Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2023/05114

 

 

 

 

 

 

 

 

2023 11 21

101/ШШ2023/05114

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Чонос овогт Ж.А /рд:0000/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Бэйл овогт Б.О /рд:0000/-д холбогдох

 

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөг зээлдүүлж, зээлж аваагүй болохыг тогтоолгох, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэгт 17,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, өмгөөлөгч У.Х, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, Д.О, гэрч П.Т нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ж.А 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Б.Оын нөхөр П.Тоос 90,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлдэж авахаар тохиролцож зээлийн барьцаанд иргэн Ж.Анугийн өмчлөлд бүртгэлтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 46-А дугаар байрны зоорины хэсэг байршилтай, үйлчилгээний зориулалттай, 214 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх хөрөнгө, иргэн Д.Д, Э.С нарын өмчлөлд бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 0000 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай, 40 м.кв талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, иргэн Н.Нын эзэмших эрхтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул, 13 дугаар гудамжны 343 тоот хаягт байрлах 589 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Г-0000 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг газар дээр баригдсан өмчлөх эрхийн гэрчилгээгүй агуулахын хамт барьцаалахаар тохиролцсон.

П.Т нь мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхэлдэг иргэн бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк, хадгаламж зээлийн хорооны төлбөр барагдуулах албанд шийдвэр гүйцэтгэгчээр ажилладаг. Тухайн үед П.Т нь дээрх 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх болон эзэмших эрхийг худалдах, худалдах авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээгээр өөрийн өмчлөх, эзэмших эрхэд шилжүүлэн авсны дараа Ж.Ад 90,000,000 төгрөгийг зээлдүүлэх боломжтой гэсэн санал гаргаж, бичгээр ямар нэгэн баидлаар зээлийн болон барьцааны гэрээ хийхгүй аман хэлцлийн хүрээнд 5 хувийн хүүгээ сар бүр тохиролцсон хугацааны дотроо төлж, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үндсэн үндсэн зээлээ бүхэлд нь төлөхийг Ж.Ад санал болгосон. Тухайн үед нэхэмжлэгч Ж.Ад мөнгөний эрэлт, хэрэгцээ нэн чухал байсан тул П.Тын гаргасан саналуудыг хүлээн зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 23- ны өдөр Ж.Ану, П.Т хоёрыг уулзуулж Ж.Анугийн өмчлөлд бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 46-А дугаар байрны зоорины хэсэг байршилтай, үйлчилгээний зориулалттай, 214 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 25,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хийлгүүлж өмчлөх эрхийг П.Т руу шилжүүлэн өгсөн. Мөн өдөр Ж.А нь өөрийн төрсөн эх Н.Наас итгэмжлэл авч, итгэмжлэлийн үндсэн дээр Н.Нын эзэмших эрхтэй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консул, 13 дугаар гудамжны 343тоот хаягт байрлах 589 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-0000 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг газрын эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээгээр П.Тын эзэмшилд шилжүүлэн өгсөн.

Нэхэмжлэгч Ж.А нь нагац эгч Д.Д, үеэл дүү Э.С нарын өмчлөлд бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 0000 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай, 40 м.кв талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг дараа шилжүүлэх өгөхийг хүссэн байдаг. Ингээд П.Тын зүгээс маргааш өдөр нь буюу 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 90,000,000 төгрөгийг бус 60,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Агийн Хаан банкны 0000 тоот данс руу шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч Ж.А нь үлдэх 30,000,000 төгрөгөө зээлдүүлэхийг П.Тоос удаа дараа шаардаж байсан. Ингээд П.Тын зүгээс 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 30,000,000 тегрөгөө би чамд зээлдүүлье одоо бол би хөдөө орон нутагт албан ажлаар явна чи манай эхнэр Б.Оай уулзаад эгч, дүүгийнхээ байрын өмчлөх эрхийг манай хүн рүү шилжүүлчих тэгээд би чиний данс руу 30,000,000 төгрөгөө шилжүүлье гэсэн байдаг. Харин нэхэмжлэгч Ж.Агийн зүгээс манай эгч, дүү хоёр надад орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ хийх эрхийг олгохгүй байх харин зээлийн барьцаанд тавих эрхийг итгэмжлэлээр бол олгоно энэ асуудлыг яаж шийдвэрлэх талаар П.Ттой ярилцахад П.Т тухайн орон сууцыг зээлийн барьцаагаар авахыг хүлээн зөвшөөрсөн.

Ингээд нэхэмжлэгч Ж.А 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр нагац эгч Д.Д, үеэл дүү Э.С нараас тэдний өмчлөлд бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 0000 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай, 40 м.кв талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалах гэрээнд төлөөлж гарын үсэх зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа солих үйлдэл хийх эрхийг итгэмжлэлээр авч П.Тын эхнэр болох хариуцагч Б.Отай 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр уулзахаар цаг товлосон. Энэ үед П.Т надтай холбогдож чи манай хүнтэй уулзахдаа 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөгөө танай хүнээс зээлдэж авсан тэгээд зээлийн гэрээгээ баталгаажуулахаар өөртэй нь гэрээ хийх гэхээр хөдөө яваа юм байна тэгээд чамтай гэрээ хийхээр П.Ттой ярилцсан гэж хэлээрэй. Одоогоор надад 30,000,000 байхгүй байна. 2, 3 хоногоос надад 30,000,000 төгрөг орж ирнэ. Орж ирэхээр чам руу шилжүүлье болж байна уу гэхэд нэхэмжлэгч Ж.А зөвшөөрч, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Б.Оай 30,000,000 төгрөгийг 2017 оны 12 дугаарюарын 20-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх 4 сарын сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөх нөхцөлтэй зээлийн гэрээг бичгээр байгуулсан.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Б.Отай мөн өдөр барьцааны гэрээ байгуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 0000 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай, 40 м.кв талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр хариуцагч Б.Оад барьцаалж, барьцааны гэрээг Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн байдаг. Гэтэл, харамсалтай нь тохиролцоо ёсоор П.Тоос 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Агийн өмчлөлд шилжүүлэн өгөөгүй. Үүнээс улбаалан нэхэмжлэгч Ж.А, П.Тын хооронд үл ойлголцол үүссэн. Нэхэмжпэгч Ж.А нь хариуцагч Б.Оад П.Ттой ярьж тохиролцсон тохиролцоо биелэгдээгүйгээ хэлж 30,000,000 төгрөгийг П.Тоос аваагүйгээ тайлбарлан хэлж барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэхийг хүссэн боловч тэрээр манай нөхөр П.Тоос зээлдэж авсан 60,000,000 төгрөгөө бүрэн төлж дуусгасны дараа тантай үүрэг дуусгавар болсон хэлцэл хийж Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 0000 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай, 40 м.кв талбайтай, гурван өрөө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөх боломжтой гэсэн хуульд нийцэхгүй зүйлийг өнөөдрийг хүртэлх хугацаанд хэлж ирсэн. Нэхэмжпэгч Ж.А нь П.Тоос зээлдэж авсан 60,000,000 төгрөгөөс 41,200,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний хүртэлх хугацаанд 23 удаагийн төлөлтөөр өөрийн харилцах Хаан банкны 0000, 0000 тоот дансууд, ээж Н.Наранмандахын Хаан банкны 0000 тоот данс, найз эгч Ч.Гийн Хаан банкны 0000, нөхөр Д.Түвшинзаяагийн Хаан банкны 0000 тоот данснуудаас П.Тын Хаан банкны 0000данс руу бэлэн бусаар шилжүүлж байсан. Хариуцагч Б.О нэхэмжлэгч Ж.Атай байгуулсан зээлийн гэрээний барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөөгүй учраас П.Тод төлөх зээлийг зогсоосон байдаг.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ." гэж заасан. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж зохицуулсан байдаг. Иймээс хариуцагч Б.О 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Ж.Агийн өмчлөлд 30,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй тул зээлдэгч болох нэхэмжлэгч Ж.А нь зээлдүүлэгч болох хариуцагч Б.Оад 30,000,000 төгрөгийг буцаан өгөх үүрэг хуулийн хувьд үүсээгүй болно. Хэдий нэхэмжпэгч, хариуцагч нарын хооронд зээлийн гэрээ бичгийн хэлбэртэй байгуулагдсан боловч дээр дурдсан үндэслэлээс үзэхэд зээлийн гэрээний зүйлийг зээлдүүлэгч болох хариуцагч Б.Оаас зээлдэгч болох нэхэмжлэгч Ж.Ад шилжүүлэн өгсөн гэх үйл баримт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасан журмын дагуу нотлогдохгүй тул зээлийн гэрээг байгуулсан гэж хууль зүйн хувьд авч үзэж боломжгүй учраас нэхэмжлэгч Ж.А, хариуцагч Б.О нарын хооронд байгуулагдсан 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээний зүйл болох 30,000,000 төгрөгийг зээлдүүлж, зээлдэж аваагүй болохыг тогтоолгож түүний үр дагаврыг нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаар арилгуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна.

Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Б.Оай 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 0000 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай, 40 м.кв талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр хариуцагч Б.Оад барьцааны гэрээгээр барьцаалж, барьцааны гэрээг Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн байдаг. Зохигчдын хооронд байгуулагдсан 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн барьцааны гэрээ нь Иргэний хуульд заасан шаардлагыг хангаагүй, уг хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг баримталж гаргаагүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн хэлцэл-д тооцогдох хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд үүргийг хангах хугацаа, үнийг заана гэж, мөн зүйлийн 156.3-д Энэ хуулийн 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Зохигч талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйл болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримталж гаргаагүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д барьцааны гэрээг Иргэний хуулийн нийтлэг журам, энэ хуулийг баримтлан бичгээр байгуулах бөгөөд түүнд Иргэний хуулийн 156.2-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгана гэж заасан. Зохигч талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнд барьцаагаар хангагдах шаардлагыг Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зорилгоо тодорхойлж, түүний хэмжээг 30,000,000 гэж тодорхойлсон мөртлөө Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д зааснаар үүргийг хангах хугацаа, үнийг гэрээнд тусгаагүй байгаа нь мөн зүйлийн 156.3-д зааснаар тухайн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.А, хариуцагч Б.О нарын хооронд байгуулагдсан 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн барьцааны гэрээг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа:

Ж.А нь анх 2017 оны сүүлээр ...Яаралтай өнгөний хэрэг гарсан учир үл хөдлөх хөрөнгийг яаралтай хямд зарна гэсний дагуу би Ж.Атай анх холбогдсон. Ингээд Баянзүрх дүүргийн 0000тоотод байрлах 589 м.кв талбайтай 0000 нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай газрыг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ хийгдэх болоход дээрх үл хөдлөх хөрөнгө өөрийнх нь нэр дээр биш байсан. Ингээд учрыг тодруулахад миний төрсөн ээж Н.Нын маань газар байгаа юм асуудалгүй гэж хэлээд итгэмжлэл авснаа хэлсэн. Ингээд нөхөр П.Т Ж.А нар худалдан худалдан авах гэрээг байгуулсан. Үүний дараа удалгүй ээж гэх Н.Н гэх хүн гарч ирээд миний охин асар их хэмжээний мөнгөний асуудалтай болсон байна би хожим мэдлээ, миний гал голомт болсон эд хөрөнгийг чамд худалдсаныг хүнээс дуулж мэдлээ, би зар гэж хэлээгүй, мөнгөний асуудалтай учраас өөрт чинь худал хэлээд төөрөгдүүлж хэлцэл хийжээ гэсэн. Тэгэхээр нь юу яриад байна вэ та би дүү нараа амьдруулах зорилгоор худалдаж авсан буцаахгүй гэж хэлсэн. Үүний дараа Н.Н нь хэл амаар доромжлох гуйж гувших байдлаар удаа дараа надад хандсан учир би Ж.А руу холбогдож учрыг лавлахад ...ээжид гадагш явах зорилгоор таны хөрөнгийг түр хэрэглье гээд худлаа яриад итгэмжлэл авсан юмаа, одоо намайг алах гээд байна. Би мөнгийг чинь буцааж өгье, чи ээжийн газрыг буцаагаад өгчихөөч гэж хэд хоног гуйсан. Би ...ийм маргаантай юм руу дүү нараа оруулаад яах вэ чи миний мөнгийг нэг мөр өгвөл болж байна, хэл амтай төвөгтэй юм байна гэсэн. Үүний хариуд Ж.А ...би мөнгийг чинь үрчихсэн бага багаар өгнө гэхээр нь тухайн үед нэр дээр нь шилжүүлж өгөөгүй. Ингээд 2017 оны 11 сараас эхлээд 30,000,000 төгрөгөө буцаан төлж эхэлсэн ба 2018 оны 2 сард ...ээжийн маань газар дахин төлөвлөлтөд орчихлоо, чи гялс ээжид газрын шилжүүлээд өгөөч, үлдэх мөнгө дээрээ би зээлийн гэрээ байгуулаад, хөрөнгө барьцаалмаар байна гэхээр нь нөхөр бид 2 зөвшөөрсөн.

Тухайн үед нөхөр П.Т нь хөдөө орон нутагт ажлаар явж байсан учир Ж.Агаас хашаа байшин авахаар өгсөн мөнгөө буцаан хүүтэй авах зорилгоор зээлийн гэрээ байгуулж би 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөгийг Ж.Ад зээлүүлж Нийслэлийн 0000тоотод байрлах орон сууцны зориулалттай 40 метр квадрат талбайтай 3 өрөө, эрхийн Улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаанд авч 2018 оны 02 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээг Ж.Атай байгуулсан.

Уг зээлийн гэрээг байгуулах үед Ж.А нь 5,000,000 орчим төгрөгийг буцаан төлсөн байсан тул зээлийн гэрээний үнийн дүнг 30,000,000 төгрөгөөр байгуулсан юм. Тийм ч учраас уг зээлийн гэрээнд зээл олгосон өдрийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэж тусгасан байгаа. Газар худалдах-худалдан авах гэрээний үүрэг нь зээлийн гэрээний үүргээр солигдсон. 30,000,000 төгрөгийн зээлийн төлбөрөөс 17,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Уг мөнгөө төлөөд дуусвал барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхөд татгалзахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Бидний хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ дагуу Ж.А нь үндсэн зээлийн төлбөрт 10,000,000 төгрөг, нэг сарын хүү 1,500,000 төгрөг, алданги 6,000,000 төгрөг, нийт 17,500,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Иймд нэхэмжлэгч Ж.Агаас зээлийн гэрээний үүрэгт 17,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Бид зээлийн гэрээг бичгээр байгуулсан боловч уг гэрээний дагуу ямар ч мөнгө хүлээн аваагүй. Иймд зээлийн төлбөрийн үлдэгдэл гэж байхгүй. Хариуцагчаас гаргаж буй сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

6.1 нэхэмжлэгчээс гаргасан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, дансны хуулга,

6.2 хариуцагчаас гаргасан 2018 оны 03 сарын 01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн иргэний хэрэг үүсгэх, хэлэлцүүлэх, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжууд, Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0000 дугаар тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар, шаардах эрх шилжүүлэх гэрээ, дансны хуулга,

6.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн гэрчийн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч Б.Оад холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөг зээлдүүлж, зээлж аваагүй болохыг тогтоолгох, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 17,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Зохигчдын хооронд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б.О 30,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, Ж.А нь тохирсон хугацаанд зээлийн төлбөр төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-7/

Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Д.Д, Э.С нарын өмчлөлийн Нийслэлийн 0000тоотод байрлах орон сууцны зориулалттай 40 метр квадрат талбайтай 3 өрөө, эрхийн Улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ. /хх-8-9/

 

3.1 Дээрх зээлийн болон барьцааны гэрээг нэхэмжлэгч нь бодитоор байгуулаагүй, хууль зөрчсөн гэж, хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үлдэх төлбөрийг баталгаажуулж, үүрэг солигдсон хүчин төгөлдөр хэлцэл гэж тус тус тайлбарлаж, маргасан.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар, гэрч нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

4.1 Зохигчдын хооронд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 2.5-д зээл олгосон өдөр 2017 оны 12 сарын 20-ны өдөр гэж тусгасан байна.

 

4.2 Хариуцагч Б.Оаас ...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй нь үнэн. Гэхдээ уг зээлийн гэрээг байгуулах болсон үндэслэл нь нөхөр П.Т нь Баянзүрх дүүргийн 0000тоотод байрлах 589 м.кв талбайтай 0000 нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай газрыг 35,000,000 төгрөгөөр 2017 онд Ж.Агаас худалдан авахаар тохиролцсон. Анх худалдан авахаар тохиролцох үед Ж.А нь миний газар гэж байсан боловч гэрээ байгуулах үед Н.Н гэдэг хүний газар байсан. Ямар учиртай болохыг лавлахад Н.Н нь миний ээж бөгөөд газар худалдах эрхтэй итгэмжлэлийг надад олгосон гэж хэлсэн. Ингээд Н.Наас Ж.Ад олгосон итгэмжлэлийг үндэслэн уг газрыг худалдан авсан. Гэтэл Н.Н нь газраа худалдахгүй байсан, манай охин Ж.А нь худал хэлж төөрөгдүүлсэн байна гээд газраа буцааж авна гэх болсон. Ж.А нь манай нөхөр П.Тод ээжийн газрыг буцаагаад өгчих, газрын төлбөрт авсан 35,000,000 төгрөгөө би буцааж төлье гэсэн. Нөхөр П.Т газрыг нь буцааж Н.Над шилжүүлсэн, газрын төлбөрт төлсөн мөнгөө буцааж авахын тулд төлөгдөөгүй байгаа үлдэгдэл 30,000,000 төгрөгийг төлүүлэхийн тулд зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг байгуулах үед нөхөр П.Т хөдөө байсан тул би зээлийн гэрээг Ж.Атай байгуулсан гэж тайлбарласан.

 

4.2а Баянзүрх дүүргийн 0000тоотод байрлах 589 м.кв талбайтай 0000 нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай газрын өмчлөгчөөр 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Д.С бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-130/

 

4.2б 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Д.С болон П.Т нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Д.С нь Баянзүрх дүүргийн 0000тоотод байрлах 589 м.кв талбайтай 0000 нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай газрыг 35,000,000 төгрөгөөр П.Тод худалдсан байна.

 

4.2в Хариуцагчаас нөхөр П.Т нь Ж.Агаас газар худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулах үед тэрээр эх Н.Нын газар бөгөөд түр Д.С гэх хүний өмчлөлд байгаа гэж хэлсэн. Ингээд уг газраа худалдан авахдаа Д.Стай гэрээ байгуулж авсан гэж тайлбарласан.

 

4.2г Гэрч Д.Саас ...Ж.А гэдэг эмэгтэй энэ газрыг манай аав, ээжийнх бөгөөд та өөрийн нэр дээр түр шилжүүлж аваад өөр дээрээ надад зээл гаргаад өгөөч гэсэн. Тэгээд над руу газрын өмчлөлийг шилжүүлж өгсөн. Шилжүүлж өгөхөд ямар нэгэн төлбөр тооцоо бие биедээ өгч аваагүй. 2-3 таньдаг банк бус санхүүгийн байгууллагад газрыг танилцуулсан боловч үл хөдлөхгүй хоосон газар байсан учир санасан хэмжээний мөнгөнд хүрээгүй. Тийм учраас газрыг буцааж шилжүүлж өгсөн. Ж.Агийн зөвшөөрлөөр нэг эрэгтэй хүнд худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлж өгсөн. Энэ гэрээний дагуу би ямар нэгэн төлбөр аваагүй тэдгээр хүмүүс яасан эсэхийг би мэдэхгүй байна. Миний нүдэн дээр хэн нэгэндээ мөнгө өгч, аваагүй. Миний өмчлөлийн эд хөрөнгө биш эзэн буюу Ж.А нь П.Тод шилжүүлж өг гэсэн учир шилжүүлж өгсөн. Төлбөр мөнгөний асуудал тэр хоёрын хооронд болсон байх, мэдэхгүй байна. Гэрээний дагуу 35,000,000 төгрөгийг Ж.А нь П.Тоос хүлээн авсан талаар мэдэхгүй, хараагүй. Уг газрыг анх би өөрийн нэр дээр шилжүүлж авахад Ж.А нь аавын газар гээд бусдад шилжүүлэх эрхтэй итгэмжлэлтэй ирж байсан гэж,

Гэрч П.Тоос ...Ж.А надад Баянзүрх дүүргийн 0000тоотод байрлах 589 м.кв талбайтай 0000 нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай газрыг 35,000,000 төгрөгөөр худалдсан. Би 35,000,000 төгрөгийг гэрийнхээ гадаа машинд бэлнээр хүлээлгэн өгсөн. Газрыг авсаны дараа Ж.А нь ээж Н.Н газраа зарахгүй байсан гэж намайг загнаад байна, буцаагаад газрыг өгөөч, би мөнгийг нь чинь буцаагаад өгье гэсэн. Би хэл амтай газар байсан тул газрыг нь буцаагаад өгсөн. Газрын төлбөрт төлсөн мөнгөө буцааж авахын тулд зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед би хөдөө байсан учир эхнэр Б.Оыг очоод зээлийн гэрээ байгуулчих гэж хэлсэн гэж тус тус мэдүүлсэн.

 

4.2д 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр П.Т, Н.Н нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч П.Тыг төлөөлж Ж.А нь Баянзүрх дүүргийн 0000тоотод байрлах 589 м.кв талбайтай 0000 нэгж талбарын дугаартай гэр бүлийн зориулалттай газрыг худалдан авагч Н.Над 4,000,000 төгрөгөөр худалдсан байна. /хх-90/

 

4.3 Эдгээр бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр Ж.А нь газрын өмчлөгч болох өөрийн төрсөн эх Н.Наас бусдад худалдах эрхтэй итгэмжлэлийг авч, уг итгэмжлэлийг үндэслэн анх Д.Ст газрын өмчлөлийн эрхийг шилжүүлсэн. Дараа нь П.Тод уг газрыг худалдахаар тохирч, П.С, П.Т нарын хооронд худалдах-худалдан авах гэрээг хийлгүүлэх замаар газрын өмчлөх эрх П.Тод шилжсэн. Дараа нь П.Тоос анхны өмчлөгч Н.Над газрын өмчлөх эрх худалдах-худалдан авах гэрээгээр шилжсэн, уг гэрээг байгуулахад П.Тыг Ж.А төлөөлж байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

Үүнээс дүгнэхэд хариуцагч Б.Оаас гаргасан ...Ж.Агаас нөхөр П.Т нь газар худалдан авахаар тохирсон. Газрыг авсаны дараа газрын өмчлөгч байсан Н.Н нь газраа буцааж авахаар маргаан үүсгэсэн. Ж.А нь ээж уурлаад байгаа учир газрыг буцаагаад өгчих, газрын төлбөрт авсан мөнгөө нөхөр П.Тод буцааж төлье гэсэн. Ингээд газар худалдах-худалдан авах гэрээ цуцлагдаж, газрын төлбөрийн үлдэгдлийг нөхрийнхөө өмнөөс би зээлийн гэрээ байгуулах замаар баталгаажуулсан гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

5. Хариуцагч Б.О нь газар худалдах-худалдан авах гэрээний дагуу нөхөр П.Т нь 35,000,000 төгрөгийг Ж.Ад өгсөн, уг худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Уг үүргийн хүрээнд П.Т нь газрыг буцааж өгсөн. Харин Ж.Агаас авах 35,000,000 төгрөгөөс тэрээр 5,000,000 төгрөгийг төлсөн байсан тул үлдэх 30,000,000 төгрөгт зээлийн гэрээ байгуулах замаар худалдах-худалдан авах гэрээний үүрэг нь зээлийн гэрээний үүргээр солигдсон гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол үүрэг дуусгавар болно гэж заасан.

 

5.1 Хэдийгээр хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч Ж.А нь эх Н.Наас олгосон итгэмжлэлийг үндэслэн Д.Ст газрын эрхийг шилжүүлж, дараа нь тэрээр Д.Саас П.Тод газрын эрхийг шилжүүлэх тохиролцоог бий болгож, үүний дараа П.Тоос Н.Над газрын эрхийг буцааж шилжүүлэх үйл явдал бүрт заавар өгөх байдлаар идэвхитэй оролцсон болох нь тогтоогдсон боловч газар худалдах-худалдан авах гэрээний тал буюу худалдагч, худалдан авагчаар оролцоогүй байна. Өөрөөр хэлбэл, Ж.А нь бусдаас олгосон итгэмжлэлийн дагуу газрын өмчлөгчийг төлөөлж гэрээ байгуулж байсан байх ба худалдах-худалдан авах гэрээний талууд нь Н.Н, Д.С, П.Т нар байна.

 

5.1а Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж заасан.

Иймд бусдыг төлөөлөн газар худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан Ж.Аг гэрээний тал гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчаас гаргасан Ж.Атай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүрэг зээлийн гэрээний үүргээр солигдсон гэх тайлбар учир дутагдалтай.

 

5.1б Түүнчлэн хариуцагч Б.О нь газар худалдах-худалдан авах гэрээг түүний нөхөр П.Т нь Ж.Атай байгуулсан гэж тайлбарлах атлаа уг гэрээний үүргийг сольсон гэх зээлийн гэрээг Б.О, Ж.А нар байгуулсан байна. Үүрэг солигдох тохиолдолд өмнөх гэрээний талууд буюу хариуцагчийн тайлбарласнаар П.Т, Ж.А нар дараагийн үүрэг солигдож буй гэрээг байгуулах байтал гэрээний тал бус этгээд болох Б.О байгуулсан байгаа нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасантай нийцэхгүй байна.

 

5.2 Хариуцагч Б.О нь газар худалдах-худалдан авах гэрээний дагуу нөхөр П.Т нь 35,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Ад бэлнээр хүлээлгэн өгсөн, уг мөнгөнөөс 5,000,000 төгрөгийг төлсөн тул үлдэх 30,000,000 төгрөгийн үнийн дүнгээр зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарласан.

Гэвч П.Тоос 35,000,000 төгрөгийг Ж.Ад бэлнээр хүлээлгэн өгсөн гэх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Уг үйл баримтыг гэрч П.Тоос мэдүүлдэг боловч гэрчийн мэдүүлэг нь бусад бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсонгүй.

 

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

Дээр дүгнэснээр П.Т, Ж.А нарын хооронд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, худалдах-худалдан авах гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг Ж.Ад шилжүүлж өгсөн болох нь тогтоогдоогүй, уг гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон гэх боловч гэрээний талууд нь зээлийн гэрээг байгуулаагүй болох нь тогтоогдсон.

Иймд хариуцагч Б.О нь нэхэмжлэгч Ж.Ад 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан бичгийн зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй болох нь тогтоогдож байна.

 

7. Талуудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээгээр Д.Д, Э.С нарын өмчлөлийн Нийслэлийн 0000тоотод байрлах орон сууцны зориулалттай 40 метр квадрат талбайтай 3 өрөө, эрхийн Улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг Ж.А нь 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Оад барьцаалсан байна.

Уг барьцааны гэрээг улсын бүртэлд бүртгүүлсэн үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарлаж, энэ талаар маргаагүй.

 

7.1 Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж, 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

Дээрх барьцааны гэрээнд барьцаагаар хангагдах шаардлага, хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газрыг тодорхой тохиролцсон байх боловч барьцааны зүйлийн зах зээлийн үнийг заагаагүй байна. Нэхэмжлэгчээс гаргаж буй барьцааны гэрээнд барьцааны зүйлийн зах зээлийн үнийг заагаагүй байгаа нь уг барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ буюу хууль зөрчиж байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

7.2 Түүнчлэн нэхэмжлэгч Ж.А, хариуцагч Б.О нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бичгээр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй буюу талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй болох нь дээр дүгнэснээр тогтоогдсон. Уг хүчин төгөлдөр бус зээлийн гэрээг үндэслэн байгуулсан дагавар үүрэг болох барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Ж.А, Б.О нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хууль зөрчиж байгуулсан барьцааны гэрээг төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэв.

 

8. Нэхэмжлэгчээс гаргасан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөг зээлдүүлж, зээлж аваагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь уг зээлийн гэрээг үндэслэн байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагын үндэслэл нь байна.

Учир нь, нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу 30,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг бодитоор зээлдүүлж, зээлж аваагүй болохоо тогтоолгосноор уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах замаар барьцааны зүйлийг барьцаалбараас чөлөөлөх зорилготой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр 30,000,000 төгрөг зээлдүүлж, зээлж аваагүй болохыг тогтоолгох хэсгийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тусгах шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

 

9. Хариуцагч Б.О нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй тул түүний гаргасан зээлийн гэрээний үүрэгт 17,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 457,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 245,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.А, Б.О нарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэгч Ж.Агаас 17,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Оын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 457,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 245,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ