| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0418/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/20 |
| Огноо | 2025-12-30 |
| Зүйл хэсэг | 17.2.3.2., 17.7.1., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2026/ШЦТ/20
2025 12 30 2026/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Б.Даваахүү,
Шүүгдэгч ************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т**********н Б***********т холбогдох эрүүгийн 2538000000525 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
мөн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 2****** тоотод байх хохирогч П.М********ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг машины түлхүүрээ өг гэж хүч хэрэглэн хоолойнд нь заазуур тулган, ална гэж заналхийлж түүний эзэмшлийн ***** УБИ улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************** нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Т.У*********ын эзэмшлийн “Sonata N20” маркийн, ***** ХӨН улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн уг автомашиныг унаж замын хөдөлгөөнд оролцохдоо зүүн хойд хаалга болон хормойн эмжээрийг зурсан, баруун урд нэмэлт гэрлийг хагалсан, хөдөлгүүр моторыг цохиулах зэргээр бусдын эд хөрөнгийг гэмтээж, мөн машин дотор байсан гэх бэлэн 100,000 төгрөгийг авч хохирогч Т.У*********т 2,035,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 2****** тоотод байх хохирогч П.М********ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг машины түлхүүрээ өг гэж хүч хэрэглэн хоолойнд нь заазуур тулган, ална гэж заналхийлж түүний эзэмшлийн ***** УБИ улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2538000000525 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******************ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Т.У********* ахыг унтаад өгөхөөр нь би өмсөж байсан биеийн тамирын өмдний карманаас нь гадаа байсан автомашины түлхүүрийг нь аваад гарсан. Тэгээд Т.У********* ахын тээврийн хэрэгслийг асаагаад би өөрөө жолоодоод хамт Б************гийн гэр рүү Мөрөн сумын 10-р хороо орсон. ...Би одоогоос 7-8 жилийн өмнө М******** гэх эмэгтэйтэй танилцаж таньдаг болсон. Би М******** эгчийн гэрт 2025 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр очиж 2, 3 хоносон. Гэрт нь очиход М******** гэх хүнтэй хамтран амьдарч байгаа гээд цуг байсан. 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр М******** эгчийн гэрт Б********, А*******, М******, М******** нарын хамт өдөр архи ууж эхэлсэн. Тэгээд орой 18 цагийн үед гадаа харанхуй болсон байхад М******** намайг шоронгийн ялтан минь чи шорондоо яваач гээд доромжлоод байхаар нь миний уур хүрээд гал тогооны шүүгээнээс заазуур шүүрч аваад би чамайг ална шүү гээд заазууртай гараараа далайгаад орон дээр түлхэж унагасан. Тэгтэл М******** над руу машиныхаа түлхүүр шидэхээр нь би машиныг нь унаад Эрдэнэс баар луу явах зорилготой хөдөлсөн...” гэх мэдүүлэг,
Хохирогч Т.У*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Улаанбаатар хотоос өөрийн автомашинтай Улаанбаатар хотоос Мөрөн суманд 2025 оны 06-р сарын 04-нөөс 05-ны өдөрт шилжих шөнө ирээд машин дотроо хоноод маргааш нь буюу 2025 оны 06-р сарын 05-ны өдөрт Мөрөн сумын 3 дугаар хороонд байрлах таньдаг А***** гэх айлд ирсэн. Тэгээд тэднийд байж байгаад маргааш Мөрөнд ажилтай байсан болохоор хонохоор шийдэж тэдний гадаа зогсоол дээр өөрийн автомашинаа байрлуулаад оройн 21 цагийн үед урд өдөр нь хотоос ирсэн болохоор ядраад эрт унтсан. Тэгээд хэдэн цаг унтаж байгаад шөнийн 04-н цагийн үед сэрээд хувцаснаасаа өөрийн гар утсаа хайсан чинь олдоогүй. Тэгэхээр мөн машиныхаа түлхүүрийг хайгаад бас олдоогүй. Тэгээд би гэрээс гарч миний машин тавьсан газраа очсон чинь миний машин байхгүй. Хүн аваад явсан юм шиг байсан. Тэгээд би ганцаараа явган голын эрэг хойд тал дээгүүр хайсан боловч олдоогүй. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгээд би тэр хавиар хайж яваад Мөрөн сумын 3-р хорооны Эрхэс гэх дэлгүүрийн арын гудамжнаас өөрийн машинаа олсон. Тэгсэн миний машин дотор зүс таних нэг залуу архи согтууруулах ундаа хэрэглэсэн бололтой унтаж байсан. Тэгэхээр нь би дуудаж босгоод цагдаагийн байгууллага дээр авчирсан. ...Миний алдсан тээврийн хэрэгслийн жолоочийн арын хаалганд зураас сэв тогтсон, урд куперийн нэмэлт гэрлийн нэгийг нь хаяад нэгийг нь утсыг нь тастсан, мотор нь том масалгүй болгоод халаасан, шатахууныг нь дуусгаад зогссон байсан. ...Гар утас байхгүй Самсуник А32 загварын шинээр аваад сар гаран болж байгаа анх 300,000 төгрөгөөр авч байсан. Мөн машин дотор байсан түрүүвчинд байсан 100,000 төгрөг байхгүй байна. ...Тухайн үед Т*********ид орох үедээ машиндаа өөрийн бичиг баримттай бэлэн 100,000 төгрөгтэй үлдээгээд машинаа цоожлоод орсон байдаг. Тэр үед би гар утас, машины түлхүүрээ халаасандаа хийгээд унтаад өгсөн хойгуур Б******* миний автомашинд түлхүүрийг аваад явсан байсан. Харин гар утсыг бол би нойрондоо гар утсаа халаасандаа хийсэн байсан. Тухайн үед Б***********ийг авсан гэж мэдүүлсэн. Харин Т********* гэх айлд унтаж байхдаа орны ар талаар нь унагаасан байна лээ. Тэгээд тэр үед утасны цэнэг нь дууссан байсан бөгөөд 2 хоногийн дараа нөгөө унтаж байсан орныхоо араас олсон. Харин машин дотор байсан түрүүвчинд 100,000 төгрөгийг үлдээсэн байсан боловч машинаа Б***********той хамт олох үед тухайн мөнгө байхгүй болсон байсан. Б***********т өмнөх өдөр мөнгө байгаагүй тэгсэн мөртлөө миний машин дотор шинээр авсан бололтой талаасаа дээгүүр архи байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 7-13-р хуудас),
Хохирогч П.М********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд манай хүнтэй хамт архи уудаг Б******* гэдэг залуу байнга манай гэрээр орж гардаг юм. Сүүлийн дөрвөн хоног тасралтгүй манай гэрт архи ууж байгаа юм. ...Тэгээд өнөөдөр манай гэрт Б***********, манай хүн М********, А**********, М********, бас нэг танихгүй хүүхэн нар архи уусан. ...Өнөөдөр орой 20 цагийн үед Б******* нь манайд архи ууж байгаад гэнэт л зуухны хажууд байсан цагаан иштэй заазуур аваад над дээр хүрч ирээд ална, чамайг хоолойг чинь хэрчинэ гэж хэлээд тэр заазуураар миний хоолойнд тулгасан. Тухайн үед би уг нь ямар ч гэм хийгээгүй зүв зүгээр тамхи татаад орон дээр сууж байсан. Тухайн үед Б******* хоолойнд заазуур тулгасан байхдаа миний өмдний болон цамцны кармаг гараараа тэмтэрч үзээд байсан. Харин машиныхаа түлхүүрийг баруун гартаа атгасан байсан. Үүнийг Б******* хараад миний гараас шууд түлхүүрийг маань булаагаад авсан. ...Гэрээс гараад хашааны гадаа байсан машиныг маань унаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 85-р хуудас),
Гэрч Б.Б************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр би Мөрөн сумын 2-р хороонд байдаг Т********* гэх айлд байхад тэр өдөр гаднаас У********* ах Б******** гэх манай эгч Б******* нар ирээд бид нар хамт нэг шил архи хувааж уусан. Тэр үед цаг оройн 20 цаг болж байсан байх тэгээд бид нар нэг шил архи хувааж уугаад У********* ах ядраад байна гээд унтсан. Би бас унтах гээд хэвтэж байхад Б******* намайг өшиглөж босгоод хоёулаа хамт манай ахын очоод ирий гэхээр нь яах юм гэж хэлсэн чинь Б******* зүгээр мөнгө аваад ирий гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр гэрээс гараад хашааны гадаа байшингын хажууд байсан автомашины дэргэд очоод Б******* өөрийн өмсөж явсан өмдний карманаасаа машины түрхүүр гаргаж ирээд тухайн У********* ахын машиныг асаагаад өөрөө жолоодоод би хажууд нь суугаад тэндээс хөдлөөд бид 1-р хорооны засмалаар өгсөөд 3-р хороонд Б******* нэг айлд очсон. Тэгээд Б******* тэр айлд ороод удалгүй гар ч ирээд тэгээд бид хоёр тэндээс хөдлөөд шууд 10-р хороо явсан. Уг явж байх замдаа миний танихгүй хоёр эмэгтэйг Б******* машинд суу гээд суулгасан. Тэгээд бид 4, 10-р хооронд очоод нэг гудамжинд машинаа үлдээгээд Б******* ганцаараа алхаж дэлгүүр орсон байсан. Би тэр хооронд буугаад гэр лүүгээ явсан. Тэгээд Б******* тэр хоёр эмэгтэй үлдсэн...” гэх мэдүүлэг, (хх-ийн 20-22-р хуудас),
Гэрч Я.Б**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд архи ууж байхад Б******* тэр настай ахыг машины түлхүүрээ өг гэхэд нөгөө ах өгөхгүй гэсэн чинь гал тогооны шүүгээнээс цагаан иштэй заазуур барьж аваад тэр настай ахын хоолойнд тулгаад машины түлхүүрийг нь Б******* булаагаад авсан. Тэгээд түлхүүрийг нь аваад гэрээс гарч яваад машиныг нь унаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 87-88-р хуудас),
Гэрч Б.М********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Намайг согтуу унтаж байтал М******** сэрээгээд Б******* чинь намайг заазуураар алах гээд байна гэхээр нь бостол Б******* сууж байсан санагдаж байна. ...Би хараагүй болохоор мэдэхгүй байна. М******** сэрээхээр нь бостол машины түлхүүр булаагаад авсан гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 148-150-р хуудас),
Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №ТХҮ-925/912413 дугаартай “...Уг автомашины зүүн хойд хаалга болон хормойн эмжээр зурагдсан, баруун урд нэмэлт гарал хагарсан, хөдөлгүүр мотор цохисон. ...Солигдсон сэлбэгийн үнийг тухайн өдрийн ханшаар тогтоосон болно. ...Үнэлгээний дүн 1,935,000 төгрөг...” гэх тайлан (хх-ийн 26-37-р хуудас),
2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 38-39-р хуудас),
2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 91-97-р хуудас),
Ашид билгүүн хөрөнгийн үнэлгээний ХХК-ны 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 9396 дугаартай "... Тоуоta Рrius 20 маркийн автомашин нь 2025 оны 11 дүгээр сарын байдлаар манай улсын зах зээлийн дунджаар 7,500,000 /долоон сая таван зуун мянга/-н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх тодорхойлолт (хх-ийн 143-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-6, 82-р хуудас),
2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн тогтоол, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол ( хх-ийн 100-101-р хуудас),
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 151-р хуудас),
Шүүгдэгч ******************ийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 41-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 42-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 43-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 44-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 45-47-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 244 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 48-51-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2538000000525 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч ************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ************** нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Т.У*********ын эзэмшлийн “Sonata N20” маркийн, ***** ХӨН улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн уг автомашиныг унаж замын хөдөлгөөнд оролцохдоо зүүн хойд хаалга болон хормойн эмжээрийг зурсан, баруун урд нэмэлт гэрлийг хагалсан, хөдөлгүүр моторыг цохиулах зэргээр бусдын эд хөрөнгийг гэмтээж, мөн машин дотор байсан гэх бэлэн 100,000 төгрөгийг авч хохирогч Т.У*********т 2,035,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 2****** тоотод байх хохирогч П.М********ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг машины түлхүүрээ өг гэж хүч хэрэглэн хоолойнд нь заазуур тулган, ална гэж заналхийлж түүний эзэмшлийн ***** УБИ улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т.У*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн гэх мэдүүлэг (хх-ийн 7-13-р хуудас), хохирогч П.М********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 85-р хуудас), гэрч Б.Б************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 20-22-р хуудас), гэрч Я.Б**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 87-88-р хуудас), гэрч Б.М********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 148-150-р хуудас), Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №ТХҮ-925/912413 дугаартай тайлан (хх-ийн 26-37-р хуудас), 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 38-39-р хуудас), 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 91-97-р хуудас), Ашид билгүүн хөрөнгийн үнэлгээний ХХК-ны 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 9396 дугаартай тодорхойлолт (хх-ийн 143-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-6, 82-р хуудас), 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн тогтоол, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол ( хх-ийн 100-101-р хуудас), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 151-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч ************** нь 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Т.У*********ын эзэмшлийн “Sonata N20” маркийн ***** ХӨН улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, мөн уг автомашиныг унаж замын хөдөлгөөнд оролцохдоо зүүн хойд хаалга болон хормойн эмжээрийг зурсан, баруун урд нэмэлт гэрлийг хагалсан, хөдөлгүүр моторыг цохиулах зэргээр бусдын эд хөрөнгийг гэмтээж, мөн машин дотор байсан гэх бэлэн 100,000 төгрөгийг авч хохирогч Т.У*********т 2,035,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 2****** тоотод байх хохирогч П.М********ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг машины түлхүүрээ өг гэж хүч хэрэглэн хоолойнд нь заазуур тулган, ална гэж заналхийлж түүний эзэмшлийн ***** УБИ улсын дугаартай Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж тус тус үйлдсэн бөгөөд дээрх хохирол, хор уршиг нь шүүгдэгч ******************ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч ************** нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ************** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ******************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс суртахуун, зан заншлын мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч ************** нь хохирогч Т.У*********ын өмчлөх эрхэд халдаж 2,035,000 төгрөгийн хохирол, хохирогч П.М********ын өмчлөх эрхэд халдаж 7,500,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна. Шүүгдэгч ************** нь хохирогч П.М********ын Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 151-р хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирогч П.М********ад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Т.У********* нь шүүгдэгч ******************ийг эрэн сурвалжлахтай холбогдуулан гарсан зардал, эд хөрөнгөд учирсан 2,035,000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байх бөгөөд шүүгдэгч нь 2,035,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс 2,035,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.У*********т олгож шийдвэрлэв. Харин хохирогч Т.У********* нь шүүгдэгч ******************ийг эрэн сурвалжлахтай холбогдуулан гарсан зардлаа иргэний журмаар шүүгдэгч ******************оос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдлаа.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т**********н Б***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч ******************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг 1 хоногийн хорих ялаар тооцож нийт 60 хоногийн буюу 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************т оногдуулсан 5 жил, 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч ************** нь урьд 2 удаагийн ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 44-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 45-47-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 244 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 48-51-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ************** нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь ам бүл 3, ээж, ахын хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ******************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг 1 хоногийн хорих ялаар тооцож нийт 30 хоногийн буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************ийн цагдан хоригдсон 48 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.
Эрүүгийн 2538000000525 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2538000000525 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч П.М********ад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.У********* нь шүүгдэгч ******************ийг эрэн сурвалжлахтай холбогдуулан гарсан зардлаа иргэний журмаар шүүгдэгч ******************оос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдлаа.
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М******* овогт Т**********н Б***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Т**********н Б***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар 5 (тав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч ******************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 5 (тав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг 1 (нэг) хоногийн хорих ялаар тооцож нийт 30 (гуч) хоногийн буюу 1 (нэг) сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 (тав) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************т оногдуулсан 5 (тав) жил, 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******************ийн цагдан хоригдсон 48 (дөчин найм) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ******************оос 2,035,000 (хоёр сая гучин таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.У*********т олгосугай.
7. Эрүүгийн 2538000000525 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
8. Эрүүгийн 2538000000525 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч П.М********ад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.У********* нь шүүгдэгч ******************ийг эрэн сурвалжлахтай холбогдуулан гарсан зардлаа иргэний журмаар шүүгдэгч ******************оос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР