагийн нэмэгдэл хөлсийг надад олголгүй хууль ёсны эрх ашгийг маань хохироосон.

Монгол Улсын Их Сургуулийн Захиргааны зөвлөлөөс 2018 оны 06 сарын 13-ны өдөр  Үндсэн мэргэжлийн хичээл заадаг, 12 жилийн дотор доктор хамгаалаагүй МУИС-ийн багш нарын сургалтын цагийн ачааллыг тооцохдоо А цагийг 21 кредитээр тооцох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Мөн МУИС-ийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дугаар Б/256 тушаалаар ээлжийн амралтыг тооцсон юм. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал МУИС-ийн Захиргааны зөвлөлөөс тооцохоор шийдвэрлэсэн чиглэлийн дагуу та бүхний багц цагийг тооцсон гэсэн хариуг өгсөн ба улмаар МУИС-ийн хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдлөө 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргасан боловч Хөдөлмөрийн маргаан таслах комиссын журамд заасан дагуу 14 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгсөнгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар миний илүү цагийн нэмэгдэл хөлс нь цалин хөлсний бүрэлдэхүүнд орох тул илүү цагийн хөлс 2 697 049 төгрөгийг олгоогүй байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн тушаал гарснаас хойш өнөөдрийг хүртэл надад олгогдоогүй цалин хөлсний алданги 250 825 төгрөг болж байна.

Иймд олгогдоогүй илүү цагийн нэмэгдэл хөлс 2 697 049 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олгогдоогүй нэмэгдэл хөлсний хоног тутмын 0.3 хувийн алданги 250 825 төгрөг, нийт 2 947 874 төгрөг гаргуулж, уг олгогдох цалин хөлснөөс ногдох нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг М Сургуульд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Улсын их сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...МУИС-ийн Профессор багш ажиллуулах журмыг Монгол Улсын Дээд боловсролын тухай 13 дугаар зүйлийн 13.6 “Багшийн хийж гүйцэтгэх сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил болон ажлын ачааллыг тооцох аргачлалыг сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтоох бөгөөд багшийн ажлын ачааллыг тогтоохдоо түүний мэдлэг, ур чадвараа тогтмол дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, суралцагчтай үр бүтээлтэй ажиллах, захиргааны ажилд оролцох нөхцөл, бололцоог харгалзан үзнэ...” гэж заасны дагуу Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж баталсан. Уг журмаар их сургуулийн багшийн тухайн албан тушаал тус бүрээр /дадлагажигч, багш, ахлах багш, дэд профессор, профессор/ гүйцэтгэх ажлын ачааллын ноогдлыг тогтоосон. Одоо мөрдөгдөж буй Профессор багш ажиллуулах журам МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэж шийдвэрлэсний дагуу 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дүгээр тушаалаар батлагдаж мөрдөгдөж эхэлсэн болно. 

Журмын 2.5-д “Үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш МУИС-д багшаар томилогдсоноос хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалах шаардлагатай. Докторын зэрэг хамгаалаагүй боловч бусад бүх болзлыг биелүүлсэн/докторын багц цагийг бүрэн биелүүлсэн/ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг 1 жилээр сунгаж болно. Тэнхимд тухайн мэргэжлийн багш хүрэлцээгүй, заалгах цаг хүрэлцээтэй нөхцөлд тэдгээр багшийг холбогдох тэнхим, салбар, бүрэлдэхүүн сургуулийн саналыг үндэслэн зөвхөн сургалтын багц цаг биелүүлэх нөхцөлөөр ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагаар шилжүүлж гүйцэтгүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд МУИСд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзнэ” гэж заасан.

МУИС-ийн захиргаа болон багш ажилтнууд байгууллагын дотоодод мөрдөгддөг дүрэм, журмыг биелүүлэх үүргийг МУИС-ийн Дүрэм болон Хөдөлмөрийн дотоод журмын дагуу хүлээсэн байдаг. МУИС-ийн Захиргааны зүгээс бүрэлдэхүүн сургуулиудад тус журмын үйлчлэлд хамрагдах багш нарын сургалтын багц цагийн ногдлыг тооцохдоо Профессор багш ажилуулах журмыг мөрдлөг болгохыг удаа дараа анхааруулсаар ирсэн бөгөөд үүний дагуу Хууль зүйн сургууль, Бизнесийн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Шинжлэх ухааны сургуулийн захирлууд тус үйлчлэлд хамрагдаж буй багш нартай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах ажлыг 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд зохион байгуулсан. Журмын үйлчлэлд хамрагдаж буй багш нарт удаа дараа цагийн ногдлыг МУИС-ийн Профессор багш ажиллуулах журмын 2.5-д заасны дагуу тооцно гэдгийг хүн тус бүрээр мэдэгдэж мэдэгдэх хуудас гардуулж байсан. Ц.Ц нь тус сургуульд анх багшаар ажилд орсноос хойш докторын зэрэг хамгаалаагүй байгаа тул МУИС-ийн Профессор багш ажиллуулах журам-ын 2.5-д заасны дагуу эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагт шилжүүлэн тооцох журмын заалтын үйлчлэлд хамарч байгаа юм. Иймээс Шинжлэх ухааны сургуулийн ахлах багш Ц.Цгийн цагийн ногдлыг бусад журмын үйлчлэлд хамрагдсан багш нарын адил гүйцэтгэвэл зохих 26 багц цагийн тооцоог хийж илүү хийсэн багц цагийн хөлсийг журмын дагуу бодож олгосон тул түүний хөдөлмөрлөх эрхэд халдаж, эрх ашгийг хөндсөн ямар нэг хууль бус үйлдэл байхгүй болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинжлэх ухааны сургууль нь илүү цагийн хөлсийг дутуу олгосон зүйл огт үгүй бөгөөд өөрөөр бодож олгох эрх зүйн үндэслэл, журмын зохицуулалт байхгүй. 2016 онд хөдөлмөрийн гэрээний загварыг шинэчлэн баталсан. Тэгэхээр 2017 онд шинэ гэрээний загвар батлагдсан тул 2017 оны хичээлийн жилийн батлагдсан гэрээний дагуу явагдах ёстой. Бид одоо ч гэсэн 12 жил ажилласан багш нартайгаа 21 кредитээр ажиллаж байгаа. Учир нь журам өөрчлөгдөөгүй байгаа учраас бид журмыг мөрдөж байгаа гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 130 дугаар 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын Их Сургуулиас нийт 2 947 874 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Ц.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч Шинжлэх Ухааны Сургуульд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ц.Цгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Ц.Цгийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 61 181 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Ц.Цд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Ц давж заалдах гомдолдоо “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнээгүй. МУИС-иас Ц.Ц багштай байгуулсан 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр үйлийн 21.1 дэх хэсэгт "Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцлийг тохирно", 21.1.2-т "ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг”, 21.2-т "Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй" гэж тус тус заасан. Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл буюу гүйцэтгэх ёстой ажил, үүргийг гэрээний 1.2 дахь хэсэгт 15 кредит цаг /сургалтын А цаг/ байхаар заасан. Гэтэл шүүхээс гэрээний гол нөхцөлөөс /1.2 дахь заалт/ илүүтэйгээр бусад нөхцөл буюу 3.1.1, 6.2 дахь хэсгийг баримтлан, байгууллагын дотоод дүрэм, журмыг мөрдөх үүрэгтэй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. ...Анхан шатны шүүх мэргэжлийн болон боловсролын зэрэг хамгаалахыг тулгаж, үүрэгжүүлсэн дээрх журмын 2.5-д зааснаар ажилтны ажил үүргийг өөрчилж байгаа ажил олгогчийн хууль бус шаардлагыг тодорхой үндэслэлгүйгээр зөвтгөн дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч зохигчдын хоорондын маргааны үйл баримтын талаарх хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв дүгнэж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч М Сургууль, М Сургуульд тус тус холбогдуулан илүү цагийн цалин хөлс 2 697 049 төгрөг, олгогдоогүй цалин хөлсний алданги 250 825 төгрөг, нийт 2 947 874 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М Сургуульд холбогдох шаардлагаасаа татгалзсаныг хариуцагч М Сургууль бүхэлд эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Ц нь 2004 оноос МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн ахлах багшаар ажиллаж байгаа үйл баримт хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 6-9/

 

Ажил олгогч, ажилтан нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.2-т А=15 кредит цаг /сургалтын 15 кредит багц цаг/, Б=6 кредит цаг /эрдэм шинжилгээний/, В=5 кредит цаг /бусад ажил-мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээтэй холбоотой/ нийт 26 кредит цагийг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. /хх 6-8, 51-53/

 

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч одоог хүртэл үргэлжлүүлэн ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа гэж үзэхээр байх ба түүний гүйцэтгэвэл зохих А цаг буюу сургалтын 15 цагийг 21 цаг болгож дээрх хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан болон гэрээг хүчингүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Иймд хариуцагч байгууллагын ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчингүй болсон, 2017-2018 оны хичээлийн жилийн эцэст сургалтын A цагийн норм 21 цагийг бүрэн биелүүлээгүй гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй болно.

 

Тодруулбал, хариуцагч Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дугаар тушаалаар батлагдсан МУИС-д Профессор, багш ажиллуулах журмын дагуу ажилтан Ц.Цтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчилсэн, өөрчилсөн, эсхүл Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д зааснаар хугацаатай гэрээ цаашид сунгагдахгүй болсны улмаас цуцлагдсан гэж үзэх баримт хэрэгт байхгүй, хариуцагчтай хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байгаа үйл баримтын талаар маргаагүй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээний аль нэг тал дангаараа гэрээний заалтыг өөрчлөхийг хоригложээ.

 

Дээрх нөхцөл байдал болон хэргийн 61, 62, 69 дүгээр талд авагдсан М Сургууль, Шинжлэх ухааны сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/320 дугаар тушаал, 3 дугаар хавсралт, 2017-2018 оны хичээлийн жилийн А цагийн гүйцэтгэлийн товчоон гэх хүснэгтээс үзвэл нэхэмжлэгч нь сургалтын 15 цагийн кредит цаг ажиллах үүрэгтэй байх ба тэрээр тухайн хичээлийн жилд сургалтын 22.35 кредит цаг ажиллаж, сургалтын 7.35 кредит илүү цаг ажилласан болох нь нотлогдсон, үүнээс хариуцагч нь илүү цагийн хөлс 1.35 кредитийн цалинг олгосон талаар маргаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд нэмэгдүүлсэн цалин хөлс олгох”-оор заасан байх тул хариуцагч Монгол Улсын их сургуулиас 2 697 049 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Цд олгох нь дээрх хуулийн шаардлагад нийцнэ.

 

Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасан ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь дээрх үйл баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгчид хугацаанд олгоогүй цалингаас хоног тутамд 0.3 хувийн алданги төлөх үүрэг хариуцагч  М Сургуульд үүссэн байна. Иймд алдангид 250 825 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 2 889 464 төгрөг гэж зөрүүтэй бичсэнийг зөвтгөх нь зүйтэй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/02305 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол Улсын их сургуулиас 2 947 784 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цд олгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.      

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Цгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

 

                                           ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН