Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2026/ШЦТ/04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн, улсын яллагч М.Алтангэрэл, шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ********** дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ********** оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байсан, Т овогт Д.Т, регистрийн дугаар **************.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Т нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдөрт шилжих шөнө ******** тоот хашаанд байрлах өөрийн эзэмшлийн гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Б биед гараар цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж, улмаар түүний эрүүл мэндэд зүүн хацар ясны шонтогийн суурь хэсгийн зөрөөгүй хугарал, хамрын таслагчийн мурийлт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь эрх бүхийн албан тушаалтны 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь хуудас/, иргэн Д.Б хэрэгт хавсаргуулахаар өгсөн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 34-35 дахь хуудас/, нийгмийн ажилтан Д.Д 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтаст хэргийн 40-44 дэх хуудас/, сумын хамтарсан багийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 45-48 дахь хуудас/, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 49-50 дахь хуудас/, хохирогч Д.Б 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 67-71 дэх хуудас/, хохирогч Д.Б 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 74-76 дахь хуудас/, хохирогч Д.Б 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дэх хуудас/, хохирогч Д.Б 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дахь хуудас/, хохирогч Д.Б 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дахь хуудас/, гэрч Ц.Б 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 98-100 дахь хуудас/, гэрч Б.Пн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 106-108 дахь хуудас/, гэрч Д.М 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 111-113 дахь хуудас/, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хохирогч Д.Б толгойн компьютерт томографийн шинжилгээний хариу /хавтаст хэргийн 120 дахь хуудас/, Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн АКТ №000000404 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 126-128 дахь хуудас/, Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 137-139 дэх хуудас/, шинжээч эмч Б.С 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 150-151 дэх хуудас/, Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 156-157 дахь хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс нэхэмжилсэн хохирол төлбөр байхгүй. Харин Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 194,893 төгрөгийг шүүгдэгч Д.Т нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч Д.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Д.Т хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.  

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т 194,893 /нэг зуун ерэн дөрвөн мянга найман зуун ерэн гурав/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож, цаашид энэ гэмт хэргийн улмаас түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН