Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 226

 

  

    

       

 

 

 

     

       

           

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Э.Одончимэг,

шүүгдэгч Г.Мягмаржав түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Хатагин овогт Ганболдын Мягмаржавд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626022744 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Хатагин овогт Ганболдын Мягмаржав /РД:ЦЗ82071311/ 1982 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Центра Мичит” ХХКомпанид туслах ажилтан ажилтай байсан, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Сотын 3/1 дүгээр байр 45 тоотод амьдардаг боловч Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнж 58 дугаар гудамжны 12 тоотод бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй.

 

  Шүүгдэгч Г.Мягмаржав нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 10-наас 2016 оны 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өүшин” баарны гадна байрлуулсан хохирогч  Б.Буян-Ундрахын эзэмшилийн 41-91 УБР улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины урд талын бупер, баруун урд крело, усны хаалт, баруун хаалгыг өшиглөж 326.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Мягмаржав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Шүүгдэгч Г.Мягмаржав нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 10-наас 2016 оны 10 дугаар сарын 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өүшин” баарны гадна байрлуулсан хохирогч  Б.Буян-Ундрахын эзэмшилийн 41-91 УБР улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины урд талын бупер, баруун урд крело, усны хаалт, баруун хаалгыг өшиглөж 326.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

“Өүшин” барны гаднах камерийн бичлэгийг хуулж дискэд буулгаж авч эд мөрийн баримтаар  тооцож, хэрэгт хавсаргах тогтоол. /хэргийн 20 дугаар хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “... 1 эрэгтэй хүн нь нилээн согтуу хөл дээрээ тогтож ядан байдалтай байсан ба унаж босоод саарал өнгийн prius 20 машины хажуу тал руу хөлөөрөө өшиглөж цохиж байгаа бичлэг нь 2 минут 34 секундээс эхэлж 2 минут 58 минутанд дуусав” гэсэн тэмдэглэл. /хэргийн 22 дугаар хуудас/

Ашид Билгүүн ХХК-ний Автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 36-37 дугаар хуудас/

Барьцаат зээлийн гэрээний хуулбар. /хэргийн 39-41 дүгээр хуудас/

Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаа. /хэргийн 46 дугаар хуудас/

Хохирогч Б.Буян-Ундрахын “2016 оны 10 дугаар сарын 10-ны орой манай төрсөн дүү Болор-Эрдэнэ миний 41-91 УБР улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг орой 20 цагийн үед ажилдаа авч яваад маргааш  буюу 10 дугаар сарын 11-ний өглөө нь ирэхдээ миний машины шил хагарсан, хажуугаас нь өшиглөөд хонхойлгосон, урд буперны дээд талыг, урд крелог нь бас  хонхойлгосон байдалтай байхаар нь би дүүгээсээ асуухад ажлын гадна тавьсан байсан чинь согтуу хүн ийм болгочихсон байна би бичлэгийг нь хуулаад авчихсан. Тэр согтуу хүнийг Баянгол дүүргийн эрүүлжүүлэхэд эрүүлжүүлсэн байгаа гэж байсан. Тэгээд би машинаа дүүд үлдээгээд хичээлдээ явсан. Миний машиныг манай дүү Болор-Эрдэнэ янзлуулсан. Би оролцоогүй орхисон. ...Ямар ч байсан миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад ямар нэг гомдол санал байхгүй. ...Тухайн үед би машинаа Бэл капитал ХХК-д 2.500.000 төгрөгний барьцаанд тавьж байсан. Одоо мөнгөө төлж барагдуулсан байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 98-99 дүгээр хуудас/

Гэрч Б.Болор-Эрдэнийн “... Намайг шөнө 00 цаг өнгөрч байхад байхаа. Цагаа одоо тодорхой санахгүй байна. Өүшин баарны гадна зогсож байхад хоёр залуу маргалдаад байх шиг харагдсан. Тэгсэн тэр хоёр маргалдаад сүйд болоогүй цуг явж байгаа хоёр залуу шиг байсан. Би гайгүй байлгүй дээ гэж бодоод ажил руугаа ороод заал тойрч яваад 10 гаруй минутын дараа камерын өрөөнд ороод камер харахад нэг согтуу залуу нь газар уначихсан байсан. Тэгснээ босож ирээд миний машиныг өшиглөөд байсан. Би гүйж гараад болиулаад цагдаа дуудсан. Махлагдуу 30-35 орчим насны залуу шиг л байсан. Машины крело, хаалга, хөмсөгийг нь хугалсан, бупер зэргийг гэмтээсэн байсан.  ...Тэр залуу 320.000 төгрөг хохирол өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 100 дугаар хуудас/

Г.Мягмаржавын сэжигтэнээр өгсөн “...Тиймээ би үзсэн. Би Батаатай маргалдаад тэгээд тэр Приус 20 автомашиныг өшиглөөд цохиод байсан бичлэгийг үзсэн. ...Ямар ч байсан би 3 шил 0.75 литрийн архи, нэг пивотой уусан. Караокед уугаад л тэгээд тэр газраа тасраад цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32 дугаар хуудас/

“... Би дахиж ийм хэрэг хийхгүй. Тухайн үед согтуу байсан болохоор юугаа ч мэдэхгүй ийм хэрэг хийсэн. Одоо би гурван хүүхдээ хараад гэртээ байж байгаа. Манай эхнэр Солонгос руу явсан. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ... Тиймээ би хохирлоо бүрэн барагдуулсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 34 дүгээр хуудас/

“... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Өмнөх байцаалтуудад бүгдийг тодорхой ярьсан. Одоо нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 102-103 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Г.Мягмаржав нь согтуугаар хохирогч  Б.Буян-Ундрахын эзэмшилийн 41-91 УБР улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины урд талын бупер, баруун урд крело, усны хаалт, баруун хаалгыг өшиглөж 326.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд түүний энэ үйлдэл нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй тул хэргийн зүйлчлэл зөв, түүнийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дүгээр зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Буян-Ундрах нь  мөрдөн байцаалтын шатанд “... Ямар ч байсан миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад ямар нэг гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 98-99 дүгээр хуудас/ авагдсан байх тул Г.Мягмаржавыг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Мягмаржавын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 52 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул тэрээр анх удаа хүндэвтэр ангилалын гэмт хэрэг үйлдсэн байна.

           

            Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, Г.Мягмаржавын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэм хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хатагин овогт Ганболдын Мягмаржавыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Г.Мягмаржавыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Мягмаржавд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт зааснаар Г.Мягмаржав нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 1 /нэг/ ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Мягмаржавд оногдуулсан  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар Г.Мягмаржав нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Мягмаржавд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Мягмаржавд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    

 

 

                

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.АЛТАНХУЯГ