Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2023/04762

 

 

 

 

 

 

 

 

2023 11 01 101/ШШ2023/04762

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ххххххххххххх тоот хаягт оршин суух, Мишагийн Аын /РД: хххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ххххххххххххх тоот, К ХХК-д /РД: ххххххх холбогдох

51,276,425 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие М.А нь 2022 оны 10 сарын 10-ны өдөр 22/01/06 дугаартай хөлсөөр ажиллах гэрээг К ХХК, тус компанийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Этэй байгуулан тус шүүхэд хянагдаж байсан Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч К ХХК-ийг шүүхэд төлөөлөн ажиллахаар тохирч 35,000,000 төгрөгийн хөлсийг авахаар харилцан тохиролцон гэрээ байгуулсан.

Тус шүүхэд Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй К ХХК-д холбогдох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 1,573,655,297 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэг хянагдаж байсан бөгөөд мөн дээрх бичгийн гэрээнээс гадна дахин аман хэлбэрээр тохиролцон нэхэмжлэлийн шаардлагаас хангахаас татгалзаж шийдвэрлэсэн үнийн дүнгийн 10 хувийг надад олгохоор болсон.

Хөлсөөр ажиллах гэрээний 2.3-т Төлбөрийг гэрээ байгуулсан өдөр 5,000,000 төгрөгийг, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 2022 оны 11 сарын 15-ны дотор бүрэн төлнө гэж заасны дагуу К ХХК-ийн захирал Б.Э Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн ххххххххххх тоот данснаас 5,000,000 төгрөгийг 2 хувааж, 2023 оны 10 сарын 14-ний өдөр Хаан банк дахь миний ххххххххххх тоот дансанд шилжүүлсэн.

Мөн тэрээр надад 2022 оны 12 сард 5,000,000 төгрөг бэлнээр, 2023 оны 02 сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлж надад нийт 13,000,000 төгрөгийг гэрээний төлбөр болгон өгсөн.

Үлдэгдэл төлбөрийг К ХХК-ийн захирал Б.Э өгөөгүй байхад нь би Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй К ХХК-д холбогдох зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 1,573,655,297 төгрөг гаргуулах тухай хэрэгт хариуцагч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон.

Ингээд тус шүүх 2023 оны 01 сарын 05-ны өдрийн хххххххххххх дугаар шийдвэрээр зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч талаас 1,280,891,039 төгрөгийг гаргуулж Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгож шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрт зохигч талууд хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Миний бие анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө хариуцагч К ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эээс 2022 оны 10 сарын 10-ны өдрийн 22/01/06 дугаартай хөлсөөр ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 22,000,000 төгрөг, шүүх хуралдаанаас хойш нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 292,764,257.51 төгрөгөөр бууруулсны 10 хувь болох 29,276,425 төгрөг, нийт 51,276,425 төгрөгийг шаардахад тэрээр удахгүй өгнө өө гэх тайлбарыг хэлсээр өнөөдрийг хүрсэн.

Иймд К ХХК-иас амаар болон бичгээр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт нийт 51,276,425 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч М.А нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, 2022 оны 10 сарын 10-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээ, К ХХК-ийн захирал Б.Эээс хөлсөөр ажилллах гэрээний төлбөр шилжүүлсэн баримт,

Хуульчийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 05-ны өдрийн хххххххххххх дугаар бүхий шийдвэр,

шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тухай Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2023 оны 10 сарын 17-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтыг ирүүлжээ.

 

Хариуцагч К ХХК-ийн захирал Б.Э нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, иргэний үнэмлэхний хуулбараа ирүүлсэн ба хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг 2023 оны 06 сарын 26-ны өдөр гардуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.А нь хариуцагч К ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 51,276,425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Тэрээр хөлсөөр ажиллах гэрээг бичгийн болон аман хэлбэрээр К ХХК-ийг төлөөлөн тус компанийн гүйцэтгэх удирдлага Б.Этэй байгуулсан тул гэрээний дагуу хөлсийг К ХХК-иас нэхэмжлэн нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан болно.

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, UBCH центр, 13 давхар, 1318 тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг хуульч М.Атай К ХХК-тус компанийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Э 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 22/01/06 тоот хөлсөөр ажиллах гэрээ байгуулан,

М.А нь тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй ... Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч К ХХК-ийг шүүхэд төлөөлөхөөр,

Гэрээний 2.2-т Хууль зүйн туслалцаа үзүүлсэн үйлчилгээний хөлсийг 35,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсоноор үл маргах журмаар төлнө,

2.3-т Төлбөрийг гэрээ байгуулсан өдөр 5,000,000 төгрөгийг үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 2022 оны 11 сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлнө гэж тус тус харилцан тохиролцжээ.

/ХХ-ийн 5-6 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, тэд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн ба мөн уг гэрээний талууд дахин аман тохиролцоогоор шүүхийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үнийн дүнгийн 10 хувийг хөлсөөр ажилласан этгээдэд олгохоор тохиролцсон гэх бөгөөд үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

Хариуцагч тал энэ талаар маргаагүй, эсэргүүцсэн тайлбар ирүүлээгүй болно.

 

Хариуцагч К ХХК 2022 оны 10 сарын 10-ны өдөр бичгээр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний төлбөрийн тодорхой хэсгийг буюу 5,000,000 төгрөгийг К ХХК-ийн захирал Б.Э Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн ххххххххххх тоот тоот данснаас 2,500,000 төгрөг, 2,500,000 төгрөгөөр 2023 оны 10 сарын 14-ний өдөр нэхэмжлэгч М.Аын Хаан банк дахь ххххххххххх тоот дансанд, 2022 оны 12 сард 5,000,000 төгрөг бэлнээр, 2023 оны 02 сарын 01-ний өдөр 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талын дээр дурдсан Хаан банк дахь дансанд шилжүүлэн, нийт нийт 13,000,000 төгрөгийг төлсөн нь зохигчийн тайлбар, мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 7-8, 29-30 дугаар тал/

 

Жижиг дунд үйлдвэрийн газар нь К ХХК, О.Буд нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 1,573,655,297 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М.А оролцсон бөгөөд тус шүүхийн 2023 оны 01 сарын 05-ны өдрийн хххххххххххх дугаар шийдвэрээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж,

хариуцагч К ХХК, О.Буд нараас 1,280,891,039 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газарт олгон, нэхэмжлэлээс 292,764,257.51 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгон,

барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрт зохигч хэн аль давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасан ба дээр дурьдсан үйл баримтууд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул дахин нотлох шаардлагагүй болно.

/ХХ-ийн 56-38 дугаар тал/

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болохыг шаардах бөгөөд хөлсөөр ажилласан этгээд бичгийн болон аман хэлбэрээр байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн байх тул ажиллуулагч хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй.

Хариуцагч К ХХК-иайн гүйцэтгэх үүрэг:

35,000,000 төгрөг-13,000,000 төгрөг=22,000,000 төгрөг,

292,764,257.51 төгрөг*10 хувь=29,276,425 төгрөг, нийт 51,276,425 төгрөг.

 

Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 05 сарын 17-ны өдөр хүлээн авч 2023 оны 05 сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч К ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эт 2023 оны 06 сарын 26-ны өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэргийн материалыг танилцуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Хариуцагч К ХХК2023 оны 06 сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.

/ХХ-ийн 1-2, 9, 11-20 дугаар тал/

 

2023 оны 10 сарын 11-ний өдрийн 10 цагт товлосон хуралдаанд хариуцагч К ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эт шүүх хуралдаан болохоос 14 хоногийн өмнө мэдэгдсэн хэдий ч хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мэтгэлцэх эрхийг нь хангах үүднээс хуралдааныг 2023 оны 11 сарын 01-ний өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

Хариуцагч К ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Э нь өөр дүүрэгт ажиллаж байгаа тул хуралдаанд ирэх боломжгүй гэх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй тул хариуцагч талыг 2023 оны 11 сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч К ХХК-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

/ХХ-ийн 22, 24-27, 40-43, 45-49, 54-55 дугаар тал/

 

Талуудын хооронд бичгээр байгуулсан 2022 оны 10 сарын 10-ны өдрийн хөлсөөр ажиллах гэрээний 4.1-т Энэхүү гэрээг хэрэгжүүлэх явцад гарах аливаа нэгэн маргааныг ... хэлэлцээр хийх замаар шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд харилцан тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд Монгол улсын хуулийн дагуу арбитраар шийдвэрлүүлнэ гэж заасан ба талууд дахин аман хэлбэрээр гэрээ байгуулахдаа уг гэрээтэй холбоотой үүсэх маргааныг шийдвэрлэх харьяаллын талаарх тохиролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана гэж заасан харьяаллын дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч К ХХК-иас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 51,276,425 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ат олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Аын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 414,333 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-иас 414,333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ат олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН