Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2016/00675

 

“Арвис интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01039 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 583 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Арвис интернэшнл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Петровис” ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 533.980.006 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Пүрэвдаваа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн, хариуцагчийн төлөөлөгч Н.Насанжаргал, Б.Гантулга, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:2012 оны 4 дүгээр сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” ХХК-ийн Толгойт дахь оффисын барилга, операторын барилга, агуулахын барилга барих ажил байсан. Барилгын зураг шаардлага хангахгүй байсан тул төсвийг шууд зураг дээр хийх боломжгүй байсан. 1 м.кв-ын үнийг 890.000 төгрөгөөр тохирч ажлаа эхэлсэн. 2055.5 м.кв талбай бүхий ажил, нийт 1.846.458.153 төгрөг гэж гарсан.“Петровис” ХХК-ийн өөрийнх нь инженер Г.Алтансувд гэдэг хүнээр төсвийг ерөнхий байдлаар хийлгэж авчирсан. Ажил гүйцэтгэх явцад уулзалтууд хийгдэж байсан. Оффисын 1575 м.кв талбай бүхий барилга угсралтын ажил 1 634 333 885 төгрөг, операторын байрны 175 м.кв талбай бүхий барилга угсралтын ажил 350 450 157 төгрөг, агуулахын 305,5 м.кв талбай бүхий барилга угсралтын ажил 395 654 117 төгрөг, нийт барилгын зардал 2 380 438 159 төгрөг болсон. Мэргэжлийн байгууллагаар гүйцэтгэлийн төсвийг шалгуулахад анх гэрээнд тусгасан дүнгээс 533 980 006 төгрөгийн зөрүү гарсан тул “Петровис” ХХК-иас нэхэмжилж байна. Барилгын 5 төсөл зэрэг явж байсан бөгөөд барилга болгон тусдаа менежер, нярав, нягтлан бодогчтой байсан гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч манай Толгойт дахь 3 барилгын ажлыг гадна фасадны өнгөлгөөний ажилтай хамт 1 846 458 153 төгрөгт хийхээр тохиролцсон. Нэмэлт төсөв шаардлагатай талаар ярьж байгаагүй. Хаа хамаагүй нэг төсөвчний гаргасан 2 380 438 159 төгрөг гэсэн тоонд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа. Үндэслэл шалтгаанаа тодорхой заахгүй байгаа. Үндсэн баримт гэж гаргаж ирсэн боловч нэхэмжлэгч өөр олон барилга барьж байсны алинд нь орсон нь мэдэгдэхгүй байна. Мөн түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд хийгээгүй ажил хийгдсэн болж, зарим нэг орсон материалын хэмжээ буруу тооцогдсон байна. Манайх өгөх мөнгөө өгсөн гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01039 дүгээр шийдвэрээр Монгол улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлан “Петровис” ХХК-иас 239 778 712 төгрөгийг гаргуулж, “Арвис интернэшнл” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 294 201 294 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 1 356 843 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 2 886 350 төгрөгөөс 2 827 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 58 500 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэгчид буцаан гаргуулж олгох, “Петровис” ХХК, “Арвис интернэшнл” ХХК тус бүрээс 10 000 000 төгрөгийг гаргуулж, Хөрөнгийн үнэлгээ, төслийн компаниудын консерциумд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 583 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01039 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “239 778 712 төгрөгийг” гэснийг “220 450 157 төгрөгийг” гэж, “294 201 294 төгрөгийн” гэснийг “313 529 849 төгрөгийн” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “1 356 843 төгрөг” гэснийг “1 260 200 төгрөг” гэж, “10 000 000 төгрөг” гэснийг “11 910 000 төгрөг” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “3” гэж дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Петровис” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 356 844 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг ноцтой зөрчсөн. Тухайлбал “Т.Алтансувдын 2013 онд зохиосон “Петровис трейдинг” ХХК-ийн оффис, оператор, агуулахын барилгын төсөв”-өөс операторын барилгын ажлын нийт өртгийг 350 450 157 төгрөг гэж тооцсоныг зөв гэж дүгнэж” гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3   дахь хэсэгт заасан заалтуудыг ноцтой зөрчсөн дүгнэлт юм.Нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа Т.Алтансувдын 2013 онд зохиосон “Петровис трейдинг” ХХК-ийн оффис, оператор, агуулахын барилгын төсөв”-ыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж манайх анхнаасаа маргаж байсан. Г.Алтансувд бол нэхэмжлэгч дангаараа сонголт хийж төсөв гэгчийг хийлгэсэн хүн юм.Ийнхүү уг төсвийг хулээн зөвшөөрөхгүй гэж маргах болсон үндэслэл нь Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдах үед барилгын 1 м.кв талбайг ойролцоогоор 890 000 төгрөгөөр гүйцэтгэх саналыг “Арвис интернэшнл” ХХК-ийн захирал Ё.Пүрэвдаваа тавьж байсан бөгөөд үүнийгээ ч анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хүлээн зөвшөөрсөн бөгөөд операторын барилгын 175 м.кв талбайг дээрх үнээр тооцоход 155 750 000 төгрөг болох юм. Харин тус компани гэрээ байгуулах хэлэлцээр хийж байх үед буюу 2012 онд Г.Алтансувд гэж төсөвчнөөр гаргуулж өгсөн төсөвт операторын барилгыг 140 665 848 төгрөгөөр гүйцэтгэнэ гэсэн тооцоолол хийгдсэн байдаг. Эдгээр дүн дээр “Арвис интернэшнл” ХХК-тай ярилцаж байгаад 175 м.кв талбайтай операторын барилгыг тус компани 130 000 000 төгрөгөөр барихаар харилцан тохиролцож гэрээнд тусгасан.“Арвис интернэшнл” ХХК-иас “НИК” ХХК-д хандаж, 2012 оны 7 сарын 02-ны өдөр ирүүлсэн №84 дугаартай албан бичигт “Операторын байрны үнийн саналыг манай компани нь зөвхөн ашигтай талбайг хийхээр материал бүрдүүлж гэрээ байгуулсан. Гэтэл архитектурын шийдэлтэй дахиад нэг давхрын зардалтай ажил нэмэгдэж байгааг харилцан тохиролцох шаардлагатай байна” гэсэн байдаг. Гэтэл операторын барилгын тухайд архитектурын шийдэлтэй өөрчлөлт орсон, давхар нэмэгдсэн зүйл огт байхгүйн дээр 175 м.кв талбайтай барилгын хэмжээ, материалын орц, хэлбэр хийхэд огт өөрчлөлт ороогүй анхны зургаараа баригдсан.Ийнхүү барилгын талбайн хэмжээ, материалын хэмжээ, хэлбэр хийц огт нэмэгдээгүй байхад Г.Алтансувд 1 жилийн дараа 2013 онд гаргасан төсөвтөө операторын барилгын төсвийг анх тохиролцсон дүнгээс 2.7 дахин өссөн байдлаар гаргасан нь ямар ч бодит үндэслэлгүй юм. Хэрэв уг төсвөөр бодох юм бол 175 м.кв талбайтай операторын барилга нэг м.кв нь 2 002 572 төгрөгөөр баригдсан болж таарах нь. 2013 оны байдлаар ийм үнээр барилга угсралтын ажил хийгдэх нь байтугай хотын төвд ч ийм үнээр зарагдах бэлэн болсон орон сууц, оффисын байр байгаагүй шүү дээ.Дээрх байдлаар төсөвчин Г.Алтансувдын 2013 онд зохиосон “Петровис трейдинг” ХХК-ийн оффис, оператор, агуулахын барилгын төсөв” нь ямарч бодит үндэслэлгүй байсан учраас анхан шатны шүүхээс шинжээч томилж дахин төсөв гаргуулсан боловч харамсалтай нь шүүхээс томилогдсон шинжээч нар төсөв гаргахдаа илэрхий алдаатай, буруу тооцооллууд хийгдсэнээс шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй болгосон.Нэхэмжлэгч “Арвис интернэшнл” ХХК операторын барилгыг үнэхээр л 350 450 157 төгрөгийн зардлаар барьсан юм бол ийнхүү 2.7 дахин их зардал гаргасан талаарх санхүүгийн бодит баримтаа гаргаж өгөх ёстой. Ийм зардал гаргасан талаар баримтаа гаргаж өгөлгүйгээр, зардал гаргаснаа зөвхөн зохиомол төсөв гаргуулах байдлаар нотлох гэж оролдож байгаа нь илэрхий луйврын шинжтэй төдийгүй тус компани “ямар нэг хэмжээгээр мөнгө л нэмж авч байвал болно” гэдэг байдлаар асуудалд хандаж байгаа нь илэрхий байдаг. Гэтэл энэхүү зохиомол баримтыг давж заалдах шатны шүүх “зөв” гэж үзсэнээр барахгүй шийдлийнхээ гол нотолгоог болгосон нь хэт нэг талыг баримталсан шийдэл болсоны зэрэгцээ нотлох баримтыг үнэлэхэд баримтлах хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн үйлдэл юм.Давж заалдах шатны шүүх “Алтансувдын 2013 онд зохиосон “Петровис трейдинг” ХХК-ийн оффис, оператор, агуулахын барилгын төсөв”-өөс  операторын  барилгын  ажлын нийт өртгийг 350 450 157 төгрөг гэж тооцсоныг зөв” гэж дүгнэх болсон үндэслэлийнхээ талаар магадлалд тодорхой тусгаагүй нь нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөний тодорхой илрэл гэж үзэж байна. “Арвис интернэшнл” ХХК-тай 2012 онд “Барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ” байгуулах үед хийгдсэн операторын барилгын төсөвт “халаалтын систем, цэвэр, бохирын систем, цахилгааны ажил”-ыг орхигдуулсан байсан бөгөөд эдгээр ажлыг уг төсвийг тооцсон аргачлал, үнэлгээгээр тооцож гаргахад 21 527 925 төгрөг л нэмэгдэхээр байгаа юм.Хэрэв нөгөө талаас нь гэрээ байгуулахад барилга угсралтын ажлыг 1 м.кв-ыг нь 890 000 төгрөгөөр гүйцэтгэнэ гэсэн үндсэн гол тохиролцооны дагуу 175 м.кв талбайтай операторын барилгын ажлын үнэлгээ гэрээний үнийн дүнгийн зөрүү хоёрыг тооцвол мөн л дээр дурдсантай ойролцоо буюу 25 750 000 төгрөг болно. Дээр дурдсанаас өөрөөр операторын барилгын барилга угсралтын ажлын төсөв нэмэгдэх үндэслэл огт байхгүй юм.Иймд талуудын гол тохиролцоон дээр үндэслэн давж заалдах шатны шүүхийн 583 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “194 700 157 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох” өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “Арвис интернэшнл” ХХК нь хариуцагч “Петровис” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний хөлсний үлдэгдэлд 533 980 006 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “Петровис” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг бүрэн төлсөн гэж татгалзжээ.

Зохигчдын хооронд 2012 оны 4 дүгээр сард барилга угсралтын ажил гүйцэтгэх 2012\6\56 дугаартай гэрээ байгуулагдсан ба энэхүү гэрээний дагуу ажил гүйцэтгэгч тал болох “Арвис интернэшнл” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд оффисын 1575 мкв талбай бүхий барилга угсралтын ажлыг 1 401 750 төгрөгөөр, операторын байрны 175 мкв талбай бүхий барилга угсралтын ажлыг 130 000 000 төгрөгөөр, агуулахын 305,5 мкв талбай бүхий барилга угсралтын ажлыг 24 400 000 төгрөгөөр нийт 1 756 150 000 төгрөгөөр гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн байна. Үүнээс гадна ажил гүйцэтгэгч нь гадна фасадыг өнгөлгөөний тоосго болгон өөрчлөх ажлыг 90 308 153 төгрөгөөр гүйцэтгэх болжээ. Дээрх 1 846 458 153 төгрөгөөс арматурын 232 500 000 төгрөгийг хасч нийт 1 613 958 153 төгрөгөөр ажил гүйцэтгэгч ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэж дуусгах, захиалагч “Петровис” ХХК нь санхүүжилтийг гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу хийхээр тус тус тохиролцжээ \1-р хх-ийн 5-8 дугаар тал\.

Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн зохицуулалтад нийцжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа гэрээгээр тохирсон хөлсний үлдэгдлийг бус харин ажил гүйцэтгэлийн төсөв нэмэгдсэн тул дутуу төлөгдсөн 533 980 006 төгрөгийг шаарджээ. Хариуцагч “Петровис” ХХК ажил гүйцэтгэх гэрээний захиалагчийн хувьд 1 846 458 153 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.    

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1.-д зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлдог бөгөөд мөн хуулийн 345 дугаар зүйлийн 345.1., 345.2.-т зааснаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болдог бөгөөд гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байна. Төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй ба ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй байхаар мөн зүйлийн 345.3., 345.4.-т заажээ.

Зохигчдын гэрээнд заасан гэрээний үнэ ажлыг гүйцэтгэхэд хүрэлцээгүй, ажлыг илүү зардлаар гүйцэтгэсэн бол илүү гаргасан зардлын талаар захиалагчид цаг тухайд нь мэдэгдсэн ажил гүйцэтгэгч шаардлага гаргах эрхтэй боловч энэхүү зардал нь бодитоор тогтоогдсон байх учиртай. Тухайн хэргийн маргааны зүйл нь ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ ямар хэмжээний зардлаар гүйцэтгэсэн, улмаар захиалагч ажлын хөлсөд мөнгө нэмж төлөх үүрэгтэй эсэхийг тогтоох явдал байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх “Петровис” ХХК-ийн барилгын зураг Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу хийгдсэн эсэх, анхны ажлын төсөв бодитойгоор зохиогдсон эсэх, 2012-2013 онд “Арвис интернэшнл” ХХК-ийн барьсан “Петровис трейдинг” ХХК-ийн оффис, оператор, агуулахын барилгууд баригдсан тухайн үеийн бодит төсөв өртөг хэд байсныг тооцож гаргах, дээрх барилгын анхны хийгдсэн төсөв болон бодит гүйцэтгэлд хийгдсэн төсөвт өртөг хоёрын хооронд зөрүү байгаа эсэхийг тодорхойлуулах зорилгоор шинжээч томилжээ. \2-р хх-ийн 216-217 дугаар тал\.

Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ гол үндэслэл болгосон байна. Харин зохигчдын хоорондох эрх зүйн маргааны гол зүйл болох асуудлаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуульд тавигдсан шаардлагыг зөрчсөн байхад хоёр шатны шүүх анхаараагүй нь шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 8960 дугаар захирамжаар Монголын үнэлгээний компаниудын консорциумыг шинжээчээр томилохдоо “Шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 255, 256 дугаар зүйлүүдтэй танилцаж, худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээдэг болохыг тайлбарласугай” гэж заажээ \2-р хх-ийн 216-217 дугаар тал\.

Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэвэл шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргавал түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулахаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.-т заажээ. Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, энэ ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулахаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2.-т заажээ. 

Шүүхийн зүгээс шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д заасан эрх, 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасан үүргийг танилцуулаагүй, танилцах талаар шүүгчийн захирамжид заагаагүй, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулаагүй, ямар нэг баримтад гарын үсэг зуруулаагүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1., 17.4.-т зааснаар  шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурах, өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцдаг байна. Анхан шатны шүүх шинжээчээр Монголын үнэлгээний компаниудын консорциумыг томилсон ба консорциумын менежер Д.Отгон нь 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар тушаалаар шинжээчийн багийг томилжээ. Уг тушаалд зааснаар шинжээчийн багийн ахлагчаар Монгол Улсын тэргүүлэх үнэлгээчин Д.Ганхуяг, багийн гишүүдээр тэргүүлэх төсөвчин, тэргүүлэх үнэлгээчин Д.Санж, мэргэшсэн төсөвчин, мэргэшсэн үнэлгээчин Г.Лосол, зөвлөх архитектор, улсын эксперт Ш.Цэдэнпүрэв, мэргэшсэн тэргүүлэх төсөвчин Б.Дольяа, мэргэжлийн төсөвчин А.Дариймаа, барилгын зөвлөх инженер Ц.Бадарч нарын 7 хүн томилогдсон байна \2-р хх-ийн 245 дугаар тал\.

Шинжээчийн дүгнэлтэд тусгаснаас үзэхэд шинжээчийн бүрэлдэхүүнд Д.Ганхуяг, Д.Санж, Г.Лосол, Ш.Цэдэнпүрэв, Б.Дольяа, А.Дариймаа, Ц.Бадарч нарын 7 хүн ажилласан \2-р хх-ийн 247 дугаар тал\ боловч дүгнэлтэд 6 хүн гарын үсэг зуржээ \3-р хх-ийн 1 дүгээр тал\. Өөрөөр хэлбэл шинжээчдийн багт  гишүүнээр томилогдсон бөгөөд шинжилгээ хийхэд ажилласан бүрэлдэхүүнд нэр заагдсан Ц.Бадарч дүгнэлтэд гарын үсэг зураагүй байна \3-р хх-ийн 1 дүгээр тал\. Шинжилгээ хийхэд оролцоогүй хүний нэрийг дүгнэлтэд илүү бичсэн, эсхүл шинжилгээ хийсэн хүн дүгнэлтэд гарын үсэг зураагүй болох нь тодорхойгүй байх ба хоёр шатны шүүх энэ талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.

Нэхэмжлэгч “Арвис интернэшнл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээчийн дүгнэлтэд “Петровис” ХХК-ийн гаргасан барилгын зарим зардал, өртгийг оруулаагүй тул дахин шинжээч томилуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ \5-р хх-ийн 21 дүгээр тал\. Анхан шатны шүүх уг хүсэлтийн дагуу шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 34375 дугаар захирамж гаргаж, нэмэлт шинжилгээ хийлгэхээр Хөрөнгийн үнэлгээ, төслийн компаниудын консорциумыг томилсон байна \5-р хх-ийн 22-23 дугаар тал\.

Шинжээч томилсон шүүгчийн захирамжид “Шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн 255, 256 дугаар зүйлүүдтэй танилцаж, худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээдэг болохыг тайлбарласугай” гэж заажээ \5-р хх-ийн 23 дугаар тал\. Шүүхийн зүгээс шинжээчийг дуудан ирүүлэх, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцах, нэхэмжлэгч, хариуцагчтай ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгах, энэ ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгөх, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2.-т заасан ажиллагааг явуулаагүй, шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д заасан эрх, 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасан үүргийг танилцуулаагүй, танилцах талаар шүүгчийн захирамжид заагаагүй, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулаагүй, ямар нэг баримтад гарын үсэг зуруулаагүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд нэмэлт шинжилгээ, дахин шинжилгээ хийлгэх асуудлыг зохицуулжээ. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1., 20 дугаар зүйлийн 20.1.-д зааснаар шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ, харин шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийлгэдэг байна.  Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2., 20 дугаар зүйлийн 20.2.-т зааснаар нэмэлт шинжилгээг шинжээчийн дүгнэлт гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчээр хийлгэж болдог бол дахин шинжилгээ хийхэд шинжээчийн дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглодог байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дахин шинжилгээ хийлгэхийг хүссэн бол шүүх нэмэлт шинжилгээ хийлгэхээр тогтоосон, шинжээчийг өөрчилж томилсон зэргээс үзэхэд шүүх нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэхээр шинжээч томилсон нь ойлгомжгүй болжээ. Нэмэлт шинжилгээ хийх шинжээчид тавигдсан асуулт нь анхны шинжээчид тавьсан асуултаас агуулгын хувьд ялгаатай эсэх нь тодорхойгүй байна. ““Арвис интернэшнл” ХХК-иас “Петровис” ХХК-д гүйцэтгэж өгсөн нийт барилгын төсөв \гүйцэтгэлээр\ хэд болохыг тогтоох” даалгавар нь “барилгын анхны хийгдсэн төсөв болон бодит гүйцэтгэлд хийгдсэн төсөвт өртөг хоёрын хооронд зөрүү байгаа эсэхийг тодорхойлох” даалгавраас өөр, эсхүл уг асуудлыг тодруулах, эсхүл урьд тавигдсан асуултад бүрэн хариулт өгөөгүйгээс дахин тавигдаж буй нь тодорхой бус болжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2., 17 дугаар зүйлийн 17.1., 17.4.-т заасныг зөрчсөн, шинжээч томилсон шүүхийн ажиллагаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2.-т заасан шаардлагад нийцээгүй тул уг шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан маргааны зүйл болох ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг тогтоогдсон гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс томилогдсон шинжээчийн хоёр дүгнэлтийн эхнийхийг зохигчийн хэн алин нь хүлээн зөвшөөрөөгүй, тайлбар татгалзлыхаа үндэслэл болгоогүй, дараагийх нь программын болон тооцооллын алдаатай болсон гэх шалтгаанаар шийдвэрийн үндэслэл болох боломжгүй гэж дүгнэжээ. Алдаатай гарсан дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгож болохгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь зөв болсон байна. Харин шинжээчийн дүгнэлтийг зохигчдын хэн алин нь хүлээн зөвшөөрөхгүй байх явдал нь шүүхээс уг шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгохгүй байх нөхцөл биш юм. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн алдааг анхаараагүй байна.

Нөгөө талаар, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Арвис интернэшнл” ХХК-ийг ажлын гүйцэтгэлийн төсөв гэрээнд зааснаас нэмэгдсэн талаар хариуцагч “Петровис” ХХК-д Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2.-т зааснаар нэн даруй мэдэгдсэн болохоо хангалттай нотлоогүй гэж дүгнэсэн атлаа ийнхүү хангалттай нотлоогүй байдал нь шинжээчийн дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхэд ямар байдлаар нөлөөлсөн нь ойлгомжгүй, логик холбоогүй дүгнэлт хийжээ.

Түүнчлэн, “захиалагч нь төсвийн хэмжээ нэмэгдсэнээс гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлээгүй тул операторын барилгын төсөвт заасан хэмжээгээр хөлсийг төлөх үүргийг Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2. дахь хэсэгт зааснаар хүлээнэ” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт ойлгомжгүй болжээ. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2.-т “гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан байна. Харин ийнхүү мэдэгдсэний дараа мөн зүйлийн 345.3.-т зааснаар “төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй” гэдэг нь хөлсийг нэмэгдсэн төсвөөр бус харин гэрээнд заасан төсвөөр төлнө гэж ойлгогдож байна. Энэ утгаараа давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нотлох баримт болгон гаргаж өгсөн төсөвчин Г.Алтансувдын зохиосон төсвийг магадлалын үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.  

Ажлын үнэ нь тухайн ажлыг хийхэд зарцуулсан зардал болон ажил гүйцэтгэгчид олгох хөлс хоёроос бүрддэг тул түүний хэмжээг ажил гүйцэтгэгч тодорхойлдог. Харин төсвийн хэмжээг захиалагчид танилцуулж, тэрээр хүлээн зөвшөөрсөн нь талуудын тохиролцоог илэрхийлж буй явдал юм. Ажил гүйцэтгэгчийн зохиосон төсөв ажлын үнийн хэмжээг тодорхойлох үндэслэл болдог. Төсвийн хэмжээ хэдий чинээ үндэслэлтэй тогтоогдсон байна төдий чинээ өөрчлөгдөх нөхцөл бүрдэхгүй гэсэн үг юм.

Ажлын үнийг илэрхийлэх ажлын төсөв зохиох нь ажил гүйцэтгэх гэрээний зайлшгүй нөхцөл биш бөгөөд төсөв зохиогоогүй байх нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

Ажил гүйцэтгэгчийн зохиосон төсөв өөрчлөгдөх нь захиалагчийн хүсэл зоригтой холбоогүй бол төсвийн илүү гарсан хэсгийг тэрээр нэмж төлөх үүрэггүй юм. Өөрөөр хэлбэл, захиалагч ажлын үр дүнгийн талаар анх тохиролцсоноос өөр, эсхүл нэмэлт шаардлага тавьсанаас ажлын үнэ нэмэгдсэн бол захиалагч ийнхүү өөрөөс нь хамаарч нэмэгдсэн зардлыг хариуцах нь дамжиггүй. Харин гэрээ байгуулах үед ажил гүйцэтгэгч болон захиалагчийн хэн алиных нь төсөөлөлд ороогүй, урьдчилан таамаглах, төлөвлөх боломжгүй байдал үүссэнээр гүйцэтгэх ажлын төсөв нэмэгдсэн бол ийнхүү нэмэгдсэнийг захиалагч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хариуцах үүрэг нь үүснэ. Энэ утгаар ажлын гүйцэтгэлийн төсөв нэмэгдэх талаар ажил гүйцэтгэгч захиалагчид цаг тухайд нь мэдэгдсэн эсэх, захиалагч үүнийг хүлээн зөвшөөрсөн эсэх байдал тогтоогдсон байх нь тухайн төрлийн маргааныг хянан шийдвэрлэхэд шууд холбоотой болно.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01039 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 583 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 1 131 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН