Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/05044

 

 

 

 

 

 

 

 

 

2023 11 17

101/ШШ2023/05044

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Боржигон овогт Б.Б /рд:0000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Гомбодорж овогт Г.Х /рд:0000/-д холбогдох

 

0000 өдрийн Орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг баталсан үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ч, хариуцагч Г.Х нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Дугармаагийн Бүдээтэй 1993 онд гэр бүл болж 1993 оны 05 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Бид 2 гэр бүл болоход талийгаач эхнэр Бүдээгийн хүү Б.Г нь хамт амьдарч байсан багөөд бид Баянзүрх дүүргийн 0000 тоотод амьдарч байсан юм. 1988 онд Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаанаас орон гэргүй хүмүүст амьдарч байсан байрыг нь Төрөөс үнэгүй хувьчилсанаар Баянзүрх дүүргийн 0000 тоот байранд орж, 1993 онд дээрх орон сууцны Улсын бүртгэлийн гэрчилгээ-г эхнэр Д.Б, бид 2-ын нэр дээр гарч өмчилж авсан бөгөөд 1997 онд иргэн Бболон миний талийгаач эхнэр Д.Б, дагавар хүүхэд болох Б.Гийн хамтран өмчлөгчөөр нэмж гэрчилгээ гарсан юм. Эхнэр Д.Б нь 2001 онд нас барж, Баянзүрх дүүргийн 0000 тоот орон сууц нь Б.Г бид 2-ын өмчлөлд эрх залгамжлалаар шилжиж, 2001 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-г авсан юм. Б.Г нь Баянзүрх дүүргийн 0000 тоот орон сууцыг хамтран өмчлөгч миний зөвшөөрөлгүйгээр 0000 өдөр Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийг хийж миний хамтран өмчлөх эрхийг минь ноцтой зөрчсөн юм. Б.Г нь миний хуулийн мэдпэггүй байдлыг далимдуулж, мөн миний эрүүл мэндийн байдал бусадтай чөлөөтэй харьцах чадвар хязгаарлагдмал, өөрөөр хэлбэл сонсох чадвар муу, заавал бичгээр харьцаж байж ойлгодог байдлыг минь далимдуулж энэхүү үйлдлийг хийсэн байна. Б.Г нь миний гарын үсгийг хэрхэн дуурайлгаж зурсаныг мэдэхгүй бөгөөд тухайн хэлцэл хийх үед би нотариат орж гарын үсэг зураагүй байхад 72 дугаар тойргийн нотариатч нь миний эзгүйд 0000 өдөр Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-г баталж өгсөн нь Нотариатын тухай хууль болон нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн байна. Нотариатын үйлдэл хийх зааврын 5.6-д Гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь захиран зарцуулахад гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн зөвшөөрлийг авна, мөн зааврын 12, 14 дүгээр зүйлд заасан зааврыг зөрчсөн, Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйл, 31 дүгээр зүйл, 46 дугаар зүйл, 48 дугаар зүйлийг мөн адил зөрчсөн байна.

Иймд нотариатч ГГ.Хийн 0000 өдрийн Орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг баталсан үйлдлийг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Г, Б.Б нарын хооронд 0000 өдөр Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийг гэрчлэхдээ хуульд заасан журмын дагуу гэрчилсэн. Уг гэрээг гэрчлэх үед Б.Б нь өөрөө байсан, гарын үсгээ зурсан. Би энэ олон жилийн нотариатч хийх хугацаандаа хөрөнгийн өмчлөгч нь байхгүй байхад орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг гэрчилж байгаагүй. 2004-2005 оны үед Б.Баас надад холбогдуулан Нотариатын танхимд гомдол гаргасан гэж сураг сонсогдож байсан. Уг гомдлыг нь яаж шийдсэн болохыг мэдэхгүй. Тухайн үедээ Нотариатын танхимд намайг дуудаж шалгаж байсан удаа байхгүй. 2004 онд уг гэрээ гэрчилснээс хойш Б.Б нэг ч удаа над дээр ирж уулзаж байгаагүй. Гэнэт л 2022 онд намайг цагдаад өгсөн байсан. Ингээд үүнээс хойш намайг гүтгэж, миний нэр төрд халдаж байна. Цагдаа дээр шалгагдаж байхад Б.Гтэй тохиролцож байраа зарахаар болоод өөрийн авах хувь болох 1,500,000 төгрөгийг аваад гомдолгүй гээд салсан болох нь тогтоогдсон. Нотариатын үйлдлийг хуульд заасан журмын дагуу хийсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

3.1 Нэхэмжлэгчээс гаргасан орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуудах хэлцэл, нотариатын бүртгэлийн дэвтэр, Улсын бүртэлийн Ерөнхий газрын 2013 оны 09 сарын 12-ны өдрийн 11/6927 тоот албан бичиг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл, нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Монголын нотариатчдын танхимын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 735 тоот албан бичиг,

3.2 Хариуцагчаас гаргасан Нийслэлийн архивын газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1246 тоот тодорхойлолт,

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас ирүүлсэн лавлагаа, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1997 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11 тоот тогтоол, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаа, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн лавлагаа, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай материал зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Нийслэлийн тойргийн нотариатч Г.Хд холбогдуулан 0000 өдрийн Орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг баталсан үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

3. Баянзүрх дүүргийн 0000 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрх Нийслэлийн орон сууцны хувьчлах товчооны 1997 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор иргэн Б.Г, Б.Б, Б.Бүдээ нарт анх хувьчилсныг 1997 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэсэн байна. /хх-34-36, 61/

Уг орон сууцны хамтран өмчлөгч Б.Бүдээ нь 2001 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. 2004 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр нас барагч Б.Бүдээгийн Баянзүрх дүүргийн 0000 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөлийн эрхийг хүү Б.Г өвлөн авсан байна. /хх-62, 109-110/

Ингээд Баянзүрх дүүргийн 0000 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөс Б.Бүдээ нь 2004 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хасагдаж, Б.Г, Б.Б нар өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх-58, 112-114/

Үүний дараа 0000 өдөр хамтран өмчлөгч хасуулах хэлцлээр өмчлөгч Б.Б хасагдаж, Баянзүрх дүүргийн 0000 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр Б.Г бүртгэгдсэн байна. /хх-37, 67/

Уг 0000 өдрийн Орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг тухайн үеийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Г.Х гэрчилжээ. /хх-56-57/

 

3.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нотариатч нь намайг байхгүй байхад 0000 өдрийн Орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг гэрчилсэн. Үүнээс үүдэн Б.Г нь орон сууцыг бусдад худалдаж миний өмчлөх эрх зөрчигдсөн. Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулснаар орон сууцны өмчлөх эрхээ буцаан авах зорилготой гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...гэрээг гэрчлэхэд Б.Б нь өөрөө байсан. Нотариатын үйлдэл хийх заавар, дүрэм, хуулийг зөрчөөгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой хэлцлийг гэрчлэхдээ би заавал гэрээний талуудыг биечлэн байлцуулж байж гэрчилдэг. Уг орон сууцаа худалдан борлуулах хүсэлтэй байгаад Б.Г гэх өмчлөгчтэй нь тохиролцож борлуулж өөрийнхөө хувийг авсан болох нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаанд баримтаар тогтоогдсон. Гэтэл олон жилийн дараа гэнэт гэрээ гэрчлэхэд би байгаагүй гэж байгаа нь үндэслэлгүй гэж тус тус тайлбарлаж, маргасан.

 

4. Б.Б, Б.Г нарын хооронд 0000 өдөр байгуулагдсан Орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэлд ...Баянзүрх дүүргийн 0000 тоот хаягт байрлах, Ү-000 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны хамтран өмчлөгч Б.Б тусдаа амьдрах болсон тул хамтран өмчлөгчөөс хасуулахаар гэр бүлийн гишүүдтэй тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэж тохиролцож, уг гэрээнд хэн аль нь гарын үсгээ зурсан байна.

Уг гэрээг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч нотариатын бүртгэлийн 818 дугаарт бүртгэн гэрчилж, бүртгэлийн дэвтэрт мөн Б.Г, Б.Б нар гарын үсэг зурсан байна.

 

4.1 Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 216 тоот тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар-ын 1 дүгээр зүйлийн 1.11-т нотариатч, нотариатын үүрэг гүйцэтгэгч нь нотариатын үйлдлийг хийхэд шаардагдах бүх бичиг баримт бүрдсэн, үйлчилгээний хөлс, эсхүл улсын тэмдэгтийн хураамж төлсөн тохиолдолд үйлдлийг хийнэ гэж заасан.

Шүүх дээрх зааварт заасны дагуу талуудын маргааны зүйл болох хэлцлийг гэрчлэх үед хэлцлийн талуудаас бүрдүүлсэн бичиг баримт болон нотариатын үйлдлийн бүртгэлийн дэвтрийг хэрэгт нотлох баримтаар гаргуулах боломжгүй болох нь Нийслэлийн архивын газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1246 тоот ...Нийслэлийн тойргийн 72 тамганы дугаартай нотариатч ГГ.Хийн 2004 оны гэрээний баримт ББНШАЗК-ын 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр хурлаар Нотариатын архивын хадгаламжийн нэгж бүрдүүлэх, хадгалах, архивд шилжүүлэх, лавлагаа олгох журамын .11-т заасны дагуу хадгалах хугацаа 15 жил болоод устгалд орсон гэх тодорхойлолтоор тогтоогдсон. /хх-123/

Маргааны зүйл болох 0000 өдөр байгуулагдсан Орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийн нэг тал болох Б.Г нь 2006 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. /хх-63/

 

4.2 Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 216 тоот тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар-ын 4 дүгээр зүйлийн 4.1.3Нотариатч, нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь гэрээг гэрчлэхийн өмнө уг гэрээ хууль тогтоомжид нийцэж буй эсэх талаар үйлчлүүлэгчид тэгш эрхийн үндсэн дээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан эсэх, бусдын дарамт шахалт, бусад хүчин зүйлийн нөлөөлөл дор хийгдсэн эсэх, гэрээ нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, гэрээг баталснаас үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг анхаарч үзнэ гэж, 4.1.9-д нотариатч, нотариатын үүрэг гүйцэтгэгч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ талуудыг байлцуулан уг гэрээ, хэлцлийн утга агуулга, түүнээс үүдэн гарах үр дагавар, гэрээний үүргийг биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг зөв ойлгосон эсэхийг тодруулна гэж тус тус заасан байна.

 

4.3 Нэхэмжлэгч Б.Б нь ...Орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл болон нотариатын бүртгэлийн дэвтэрт зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг мөн. Гэхдээ миний гарын үсгийг яг дуурайлгаж зурсан байна" гэж тайлбарласан. Уг тайлбараа тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

4.3а Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...Б.Б нь орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл болон нотариатын бүртгэлийн дэвтэрт зурагдсан гарын үсгийг миний өмнөөс дуурайлгаж зурсан гэдэг. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчдээ гарын үсэг мөн эсэх талаар шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах талаар зөвлөсөн боловч тэрээр шинжээч огт томилуулахгүй гэсэн. Би үйлчлүүлэгчийнхээ байр сууриас өөрөөр ажиллагаа явуулах боломжгүй тул шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй. Мөн шинжилгээг харьцуулан хийх 2004 оны үед зурагдсан бичгийн баримтууд байхгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

 

4.4 Нэхэмжлэгч Б.Баас 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст нотариатч Г.Хд холбогдуулан 1993 оны өмч хувьчлалаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 202 дугаар байр, 107 тоот 2 өрөө байрыг хууль бусаар нотариатч Г.Хжаа нь бусдын өмчлөлд шилжүүлсэн тул шалгаж өгнө үү гэх өргөдөл гаргасан байна. Уг өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас гэрч нараас мэдүүлэг авч, холбогдох газруудаас нотлох баримт бүрдүүлж ажиллагаа явуулжээ. /хх-39-81/

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2804 дүгээр тогтоолоор мөрдөн шалгах ажиллагаагаар хуульд заасан үндэслэл журмын дагуу материалд цугларсан бичгийн нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх-78-79/

Уг эрүүгийн хэрэгт 2005 онд Улсын Ерөнхий прокурорын мөрдөн байцаах газарт Б.Баас ...Б.Гтэй уулзахад байраа заръя танд оногдох хувийг чинь өгье гэж хэлсэн нь үнэн. Би зөвшөөрсөн тэгээд зарах асуудлаа чи хариуц, оногдох хэсгээ өгөөрэй гэж хэлсэн. Б.Г надад оногдох 1,500,000 төгрөгийг өгсөн учир надад гомдол санал байхгүй. Бид өөрсдөө асуудлаа шийдсэн тул өргөдлийг буцааж авмаар байна гэх хүсэлтийг гаргаж байсан, уг хүсэлтэд гараар 10,000 дэвсгарт 150 ширхэг нийт 1,500,000 төгрөг тоолж бүлээж авлаа. Б.Б 2005.05.26, хүлээлгэн өгсөн Б.Г гэж бичиг тус бүр гарын үсгээ зурсан талаарх баримт авагджээ. /хх-72/

Нэхэмжлэгч Б.Баас тус эрүүгийн хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, бичгийн баримтууд нь бүхэлдээ хуурамч гэж тайлбарласан нь үндэслэлгүй, уг тайлбараа баримтаар нотлоогүй. Төрийн эрх бүхий байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсаны дагуу бүрдүүлсэн баримтууд нь хууль бус аргаар бүрдүүлсэн, цуглуулсан баримт гэж үзэх үндэслэлгүй.

 

5. Нэхэмжлэгч Б.Б нь 0000 өдөр байгуулагдсан Орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийн дагуу орон сууцны өмчлөх эрх Б.Гт шилжиж, Б.Гөөс Б.У Г.Т нарын өмчлөлд худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжсэнийг тухайн үедээ мэдэж байсан болох нь 2005 онд Улсын Ерөнхий прокурорын мөрдөн байцаах газарт гаргасан өргөдлөө буцааж авмаар байна гэх хүсэлтээр тогтоогдож байна. /хх-72/

Орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг гэрчлэх үед нэхэмжлэгч Б.Б нь өөрөө биечлэн байгаагүй гэх атлаа тухайн цаг хугацаандаа нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргахгүй явсаар анх 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байгаа нь учир дутагдалтай байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлинй 40.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхэд нотариатч Г.Х нь Нотариатын тухай хууль /1997 оны 05 дугаар сарын 02-ны өдөр/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-т нотариатч, нотариатын үүрэг гүйцэтгэгч нь иргэн хуулийн этгээдээс эрхээ хэрэгжүүлэх, хууль ёсны эрх, ашиг сонирхолоо хамгаалахад нь үйлчлэх, тэдний эрх үүгийг нь тайлбарлан өгч, нотариатын үйлдэл хийснээс үүдэн гарах үр дагаврыг урьдчилан сануулж, зөвөлгөө өгөх, нотариатаар гэрчлүүлэх бичиг баримтын үнэн зөв эсэхийг нягтлах үүрэгтэй гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 216 тоот тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл эрхлэн хийх заавар-ын 4.1.9-д нотариатч, нотариатын үүрэг гүйцэтгэгч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ талуудыг байлцуулан уг гэрээ, хэлцлийн утга агуулга, түүнээс үүдэн гарах үр дагавар, гэрээний үүргийг биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг зөв ойлгосон эсэхийг тодруулна гэж заасныг тус тус зөрчсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Бийн хариуцагч Г.Хд холбогдуулан гаргасан 0000 өдрийн Орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг баталсан үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаадлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

7. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШЗ2023/21140 дүгээр иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар нэхэмжлэгч Б.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

8. Бусад:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ татан авах хүсэлтийг бичгээр гаргасан.

Нэхэмжлэгч Б.Б нь сонсголын бэрхшээлтэй /дохионы хэл мэдэхгүй, хэлмэрч оролцуулах боломжгүй, сонсгол муудсан/, түүний өмгөөлөгч нь шүүхээс болон хариуцагч талаас гаргаж буй тайлбарыг чихэнд нь чанга хэлж өгөх байдлаар шүүх хуралдаанд оролцдог.

Иймд шүүх талуудыг биечлэн байлцуулан уулзалт хийх замаар нэхэмжлэгчид нэхэмжлэлээ татан авах хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсантай адилхан үр дагавартай болохыг нэхэмжлэгчид тодорхой тайлбарлаж өгсөн. Уулзалтаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахгүй, шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нотариатын тухай хууль /1997 оны 05 дугаар сарын 02-ны өдөр/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн тойргийн нотариатч Г.Хийн 0000 өдрийн орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг баталсан үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШЗ2023/21140 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ