Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 110/2017/0011/з |
Дугаар | 120 |
Огноо | 2018-03-19 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 120
З.М-ийн нэхэмжлэлтэй,
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Х.Батсүрэн
Шүүгчид: Л.Атарцэцэг
Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн б/179 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах,
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0065 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0875 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.С нарыг оролцуулж,
Гуравдагч этгээд П.С, түүний өмгөөлөгч Я.С нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн зүйлийн 26.1, 28.2.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 70 дугаар зүйлийн 70.3 /Төсвийн тухай хуулийн 70.3 дахь заалт 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байсан/, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.М-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б-179 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, З.М-ийг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10.103.584 төгрөгийг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох ажилгүй байсан хугацааны олговорт илүү нэхэмжилсэн 25.520 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0875 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0065 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
3. Гуравдагч этгээд П.С, түүний өмгөөлөгч Я.С нарын гомдлын агуулгад: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.М нь албан үүргээ гүйцэтгэж явж байхад ажилдаа хайнга хандаж, Баяннуур сумын Засаг даргын Тамгын газарт буюу улсын төсөвт 14.460.054 төгрөгийн бодитой хохирол учруулсан нь 3 шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон юм. Ийнхүү З.М нь албан үүргээ гүйцэтгэх явцад улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан тул ажил олгогч түүний гаргасан зөрчлийн шинж чанарыг харгалзан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
4. Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тайлангаар тухайн жилийн өглөг нь 7.948,000 төгрөг, цалин хөлсний хэтрэлд 7 сая төгрөг гарсан. Энэхүү төсвийг зүй бус зарцуулсан З.М нь Баяннуур сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хуулийн 6.4.1-д заасан төсвийг үр ашигтай хэмнэлттэй зарцуулж чадаагүй явдалтай салшгүй холбоотой юм. Энэ нь захиргааны хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналтын аудитын албаны 2014, 2015, 2016 оны Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн бичиг баримтад хийсэн тус аймгийн Засаг даргын дэргэдэх дотоод, санхүүгийн албаны хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Х.Х танилцуулга болон актаар тус тус нотлогдож байна.
5. З.М нь Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхад 2016 оны Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын батлагдсан орон тооны төсөв нь 197.999.632 төгрөг байхад уг батлагдсан төсвийг зөрчиж, илүү орон тоо бий болгон ажиллуулснаас үүдэн 2016 онд төсвийн гүйцэтгэлээр цалингийн санд 205.640.100 төгрөг зарцуулж 7.640.468 төгрөгийн төсвийг хэтрүүлэн зарцуулсан тогтоогдсон байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6,1, 6.4.1, 6.4.8-д заасан заалтуудыг зөрчсөн тул Төсвийн тухай хуулийн 6.6.1-д заасан төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага буюу дээд шатны төсвийг захирагчийн өмнөх хариуцлага хүлээдэг байх гэсэн заалтыг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3, 13.1.3, 13.1.11, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.7, 6.6.1-д заасныг тус тус үндэслэн гаргасан Б-178 тоот захирамж хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж байна.
6. З.М нь улсын төсөвт их хэмжээний бодитой хохирол учруулсан нь захиргааны хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон тул түүнийг урьд эрхэлж байсан ажилд томилох боломжгүй гэдгийг харуулж байна. Төсвийн шууд захирагч нь улсын төсвийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах үүрэгтэй болохоос биш түүнд төсвийг хэтрүүлэн зарцуулах эрх олгогдоогүй байгааг анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй явдалд гомдолтой байна.
7. Баяннуур сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” А\98 тоот захирамж эргэлзээтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Тухайн захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.С-с 2017 оны 9 дүгээр сарын 11-ны өдрийн 68 тоотоор тус шүүхэд гаргасан хүсэлтэд “Уг асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулан тогтоож өгөхийг хүсч байна” гэж дурдаж Баяннуур сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Асран хамгаалагч тогтоох тухай” А\98 тоот захирамжийг хавсаргажээ. Ингэхээр дээрх А\98 тоот захирамж нь эргэлзээтэй нотлох баримт юм.
8. Анхан болон давж заалдах шатны шүүх нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.С-ын бичгээр гаргасан хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй буюу маргаан бүхий эрхийн актад шүүх шинжилгээний бичгийн шинжилгээ хийгээгүй мөртлөө тухайн маш их эргэлзээтэй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна.
9. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
11. Нэхэмжлэгч З.М нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн б/179 дугаар захирамжаар “өр төлбөр үүсгэсэн, илүү орон тоо бий болгосон, цалингийн сан хэтрүүлсэн зэргээр ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байна.
12. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулж болохгүй буюу нэг зөрчилд нэг хариуцлага тооцох зарчимтай. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “төсөвт өр үүсгэсэн” гэх нийгмийн даатгалын шимтгэл суутгаж аваагүй тухай 2013 оны зөрчилд сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн б/98 дугаар захирамжаар “сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан байна. Гэтэл хариуцагчаас одоо уг зөрчлийг үндэслэл болгож, дахин сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй.
13. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “сануулах шийтгэл оногдуулсан захирамж тухайн үед гарсан эсэх нь эргэлзээтэй” тухай гомдол үндэслэлгүй, сануулах захирамж бодитоор гарсан болох нь Засаг даргын Тамгын газрын архивт шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч К.Е-ийн мэдүүлгээр тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.
14. Гомдлын 8-д заасан “маргаан бүхий захирамжид шүүх шинжилгээний бичгийн шинжилгээ хийгээгүй мөртлөө тухайн маш их эргэлзээтэй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” тухай гомдол нь дээр зааснаар үгүйсгэгдсэн буюу тухайн захирамжийг гаргасан эрх бүхий албан тушаалтны мэдүүлэг болон бусад нотлох баримтаар няцаагдсан тул шүүхээс заавал шинжээч томилж, шинжилгээ хийлгэх шаардлагагүй юм. Нөгөө талаар нийгмийн даатгалын өр төлбөрийн асуудал нь 2013 оны зөрчил тул 2016 онд сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн боломжгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
15. Хариуцагчийн нэрлэн заасан “цалингийн сан хэтрүүлсэн” тухай зөрчил нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, 2016 оны цалингийн төсөв дутуу батлагдсан болох нь аймгийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 1-01/332 дугаар албан бичиг, гэрч Х.Ө, Б.Ү, К.Б нарын мэдүүлэг, санхүүгийн тайлан зэрэг баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
16.“Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулаагүй, илүү орон тоо бий болгосон” тухай зөрчилд нэхэмжлэгчийг шууд буруутгах боломжгүй байна. Учир нь “дотоодын нягтлан бодогчийн хянан шалгагч” гэх орон тоонд 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Ш.Ж-ийг томилсон, энэ нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт нийцсэн, тухайн байгууллагын бүтэц, орон тооны хязгаарт багатсан байх тул ажлаас халагдах хэмжээний ноцтой зөрчил биш байна.
17. Эдгээр үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0065 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0875 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ