| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 195/2025/2432/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2691 |
| Огноо | 2025-12-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Бум-Аюуш |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2691
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам,
улсын яллагч Д.Бум-Аюуш,
хохирогч ************,
шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *************ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405047230941 дүгээр хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *************
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *************** нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн **** дугаар хороо, “*********” зочид буудалд хохирогч ****************ийн биед халдаж, эрүүл мэндэд “баруун гарын ядам хурууны хумсны хуулрал, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Тухайн өдөр хаалгыг нь олон удаа нүдсэн, гарах цаг болчихлоо гэхэд “за” гээд байсан. *********** миний үснээс зулгаасан, үсэдсэн. Манай ажлын 2 эгч орж ирээд салгасан. Өрөөнд утас булаацалдсан, тэр үед л болсон” гэв.
Хохирогч ********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид хэд үүрээр 5 цагийн үед уг буудалд орсон. 11 цаг болж байхад хаалга их тогшсон. Манай нэг эрэгтэй найз хаалга онгойлгосон чинь эгч хутгатай байснаа чичилж байгаад “цаг чинь болсон, гар” гээд байсан. Манай найз болоод миний гуя руу алгадсан. Тэгээд гараад орж ирэнгүүтээ бичлэг хийсэн. Би “боль оо” гээд утсыг нь булааж авсан. Тэгэхэд намайг орон дээр дарж унасан. Хумс өвдсөн. Тэгээд цагдаа дуудсан” гэв.
Эрүүгийн 2405047230941 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч ************ийн: “2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр найз ***********ийн төрсөн өдөр болоод найзуудын хамт тэмдэглэж байгаад өглөө 04 цаг өнгөрч байхад **********, ************, **********, *********, ********* бид нар Бичил хорооллын тэнд байрлах “**********” нэртэй буудалд орсон. Захиалсан өрөө зурган дээрх шигээ биш байхаар нь би “цэвэрхэн юм уу” гэхэд ресейпшн эгч “цэвэрхэн биш бол зайл, чамайг оруулаад байх хүн байхгүй” гэхээр нь “ямар сонин хандлагатай юм бэ” гэхэд “зайлаа чамайг би оруулахгүй” гээд байсан. Манай найзууд “боль, хэрүүл болно” гээд намайг дагуулаад буудлын өрөө рүү орсон. Бид тоглоод пиво, сөжү архи ууж байгаад унтсан. Өдөр 12 цаг өнгөрч байхад ресейпшн эгч хаалга хүчтэй тогшиж байгаад өрөөнд орж ирээд “цаг чинь болсон байна зайл” гээд байхаар нь би гайхаад харахад ***********ийг хэвтэж байхад “босооч” гээд гуя руу нь алгадаад, дараа нь **********г бас алгадсан. Тэгээд над руу ирээд гуя руу гараараа цохихоор нь “та яагаад гар хүрээд байгаа юм бэ” гэхэд “цаг чинь болсон байхад хурдан зайлаач” гэхээр нь “бид нар үйлчлүүлэгч нар та гар хүрэх эрх байхгүй шүү” гэхэд миний хажууд унтаж байсан ************ыг 3-4 удаа хөл рүү нь цохиод утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байхаар нь би босоод утсыг нь аваад бичлэгийг зогсоох гэхэд намайг ор руу түлхээд үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үсдээд утсыг нь барьчихсан байхад надаас булаагаад гар утсаараа миний баруун гарын ядам хурууг цохиход хумс унаад цус гарсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би хоёр гараараа үсийг нь зулгаагаагүй, зүүн гараараа л зулгаасан. Миний баруун гарт тэр эгчийн утас байсан, эгч утсаа авах гэж над руу дайраад миний баруун гарын ядам хурууг гэмтээсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18, 20 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2024.11.05-ны өдрийн 14409 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.*************ийн биед баруун гарын ядам хурууны хумсны хуулрал, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
Шинжээч эмч T.Амартүвшингийн: “Хумсны хуулрал нь хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтлүүдийг өөрөө учруулах боломжгүй гадны үйлчлэлээр үүснэ. Боломжтой, гадны үйлчлэл буюу гадны механизмаар үүснэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),
Гэрч **************: “...******* зочид буудалд өглөө 06 цагийн үед ороход ресейпшн эгч сонин харьцаад байсан. Бид нэг өрөө авч архи ууж байгаад унтсан. Унтаж байхад өрөөний хаалгыг чанга тогшихоор нь би сэрсэн. Ресейпшн эгч орж ирээд бид нарыг шууд загнаж “босооч ээ гар одоо” гэж найзуудын хөнжлийг сөхөж, гуя, нуруу хэсэгт цохихоор нь уурлаж цагдаа дуудах дээр тулахад нөгөө эгч гэнэт гарч яваад удалгүй утсаараа бичлэг зөвшөөрөлгүй хийгээд ороод ирэхэд ******** бичлэгийг нь болиулах гэхэд *********ийн үсийг зулгааж орон дээр унагааж дээр нь гараад үсдээд хумс, зүүн талын чихээс нь цус гарсан. ********** зүүн гараараа үснээс нь зулгаасан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),
Шүүгдэгч **************ын яллагдагчаар өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 31-ний шөнө 04 цагийн үед 2 охин 3 залуу манай буудалд орж ирээд өрөө авсан. Би оруулахдаа “12 цагт гарна шүү” гэхэд “за” гэсэн. Би 11 цаг 30 минутад “гарах цаг болсон” гээд сануулдаг тул очоод хаалга нүдэхэд чимээгүй байсан. 12 цаг 30 минутад хаалга нүдэхэд нэг залуу гарч ирээд “за” гээд буцаад унтчихсан байсан. 13 цаг 40 минутад би хаалга нүдээд ороод цаад талд унтаж байсан эрэгтэй, эмэгтэй хүнийг босоорой гээд хөл рүү цохиход за гэсэн. Нөгөө талд хэвтэж байсан эрэгтэй, эмэгтэй хоёрыг бос гэхэд “04 цагт орчихоод яасан гэж гардаг юм, орсон цагтаа гарна” гэж хэлсэн. Би “Миний буух цаг болчихсон байна, гэр лүүгээ хүүхэд рүүгээ явмаар байна” гэж хэлээд буцаад алхтал миний ар талаас тэр охин үсдээд дарсан. Би гарч утсаа авчраад бичлэг хийхэд миний утсыг булааж аваад устгачихсан. Би зодож цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),
Дуудлагын лавлагааны хуудас (хх-14), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-15), хохирогчийн “************** миний бие сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгохгүй...” гэх хүсэлт (хх-56),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-46), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-43), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-45) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч **************ын гэрчээр өгсөн мэдүүлэг (хх-29)-ийг шүүх үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч *********** нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, “*****” зочид буудалд хохирогч ************ийн биед халдаж, эрүүл мэндэд “баруун гарын ядам хурууны хумсны хуулрал, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ***********ийн мэдүүлэг (хх-18, 20), шүүх эмнэлгийн 14409 дүгээр дүгнэлт (хх-31-32), гэрч *********ийн мэдүүлэг (хх-26) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ************ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би цохиж зодоогүй” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, харин хохирогч ************ийн “...утсыг нь барьчихсан байхад булаагаад утсаараа миний баруун гарын ядам хурууг цохиход хумс унаад цус гарсан...” гэх мэдүүлэг, гэрч **********ийн “...******* бичлэгийг нь болиулах гэхэд **********ийн үсийг зулгааж, орон дээр унагааж дээр нь гараад үснээс нь зулгааж хумс, зүүн чихнээс нь цус гарсан...” гэх мэдүүлэг, шинжээч ************ийн “...Уг гэмтлүүдийг өөрөө учруулах боломжгүй, гадны үйлчлэлээр үүснэ...” гэх мэдүүлгээр няцаагдаж байна.
Иймд шүүгдэгч ************ын ажилладаг зочид буудалд нь үйлчлүүлэхээр ирсэн хохирогч *************тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж хохирогчтой үсдэлцэн гар утсаараа баруун гарын ядам хурууг нь цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч ************ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч ************ шүүх хуралдаанд “Сэтгэцэд учирсан хохирлоо дараа нь нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоогүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *********** нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн **** дугаар хороо, “******” зочид буудалд хохирогч **************ийн биед халдаж, эрүүл мэндэд “баруун гарын ядам хурууны хумсны хуулрал, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,
хохирогч “Хэлэх зүйлгүй” гэж,
шүүгдэгч “Хэлэх зүйлгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч өөрийн ажлын байран дээр буюу ажилладаг зочид буудлын үйлчлүүлэгч хохирогчтой таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж харилцан үсдэлцэж, баруун гарын ядам хурууг нь гар утсаараа цохиж эрх, эрх чөлөөнд нь халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, эрхэлсэн ажил, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (зочид буудалд ресейпшн ажилтай, цалинтай)-ийг харгалзан шүүгдэгч ************ыг 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ************ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ыг 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ************** энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч ************ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР