Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 225

 

 

 

 

 

 

 

 

      

        

       

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Л.Дамдиндорж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Ч.Отгонжаргал түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хул шарынхан овогт Чинбатын Отгонжаргалд холбогдох эрүүгийн 201626022141 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                           

Монгол Улсын иргэн, Хул шарынхан овогт Чинбатын Отгонжаргал, /РД:УЗ89041575/ 1989 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн үйлдвэрлэлийн менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 7 дугаар байрны 34 тоотод оршин суудаг, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Шүүгдэгч Ч.Отгонжаргал нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 08 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баруун урд талын  авто зам дээр иргэн Б.Намсрайтай гэрлэн дохион дээр удаан зогслоо гэж маргалдаж улмаар Х.Баянжаргалын толгойн тус газар нь домакрадаар нэг удаа цохиж, хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Отгонжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Ч.Отгонжаргал нь 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 08 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баруун урд талын  авто зам дээр иргэн Б.Намсрайтай гэрлэн дохион дээр удаан зогслоо гэж маргалдаж улмаар Х.Баянжаргалын толгойн тус газар нь домакратаар нэг удаа цохиж, хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас 8-9 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар хавсаргасан тогтоол. /хэргийн 1 дүгээр хавтас 10 дугаар хуудас/

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн  Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас. /хэргийн 1 дүгээр хавтас 123 дугаар хуудас/

Өвчний түүх. /хэргийн  1 дүгээр хавтас 124-133 дугаар хуудас/

Хохирогч Х.Баянжаргалын “... Намсрай ах машинаа зогсоож машинаасаа буугаад  Отгонжаргалын цонх онгорхой байсан бололтой машины баруун талаар нь очоод хаана нь гэдгийг хараагүй нэг удаа цохих шиг болсон. ... Тухайн үедээ Отгонжаргалыг цохиж авсан зүйл байхгүй ба салгах үед эхнэр Түмэнцацрал гараад ирчихсэн хажууд зогсож байсан. Тэгээд би Отгонжаргалыг түлхэж машин руу явуулаад Намсрай ахыг Элбэгзаяа ах машин руу түлхсэн. ... Отгонжаргал хаанаас домакрат гаргаж ирсэнийг хараагүй баруун гартаа барьчихсан миний өөдөөс ирээд шууд үгийн зөрүүгүй нэг удаа дух зүүн тал руу цохисон. Энэ үед духнаас цус гараад хэсэг хугацаанд манараад юу болсоныг санахгүй байгаа. ... Надад одоо гомдол санал нэхэмжлэх гэх зүйл байхгүй. Биеийн байдал гайгүй. Эмээ тогтмол ууж байгаа болохоор надад цаашид шалгуулах гомдол санал байхгүй. Харин би хөдөө Хөвсгөл аймагт байдаг тул хэргийн шүүхээр шийдвэрлэх үед шүүх хуралдаанд сууж чадахгүй тул хэргийг намайг байхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1дүгээр 225 дугаар хуудас/

Гэрч Э.Түмэнцацралын “...ах машинаас бууж, чи яаж яваад байгаан гээд бариад авах үед машинаас бууж ирэхээр нь ах Намсрай Отгонжаргалыг нэг удаа цохисон санагдаж байна. Хаана цохисныг мэдэхгүй байна. Тэгтэл Отгонжаргал ах Намсрайн баруун талын нүд рүү 2-3 удаа цохисон. Сүүлд харахад хөхөрсөн байсан. Ингээд хоорондоо барьцалдаж аваад зодолдох гээд байхаар нь манай нөхөр Баянжаргал, Элбэгзаяа ах бид гурав машинаас буугаад, Баянжаргал нөгөө хоёрыг салгаад ах Намсрайг урд хэсэг рүү аваачих үед Отгонжаргал машин руугаа гүйгээд багажаа онгойлгоод домакрад гаргаж ирэхээр нь чи яах гэж байгаан гээд ойртох үед намайг түлхэж нөхрийг хөөхөд хойшоо ухраад машин тулсан. Отгонжаргал баруун гартаа барьж байсан хар өнгийн эвхэгддэг домакрадаар толгой руу нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 14 дүгээр хуудас/

Гэрч Б.Намсрайн “...Эмч нь толгой зураг аваад бид нарт гавал тархины суурь яс цөмөлж орсон. Дотор талд нь хар өнгийн будагны хэлтэрхий үлдсэн байна гэж хэлсэн. Отгонжаргал нь хар өнгийн эвхэгддэг домакрадаар цохисон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 16 дугаар хуудас/

Гэрч Б.Элбэгзаяагийн “...Гэмтлийн гэрлэн дохион дээр нөгөө машин зогсохоор нь Намсрай бага зэрэг ууртайгаар бууж яваад Отгонжаргалтай барьцалдаад авсан. Түмэнжаргал хажууд салгах гээд зогсож байгаад унахаар нь би баруун хойд талын хаалгаар, Баянжаргал зүүн хойд хаалгаар гарч гүйцсэн маягтай очтол Отгонжаргал арын багажнаас хар өнгийн эвхэгддэг домакрад гаргаж ирээд Баянжаргалын толгойн тус газарт нэг удаа цохисон. Баянжаргал газар сууж толгойгоо бариад цус гарч байсан. Отгонжаргал хөдлөөд явсан. Намсрай машиных нь түлхүүрийн оосрыг барьчихсан. Нөгөө гар чинь зугтчихлаа гэж байсан. Отгонжаргал Баянжаргалыг гартаа барьж байсан домакрадаар толгойн тус газарт цохих үед би Намсрайн машины баруун урд талд зогсож байсан. Зодоон 2 машины голд болсон. Энэ үед замын хөдөлгөөн ихтэй, машинууд араас сигналдаад байсан. Надад учирсан гэмтэл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 18 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийгдсэн Шүүх эмнэлгийн шинжилгээ №10623 дугаартай:

“1. Х.Баянжаргалын биед дух ясны цөмөрсөн ил хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цус хуралт, духны зүүн дэлбэнгийн тархины эдийн няцрал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, 1 шүдний эмтрэл бүхий  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 25 дугаар хуудас/

Шинжээч эмч Г.Хадхүүгийн “...Х.Баянжаргалын биед учирсан дух ясны цөмөрсөн ил хугарал, хугарлын харалдаах хатуу хальсан дээрх цус хуралт, духны зүүн дэлбэнгийн тархины эдийн няцрал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нэг удаагийн үйчлэлээр үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 229 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Отгонжаргал иргэн Б.Намсрай нар нь гэрлэн дохион дээр удаан зогслоо, машинаараа шахаж явлаа гэх шалтгаанаар Б.Намсрай нь Ч.Отгонжаргалыг машиндаа сууж байхад эхэлж очиж өдөөн хоргоож улмаар маргалдаж Ч.Отгонжаргал нь Х.Баянжаргалын толгой тус газар нь домакрадаар нэг удаа цохиж, хүнд гэмтэл санаатай учруулсан учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн дээрх хуулийн зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Отгонжаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 1 дүгээр хавтас 72 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хүнд ангиллын гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэв.

 

Хохирогч Х.Баянжаргал нь “... Отгонжаргал нь эхлээд 700.000 төгрөгийг өгч сүүлд прокурорын шатанд бэлэн 3.000.000 төгрөг өгсөн байгаа. ... Одоо Отгонжаргалаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 225-226 дугаар хуудас/ хэрэгт авагджээ.

Иймд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн “Тоyota8 safe working load 800kg”  гэсэн бичиглэлтэй домакрад 1 /нэг/ ширхэгийг устгаж, Ч.Отгонжаргал нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн  102/ШШ2017/01352  дугаартай шийдвэрээр охин Отгонжаргалын Ариунжаргалыг эцэг Ч.Отгонжаргалын асрамжинд үлдээхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шүүх хуралдаанд гарган өгчээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан “ анх удаа хүндэвтэр хүнд гэмт хэрэг үйлдсэн ....гурав хүртлэх насны хүүхэдтэй ...ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг ...хойшлуулж болно” гэсэн заалтад хамаарч байх тул Ч.Отгонжаргалд оногдуулсан хорих ялын шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

   ТОГТООХ нь:

 

1. Хул шарынхан овогт Чинбатын Отгонжаргал нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Отгонжаргалыг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ч.Отгонжаргалд оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3 дахь хэсэг 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт зааснаар Ч.Отгонжаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Ч.Отгонжаргалд оногдуулсан  5 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн “Тоyota8 safe working load 800kg”  гэсэн бичиглэлтэй домакрад 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Отгонжаргалд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

                       

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.АЛТАНХУЯГ

                                          

                      ШҮҮГЧИД                                  Л.ОЮУН

 

                                                                         Ч.ОТГОНБАЯР