Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/35   

 

Х.Р-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/75 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Х.Рд холбогдох эрүүгийн 2113000400039 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч Х.Р болон түүний өмгөөлөгч Т.Б- нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Өрен, шүүгдэгч Х.Р, шүүгдэгчийн өмгөөлөгч К.Ержан, Т.Б- нар оролцов.                         Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс Казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан, тус аймгийн Ө сумын  дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 6 хүнтэй, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Е овогт Х-ын Р /РД: 000000/ нь Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн D200803732 дугаартай, Газрын кадастрын инженер мэргэжлээр, бакалавр зэрэгтэй төгссөн гэх дээд боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газар /тухайн үеийн нэрээр/-т байгууллагын бичиг хэрэг, нярваар, 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс тус байгууллагын Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хадгалах, бүртгэх, тайлагнах эрх бүхий албан тушаалтны ажлыг хавсарч, улмаар тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Цалингүй чөлөө олгох тухай” б/15 дугаар тушаал гарах хүртэл тус байгууллагад бичиг хэрэг хариуцсан ажилтнаар ажиллаж, 35.414.490 төгрөгийн цалин хөлс авч хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Е овогт Х-ын Р-ыг хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.Б- нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд: “1. Шүүгдэгч Х.Р-ы анхан шатны шүүхээс гэм буруутай тооцож торгуулийн ял оногдуулсан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа юм. Х.Р нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын архив бичиг хэргийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөөд 1 жилийн хугацаа өнгөрсөн байна. Шүүгдэгч Х.Р нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тул тухайн өдрийг түүний гэмт хэрэг үйлдсэн сүүлчийн өдөр гэж хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой.

Гэтэл мөрдөгч болон прокурор түүнийг яллалдагдагчаар татсанаас хойш гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогсоосон гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.2-д заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба уг хэргийн хөөн хэлэлцэх хугацааг одоо мөрдөж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн’’ гэж хуульчилсан.

Тухайлбал Эрүүгийн хуульд 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан хэсэгт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-д 'Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж хуульчилсан. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно" гэж 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулиар өөрчлөлт оруулжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох, зогсоох талаар зохицуулсан буюу Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан хууль тогтоогчоос Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Тухайлбал, Эрүүгийн хуульд           нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.8 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэжээ.

Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг шинээр зохицуулсан буюу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргаснаар Үндсэн хуулийн Цэцийн их суудлын 2021 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн хуралдааны дүгнэлтээр уг хуулийн бүхэлд нь хүчингүй болгосон.

Монгол улс 1968 оны 1 дүгээр сарын 5-нд гарын үсэг зурж, 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталсан “Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12 дугаар сарын 16-ны 21 тоот тогтоолоор баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Фактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Хэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэгэн үйлдэл буюу эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй, түүнчлэн эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ” гэж заасан. Шүүгдэгч Х.Р-ыг буруутгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.2-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж хуульчилсан байдаг тул Х.Р-ы эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн заалтыг анхан шатны шүүх хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна. Иймээс Х.Р-д холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна

2. Анхан шатны шүүхээс Х.Р-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 35414490 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Учир нь Х.Р нь ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил олгогч түүнд гүйцэтгэсэн ажлын хөлсийг өгөхөөр хөдөлмөрийн гэрээгээр үүрэг хүлээсэн байдал, Х.Р нь ажлын өдрүүдэд ажлын газарт албан үүргээ гүйцэтгэж ажлын байранд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан байдал нь түүнд хууль ёсоор олгосон цалин хөлсийг буцаан төлүүлэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Ер нь тодорхой цаг хугацаа зарцуулан хөдөлмөр хийсэн хүн хийсэн ажлын хирээр хөдөлмөрийн хөлс авах нь шударга ёсны зарчимд нийнэ гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хохирлын хэмжээг тогтооход түүний нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварт төлсөн мөнгийг дахин түүгээр давхар төлүүлэхээр болж байгаа явдалд ч гомдолтой байна. Иймд шүүгдэгч Х.Р-аас 35 414 490 төгрөгийн хохирлыг төлүүлэх тухай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна. Иймд           Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/75 дугаартай шийтгэх тогтоолын хууль зүйн үндсийг хянан үзээд өмгөөлөгч, шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Х.Р, түүний өмгөөлөгч Т.Б- нарын хамтран гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Х.Р нь Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн D200803732 дугаартай, Газрын кадастрын инженер мэргэжлээр, бакалавр зэрэгтэй төгссөн гэх дээд боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газар /тухайн үеийн нэрээр/-т байгууллагын бичиг хэрэг, нярваар, 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс тус байгууллагын Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хадгалах, бүртгэх, тайлагнах эрх бүхий албан тушаалтны ажлыг хавсарч, улмаар тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Цалингүй чөлөө олгох тухай” б/15 дугаар тушаал гарах хүртэл тус байгууллагад бичиг хэрэг хариуцсан ажилтнаар ажиллаж, 35.414.490 төгрөгийн цалин хөлс авсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

 

Х.Р-д холбогдох дээрх үйлдэлд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2113000400039 дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд түүний үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхдээ хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Дээд боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ашигласан Х.Ры үйлдэл нь тухайн баримт бичгийг ашиглаж ажилд томилогдон тодорхой үр дүнд хүрч үргэлжилснээс гадна дээрх хугацаанд хуурамч дипломыг ашиглаж хөдөлмөр эрхлэх, тухай бүр цалин хөлс авах зэргээр дараа дараагийн үр дүнд хүрч тодорхой хугацааны турш удааширсан шинжтэй байна.

 

Шүүгдэгч Х.Р-ы тодорхой хугацаанд үргэлжлүүлсэн дээрх гэмт үйлдэл нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Цалингүй чөлөө олгох тухай” б/15 дугаар тушаал гарсан өдрөөс таслан зогсоогдож, цаашид үргэлжлээгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгож энэ хугацааг түүний гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулах ба 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2113000400039 дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татсан тул мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг буцаан хэрэглэх талаар гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй бөгөөд материаллаг эрх зүйн харилцааг зохицуулсан Эрүүгийн хууль дахь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим журмыг хуульчилсан процессын хэм хэмжээ болох гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг тогтоосон мөн хуулийн ерөнхий  ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэсгүй, харин хэргийг хянан шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хэм хэмжээг шүүх хэрэглэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэх юм.

Нөгөө талаар, гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь хууль зүйн утгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зохицуулсан /хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эсэхийг тогтоосон/ хэм хэмжээ тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх аль нэг үндэслэлд хамаарахгүй болно.

 

Шүүгдэгч Х.Р нь дээд боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан ажилд томилогдож, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт бичиг хэргийн ажилтан, нярав, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллахдаа уг хууль бус үйлдлийн улмаас 35.414.940 төгрөгийн орлого олсон нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдож, нотлогджээ. Иймээс түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг Х.Ры хувьд ногдох хөрөнгө, орлогоос нь албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дугаар зүйлүүдэд нийцжээ.

 

Шүүгдэгч Х.Р-ы гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хууль ёсны хөдөлмөрийн эрх зүйн харилцааны үед авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого гэж үзэх хууль зүйн болон бодит үндэслэлгүй, харин гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад холбогдуулан гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Р-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэл, журмыг удирдлага болгож зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хуурамч бичиг баримт ашиглах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн санаатай хэлбэрт тохирсон, шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, дээрх үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.

 

Шүүгдэгч Х.Р нь гэмт эргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн нь баримтаар тогтоогдоогүй буюу энэ талаар давж заалдах журмаар гомдол гаргасан байх тул түүний холбогдсон Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох, уг хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүйг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Р, түүний өмгөөлөгч Т.Б- нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                           Н.ТУЯА

 

                                                            С.ӨМИРБЕК