| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2026/0008/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/18 |
| Огноо | 2026-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2026/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга А.Анужин,
улсын яллагч Г.Ганбагана,
хохирогч С.*******,
шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2507000000318 дугаартай хэргийг 2025 оны 1 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******ы 04 дүгээр сарын 30-ны өдөр ******* ******* дүүрэгт төрсөн, *******тай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “” ******* ажилтай, ам бүл 1, ******* дүүргийн хороо, од оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ын ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад энэ хүмүүстэй уулзаад уралцаад байх цаг зав байхгүй, орж гарах болгонд дандаа хэл амаар доромжилдог. Тухайн үед одоо би түлхүүрээ авъя гэхэд чиний түлхүүрийг би яаж мэддэг юм, муу пизда минь чиний хөлдөж үхэхийг чинь би яаж мэдэх юм, надад ямар хамаатай юм гэсэн. Ер нь байнгын бүлэглэж намайг дээрэлхэж хэл амаар доромжилдог. Би аргаа бараад энэ хүмүүстэй хэл амаа ололцохгүй юм байна гэж бодоод эгчийг та настай хүн байна миний түлхүүрийг аваад өгөөч, ах, ******* эгч хоёр түлхүүр аваад өгөхгүй байна гэж гуйсан. Би ч гэсэн эдийн засаг, сэтгэл санаагаар хохирсон. Адилхан гэмтэл учирсан мөртөө яагаад надад гэмтлийн зэрэг тогтоогдохгүй, түрүүлээд гомдол гаргаад өргөдөл өгсөн хүмүүст гэмтлийн зэрэг тогтоогдоод байгааг ойлгохгүй байна. Пиво уусан байсан нь миний буруу. Гэхдээ би энэ хүмүүс рүү асаж архираад хашгираад зодолдсон юм байхгүй. Урд өдөр нь энэ 2 хүн зодолдож алалцаад бөөн юм болж байсан. Би ч адилхан зодуулж нүүр амаа маажуулж уруулсан. Одоо ч гэсэн сорви нь арилаагүй. Өнөөдөр ийм асуудал үүсгээд зогсож байгаадаа үнэхээр харамсалтай байна гэв.
Хохирогч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Урд өдөр нь манай нөхөр архи уугаагүй, найзынх нь төрсөн өдөр болж бид нар караокед орж би 1-2 лааз пиво уусан. Бид хоёр гэрт орж ирээд авгай нөхөр хоёрын хооронд жаахан маргаан болж би дийлэх гээд уйлсан. Маргааш нь гаднаас 1 залуутай орж ирээд хөгжим тавиад ууж идээд тэр хүн нь гараад явсан. шал согтуу хөөе *******аа *******ын янхан, чи нөхөртөө эрхэлж уйлаад байхдаа яадаг юм гэхэд нь манай хүн хаалга онгойлгоод чи болиоч гэсэн. Надад бичлэг нь байгаа, би яагаад бичлэг хийсэн бэ гэхээр энэ хүн дандаа хүнийг гүтгэдэг. Намайг зодоогүй гэж байгаа нь худлаа, зодсон хамт ирсэн эмгэн нь харсан, утсаараа намайг цохисных нь дараа би утсыг нь булааж аваад савж хагалчихвал яах вэ, надаас бөөн мөнгө нэхнэ гээд тэр эмгэнд өгсөн. Өөрийнхөө хөлийг дэлгээд намайг шаа аа дутуу харвачихсан авгай чинь юу ч хийж чадахгүй гэсэн. Одоо үүд рүү байнга юм цацаастай байгаа. Миний хүүхдүүдэд бөө удган байсан ч гэсэн энэ хүн шиг хараал ерөөл хийж явахгүй. Би гомдолтой байна, улаан цагаан ингэж доромжлуулаад сууж байна гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 10 дугаар сарын 17-18-ны шөнө ******* дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 1 дүгээр орцны 2 давхарт С.*******ыг гэрийн түлхүүр өгөхгүй байна гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж толгой, нүүр хэсэгт нь цохин зодож биед нь зүүн нүдний дээд доод зовхи, цээж, зүүн тавхайд цус хуралт, нүүр, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч С.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн орчим манай хөрш айлын нь гаднаас хүмүүстэй орж ирээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд орилж хашгираад, хөгжим тавьж чанга дуу чимээ гаргаад байгаад 00 цаг өнгөрч байхад хүмүүс нь гарч явсан. гэртээ ганцаараа үлдээд нөхөр бид хоёрт агсам тавьж эхэлсэн бөгөөд коридорт гарч ирээд *******аа нөхөртөө эрхэлсэн салга эмэгтэй, чамайг би харвуулсан шүү гэх мэтээр харааж шүлсээ хаяад байхаар нь би гэрээс гараад иртэл над руу нулимсан. Би түүнийг түлхэхэд миний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохихоор нь би үснээс нь зулгаахад манай нөхөр гарч ирээд салгасан. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд бид 2 гэртээ орсон. Удалгүй цагдаагийн байгууллагын ажилтнууд ирээд ы гэрийг шалгахад гэрээсээ явсан байсан. Цагдаагийн ажилчид явсны дараагаар гаднаас нэг үл таних настай хүнтэй орж ирээд гаднаас гэрийн түлхүүр өгөөч хулгайчуудаа та хоёроос өөр хүн авахгүй, манай гэрээс хулгай хийлээ гээд гэрийн хаалгыг өшиглөөд байхаар нь хаалгаа нээгээд түлхэхэд намайг үсдэж чирээд, нүүр цээж хэсгийг урсан. Миний зүүн хөлөн дээр гишгээд 4 дэх хурууг минь хөхрүүлсэн. Миний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохиж, зүүн нүд хэсэгт хөхөрч хавдсан. Мөн нүүр, цээж хэсгийг минь хумсаараа маажиж урсан. Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 13-14, 17 хуудас/,
- Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хуваарьт томилгооны дагуу 24 цагаар Чулуут -112 чиглэлд ахлах ахлагч Ц.ын хамт үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 03 цагийн үед ******* дүүргийн хороо, од хэрүүл маргаан болоод байна гэж жижүүрээс дуудлага өгөхөөр нь очоод гэх ахаас юу болсон талаар асуухад хажуу айлын хөрш гэх эмэгтэй согтуу орж ирээд манай эхнэрийг хөгжлийн бэрхшээлтэйгээр далимдуулж цээж нүүр хэсгийг маажаад цохисон гэхээр нь эхнэр болох ******* гэх хүнийг харахад биеийн цээж хэсэг нь маажуулсан, өмсөж байсан фодволка нь урагдсан, нүүр хэсэгт нь хавдсан байхаар нь зодсон гэх эмэгтэйн хаалгыг нь цохиход онгойлгохгүй байсан. Тухайн үед ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 20-21 хуудас/,
- Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2025 оны 10 дугаар сарын 18-ны орой гэртээ эхнэрийн хамт унтаж байхад хөрш гэх эмэгтэй чанга хөгжим тавиад орилоод байхаар нь би наад хөгжмөө аяархан болго, унтаж амармаар байна гэхэд нэлээн согтуу танай эхнэр чинь янхан, таныг хуурч яваад 4 хүүхэдтэй болсон, өөр хүний хүүхэд гэж орилоход нь манай эхнэр гэрээсээ гарч ирээд чи одоо юу гээд байна гэхэд манай эхнэр лүү шүлсээ цацахад манай эхнэр ыг нэг удаа түлхсэн. манай эхнэрийн нүүр лүү дайраад хумсаараа маажаад үсдээд авахад нь би салгаад цагдаа дуудсан. Удалгүй цагдаа ирэхэд гэрээ цоожлоод гараад зугтсан байсан. гаднаас орж ирээд манай хаалгыг нүдээд гэрийн түлхүүрээ авъя хулгайч нараа гээд орилохоор нь бид хоёр гарахад нэг эмээ дагуулаад ирсэн байсан. Манай эхнэр д танай түлхүүрийг аваагүй гэхэд манай эхнэрийн нүүр лүү гартаа барьсан байсан утсаараа 2 удаа цохиод, цээж хэсэгт нь маажихаар нь би салгасан. тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/,
- Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2025 оны 10 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед гэртээ унтаж байхад хаалга дуугараад би босож очоод хаалгаа онгойлгоход зүс таних дүү унтлагын өмд цамцтай зогсож байхаар нь би юу болсон бэ гэхэд манай хөрш миний гэрийн түлхүүр аваад өгөхгүй байна, та цуг яваад түлхүүр аваад өгөөч гэсэн. Би цуг яваад гэрт ирэхэд энэ өөдөөс харсан айлын хүн түлхүүр аваад өгөхгүй байна гэхээр нь би хаалгыг цохих үед эрэгтэй, эмэгтэй хүн гарч ирсэн. Би ы гэрийн түлхүүрийг өгөөч гэхэд эрэгтэй хүн нь чамд ямар хамаатай юм гэсэн. ыг эмэгтэй нь заамдаж аваад хананд шахаад үснээс нь зулгаахад тэр эмэгтэйг зөрүүлж үсдэж аваад хоорондоо гар гараараа нүүрээ маажилцаад байх үед эрэгтэй бид хоёр салгаад бид ыг гэрт нь оруулаад, тэр эмэгтэй, эрэгтэй хоёр хувцсаа өмсөөд гадагшаа гараад явсан. ы гэрт пивоны лааз байсан. Тухайн үед тэр эмэгтэйг үсдэж аваад нүүр лүү нь маажсан. Эрэгтэй нь эрүүл байсан, эмэгтэй нь нэлээн согтуу байсан. Тэр эмэгтэйн биед намайг анх ирэхэд нүүр, цээж хэсэг нь маажуулсан байсан. Харин нүд нь зүгээр байсан, намайг ирээд хоёр үсдэлцээд маажилцаад салгахад тэр эмэгтэйн зүүн нүд нь нэлээн улайгаад хавдсан байсан. гараараа цохисон” гэх мэдүүлэг /х.х-ийн 26 хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч О.Ганжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “******* дүүргийн хороо, 9 дүгээр байрны 2 давхарт хөрш айлын намайг зодож миний биед халдсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.******* нь 2025 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ******* дүүргийн Эрүүл мэндийн төвөөс түргэн тусламж 28 350 төгрөгийг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******* дүүргийн Эрүүл мэндийн төвөөс амбулаторийн тусламж 164 443 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч нийт 192 780 төгрөгийг зардал гарсан нь холбогдох лавлагаагаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээд Ж.*******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /х.х-ийн 59-60 хуудас/,
- Шүүгдэгч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Манай гэрт хүрээд ирэхээр нь бид хоёр юм ярьж суунгаа Сэнгүр нэртэй пиво нэг лааз ууж зурагтан дээрээ орос дуу тавьж дуулж байгаад 23 цагийн үед гэр лүүгээ явсан. Жижиг өрөөнөөсөө ус ундаагаа оруулаад жижиг өрөөгөө цоожлоод том өрөөнийхөө хаалганд түлхүүрээ зоогоод 00 ороод гараад ирэхэд өрөөний түлхүүр байхгүй байсан. Би хажуу хөрш ******* эгчийг түлхүүр өгөөдөх гэхэд ******* эгч намайг чиний түлхүүрээр бид нар яах юм бэ, гудамжиндаа хөлдөж үх, чиний орос дуу дуулах гэж юу байхав, чи орос үг мэдэх үү, чи манай байрны гаднаас наад сэгээ зайлуул гичий минь, буг минь зайл гэхээр нь миний амьдрал чамд хамаагүй гэхэд цаанаас нь *******ын нөхөр ах гарч ирээд намайг чи ыг алаад байранд нь амьдарч байгаа биз дээ, нөхрийнхөө толгойг залгисан биз дээ гээд заамдаад авахаар нь би гарыг нь тавиулаад зугтаж яваад эгчийн гэрт очиж манай хөрш айлын хүмүүс гэрийн түлхүүр аваад өгөхгүй байна, та аваад өгөөч гээд дагуулаад гэртээ ирээд ах, ******* эгчийн үүдэнд очоод хаалгыг нь цохиод эгч түлхүүрийг өгөөч гэхэд ах чамд хамаагүй, чиний оролцох юм биш, чи зайл гээд ах намайг заамдаж авахад ******* эгч намайг үсдэж аваад миний нүүрийг маажаад авсан. Би зөрүүлээд үсдэж аваад гарын хумсаараа нүүр хэсэгт нь 5-10 минут хэртэй маажилцсан. Би хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би 2025 оны 07 дугаар сарын 13-нд нэрээ солиулахаар иргэний бүртгэлийн газарт хүсэлт өгч 2025 оны 08 дугаар сарын 12-нд нэр солигдсон” гэх мэдүүлэг /х.х-ийн 65-67, 69-70 хуудас/,
- Шинжээч Б.Даваасүрэнгийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЕГО0725/13378 дугаартай: “С.*******ын биед зүүн нүдний дээд доод зовхи, цээж, зүүн тавхайд цус хуралт, нүүр, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-ийн 37-38 хуудас/,
- Шинжээч Ц.Тунгалагтамирын 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ЕГО525/1434 дугаартай: “Ж.ы биед баруун хацар, зүүн чих, баруун шуу, хоёр сарвуунд зулгаралт, эрүү, хоёр өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, толгойн хуйх, дух, чамархай, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлээс баруун хацар, зүүн чих, баруун сарвуунд зулгаралт, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, толгойн хуйх, дух, чамархай, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт нь хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэх дүгнэлт /х.х-ийн 43-45 хуудас/,
- Шинжээч Ц.Тунгалагтамирын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ЕГО725/13361 дугаартай: “Ж.ы биед баруун хацар, зүүн чих, баруун шуу, хоёр сарвуунд зулгаралт, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлээс баруун хацар, зүүн чих, баруун сарвуунд зулгаралт, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалгад цус хуралт нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт нь хуучин гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэх дүгнэлт /х.х-ийн 52-53 хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, цээжний рентген харалт, дүрс оношилгооны хариу, хохирогч С.*******ын эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /х.х-ийн 9, 34-36, 90-91 хуудас/, хохирогч С.*******аас шүүх хуралдаанд гаргаж өгсөн эмчилгээний 6 ширхэг баримт зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 71-82 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Ж.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч С.*******ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Ж.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 10 дугаар сарын 17-18-ны шөнө ******* дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 1 дүгээр орцны 2 давхарт С.*******ыг гэрийн түлхүүр өгөхгүй байна гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж толгой, нүүр хэсэгт нь цохин зодож биед нь зүүн нүдний дээд доод зовхи, цээж, зүүн тавхайд цус хуралт, нүүр, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.*******, хохирогч С.******* нар нь хөрш айлууд ба тэдгээрийн хоорондоо удаан хугацаанд үргэлжилсэн таарамжгүй харилцаа, архидан согтуурсан байдал нөлөөлсөн байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Мөн шүүгдэгч Ж.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ Ж. гэх нэртэй байсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад нэрээ өөрчилсөн болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа, нэр сольсон лавлагаагаар тогтоогдож байгааг дурдлаа.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч С.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд гаргасан 6 ширхэг баримтаар эмчилгээний зардалд нийт 432 229 нэхэмжилсэн нь түүний шүүхэд гаргасан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Ж.*******аас 432 229 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож шийдвэрлэв.
Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч С.*******ын эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 192 780 төгрөгийг зардлыг шүүгдэгч Ж.******* нь төлж барагдуулаагүй учир түүнээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй гэж үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Ж.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Г.Ганбагана эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан,
шүүгдэгч Ж.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Санал, хүсэлт байхгүй гэжээ.
Шүүгдэгч Ж.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Ж.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1 зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т тус тус зааснаар шүүгдэгч Ж.*******аас 432 229 /дөрвөн зуун гучин хоёр мянга хоёр зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж хохирогч С.*******ад, 192 780 /нэг зуун ерэн хоёр мянга долоон зуун ная/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА