Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 120/ШШ2023/0004

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

Хариуцагч: Өмнөговь аймгийн *******

Гуравдагч этгээд: “*******” ХХК

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Г.*******, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, гуравдагч этгээд “*******” ХХК-ийн өмгөөлөгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Өмнөговь аймгийн ******* сумын

Засаг даргад холбогдуулан “Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн “Идэр-Интернэшнл” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын “Газар эзэмших эрх

шинээр олгох тухай” 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр захирамж, түүний хавсралтын 5 дугаарт “*******” ХХК-д 10 га талбайг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон шийдвэр нь тус сумын Засаг даргын 2020 оны 08 сарын 07-ны өдрийн “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” А/225 дугаар захирамж, түүний хавсралтын 2 дугаарт “*******” ХХК-д 14.5 га газрыг 15 жилийн хугацаатай олгогдсон нэхэмжлэгчийн газартай давхацсан байна.

  1. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр

шүүхэд гаргасан.

4. Гуравдагч этгээд “*******” ХХК, “******* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/74 дугаар захирамжийн дагуу “*******” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг *******д даалгах, ******* сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлага гаргасан.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаар захирамжийн дагуу “*******” ХХК-д байгаль орчны эерэг үнэлгээг үндэслэн гаалийн хяналтын талбайн зориулалтаар ******* сумын Хайрхан багийн Цагаан хаданд байршилтай 14.5 га, нэгж талбарын 4601009718 дугаартай газрыг эзэмшүүлэх 04631- 2020/00059 тоот гэрээ байгуулж 04631-2020/00059 дугаартай эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэсэн.

Манай “*******” ХХК нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу уг газрын хууль ёсны эзэмшигч нь болж, 200 тонны пүү , 480м2 ажилчдын сууц, 24м2 пүүний байр, 12м2 харуулын байр, 16м2 моторын байр зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг барьж байгуулан зориулалтын дагуу ашиглаж байна.

Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/230 тоот тухай албан бичгээр ******* сумын Хайрхан багийн Цагаан хаданд байршилтай 14.5 га, нэгж талбарын 4601009718 дугаартай газрыг захирамжаар “Идэр- Интернэшнл” ХХК-д давхардуулан олгосон байгаа асуудлыг шийдвэрлэхээр сонсох ажиллагаа явуулах гэж байгаа тухай албан бичиг манай компанид ирүүлсэн. Бид хуульд заасны дагуу сонсох ажиллагаанд оролцсон бөгөөд Засаг дарга манай газар эзэмших захирамж, гэрчилгээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “*******” ХХК нь Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн дагуу гэрээ байгуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй болох нь тодорхой болсон бөгөөд “Идэр-Интернэшнл” ХХК нь энэ газрыг огт зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөөр зохих ёсоор төлөөгүй нь үйл баримтаар тогтоогдож байгаа.

Гэтэл Өмнөговь аймгийн ******* газраа зориулалтын дагуу ашиглаж байгаагүй, газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлж байгаагүй “Идэр-Интернэшнл” ХХК-д газар эзэмшүүлэх тухай захирамжаа хүчингүй болгохгүйгээр дараагийн эзэмшигчид тухайн газрыг эзэмшүүлсэн нь хууль бус байна.

Манай компани тухайн газрын газар эзэмших эрхийг олж авах үед энэ газар хэн ч ашиглаж байгаагүй, хоосон газар байсан. Засаг даргын зүгээс бусдын газартай давхацсан гэж хэлээгүй.

Манай газартай хэсэгчлэн давхцаж байгаа өмнөх эзэмшигчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40.1, 40.1.5, 40.1.6, 40.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болголгүйгээр бидэнд эзэмшүүлсэн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус байна.

“*******” ХХК-ийн Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/74 дүгээр захирамжаар эзэмшсэн 10 га газар болон манай компанид Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаар захирамжаар олгосон 14.5 га газартай 0.9 га газар буюу 98708,2 м2 хэсгээр давхцаж байгаа юм.

Бид анх сонсох ажиллагааны үеэр мэдсэн бөгөөд уг сонсох ажиллагааны үр дүнд манай талд шийдвэр гарсан учраас маргаан үүсгэлгүй орхисон.

Манай компанид эдийн буюу их хэмжээний мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн учир Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмын дагуу бидний хууль ёсны эрх ашгийг хамгаалуулах шаардлага үүссэн.

Иймд Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож,

Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгаж өгнө үү” гэжээ.

6.  Хариуцагч Өмнөговь аймгийн ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/74 дүгээр захирамжаар “*******” ХХК-д 4601008307 нэгж талбарын дугаар бүхий Хайрхан баг Цагаан хаданд байршилтай 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

Нэгж талбарын хил заагийн эргэлтийн цэгийг кадастрын зураглал эрхлэх мэргэжлийн байгууллага кадастрын зураглал үйлдэж мэдээллийн санд бүртгүүлэхээр 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр "Гурван хорол" ХХК хийсэн байна.

"Гурван хорол" ХХК-ний хийсэн зургийг тухайн үеийн газрын даамал жижүүрийн зурагт тэмдэглээгүй, Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж баталгаажуулаагүй байсан байна. “*******” ХХК нь газрын дуудлага худалдааны үнэ төлөөгүй байсан нь Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын шалгалтаар илэрч 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1/57 дугаарт албан шаардлагын дагуу 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дуудлага худалдааны үнэ төлсөн байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэж ирүүлээгүй байсан бөгөөд сүүлд 2021 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулан ирүүлсэн байна.

******* сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дүгээр захирамжаар “*******” ХХК-д 4601009718 нэгж талбарын дугаар бүхий Хайрхан баг Цагаан хаданд байршилтай 14.5 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

 “*******” ХХК-д олгогдсон 14.5 га газар нь сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/74 дүгээр захирамжаар “*******” ХХК-д эзэмшүүлсэн 10 га газартай бүхэлдээ давхардсан байна. 

2021 оны 11 дүгээр 29-ний өдрийн Авлигатай тэмцэх газраас ******* суманд ажилласан ажлын хэсэг “*******” ХХК-ийн 4601009718 дугаар бүхий нэгж талбарын хувийн хэргийг эх хувиар нь авч явсан байна.

 Газрын даамал М.******* нь тухайн үед ажиллаж байгаагүй тул “*******” ХХК-ын нэгж талбарын хувийн хэрэг дэх материал болон сумын Засаг даргын захирамжийг судлан нэхэмжлэлийн хариу хүргүүлж байна. Холбогдох хуулийн дагуу үнэн зөв тодорхой шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.

  1.  Гуравдагч этгээд бие даасан шаардлагадаа: “...*******”ХХК-ийн

нэхэмжлэлтэй Өмнөговь аймгийн *******д холбогдох захиргааны хэрэгт “*******” ХХК нь гуравдагч этгээдээр оролцож байна.

Манай компанийн зүгээс газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, гэрчилгээ авах тухай хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн нь газрын хувийн хэргээс татаж авсан нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Эндээс дүгнэхэд бид хүсэл зоригоо илэрхийлж өөрөөс шалтгаалах үйлдлийг хийсэн ба Засаг дарга эс үйлдэхүй үйлдэж байна.

******* сумын Засаг даргын 2020 оны 08 сарын 07-ны өдрийн А/225 дугаар захирамжаар “*******” ХХК-д эзэмшүүлсэн газар нь манай газартай давхцуулж олгогдсон байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт хүсэлт гаргаж байгаа газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан. Иймд мөн хуулийн 32.4 дэх хэсэгт зааснаар баталсан журмын дагуу бүртгэхдээ хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө. Газар эзэмших хүсэлтийг түрүүлж өгсөн этгээд нь газар эзэмших эрхтэй болох ба бид 2018 онд захирамж гаргуулан газар эзэмшиж байсан.

“*******” ХХК-д 2020 онд эзэмшүүлсэн газар нь бусдын газартай давхацсан тул тэдэнд олгосон газрын байршлыг зайлшгүй өөрчлөн шилжүүлэх сонсох ажиллагааг явуулах талаар ******* 2021 оны 3-р сарын 23-ны өдрийн 01/230 тоот албан бичгээр “*******” ХХК-д мэдэгдэж байсан.

Дээрх сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийн хариуд “*******” ХХК-ний зүгээс бид хөрөнгө барьсан учраас зөвшөөрөхгүй гэжээ. Хөрөнгө барих нь газрын давхцалыг шийдвэрлэх үндэслэл болохгүй, зөвхөн хуулиар зохицуулагдах харилцаа юм.

Иймд ******* сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож “*******” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, түүний дагуу гэрчилгээ олгохыг *******д даалгаж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу “*******” ХХК-д газар эзэмшүүлсэн ******* сумын Засаг даргын 2020 оны 08-р сарын 07-ны өдрийн А/225 дугаар захирамжийн “*******” ХХК-ийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Г.******* нар шүүх

хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээд  газар эзэмших захирамжаа гаргуулаад гэрчилгээ авч, гэрээ байгуулаагүй, газар эзэмших эрхээ үүсгээгүй. Тухайн захирамж гарснаас хойш 2 жилийн дараа манайх тухайн газрыг авсан. Энэ нь хариуцагчийн буюу захиргааны байгууллага болон гуравдагч этгээдийн хариуцлагагүй байдлын асуудал яригдаж байна. Ер нь газар эзэмших эрх үүсээгүй учраас гуравдагч этгээд манай эрх зөрчигдлөө гэсэн гомдол гаргах эрхгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар “*******” ХХК 2018 оноос хойш 2021 он хүртэл газрын төлбөр огт төлөөгүй, тухайн газрыг анх эзэмшиж эхэлсэн 2012 оноос хойш газраа зориулалтын дагуу ашиглаагүй, 2012 онд үүссэн газар эзэмших эрх хүчингүй болсон байдаг. Манай компани хөрөнгө оруулалт хийсэн, газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа. Засаг даргын энэ захирамж бидэнд маш их асуудал үүсгэж, ажил удаж байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан.

 Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гээд, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт тухайн газрыг аж, ахуй нэгж үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан.

Гуравдагч этгээдэд газар эзэмших эрх нь олгогдоогүй, эзэмших эрх огт үүсээгүй. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас ямар нөхцөл байдал нотлогдох вэ гэхээр газар эзэмшүүлэх шийдвэр гарснаас хойш 90 хоногийн дотор байгаль орчны үнэлгээ хийлгээгүй. Энэ нь хавтаст хэрэгт тодорхой авагдсан. Мөн хариуцагчийн тайлбараар нотлогддог.

2021 онд буюу энэ маргаан эхлээд явж байхад байгаль орчны нарийвчилсан төлөвлөгөө гаргуулах хүсэлтийг Байгаль орчны аялал жуулчлалын яаманд гаргасан байдаг. 2018 оны 03 дугаар сарын 20-ны А/74 дүгээр тушаалаар газар эзэмших эрхийг олж авсан гэж байгаа юм бол 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэхэд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлангаа хүргүүлэх ёстой байсан. Энэ процесс зөрчигдсөн. Энэ үнэлгээ хийгдээгүй учраас эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулах боломжгүй. Ингээд улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Нэг зүйлийг онцолж хэлэхэд яагаад улсын бүртгэлд бүртгэгдэх ёстой вэ гэхээр Газрын тухай хуулийн  33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсэгт эрх бүхий этгээд газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гаргаснаас хойш ажлын 15 өдрийн дотор энэ тухай мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулна гэдэг байдлаар зааж өгсөн. Манай Монгол Улсын хувьд нэг онцлогтой. Газар болон үл хөдлөх эд хөрөнгийг тусад нь бүртгэдэг тогтолцоотой. Гэхдээ эрх зүйн шинэтгэлээр газрын бүртгэл болон үл хөдлөхийн бүртгэлийг хамт мэдээллийн нэг санд оруулах гээд байгаа юм.

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэг газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж зааснаар газар нь үл хөдлөх хөрөнгө байдаг. Уг газар дээрх эрх буюу эд юмсын эрх, өмчийн эрх буюу эзэмших эрхийн эх нь яаж үүсэх вэ гэхээр Газрын тухай хуулиар нарийвчлан заасан. Иргэний хуулиараа ч гэсэн заавал улсын бүртгэлд бүртгүүлснээр эрх нь баталгааждаг.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан шаардлага байдаг.

Гэтэл “*******” ХХК-ийн хувьд 2020 оны байдлаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Өмнөговь аймгийн Газрын геодези зураг зүйн газраас “*******” ХХК-ийн 46086068 гэсэн нэгж талбар бүхий 10 га газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэдэг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн албан бичиг байдаг.

Тиймээс давхцал үүссэн гэж дүгнэж маргах хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн түүнчлэн “*******” ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 болон 40.1.6-д заасны дагуу эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан байдаг...”гэжээ.

  1. Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******  шүүх хуралдаанд

гаргасан тайлбартаа: “...Нотлох баримтын хамт хариу тайлбараа хүргүүлсэн учраас нэмэлт тайлбар байхгүй...” гэжээ.

  1. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан

тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* тайлбартаа хэрвээ гуравдагч этгээд буюу “*******” ХХК иргэний хэргийн журмаар маргаан үүсгээгүй бол манайх захиргааны хэргийн шүүхэд хандах шаардлага байхгүй байсан гэж ярьж байна. “*******” ХХК-д гэрээ гэрчилгээ байхгүй учраас бид захиргааны хэргийн шүүхэд хандахгүй байсан гэдэг асуудлыг ярьж байна. Яагаад энэ асуудал дээр анхаарах ёстой вэ гэхээр иргэний хэргийн шүүхэд хандсанаар нэхэмжлэгч компанийн Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөнө гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлоод байгаа нь ойлгомжгүй байна.

Иргэний хэргийн шүүхэд хандахгүй байхаар тухайн газар дээр давхар захирамжтай яваад байж болдог. Хандчихаар нэхэмжлэгч компанийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөд байдаг гэх шалтгаант холбоо байхгүй. Хоёр тусдаа хэргийг буруу авч үзэж байна. Б.******* төлөөлөгчийн эрх, хууль, ёсны ашиг сонирхол нэхэмжлэл гаргахаар хөндөгдөөгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болохгүй юм байна гэдэг байр суурийг илэрхийлчихлээ гэж ойлгож байна.

 Мөн “*******” ХХК-д газар эзэмших эрх үүссэн үү, үүсээгүй юу? Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасныг зөрчигдсөн үү, үгүй юу гэдэг асуудлуудыг Г.******* төлөөлөгч ярьж байна. Гэрээ гэрчилгээ байх ёстой.  Газрын тухайн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдэх ёстой. Энэ журмууд бүгдээрээ зөрчигдсөн учраас “*******” ХХК-д газар эзэмших эрх байхгүй. Тийм учраас газрын давхцал гэдэг зүйл яригдахгүй гэдэг агуулга тайлбарлаад, нэхэмжлэлийн шаардлагаа болохоор эс үйлдэхүйг илт хууль бус болохыг тогтоолгоно гэдэг агуулгаар үндэслэлээ гаргаад ирдэг.

 

 Илт хууль бус болохыг тогтоосноороо үр дагавар нь Засаг даргад захирамжийг хүчингүй болгохыг даалгах ёстой юм байна. Тэгэхээр энэ хуульд заасан газрын гэрээ, гэрчилгээ авах процесс нь хэний буруугаас болоод хуулийн ямар заалт зөрчигдчихсөн юм. Хэн буруутай вэ гэдгийг заавал захиргааны байгууллага буюу ******* шүүхээс гадуур урьдчилж тогтоогоод “*******” ХХК-д холбогдох актыг хүчингүй болгох ёстой байсан юм гэдэг талаар үндэслэл бүхий тайлбар хэлж чадахгүй байна. Энэ бол шүүхийн эрх мэдлийн асуудал. Хүчингүй болгох үндэслэлүүдийг яриад байна. Гэрээ, гэрчилгээ байхгүй учраас захирамжийг хүчингүй болгох ёстой гэдэг асуудал ярьдаг.

 Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлсэн баримт дотор захиргааны акт илт хууль бус болохыг тогтоох тухай Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан нэг ч үндэслэл байхгүй. Бүрдүүлбэр хангаж сүүлд ирүүлсэн нэхэмжлэл нь хуульд нийцэхгүй учир хангах хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй. Анхны нэхэмжлэлийн шаардлагын хувьд хууль зүйн үндэслэлээ зөв тодорхойлж байсан. Тухайн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж хууль зүй болон хууль хэрэглээний хувьд зөв. Харин сүүлд гаргасан нэхэмжлэлд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэл байхгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд л шийдвэрээ гаргах ёстой. Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн аль нэгийг бид нар баримтлах ёстой болно.

Мөн газрын төлбөрөө төлөөгүй гэдэг зүйлийг ярьж байна. Энэ захирамжийг хүчингүй болгуулахтай холбоотой болохоос биш илт хууль бус болохыг тогтоох асуудал биш. Газрын төлбөр болон захирамж гарснаас хойш хийгдэх процессууд захирамжийг илт хууль бус болох, захирамжийг илт хууль бус гэдгийг тогтоогоод хүчингүй болгох эс үйлдэхүйтэй холбоотой асуудлууд биш.

Манайхыг буруутгаад байгаа үйл баримтуудыг нотлох баримт шинжлэн судлах явцад хэний буруугаас болоод гэрээ байгуулаагүй, гэрчилгээ хийгдээгүй юм гэдэг асуудлууд тогтоогдоно. Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг 90 хоногийн дотор хийлгээгүй учраас энэ компани газар эзэмших эрхгүй гэдэг зүйл яриад байдаг. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт 90 хоногийн дотор байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэнэ гэдэг зүйл бичигдсэн байдаг. Гэхдээ мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт нөлөөллийн үнэлгээгээр сөрөг дүгнэлт гарсан бол гэрчилгээ олгохоос татгалзаж дуудлага худалдааны үнийг буцаан олгоно гэж заасан байдаг. 90 хоногийн дотор нөлөөллийн үнэлгээгээ хийлгээгүй бол гэрчилгээ олгохгүй гэдэг зохицуулалт байхгүй.

Харин Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйл болон нөлөөллийн үнэлгээтэй холбоотой зохицуулалт дээр ганцхан нөхцөлийг заасан нь сөрөг дүгнэлт гарах тухай л асуудал байдаг. Тэгэхээр ийм үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр “*******”  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “*******” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.Энэ нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлага,  маргааны үйл баримтын хүрээнд нэхэмжлэгчээс ******* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр захирамжийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй нь  газар эзэмшиж, ашиглах эрхийг зөрчиж, хууль ёсны итгэлийг хамгаалахгүй байгаа, гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн хувьд газрыг хууль бусаар эзэмшсэн тул хууль ёсны итгэл хамгаалах зарчим үйлчлэхгүй, манайх хуулийн дагуу хүсэлт гаргаж, сумын Засаг даргын захирамжаар уг газрыг эзэмшсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж тус тус шаардлага ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж маргасан.

            2. Мөн хэргийн оролцогчдын гаргасан шаардлага ба татгалзлын үндэслэлтэй холбогдуулан нэхэмжлэгчээс гадна гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хэзээ, ямар журмаар үүссэн болох, тэр нь хуульд заасан газар эзэмшүүлэх журамд нийцсэн эсэх талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх зайлшгүй шаардлага байна.

3.Анх Өмнөговь аймгийн Засаг дарга 2012 оны 01дүгээр сарын 13-ны өдрийн а/19 дугаар захирамжаар ******* сумын нутаг дэвсгэр, Цагаан хаданд байрших 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатай “Идэр-Интернэшнл”  ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмших эрхийн 0203075 дугаар гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд уг байршилд ******* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн газар эзэмших эрх шинээр олгох тухай А/74 дүгээр захирамжаар Хайрхан баг, Цагаан хаданд байрших 10 га газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар 15 жилийн хугацаатай шинээр эзэмших эрх олгосон боловч  газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг /хэлнэ/, 21 дүгээр зүйлийн 21.4.3-д /сумын Засаг дарга/ энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар ... газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ ... гэж тус тус зааснаас гадна аж ахуйн нэгж, байгууллагаас газар эзэмшихээр төрийн байгууллагад хүсэлт гаргахдаа хавсаргах шаардлагатай баримт бичгийн жагсаалтыг уг хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д нэг бүрчлэн заасан.

“Идэр-Интернэшнл”  ХХК-ийн хувьд, газар эзэмшихээр гаргасан хүсэлтүүд нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасан шаардлагад нийцээгүй, газрын  дуудлага худалдааны үнийг төлөөгүй байсан зэргээс дүгнэхэд газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэхэд баримтлах зарчим, журам, нөхцөл шаардлагад үл нийцнэ.

5.Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаар гуравдагч этгээдийг газрын хууль ёсны эзэмшигч гэж тодорхойлох үндэслэлгүй байна.

6.Гуравдагч этгээд нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах заасан газар эзэмшигчийн үүргээ 2012 оноос хойших хугацаанд хэрэгжүүлээгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй болохыг дурдав.

7.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж  тодорхойлсон ба хариуцагч *******ас “Идэр-Интернэшнл”  ХХК-ийн газар эзэмших эрхтэй холбогдох  дээр дурдсан зөрчлүүдийн хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байгаа нь өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гэж үзнэ.

              8.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хувьд ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаж, төлөвлөгдсөн газарт газрын дуудлага худалдааны үнэ тавин сая төгрөг төлөн, газар эзэмших эрхтэй болж, гэрээ байгуулж, гэрчилгээ авсан, маргаан бүхий газарт гаалийн хяналтын бүс дэх барилга байгууламж барин, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ зэргийг хийлгэж, үйл ажиллагаа явуулж байгаа болох нь шүүхийн үзлэг зэрэг хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болохыг тэмдэглэв.  

           9. Дээрх байдлаар гуравдагч этгээд “Идэр-Интернэшнл”  ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн болон бодит нөхцөл байдал нь хангалттай тодорхой байх тул уг шийдвэрийг гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.

Гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй, тухайн газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшээгүй, газар дээр үйл ажиллагаа явуулж байгаагүй тул ******* сумын Засаг даргын гэрээ, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй,  маргаан бүхий захирамжийг хууль бус болохыг тогтоосноор хамгаалагдаж, сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.4, 106.3.12 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “*******” ХХК-ийн  Өмнөговь аймгийн *******д холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн “Идэр-Интернэшнл” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Өмнөговь аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/74

 

дүгээр захирамжийн “Идэр-Интернэшнл” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд “Идэр-Интернэшнл” ХХК-ийн Өмнөговь аймгийн *******д холбогдуулан гаргасан “******* сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/74 дугаар захирамжийн дагуу “*******” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулж гэрчилгээ олгохыг *******д даалгах, ******* сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, гуравдагч этгээд “*******” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ч.БАЯРМАА