Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 156/ШШ2023/00514

 

2023 10 06 156/ШШ2023/00514

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

156/2022/00064

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж,  шүүгч П.Болормаа, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн Б танхимд  хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн ..оршин суух, Ш. овогт Д.Г,

Хариуцагч: Хэнтий аймгийн .................... оршин суух, Д овогт Д.Э.

Нэхэмжлэлийн шаардлага: 2,115,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: Д.Г.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Г /цахимаар/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Г.

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Н.

Иргэдийн төлөөлөгч Ч.О.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Т. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Г. нь хариуцагч Д.Э.д холбогдуулан 2,115,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр манай бэлчээрт байсан 18 тооны ишгийг Д.Э-ын гэрийн тэжээвэр нохой барьсан юм. Тухайн үед Д.Э.х танай малын хохирлыг төлж барагдуулж өгнө гэсэн атал одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. 18 тооны ишиг маань одоо байсан бол борлон байх байсан. Мөн бид борлонгоосоо ноолуур авах байсан. Иймд 18 тооны ишигний үнийг тухайн үед төлөөгүй тул одоо борлон ямааны зах зээлийн үнэлгээ болох 18х80,000=1,440,000 төгрөг, ашиг шимийн зардал болох ноолуур 18х250=4,5кгх150,000=675,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Г. шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагчаар тогтоогдсон Д.Э. эхнэр нь бөгөөд манай "Аадар" нэртэй охин нохойноос айлын ишиг барьсан гэх Мулан нэртэй нохой маань 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн. Манайх Мулан гэдэг нэр өгсөн. Төрсөн цагаас нь Муланыг тэжээж байсан ба Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд нөхрийн дүү П.д байх хугацаандаа 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дүү П.ийн урд талын эгнээнд явж байгаад нохой буудаж байсан хүмүүст буудуулж үхсэн. Манай нохой болох "Мулан" нь тайван, хүн дайрдаггүй, номхон нохой байсан. Төрсөн цагаасаа хөдөө мал дээр байсан бөгөөд малд их ойрхон өссөн нохой байсан ба энэ хугацаанд хүн рүү дайрч байсан, хүний биед халдаж гэмтэл учруулсан, явган, морьтой, мотоцикольтой, машинтай ямар ч хүнийг дайрч байсан тохиолдол байгаагүй, мөн айлын мал руу дайрч байсан удаа байхгүй. 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Д.Г.ийн хүү Х. нь над руу утсаар залгаад "Энд нэг нохой байна, ишиг барьчихлаа ирж нохойгоо ав" гэж хэлсэн, анх надтай утсаар хэлэхдээ тэдэн ишиг гэж хэлээгүй намайг яваад очиход үхсэн 18 ишгийг энэ тэндээс авчирч гаргаж үзүүлж байсан, харахад гэдэс гүзээ, хүзүүг нь хүү татчихсан урчихсан юм харагдаагүй, цус нөж харагдаагүй би гайхаад манай нохой ийм олон ишиг барьчихсан юм уу гэж хэлсэн, итгээгүй. Манай нохойг бариад гэрийнхээ үүдэнд уяагаар уячихсан байсан, их номхон нохой болохоор ямар ч хүнд амархан баригддаг нохой байгаа юм. Манай нохой өдий хүртэл айлын мал руу нэг ч удаа дайрч байгаагүй ш дээ ямар сонин юм бэ гэж хэлсэн. Манай гэрт энэ явдал өнгөрснөөс хойш 7 хоногийн дараа ах дүү нараараа дөрөв таван хүн ирж намайг хэдэн талаас элдвээр хэлж загнасан, намайг хохирол төлөхийг шахаж шаардсан. Би арга буюу 1 ишгийг 30,000 төгрөгөөр тооцож төлөх юм уу яах юм бэ, гэхдээ манай нохой мал руу дайрдаг нохой бишээ гэж хэлсэн. Манайх Д.Г.аас 4-5 айлын цаана нутагладаг. Манайхыг тойроод ойрхон нутагладаг айлууд гэвэл П., Э.нх гэсэн айлууд байдаг. Нохойгоо гөлөг байхаас нь эхэлж тэжээсэн. Ойр хавиар байдаг айлуудын ишиг хургуудыг үргээгээгүй байж 4-5 айлын цаана байдаг айлын ишгийг барьсан гэхэд нь би итгэхгүй байгаа. Би гэрчийн мэдүүлэг дээр суусан. Тэгэхэд Г. эгчийн төрсөн хүү Х. нь гэрч болж, төрсөн хүүгийнх нь найз нь гэрч болж, бэр нь гэрч болж байгаа. Дандаа ах дүү нар нь гэрч болсон нь надад гомдолтой байсан. Одоо 1 тооны ишгийг 30,000 төгрөгөөр тооцож нийт 18 тооны ишигний үнийг төлөхөөр эвлэрэн зохицъё гэвэл зөвшөөрч байна. Харин Д.Г.ийн нэхэмжилж байгаа 2,115,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

4. Иргэдийн төлөөлөгч Ч.О. дүгнэлтдээ: Хариуцагч Я.Г. нь нохойны эзэн юм байна. Нохойгоо сайн уяж байгаагүй учир буруутай байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс хэрэгт дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

5.1. Нэхэмжлэгч Д.Г.ийн иргэний үнэмлэхийн хуулбар  (хх-ийн 6 хуудас),

5.2. Бодит үнэлгээ ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 7-13 хуудас),

5.3. Ишиг болон нохойны гэрэл зураг  (хх-ийн 14 хуудас),

5.4. Нохойг эрэж facebook-т тавьсан болон үхсэн нохойны гэрэл зурагт (хх-ийн 58 хуудас),

5.5. Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 175 дугаартай албан бичиг (хх-ийн 85 хуудас),

5.6. Анч тайга нохой группэд тавьсан постын комментын зураг (хх-ийн 86 хуудас),

5.7. Үхсэн ишигний дүрс бичлэг буулгасан флаш-1ш

6. Хариуцагч талаас хэрэгт дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

6.1. 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 0395 дугаартай Д.Э.оос, Я.Г.д олгосон итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 20 хуудас),

6.2. Д.Э., Я.Г. нарын гэрлэлтийн лавлагаа (хх-ийн 21 хуудас),

 

7. Нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч Б.О., Б.Х., Д.Г., П.Б.с нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг шүүх бүрдүүлсэн (хх-ийн 65-76, 96-99 хуудас),

8. Хариуцагч талын хүсэлтээр гэрч П.П., А.Э. нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг шүүх бүрдүүлсэн (хх-ийн 77-82 хуудас)  материал байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022 оны 4 дүгээр сарын 09ий өдөр хариуцагч Д.Э.ын өмчлөлийн нохой манай 18 тооны ишгийг барьж алсан, энэ хохирлыг тухайн үед төлөөгүй тул одоо 2023 онд борлон болох байсан тул 18 тооны ишгийг борлонгийн үнээр бодож 1,440,000 төгрөгийг, мөн 18 тооны борлонгоос авах байсан ноолуурын үнэ 675,000 төгрөг, нийт 2,115,000 төгрөг нэхэмжилж байна гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2022 оны 4 дүгээр сарын 09ий өдөр би Д.Г.ийн гэрийн гаднаас нохойгоо очиж авахдаа бариулсан гэх 18 тооны ишгийг харсан. Манай нохой мал барьдаггүй юм даа гэж бодогдсон. Маргааш нь Д.Г. ах, эгч нартайгаа манайд ирж төлж өг гэж дайраад байсан тул би 1 ишгийг 30,000 төгрөгөөр бодож төлөх юм уу гэж хэлсэн. Одоо 18 тооны ишиг нийт 540,000 төгрөгийг төлье, үүнээс нэмж төлөх боломжгүй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

2022 оны 4 дүгээр сарын 09ий өдөр нэхэмжлэгч Д.Г.ийн төллөсөн хонь, ямаа руу гэрийн тэжээмэл нохой дайрч 18 тооны ишгийг барьсан, улмаар уг ишгүүд бүгд үхсэн үйл явдлын талаар талууд маргаагүй, харин уг нохой нь хариуцагч Д.Э.ын нохой мөн эсэх дээр маргасан.

Гэвч хэрэгт авагдсан гэрч Б.О. /хх-ийн 66-68/, Б.Хосбаяр /хх-ийн 70-77/, Д.Ганцэцэг /хх-ийн 74-75/, П.Б. нарын мэдүүлэг, гэрэл зураг /хх-ийн 14/, эд мөрийн баримт болох 1 ш флашид буулгасан бичлэг, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 2022 оны 4 дүгээр сарын 09ий өдөр хариуцагч Д.Э.ын өмчлөлийн нохой нэхэмжлэгч Д.Г.ийн эзэмшлийн 18 тооны ишгийг барьж алсан үйл баримт тогтоогдож байна.

5. Хэрэгцээгээ хангах зорилгоор амьтныг тэжээн өсгөсөн этгээд нь амьтныг өөрийн хяналтад байлгаж чадаагүйгээс бусадад хохирол учруулсан тохиолдолд хуульд зааснаар гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй байдаг. Харин амьтны өмчлөгч этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсаны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зохицуулсан.

6. Хариуцагч тал нь уг ишгийг манай нохой бариагүй, манай нохой мал барьдаггүй гэж мэтгэлцэж, үүнийгээ нотлуулахаар шүүхэд П.П., А.Э. нарыг гэрчээр мэдүүлэг авахуулсан боловч эдгээр гэрч нар нь хариуцагч Д.Э.ын нохой нь мал барьж байгаагүй гэж мэдүүлсэн бөгөөд харин 2022 оны 4 дүгээр сарын 09ий өдөр хариуцагч Д.Э.ын өмчлөлийн нохой нэхэмжлэгч Д.Гийн эзэмшлийн 18 тооны ишгийг бариагүй болохыг нотлоогүй. Мөн хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн өөр баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэргийн оролцогч өөрийн шүүхэд гаргасан шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...тэр өдөр надад үхсэн 18 тооны ишиг гэж үзүүлсэн харин яг 18 тооны ишиг байсан эсэх нь мэдэхгүй, би тоолоогүй..., ...зарим үхсэн ишиг нь тухайн үед үхсэн гэж хэлэхээргүй хатчихсан ишиг байсан... гэж мэтгэлцэх боловч тухайн үед нэхэмжлэгч талд энэ талаар хэлж шийдвэрлэх боломжтой байсан байна.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байдаг.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж хуульчилсан.

8. Иймд нэхэмжлэгч Д.Г. нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар буруутай этгээдээс шаардах эрхтэй байна. Ингэхдээ гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байдаг. Харин нэхэмжлэгч тал ишгээ нохойнд бариулж хохирсон тул ишгээ л нэхэмжлэх эрхтэй. Тэрээр ишиг жилийн дараа буюу 2023 онд нэг нас нэмээд борлон болсон байх ёстой хэмээн борлонгийн үнэ болон түүнээс авах байсан ноолуурын үнийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Д.Г. нь 2022 онд 18 тооны ишгээ нэхэмжлэх эрх нь нээлттэй байсан.

9. Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд ...18 тооны ишигнээс 2 тооны ишиг нь Д.Г.ийн өмчлөлийн ишиг байсан гэдэг нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна. Д.Г. нь Д.Г.ийн өмнөөс нэхэмжлэх эрхгүй байна... гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан гэрч Д.Г.йн шүүхэд өгсөн ...нохой барьсан ишиг дотор миний 2 тооны ишиг орсон. Гэхдээ манай мал Д.Г.ийн нэр дээр тоологдож явдаг... гэх мэдүүлэг, нэхэмжлэгч Д.Г.ийн шүүх хуралдаанд өгсөн ...Д.Г.йн 2 тооны ишгийг бас нохой барьсан. Энэ мал бүгд миний нэр дээр тоологдож явдаг... хэмээн тайлбарласан. Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Д.Г.г 18 тооны ишигний үнэ нэхэмжилсэнд маргаагүй, тэрээр 1 тооны ишгийг 30,000 төгрөгөөр тооцож нийт 18 тооны ишигний үнийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.

10. Хэрэгт ишигний үнэлгээ авагдаагүй боловч амьтны өмчлөгч буюу хариуцагч нь амьтныг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд бусдад хохирол учруулахгүй, сөргөөр нөлөөлөхгүй байх бүхий л арга хэмжээг авсан байх шаардлагатай байдаг. Хариуцагч нь энэхүү үүргээ биелүүлээгүй тул шударга ёсны зарчмыг үндэслэн хариуцагч Д.Э.оос 18 тооны ишигний үнийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т зохигч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болохоор хуульчилсан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...1 ишгийг 30,000 төгрөгөөр бодож төлөхөөр эвлэрч болно... гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд нэхэмжилсэн 2,115,000 төгрөгөөс 540,000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1,575,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Я.Г. нь нохойны эзэн юм байна. Нохойгоо сайн уяж байгаагүй учир буруутай байна гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э.оос 540,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 16,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г.д олгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Э.оос 540,000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г.д олгож, нэхэмжлэлийн үлдэх 1,575,000 /нэг сая таван зуун далан таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э.оос 540,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 16,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Гэрэлмаад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА

 

ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ