| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/04861/И |
| Дугаар | 101/ШШ2023/04470 |
| Огноо | 2023-10-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2023/04470
2023 10 16 101/ШШ2023/04470
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххххххххх тоот хаягт оршин суух, Тын Хын /РД: ххххххххххх,
Хариуцагч: хххххххххххххх тоот, А ХХК-д /РД: ааааааааааа/ холбогдох
48,836,160 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хишигжаргал,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Хын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хишигжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.Х нь 2021 оны 06 сарын 21-ний өдөр А ХХК-тай ххххххххххххххххххххххххххххххх дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан.
Уг гэрээний дагуу гүйцэтгэгч А ХХК нь Бааааааааааааааа тоотын 1 өрөө, 35,47 м.кв талбай бүхий орон сууцыг Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, барилгын норм, норматив, дүрэм, журамд заасан чанарын дагуу барьж ашиглалтанд хүлээлгэн өгөх, харин захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч гэрээгээр хэлэлцэн тохирсон төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх үүрэг тус тус хүлээсэн.
Т.Х уг гэрээний 2.1, 2.4, 2.5, 2.6-д заасны дагуу орон сууцны 1 м.кв талбайн үнэд 1,300,000 төгрөг, гэрээний нийт үнэд 46,111,000 төгрөг төлөх үүрэг хүлээн 2021 оны 06 сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 06 сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 07 сарын 25-ны өдөр 6,111,000 төгрөгийг А ХХК-ийн Хаан банк дахь ххххххххххххххххх тоот дансанд бүрэн шилжүүлэн, гэрээний үүргээ хугацаандаа бүрэн биелүүлсэн.
Харин гүйцэтгэгч А ХХК нь тус гэрээний 1.3-т заасны дагуу гэрээний зүйл орон сууцыг 2022 оны 4-р улиралд багтаан барьж улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ч өнөөдрийг хүртэл орон сууцыг ашиглалтанд өгөх байтугай барилгын ажлыг эхлүүлээгүй, барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх ажлаа ч эхлээгүй байна.
Гэрээний 3.4-т заасны дагуу гүйцэтгэгч нь зураг төслөө боловсруулж баталгаажуулсан эсэх, барилгын ажлын зөвшөөрөл авсан эсэх зэргээр захиалагчид ажлын гүйцэтгэлийн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлэхгүй байсаар ирлээ.
Т.Х нь 2023 оны 05 сарын 01-ний өдөр А ХХК-д гэрээнд заасан төлбөрийг алдангийн хамт буцаан өгөх, эсхүл өөр баригдаж байгаа төслүүдээс ижил төстэй орон сууц шилжүүлж өгөх хүсэлт гаргасан.
2023 оны 05 сарын 22-ны өдөр А ХХК гэрээ цуцлах санал ирүүлсэн ба орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн 46,111,000 төгрөгийг 2023 оны 07 сардаа багтаагаад төлнө гэсэн хариу ирүүлсэн.
2023 оны 05 сарын 22-ны өдөр А ХХК-иас талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлах саналыг авсан тул уг өдрийг гэрээ цуцалсан өдрөөр тооцсон.
Иймд хариуцагч А ХХК-иас үндсэн төлбөр 46,111,000 төгрөг, 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 сарын 22-ны өдөр хүртэл 52 хоногийн алданги 239,777 төгрөг, гэрээ цуцалсан хохирол 2,485,383 төгрөг, нийт 48,836,160 төгрөгийг нэхэмжилж байна.
Гэрээ цуцалсан хохирлыг тооцохдоо 2023 оны 01-06 сар хүртэл хугацааны Монгол банкны хадгаламжийн жигнэсэн дундаж хүүг 10,78 хувиар тооцсон. 46,111,000 төгрөгийн жилийн хүү 4,970,765 төгрөг, үүнийг 6 сараар буюу хагас жилээр тооцохоор 2,485,383 төгрөг болно гэв.
Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Т.Хын нэхэмжлэлийн шаардлагаас 2021 оны 06 сарын 23-ны өдөр байгуулсан ххххххххххххххххххххххххххххххх тоот гэрээний төлбөрт төлсөн 46,111,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.
Т.Х 2023 оны 05 сарын 01-ний өдөр манай компанид бичгээр гарагсан өргөдөлдөө ххххххххххххххххххххххххххххххх тоот гэрээг цуцалж, 46,111,000 төгрөгийг 2023 оны 07 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүссэн.
Түүний хүсэлтийг манай компани хүлээн авч уг мөнгийг 2023 оны 07 сарын 31-ний өдрийн дотор төлөх тухайгаа мэдэгдсэн. Гэтэл Т.Х Монгол банкны эхний хагас жилийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгээр хохирол тооцсон нь үндэслэлгүй.
А ХХК нь Нийслэлийн засаг даргын 2021 оны 11 сарын 01-ний өдрийн А/854 дүгээр захирамжаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт 18,7 га бүхий Ё хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч батламжлагдсан.
Уг төслийн хүрээнд Баянзүрх апартмент С блокын барилгын ажлыг эхлүүлэх зорилгоор 2021 онд барилгын талбайг бүрэн чөлөөлж барилгын зохих зөвшөөрлүүдийг төрийн эрх бүхий газраас хүссэн.
2022 оны 05 сарын 20-ны өдөр Нийслэлийн ерөнхий архитектур Н.Нацагдорж нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ё хэсэгчилсэн талбайн барилгажих төсөл-ерөнхий төлөвлөгөөг баталж, 2022 оны 07 сарын 21-ний өдөр уг ерөнхий төлөвлөгөөг үндэслэн тус газарт МЗХ2022/23-014 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, техникийн нөхцөл, барилгын зураг төслүүдийг батлуулсан.
Гэсэн хэдий боловч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас зохих зөвшөөрлийг олгохоос татгалзаж, анх олгосон МЗХ2022/23-014 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаварт өөрчлөлт оруулах шаардлагатай тул барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгох боломжгүй талаараа мэдэгдсэн.
Уг мэдэгдлийн дагуу Нийслэлийн ерөнхий архитектур Ц.Тулга 2023 оны 05 сарын 18-ны өдөр өмнө нь баталсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14-р хороо, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ё хэсэгчилсэн талбайн барилгажилтын төсөл-ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн баталсан.
Тус ерөнхий төлөвлөгөөнд Баянзүрх апартмент С блокын байрлал өөрчлөгдсөн тул шинээр архитектур төлөвлөлтийн даалгавар хүссэн тул уг С блокын барилгын ажил хийгдээгүй.
Гүйцэтгэгчийн хувьд тус компани үүргээ биелүүлээгүй төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдлаас манай компанид асуудал үүссэн тул үүнийг гэрээнд заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэн алданги, хохирлыг зөвшөөрөхгүйгээ Т.Хт мэдэгдсэн.
Өнөөдрийн байдлаар барилгын талбай чөлөөлөгдсөн ба сууриа ухаагүй, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй учраас барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй байгаа.
Барилга барих зөвшөөрөл авсны дараагаар захиалга авах ёстой талаар маргахгүй. Гүйцэтгэгч компанийн зүгээс өнөөдрийг хүртэл барилгыш хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулаагүй байгаадаа уучлалт хүсч байна.
Бид нар барилгын ажлыг явуулах боломжгүй тухайгаа тайлбарласаар ирсэн ба гэрээ цуцалсан ч 5 хувийн торгууль оногдуулахгүйгээр гэрээг цуцалж болно гэдгийг хэлсээр ирсэн. Барилгын ажилд хүндрэл учирсан нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй тул үүрэг гүйцэтгэгчийг хохирол учруулсан гэж үзэхгүй.
Иймд нэхэмжлэгч Т.Хын нэхэмжлэлийн шаардлагаас 46,111,000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрч байгаа ба үлдэх хэсгийг нь зөвшөөрөхгүй гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Т.Х нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Т.Хын ам бүлийн талаарх Баянзүрх дүүргийн 13-р хорооны засаг даргын тодорхойлолт, 2021 оны 06 сарын 23-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, гэрээний хавсралт,
А ХХК-д орон сууц захиалгын гэрээний төлбөрт 46,111,000 төгрөг төлсөн баримтууд, мөн компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон 2023 оны 05 сарын 22-ны өдрийн 145 дугаар бүхий төлбөр, тооцоо буцаан барагдуулах тухай баримт зэргийг ирүүлжээ.
Хариуцагч А ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14-р хороо, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Е хэсэгчилсэн талбайн барилгажилтын төсөл 2022 он,
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13, 14-р хороо, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Е хэсэгчилсэн талбайн барилгажилтын төсөл /загвар зураг/ 2023 он, 2022 оны 07 сарын 21-ний өдрийн МЗХ2022/23-014 тоот Архитектур төлөвлөлтийн даалгавар,
Т.Хын А ХХК-д 2023 оны 05 сарын 01-ний өдөр хүргүүлсэн шаардлага, мөн компанийн 2023 оны 05 сарын 22-ны өдрийн 145 дугаар бүхий төлбөр, тооцоо буцаан барагдуулах тухай баримт, зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Х нь хариуцагч А ХХК-д холбогдуулан 48,836,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/Үндсэн төлбөр 101,748,700 төгрөг,
Алданги 239,777 төгрөг,
Хохирол 2,485,383 төгрөг/
Захиалагч Т.Х нь гүйцэтгэгч А ХХК-тай 2021 оны 06 сарын 23-ны өдөр ххххххххххххххххххххххххххххххх тоот орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба гүйцэтгэгч А ХХК нь Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Баянзүрх апартмент С блок орон сууцны 15-р давхар, 145 тоотын 35,47 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 2022 оны 04-р улиралд багтаан барьж захиалагч талд хүлээлгэн өгөхөөр,
Захиалагч нь орон сууцны байрны 1 м.кв-ын үнэд 1,300,000 төгрөг, нийт46,111,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохирчээ.
/ХХ-ийн 4-9 дүгээр тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба 2021 оны 06 сарын 23-ны өдрийн гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.
Талуудын хооронд байгуулсан 2021 оны 06 сарын 23-ны өдрийн гэрээний 2.1-т Захиалсан орон сууцны байрны 1 м.кв-ын үнэ 1,300,000 төгрөг байх ба нийт төлбөр нь 46,111,000 төгрөг байна,
2.2-т Дээрх төлбөрт орон сууцны заслын ажил багтаагүй болно. Үүнийг гэрээний хавсралт 1-т тусгав,
2.3-т Захиалагч тал гэрээний төлбөрийг хавсралт 2-т зааснаар хэсэгчлэн төлнө,
2.4-т 2021 оны 06 сарын 23-ны өдөр 40,000,000 төгрөг гүйцэтгэгч талд шиилжүүлэн өгнө,
2.5-д 2021 оны 07 сарын 23-ны өдөр 6,111,000 төгрөг гүйцэтгэгч талд шилжүүлэн өгнө,
2.6-д Захиалагч төлбөрийг гүйцэтгэгчийн Хаан банкны ххххххххххххххххх тоот дансанд шилжүүлнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч буюу захиалагч Т.Х нь гүйцэтгэгч А ХХК-ийн Хаан банк дахь ххххххххххххххххх тоот дансанд 2021 оны 06 сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 06 сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 07 сарын 25-ны өдөр 6,111,000 төгрөг, нийт 46,111,000 төгрөгийг төлсөн болох нэхэмжлэгч Т.Хын төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч А ХХК энэ талаар маргаагүй.
/ХХ-ийн 11-14 дүгээр тал/
Захиалагч Т.Х нь гэрээгээр тохирсон 46,111,000 төгрөгийг гэрээгээр тохирсоны дагуу бүрэн төлсөн ба тэрээр гэрээгээр тохирсоны дагуу орон сууц 2022 оны 04-р улиралд ашиглалтанд орох байсан боловч ийнхүү хугацаандаа ашиглалтанд ороогүй, орох боломжгүй нөхцөл байдалтай байгаа тул гэрээний үнэд төлсөн мөнгөө, алдангийн хамт буцаан авах хүсэлтийг гүйцэтгэгч буюу төсөл хэрэгжүүлэгч А ХХК-д 2023 оны 05 сарын 01-ний өдөр гаргасан талаар гүйцэтгэгч тал мөн маргаагүй.
/ХХ-ийн 49 дүгээр тал/
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч тал гэрээ цуцлах тухайгаа хариуцагч талд мэдэгдэж байсан нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдлоо.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй бөгөөд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй, гарах боломжгүй байх тул гэрээний оролцогч гэрээ цуцалсан нь үндэслэлтэй.
Гүйцэтгэгч А ХХК-ийн 2023 оны 05 сарын 22-ны өдрийн 145 тоот Төлбөр тооцоо буцаан барагдуулах тухай хариунд:
А ХХК-ийн хэрэгжүүлж буй Баянзүрх апартмент төслийн С блокын захиалагч ххххххххххххххххххххххххххххххх тоот гэрээний дугаартай Т.Х захиалагчийн үлдэгдэл болох 46,111,000 төгрөгийн төлбөрийг 2023 оны 07 сард багтаан буцаан барагдуулна гэжээ.
/ХХ-ийн 14, 48 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Гүйцэтгэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах хугацааг 90 хоног, түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 91 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,01 хувиар тооцон алданги захиалагч талд төлнө,
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,
мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заажээ.
2021 оны 06 сарын 23-ны өдрийн гэрээний 1.3-т зааснаар гүйцэтгэгч орон сууцны барилгыг 2022 оны 04-р улиралд багтаан ашиглалтанд оруулах үүрэгтэй байсан ба гүйцэтгэгч ийнхүү гэрээний хугацаа дууссанаас хойш 90 хоног, түүнээс дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 91 дэх хоногоос алданги тооцохоор байна.
Алдангийг гэрээ байгуулсан 2021 оны 06 сарын 23-ны өдрөөс бус гэрээний хугацаа дуусч алданги нэхэмжлэх эрх үүссэн 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс гэрээ цуцлахтай холбоотой саналд хариу өгсөн 2023 оны 05 сарын 22-ны өдөр хүртэл тооцох үндэслэлтэй.
Талуудын хооронд байгуулсан 2021 оны 06 сарын 23-ны өдрийн гэрээгээр тохирсоны дагуу орон сууцыг 2022 оны 04-р улиралд багтаан барьж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгохоор тохиролцсон байсан ба гэрээний хугацаа дуусгавар болсон 2023 он 01 сард Монгол банкны харилцах, хадгаламжийн жигнэсэн дундаж хүү жилийн 10,2 хувь байсан байна.
Энэ нь Монгол банкны www.mongolbank.mn сайтад байршиж байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.
46,111,000 төгрөг*0,01 хувь=4,611 төгрөг /1 хоног/
2023.04.01-2023.05.22, 52 хоног*4,611 төгрөг=239,772 төгрөг /алданги/
Хариуцагч А ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй нь нэхэмжлэгч Т.Хт хохирол учирсан гэж үзэхээр байх тул хохирлыг гэрээний хугацаа дууссан 2023 оны 01 сараас нэхэмжлэгчийн тооцсоноор буюу 2023 оны 06 сар дуустал хугацаагаар тооцон гаргуулан нэхэмжлэгч Т.Хт олгох үндэслэлтэй.
10,2 жилийн хүү/12 сар=0,85 хувь /сарын хүү/
46,111,000 төгрөг*0,85 хувь=391,944 төгрөг /1 сарын/
391,944 төгрөг/6 сар =2,351,664 төгрөг болно.
Хариуцагч А ХХК нь тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй ч төрийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс барилгын ажлаа эхлүүлээгүй тул алданги, хохирлыг төлөхгүй хэмээн тайлбарласан ба энэ нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах үндэслэл болохгүй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,
343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заасан байна.
Хариуцагч А ХХК-ийн гүйцэтгэх үүрэг 46,111,000+239,772+2,351,664 төгрөг.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар 227.3-т заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 48,702,436 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 133,724 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч А ХХК-иас 48,702,436 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 133,724 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Хын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 402,131 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 401,462 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Хт олгосугай.
3. Тус шүүхийн 2023 оны 08 сарын 04-ний өдрийн 18538 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч А ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 48,836,160 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН