Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 500

 

Б.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 619 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 872 дугаар магадлалтай, Б.Х-т холбогдох 1805005830485 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1966 онд төрсөн, эрэгтэй, 1984 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 1985 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн в-д зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Х овогт Б-н Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан “Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алах”, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар 12 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-д зааснаар Б.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцон, 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар оногдуулсан 12 жил хорих ялд нэмж нэгтгэн Б.Х-ын нийт эдлэх хорих ялыг 12 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Х-т оногдуулсан 12 жил 30 хоног хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х-ын гаргасан гомдол болон дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Х гаргасан гомдолдоо “...Шүүх “Гэр бүлийн хамаарал бүхий хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэж үзэн ялыг хүндрүүлсэн. Гэтэл хохирогч бид 2 гэр бүлийн баталгаагүй болно. Бид 7 жилийн турш хамт амьдарч байсан гэх боловч үнэн хэрэгтээ тэрээр архины хамааралтай байсан, би насаараа тахир дутуу архи уудаг байсан. Талийгаачийг архи уудаг байсан учир гэрийнхэн нь огт хайхардаггүй хаясан, би архи уудаг боловч архинаас гарах гэхээр миний группийн мөнгийг аваад уучихдаг, архи авчраад өгдөг, архичид авчраад нийлдэг зэргээр гэр орныг архины байр болгосон, арга ядаад хэсгийн цагдаад хандаж архины эмчилгээнд явуулж өгөөч гэж хүртэл хэлж байсан. Хамт архи уудаг байсныг “гэр бүлийн хамаарал бүхий хүн” гэж үзэхгүй бол өөрөөр би энэ хүнээр асран тэтгүүлж, халамжлуулж байгаагүй, харин ч сэтгэл санааны болон бусад дарамт учруулж, байгаа мөнгө төгрөг авчихдаг байсан. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн бусдыг санаатай алсан гэж үндэслэлгүйгээр миний ялыг хүндрүүлсэн. Архи уусан болон хүн алсан байна гэх сэтгэл санааны байдлаас болж болсон асуудал, талийгаачийг шилээр цохиж алсан гэх үйлдлээ санахгүй байхдаа “уурлаад архины шилээр цохиж байсан шиг санагдаад байна. Хажууд Ш байсан” гэж хэлсэн анхны мэдүүлэгт хөтлөгдөн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Одоо эрүүл ухаанаар бодоход би цохиж алаагүй. Мөн үнэн зөв мэдүүлэг өгөх нь байтугай өөрийгөө ч хянах чадваргүй, архи уудаг Ш-ээр гэрчлүүлэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус болсон. Иймд хэргийг үнэн зөв шийдвэрлэж, шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хянаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүх хохирогчийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд гэдэгт хамааруулсан гэж ойлгогдохоор байна. Гэтэл дээрх хуулийн тодорхойлолтоос үзэхэд хамтран амьдрагч, хамт амьдарч байгаа эр, эм хоёр нь сэтгэл санаа, эд материал, эр эмийн харилцаа зэргээр нэгэн сэтгэлээр нийлж нэгдсэн гэр бүлийг хэлэхээр байна. Харин архины болоод орон гэргүйн улмаас гэрт нь орогнон байсныг нэг гэр бүлд хамт амьдарсан гэж үзэх боломжгүй юм. Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзсэн нь буруу юм. Мөн хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан гэх нөхцөл байдал буюу гэмт хэрэг гарсан цаг хугацааны хувьд 1-2 хоногийн зөрүүтэй тэр хооронд эмнэлэгт үзүүлээгүй цаг алдсан, амь нас аврагдах боломжтой байсан бөгөөд шүүгдэгч өөрөө архины шилээр яг цохьсон эсэх нь тогтоогдоогүй, “Ш тэр хоёр архины шил өшиглөж орж ирсэн, тэр нь зууханд цохигдоод хагарсан” гэх мэдүүлэгт ач холбогдол өгөөгүй, шүүгдэгчийн анхны мэдүүлгээр хэргийг хөтлөн явуулсан байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан хохирогчид санаатай хүнд гэмтэл учруулсан бөгөөд шууд санаатай бусдыг алсан үйлдэл бус, хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн шүүх шүүгдэгчийн “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн талаар нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн эрхийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Шүүгдэгч анх удаа хүнд гэмт хэрэгт холбогдсон, тахир дутуугийн болоод хөдөлмөрийн чадвар 80 хувийн алдагдалтай, эрүүл мэндийн гачигдалтай зэрэг хөнгөрүүлэх байдлыг харгалзан ял шийтгэл болон хаалттай дэглэмийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Х.Батчимэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч, амь хохирогч нар гэр бүлийн хамтын амьдралтай байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Гэрчүүдийн мэдүүлгээр хохирогчийг байнга зоддог байсан нь нотлогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Х-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 9-37 тоот өөрийн гэртээ хамтран амьдрагч Д.О-ийг архины шилээр толгойн тус газар нь цохиж, уг цохилтын улмаас Д.О нь тархиндаа хүнд гэмтэл авч амь хохирсон,

мөн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр согтуурсан үедээ өөрийн гэртээ Ж.Ш-ийн зүүн гаранд таягаараа цохиж, зүүн богтос ясны далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Харин анхан шатны шүүх Б.Х-ын хамтран амьдрагч Д.О-ийг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэрэг” үйлдсэн гэж дүгнэхдээ үндэслэлээ заалгүйгээр, давж заалдах шатны шүүх Б.Х-ын гэмт үйлдэл нь хүндрүүлэх шинжгүйгээр хүнийг алах гэмт хэргээс хэрхэн ялгагдах, энэ талаар маргаж байгаа асуудалд хариулт өгөлгүйгээр тус тус шийдвэрлэсэн нь буруу, учир дутагдалтай гэж үзнэ.

“Хүнийг алах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” тухай ойлголтын обьектив талын шинж нь нэг удаагийн болон байнгын шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийн аль алинаар илэрч болох бөгөөд нэг удаагийн үйлдлийг тохиолдлын шинжтэй үйлдлээс ялган зүйлчлэх шаардлагатай.

“Гэр бүлийн хүчирхийлэл”-ийг нэг удаагийн үйлдлээр тодорхойлоход гэмт хэргийн субьектив талын шинж буюу уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн байдлыг нарийвчлан тогтоож, дүгнэлт хийх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн үйлдэл нь ямар нэг тодорхой учир шалтгаангүй, хохирогчийг тохуурхан даажигнах, нэр төр, алдар хүндийг нь гутаах, доромжлох, эрхшээл дарамтдаа оруулах зэрэг санаа зорилгоор сэтгэл санааны дарамт учруулж, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлээр илэрч болох бөгөөд зөвхөн “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа”-тай хүнд хүч хэрэглэсэн шинжээр энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг шууд тодорхойлохгүй болохыг анхаарах нь зүйтэй.

Энэ хэргийн тухайд, Б.Х, Д.О нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай боловч Б.Х-ын хүнийг алсан үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх субьектив талын шинж тогтоогдоогүй тул гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хөнгөрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдалд тохирсон хорих ялыг оногдуулах нь зүйтэй болно.

Шүүгдэгч Б.Х-ын үйлдсэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хувьд шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Б.Х-ын тахир дутуу, хөдөлмөрийн чадвар 80 хувь алдсан хувийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хүнийг санаатай алах, хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэрэг нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор, мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагдана.

Б.Х нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх бөгөөд түүний үйлдлийн үр дагавраас учирсан гэмтлийн улмаас хохирогч шууд нас барсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Б.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчлүүлэх” талаарх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Х-ын “Би хохирогчийг цохиж алаагүй” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын “Б.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дээр дурдсан үндэслэлүүдтэй холбоотой зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4, 1.7-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 619 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 872 дугаар магадлалд

“Прокуророос Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй”,

“Б.Х-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”,

“Б.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жил хорих ял шийтгэсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1-д зааснаар Б.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцон, 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил хорих ялд нэмж нэгтгэн Б.Х-ын нийт эдлэх хорих ялыг 8 /найм/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоосугай”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Х-т оногдуулсан 8 жил 30 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Х-ын “Би хохирогчийг цохиж алаагүй” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйрын “Б.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН