| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2023/04615/И |
| Дугаар | 101/ШШ2023/04904 |
| Огноо | 2023-11-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2023/04904
2023 11 09 101/ШШ2023/04904
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.У нэхэмжлэлтэй,
Хариуцагч: К.Н-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,130,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.У , хариуцагчийн өмгөөлөгч Д.******* (Ү-), нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр найз К.Н той өөрийн эзэмшлийн тоёота раум (Toyoto raum) маркийн ******* УАА улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгөтэй машиныг н.*******ын эзэмшлийн тоёота альфард-10 (тoyotа аlphard) маркийн цагаан өнгийн улсын дугаарыг мартсан байна машинаар солихоор тохиролцсон.Би өөрийн машиныг 2,000,000 төгрөгөөр, К.Н нь альфард маркийн машиныг 9,000,000 төгрөгөөр үнэлээд, би 7,000,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр амаар тохиролцоод 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргээс машинаа авч явсан. Би машин авсан өдрөө машины эзэн гэх Э дансанд 300,000 төгрөгийг шилжүүлсэн.
Би тоёота альфард машиныг авсаны дараа 2,100,000 төгрөгийн сэлбэг болон сервис үйлчилгээ хийсэн. Яагаад гэвэл яваагүй удаан зогсчихсон машин байсан учраас заавал үйлчилгээ хийх шаардлагатай байсан. Ингээд Тайхар авто сервис дээр 4 дүгээр сарын 26-ны өдөр тос, масло солих үйлчилгээнд 160,000 төгрөг, урд купер 695,000 төгрөг, под криллан 60,000 төгрөг, гэрэл зэрэг нийт 915,000 төгрөгийн сервис үйлчилгээ, сэлбэг авч тавьсан.
******* буянт захаас 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр агаар шүүгч 15,000 төгрөг, салоны шүүгч 15,000 төгрөг, урд наклад 35,000 төгрөг, хойд наклад 35,000 төгрөгөөр тус тус солиулж нийт хөлс 100,000 төгрөгөөр, UB auto center дээр тус бүрийн үнэ 52,500 төгрөгийн үнэтэй 4 ширхэг сэвчээг 210,000 төгрөгөөр, тагны жийрэг 25,000 төгрөг, коллектор цэвэрлэгээ 38,500 төгрөг, агаар шүүгч 18,500 төгрөг, ажлын хөлс 58,500 төгрөг болсон. Мөн улирал солигдож байгаа тул хөргөлтийн шингэнийг 32,000 төгрөгөөр, 21,000 төгрөгөөр тус тус 2 удаа хийж нийт 42,000 төгрөг болсон. Мөн түүнчлэн тухайн автомашинд хийгдсэн бүх зүйлийг нэг бүрчлэн бичээгүй зүйлс байгаа гэв.
2.Хариуцагч К.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:миний бие 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэн О.У т тоёота альфард маркийн машин зарсан нь үнэн болно.Тэгээд бид хоёр ойлголцоогүйн улмаас наймаагаа буцаан авч О.У бас надад өгсөн машиныг буцаж өгсөн. О.У нь миний машиныг надаас аваад засвар үйлчилгээ хийсэн биш харин зарим эд ангиудыг нь эвдээд буцаасан байсныг би сүүлд засуулсан. Миний машинд ямар ч засвар үйлчилгээ гэх зүйл хийгээгүй байгаад би ч хэвийн ажиллагаатай машин өгсөн болно.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагчийн өмгөөлөгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: Наймаа болсон асуудал бол ойлгомжтой байна. Буцах болсон шалтгаан нөхцөл ямар ч байж болох байх. Гол маргаж байгаа үйл баримт юу вэ гэхээр манайх энэ буцаасан машинд ямар нэгэн засвар үйлчилгээг нэхэмжлэгч талаас огт хийгээгүй. Бид нар өөрсдөө 6,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийгээд одоо хүртэл машин нь болоогүй байгаа. Цахилгаан моторын эвдрэлтэй, батарейнууд нь нуралттай гэх зэрэг олон асуудал байгаа. Харин ч сөрөг нэхэмжлэл гаргая гэж байгаад К.Н болъё гээд өнөөдрийн шүүх хуралдаанд миний бие хариуцагчийн байр суурьтай оролцож байна. Нэхэмжлэгч талаас нотлох баримтуудыг гаргаж өгч байна. Нэгдүгээр хавтаст хэргийн 4-7 дугаар хуудаст байгаа дансны хуулга ч юм шиг эдгээр баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Өнөөдрийн гаргаж өгсөн баримтууд эх хувиараа боловч мөн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Ямар, ямар засвар үйлчилгээ хийгдсэн талаар тодорхойгүй, ерөнхий засвар үйлчилгээ 2,130,000 төгрөг гэдэг шаардлага гаргасан. Өнөөдрийн гаргаж өгсөн нотлох баримтаас харахад 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр UB auto center газраас үйлчлүүлсэн гэх зарлагын баримтууд нь ямар автомашинд зориулж хийгдсэн нь тодорхойгүй, сэлбэгүүдийг худалдаж авсан баримт байна. Мөн банкны дансны хуулгаас харахад UB auto center рүү мөнгө орсон гэх хуулга харагдахгүй байна. Мөн хөргөлтийн шингэнийг UB auto center-ээс авсан гэх баримт автомашинд хийгдсэн биш, худалдаж авсан худалдагч ******* гэсэн гарын үсэгтэй зарлагын падан байна. Хөрөлтийн шингэн, тос, масло бол ямар ч машинд хийгдэж болно. Энэ бол машинд бензин хийхтэй л адилхан. Дараагийн асуудал нь ******* буянт газрын 100,000 төгрөгийн баримт нь агаар шүүгч гэх зэрэг худалдаж авсан нь тодорхойгүй байна. Энэ нь яг маргаан бүхий автомашины дугаар, гэрчилгээ зэрэг нь хавтаст хэрэгт юу ч байхгүй, ямар машинд зарцуулагдсан нь эдгээр нотлох баримтууд тодорхойгүй байна. Дараа нь Тайхар авто сервис гэх газраас 915,000 төгрөгийн зарлагын баримт хэрэгт авагдсан. Энэ нь тухайн хэрэгслийг ямар машинд худалдан авч хийгдсэн нь тодорхойгүй. Эдгээр баримтууд нь нэхэмжлэлд дурдагдаагүй засвар үйлчилгээ хийлгэсэн гэж өнөөдрийн шүүх хуралдаанд ийм, ийм засвар үйлчилгээ хийлгэсэн гэж гаргаж өгч байна. Яг үнэндээ эдгээр баримтуудыг хаанаас ямар журмаар гаргаж ирснийг мэдэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагатайгаа нийцэхгүй, дансны хуулгатайгаа уялдахгүй, тогтоогдохгүй ийм нотлох баримтуудыг гаргаж өгч байгаа учраас энэ баримтаар тогтоогдохгүй гэж үзнэ. Харин бид нар сөрөг нэхэмжлэл гаргах гэж байгаад больсон шүү гэсэн тайлбар гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгчээс шүүхэд:зарлагын баримт(хх54-57), хаан банкны дансны депозит хуулга(хх58-64) зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага ханган шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.У хариуцагч К.Н оос худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,130,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч К.Н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан бичгийн баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
5.Нэхэмжлэгч О.У нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.Би өөрийн тоёота раум маркийн авто машиныг К.Н ын тоёота альфард машинаар солилцсон. Тоёота альфард машин яваагүй, удаан зогсчихсон машин байсан учраас заавал үйлчилгээ хийх шаардлагатай байсан. Ингээд сэлбэг болон сервис үйлчилгээ хийсэн.
5.1.Хариуцагч К.Н той арилжаалсан тоёота альфард авто машинд 2023 оны 4 дүгээр сарын 26-ны Тайхар авто сервист моторын тос, масло солих үйлчилгээнд 160,000 төгрөгийг, урд купер 695,000 төгрөгөөр, под криллан 60,000 төгрөгөөр, гэрэл зэрэг нийт 915,000 төгрөгийн үнэ бүхий сэлбэг, сервис үйлчилгээг, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ******* буянт захаас агаар шүүгч 15,000 төгрөгөөр, салоны шүүгч 15,000 төгрөгөөр, урд наклад 35,000 төгрөгөөр, хойд наклад 35,000 төгрөгөөр тус тус солиулж нийт хөлс 100,000 төгрөгөөр, UB auto centerт нэг бүрийн 52,500 төгрөгийн үнэтэй 4 ширхэг сэвчээг 210,000 төгрөгөөр, тагны жийрэг 25,000 төгрөгөөр, агаар шүүгч 18,500 төгрөгөөр, коллектор цэвэрлэгээ 38,500 төгрөгийг, хөргөлтийн шингэнийг 32,000 төгрөг, 21,000 төгрөгөөр 2 удаа цэнэглэж нийт 42,000 төгрөгийг, ажлын хөлсөнд 58,500 төгрөгийг төлж, нийт 2,100,000 төгрөгийн сэлбэг болон сервис үйлчилгээ хийлгэсэн гэж тодорхойлсон.
5.2.Хариуцагч К.Н нь нэхэмжлэгч О.У т Тоёота альфард маркийн машин зарсан нь үнэн, бид хоёр ойлголцоогүйн улмаас наймаагаа буцсан. О.У нь миний машиныг надаас аваад засвар үйлчилгээ хийсэн биш харин зарим эд ангиудыг нь эвдээд буцаасан байсныг би сүүлд засуулсан. Миний машинд ямар ч засвар үйлчилгээ гэх зүйл хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
5.3.Хариуцагчийн Тоёота альфард маркийн авто машиныг 9,000,000 төгрөгт үнэлэн нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн Тоёота раум маркийн авто машиныг 2,000,000 төгрөгт тооцон хариуцагчид шилжүүлж, О.У 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдөр үлдэгдэл 7,000,000 төгрөгийг К.Н д өгөхөөр харилцан тохиролцожээ.
5.4.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийн агуулгыг тайлбарлавал, тэдгээрийн хооронд энэ хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
5.5.Нэхэмжлэгч О.У өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан Тоёота альфард маркийн авто машинд 2,130,000 төгрөгийн сэлбэг, үйлчилгээг хийлгэсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
5.6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
5.7.Зохигчид хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар арилжааны гэрээгээр солилцсон тээврийн хэрэгслийг буцаасан талаар маргаагүй.
5.8.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ******* буянт агаар шүүгч-15,000 төгрөг, салоны шүүгч 15,000 төгрөг, урд наклад 35,000 төгрөг, хойд наклад 35,000 төгрөг нийт 10,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Тайхар хайбрид центр тос масло 150,000 төгрөг, урд гупер 695,000 төгрөг, под карлон 60,000 төгрөг нийт 915,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр UB авто ценрт свечей 214,000 төгрөг, тагны жийрэг 25,000 төгрөг, коллектор цэвэрлэх 38,500 төгрөг, агаар шүүгч 16,500 төгрөг, ажлын хөлс 59000 төгрөг нийт 353,000 төгрөг, 4 дүгээр сарын 27-ны өдөр хөргөлтийн шингэн 42000 төгрөг гэх зарлагын баримтууд авагдсан.(хх-54-57)
5.9.Нэхэмжлэгч дээрх баримтуудын зарлагын гүйлгээ миний Хаан банкны 0данснаас тухайн байгууллагуудад шилжсэн давхар нотлогдоно гэж, хариуцагчийн өмгөөлөгч дээрх баримтуудыг нөхөж авсан байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
5.10.Нэхэмжлэгч О.У Хаан банкны 0дансны депозит хуулгыг баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Дээрх дансны хуулгаас үзэхэд 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Sutain Buya утгатай 17,000 төгрөгийг, Sutain Buya утгатай 31,000 төгрөгийг, Sutain Buya утгатай 15,000 төгрөгийг, Sutain Buya утгатай 3,000 төгрөгийг, Sutain Buya утгатай 41,000 төгрөгийг, Sutain Buya утгатай 15,000 төгрөгийг, Hybridservi утгатай 695,000 төгрөгийг, Hybridservi утгатай 160,000 төгрөгийг,UBabtocente утгатай 353,000 төгрөгийг, 4 дүгээр сарын 27-ны өдөр UBabtocente утгатай 21,000 төгрөгийг, UBabtocente утгатай 21,000 төгрөгийг нийт 1,372,200 төгрөгийг шилжүүлсэн нь нотлогдож байна.
5.11.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч О.У нь автомашинд хийсэн сервис үйлчилгээ, сэлбэг худалдан авсан төлбөрт шилжүүлсэн 1,372,200 төгрөгийг буцаан гаргуулахаар хариуцагч К.Н оос шаардах эрхтэй.
5.12.Иймд анхан шатны шүүх хариуцагч К.Н оос 1,372,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.У т олгож, нэхэмжлэлээс үлдэх *******ын дансанд шилжүүлсэн 300,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй, үлдэх 457,800 төгрөгийн шаардлага нь тухайн тоёота альфард маркийн авто машинд зарцуулсан тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.13.Хариуцагч К.Н нэхэмжлэгчийг миний авто машинд ямарч сэлбэр сервис үйлчилгээ хийлгээгүй, харин эвдэлсэн би өөрөө засвар хийлгэсэн гэж маргах боловч өөрийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүйг дурдав.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 ,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан К.Н-с 1,372,200 төгрөгийг гаргуулж О.У т олгож, нэхэмжлэлээс үдлэх 757,800 төгрөгийн шаардлага хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 36,905 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ