| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2026/0007/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/09 |
| Огноо | 2026-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Алтангэрэл |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2026/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн, улсын яллагч М.Алтангэрэл, шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *********** дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ************* оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Д овогт Ж.Б.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарч байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 06-ны шилжих шөнийн 02 цагийн орчимд ************* багийн задгай тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Б “чи хүнийг юу гэж доромжилдог гэнээ, ямар их хүн доромжилдог юм бэ? чамайг алаад булна” хэмээн хэрүүл маргаан үүсгэж, хүчээр машинд чирч оруулж, хохирогч Ж.Б түүнээс зугтаж гэртээ орох үед нь нүүр хэсэгт нь гараараа цохиж, зүүн хөмсөг хэсэгт хазах зэргээр биед нь халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Ж.Б эрүүл мэндэд нь баруун дээд 1, зүүн дээд 1, 2-р шүдний сулрал, зүүн хөмсөгний доод хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь эрх бүхий албан тушаалтны 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зөрчлийн талаар ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь хуудас/, иргэн Ж.Б 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Цагдаагийн газрын Баянтэс сумын цагдаагийн хэлтэст бичгээр гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 8 дахь хуудас/, Завхан аймгийн Баянтэс сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч цолтой Б.Б 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 9 дэх хуудас/, цагдаагийн алба хаагчийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтаст хэргийн 10-20 дахь хуудас/, хохирогч Ж.Б 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-32 дахь хуудас/, гэрч Б.Б 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх хуудас/, гэрч Ө.Б 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь хуудас/, мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, хавсралт /хавтаст хэргийн 43-45 дахь хуудас/, Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Зав0725/356 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ж.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Ж.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс нэхэмжилсэн хохирол төлбөр байхгүй. Иймд түүнийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэв.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Ж.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргаж хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.
7. Хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН