2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2916

 

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч М.Билгүүтэй,  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.А , түүний өмгөөлөгч Э.Оргил,  

Шүүгдэгч Ч.М , түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303004281122 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.М  нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянзүрхийн хуучин товчоо, “Мандах нар” төвийн хойд талын замд 2023 оны 6 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг 50 минутын үед “Toyota Mark Х” загварын ... улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 2.24 тэмдэг “Хурдны дээд хязгаарлал”- тээврийн хэрэгслийн хурдыг /км/цаг/ тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Х ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд:

Улсын яллагчаас: Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан;

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Оргилоос: “...1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар тал, 18 дугаар тал, 174-176 дугаар тал, 241 дүгээр тал, 246-250 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр тал, 11 дүгээр тал, 48 дугаар тал, 50 дугаар тал, 122 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 7-10 дугаар тал, 21-36 дугаар тал, 131-142 дугаар тал болон шинээр гаргаж өгсөн баримтууд;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс: “...Хавтаст хэргээс 1 дүгээр хавтаст хэргийн 3 дугаар тал, 5-6 дугаар тал, 8 дугаар тал, 13 дугаар тал, 71 дүгээр тал, 136 дугаар тал, 140 дүгээр тал, 153 дугаар тал, 162 дугаар тал, 157 дугаар тал, 174 дүгээр тал, 180 дугаар тал, 185-186 дугаар тал, 199 дүгээр тал, 225 дугаар тал, 241 дүгээр тал, 244 дүгээр тал, 246 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр тал, 7 дугаар тал, 17 дугаар тал, 48 дугаар тал, 50 дугаар тал, 96 дугаар тал, 104 дүгээр тал, 105 дугаар тал, 118 дугаар тал, 131 дүгээр тал, 134-135 дугаар тал, 138 дугаар тал, 140 дугаар тал, 142 дугаар тал, 150 дугаар тал, 166 дугаар тал, 185 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 5 дугаар тал, 19-25 дугаар тал, 37 дугаар тал, 49 дүгээр тал, 53 дугаар тал, 55 дугаар тал, 57 дугаар тал, 59 дүгээр тал, 67 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Ч.М  нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянзүрхийн хуучин товчоо, “Мандах нар” төвийн хойд талын замд 2023 оны 6 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг 50 минутын үед “Toyota Mark Х” загварын ... улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 2.24 тэмдэг “Хурдны дээд хязгаарлал”- тээврийн хэрэгслийн хурдыг /км/цаг/ тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Х ыг мөргөж амь насыг нь хохироосон...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 5-12 дугаар тал/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /1 дүгээр хавтаст хэргийн 246-250, 2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай дүү архи их уудаг байсан бөгөөд корона вирус гарах үед бие нь өвдөөд түүнээс хойш их уухаа больчихсон байсан. Би өөрийн дүү Ш.Х тай 2023 оны 6 дугаар сарын 20-ноос 24-ний хооронд хамт эмнэлгээр эм тариа хийлгэж явсан. Манай дүү Ш.Х  өмнө нь Ирланд улсад байхдаа зам тээврийн осолд орж хөлөндөө хагалгаа хийлгэж байсан. Өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх, өвчин гэж байгаагүй. Тэгээд 2010 оны үед эхнэр хүүхдээсээ салаад Монгол Улсад ирж ээжтэй хамт ...  тоотод амьдардаг байсан. Осол гаргасан жолоочоос оршуулгын зардал гаргуулан авмаар байна. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г дүү маань энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцохоос татгалзаж би оролцохоох хүсэлт өгч мэдүүлэг өгч байна. ...Талийгаач дүү маань гадаад улсад зам тээврийн осолд ороод Монгол Улсад ирсний дараа согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг болсон. 2018 оноос эхлэн согтууруулах ундаа хэрэглэх нь багассан. Би осол хэрхэн яаж болсон талаар мэдэхгүй бөгөөд манайх ... тоот хашаанд лагерийн газартай. Тухайн газар дүү маань ирж очин байдаг байсан. Тэгээд осол болсон өдрийн 16 цаг 40 минутын үед над руу залгаад “хэд хоног бороо орохгүй юм шиг байна, та хэд хэзээ ирэх үү” гэж утсаар ярьсан. Надтай утсаар ярихдаа согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Дүү маань осолд орохоос 3 хоногийн өмнө Баянгол дүүргийн эмнэлэгт эрүүл мэндийн шинжилгээ өгөөд 7 хоног хэвтэн эмчлүүлээд эмнэлгээс гарсан байсан. Гадаад улсаас Монгол Улсад ирээд архи уудаг байхдаа согтохоороо ослын талаараа ярьдаг. Тухайн үед осолд орох үед залуу гэр бүлийн хүмүүс нас барсан юм байна лээ. Тэгээд л тэр хүмүүсийг яриад байдаг байсан. ...Буяны ажилтай холбоотой 18,200,000 төгрөгийн зардал гарсан. Үүнээс жолооч 9,000,000 төгрөг төлсөн. ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 37-38 дугаар тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эхээс тавуулаа. Талийгаач дүү маань айлын дундах байсан. Энэ осол 6 дугаар сарын 26-ны шөнө болж, өглөө нь бидэнд мэдэгдсэн. Дүү маань надад хэлэхдээ өнгөрчихсөн байна гэж хэлээгүй. Та ажлынхаа үүдэнд байж бай, очоод авъя, та машин бариад хэрэггүй гэсэн бөгөөд эвгүй зүйл болчихлоо гэж бодсон. Үзлэг хийсэн тээврийн цагдаагаас нас барсан гэж мэдсэн. Өмсөж явсан хувцаснаас өмд, гутал хоёр гарсан, шүүх эмнэлэгт аваачсан. Шүүх эмнэлэгт очиход задлан хийчихсэн байсан. Өглөө хурууны хээгээр таньж илрүүлж, бидэнтэй холбогдсон талаар хэлсэн. Би өөрөө эмнэлгийн ажилтан бөгөөд дүүгийнхээ цогцсыг үзье гэхэд 10 минутын дараа намайг оруулсан. Эргүүлж тойруулж, бүгдийг нь сайн харсан. 39 метр шидэгдээд агаарт гурав эргээд унасан хүн бүх хувцас нь тайлагдаад фудволк нь урагдсан байсан. Осол болсноос хойш сэтгэл зүйн хувьд маш их дарамттай 886 орчим хоногийг өнгөрөөсөн. Хэрэг хоёр удаа хаагдсан. Би яагаад ийм шударга биш байдаг юм бэ гэх асуудлыг тавиад өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр намайг сольсон. Би айлын том бөгөөд төрсөн эгч нь тул хөөцөлдөж гомдлоо барагдуулах ёстой юм байна гээд би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон. Анх оролцсон дүү маань сахартай байсан. Эрэгтэй хүн уйлж унжаад байхгүй ч дотроо хүнд байсан тул сахарын өвчин сэдэрсэн байх. Нэгдүгээрт сонсгол муутай, сахар чинь болохоо байсан тул би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцъё гээд дүүгээ болиулаад би оролцож эхэлсэн. Шүүгдэгчийг оршуулгын зардлыг төлөөд дуусчих байх гэж бодож байсан ч төлөөгүй. Би өмгөөлөгчгүйгээр хүн гэдэг үүднээс хоёр удаа уулзсан гэж бодоод хоёр удаа залгахад манай өмгөөлөгчтэй ярь гэж хэлсэн. Залуу хүн болоод тэр үү энэ хүнд хүн чанар дутчихав уу, надтай уулзахгүй юм байна гэж бодоод болъё гэж бодсон. Энэ зааланд энэ ширээний ард 83 нас хүрсэн ээжийнхээ өмнөөс төлөөлөөд зогсож байна. Хааяа зурагт үзэхэд хүү маань гарч ирээд байх шиг харагддаг. Өөрөө булчирхайн хавдартай байж байгаад эдгэсэн, сэтгэл зүйн хувьд хүнд байдалтай байдаг. Биднээс нэхсээр байгаад бичлэгийг нь авсан. Утас дээрээ хүүгийнхээ талаар бичүүлчхээд харахгүй ч хүүгийн маань хамгийн сүүлд үлдсэн зүйлийг мэдэрч байдаг. Би шүүгдэгчээс оршуулгын зардлыг, 49 хоногийн зардлыг нэхэмжилж байна. Оршуулгын зардал 18,200,000 төгрөг болсон. Шүүгдэгч надад 8,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Ажил явдал болж байхад ирэхдээ 200,000 төгрөг бэлэн өгч, 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн тул 9,200,000 төгрөг үлдэж байна. Мөн 49 хоногийн зардал 1,687,773 төгрөг болсон. Нийт төлснийг хасаад 10,887,773 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Д.Д ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ч.М  гэх хүнийг танихгүй. “Тоёота Марк Х Зио” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байдаг. Би 2022 оны зун танихгүй хүнд худалдаж байсан бөгөөд тухайн хүний нэр дээр шилжүүлж өгөөгүй байсан. Надад тухайн хэрэгтэй холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66, 69 дүгээр тал/,

 

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1776 дугаартай: “...Талийгаач Ш.Х ын цогцост дух яснаас баруун ухархайн дээд ханаар дайрч суурийн өмнөд хонхорын дунд хэсэг хүрч төгссөн шугаман хугарал, дух ясны цууралт, зүүн чамархай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, эдийн няцрал, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн талын олон хавирганы шууд бус хугарал, зүүн дунд чөмөг, баруун, зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун дээд 1, зүүн дээд 2, 3, баруун доод 1, 2, 4, 5, зүүн доод 1, 2-р шүдний хугарал, дух, баруун гуя, зүүн шилбэ, зүүн тавхайн язарсан шарх, дух, баруун хацар, хамар, цээж, хоёр тохой, хоёр ташаа, баруун мөр, хоёр алга, гуя, хоёр өвдөг, шилбэ, хоёр шагай зулгаралт, дух, хоёр гуяны цус хуралт, дух ясны хуучин хугарал, их тархины хоёр талын духны дэлбэн, зүүн чамархайн дэлбэнгийн эдийн зөөлрөл /маляци/ гэмтэл тогтоогдлоо. Дух ясны хуучин хугарал, их тархины хоёр талын духны дэлбэн, зүүн чамархайн дэлбэнгийн эдийн зөөлрөл /маляци/ нь нас барахаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Энэ нь зам тээврийн осолтой холбоогүй болно. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь нас нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Шүүх химийн шинжилгээгээр шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, нас барах үедээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй байжээ. Ходоодны шингэнд хорт бодис болон эмийн бодис илрээгүй, нас барах үедээ хорт бодис болон эмийн бодис хэрэглээгүй байжээ. Талийгаач нь үхэлд хүргэх архаr хууч өвчин тогтоогдсонгүй. АВО системээр В (III) бүлгийн цустай байна. 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01:55 минутын цогцсын үзлэгээр нас бараад 2-4 цаг болсон байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 83-89 дүгээр тал/,

 

Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 04-ны өдрийн 39605538 дугаартай:  “...Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5000сd ...баруун гар талын ойрын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5000cd, хол дээрээ 17700cd байгаа нь баруун зүүн гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 128-131 дүгээр тал/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн автомашины техникийн үнэлгээний №1181 дугаартай тайлангийн “...Авто машины эвдрэл, хохирлын үнэлгээгээр 950,000 төгрөгийн хохирол тогтоогдсон байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 148 дугаар тал/,

 

Техникийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 06/33 дугаартай: “... ... улсын дугаартай “Toyota Mark-X Зио” маркийн автомашин осол болох үед 57,74 км/цаг байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 174-176 дугаар тал/,

 

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Инженер техникийн шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 240 дугаартай: “...Осолд холбогдсон тээврийн хэрэгсэл бүрэн бус зэрэг олон шалтгаан нөхцөл нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд тоормосны гэх мөр тэмдэглэгдээгүй, техникийн боломжгүй зэргээс шалтгаалан эвдрэлээр хурд тогтоох боломжгүй. Явган зорчигчийн шидэгдсэн зайд энерги хадгалагдах хуулийн тооцоогоор хурд 57,74 км/ц байна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 7-10 дугаар тал/,

 

Техникийн шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №24/223 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалтай танилцахад “Toyota Mark-X Zio” маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Ч.М  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 хавсралтын 2.24 тэмдэг “Хурдны дээд хязгаарлал”-тээврийн хэрэгслийн хурдыг /км/цаг/ тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Осол болсон газраас зүүн тийш байрлах, ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэсэн зорчих хэсэг 2 тийш салаалсан хэсэг нь уулзвар болон гарцын аль, алинд хамаарахгүй.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 хавсралтын 2.7 дугаар зүйлд “... 2.24 /Хурдны дээд хязгаарлал/ тэмдгийн үйлчлэх хүрээ нь байрласан газраасaa эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна. Эдгээр тэмдгийн үйлчлэх хүрээг дараах байдлаар багасгаж болно: ...2.24 /Хурдны дээд хязгаарын төгсгөл/ тэмдгийн үйлчлэх хүрээг 2.25 тэмдгээр: гэж заасан. Хэрэгт тусгагдсан 2.24 /цагт 40 километрээс илүү хурдтай явахыг хориглоно/ тэмдгээс ертөнцийн зүгээр баруун тийш хэрэг гарсан гэх “А” цэг хүртэл уулзвар болон 2.25 тэмдэг байхгүй байх тул уг хэрэг нь 2.24 тэмдгийн үйлчлэх хүрээнд гарсан байх үндэслэлтэй байна. Дээрх хурдны дээд хязгаарыг тогтоосон тэмдгээс осол болсон газар хүртэл уулзвар байхгүй бөгөөд хэдэн гарц байгаа нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.7 дугаар зүйлд “гарц” гэж замын зэргэлдээх нутаг дэвсгэр рүү орох, түүнээс гарахад зориулсан зорчих хэсэг замтай нийлсэн бэлчрийг, мөн дүрмийн 1.2.40 дүгээр зүйлд “уулзвар” гэж замууд нэг түвшинд огтлолцсон бэлчир (зорчих хэсгийн захын дугуйрч байгаа эхлэлийг түүний эсрэг тал руу шулуун холбож хязгаарлахад үүсэх талбай)-ийг. Зорчих хэсгүүдийн огтлолцлын талбайг шар өнгийн шугамаар хүрээлж, хэрээслэн тэмдэглэсэн байж болно; гэж тодорхойлсон ба эдгээр шинж тэмдгүүдээр ялгагдана...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 138-142 дугаар тал/,

 

Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын, шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0825/3015 дугаартай: “...Ш.А -ын сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 37-39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Ч.М  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь би хурд хязгаарласан тэмдгийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл тэмдгээс цааш осол болсон газар хүртэлх зайд замын хөдөлгөөний дүрэмд тодорхойлсноор уулзвар хүртэлх хүчинтэй байдаг учир би тэмдэгийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Миний явж байсан замын хажуунаас хатуу хучилттай эсрэг хөдөлгөөнтэй, 2 эгнээ зам огтолцсон байсан. Үүнийг би уулзвар гэж ойлгож байна. Би 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн орой Багануур дүүргээс 3 охины хамт Баянзүрх дүүрэгт байх гэр лүүгээ харихаар өөрийн эзэмшлийн боловч нэрийг нь шилжүүлж аваагүй байсан “Toyota mark-x zio” маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодоод хөдөлсөн. Цаг хэд болж байсныг одоо санахгүй байна. Ингээд Баянзүрхийн товчооны замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 50 орчим км цагийн хурдтай явж байсан. Тэгэхэд замын хойд талаас урагш чиглэлтэй гэнэт хүн гүйгээд гараад ирсэн. Би тэр хүнийг харсан даруйдаа тоормос гишгэсэн хэдий ч машины урд хэсгээр явган зорчигчийг мөргөөд зогссон. Ослын дараа би өөрийн ... дугаарын утсаар 102, 103 дугаарын утас руу дуудлага өгөөд, машинаас буугаад мөргүүлсэн хүн рүү очсон, бүр ойртож чадаагүй. Машинд мөргүүлсэн хүн хөдөлж байсан хэдий ч юм ярихгүй зам дээр хэвтэж байхаар нь би айгаад буцаад машиндаа суусан. Тэгээд түргэн болон цагдаа нар ирсэн. Түргэний машин ирээд эмч нь машинд мөргүүлсэн эрэгтэй хүнийг үзээд аваад явсан. Цагдаа нар үзлэг, хэмжилт хийгээд миний машиныг ачилтын машинд ачуулаад явсан. ...” гэж /2 дугаар хавтаст хэргийн 177-178 дугаар тал/,

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээр: “...Тэр өдөр 3 охинтойгоо гэр лүүгээ харьж явсан бөгөөд бороотой, харанхуй болчихсон байсан. Хажуугаас гэнэт ороод ирсэн, юу болсныг би хараагүй. Замын голын хаалтны хажуугаас гарч ирсэн болов уу. Тэгээд зогсоох арга хэмжээ аваад зогссон, тийм хурдтай яваагүй. Өмнө нь 10 жил машин барьсан, ийм хариуцлагагүй зүйл гаргаж байгаагүй. Санамсаргүй ийм зүйл болсон, гэнэт л хажуугаас гарч ирсэн. Охид маань унтаад, би машинаа бариад явж байсан. ...” гэж /шүүх хуралдааны тэмдэглэлд/ тус тус мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хавтаст хэргийн 3 дугаар талд буй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг шинжилгээгээр тогтоосон нь хууль зөрчсөн тул нотлох баримтаас хасаж өгнө үү гэх хүсэлт үндэслэлгүй, шүүх уг хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Ч.М  нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянзүрхийн хуучин товчоо, Мандах нар төвийн хойд талын замд 2023 оны 6 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг 50 минутын үед “Тоёота Марк-экс” загварын ... улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 хавсралтын 2.24 тэмдэг “Хурдны дээд хязгаарлал” тээврийн хэрэгслийг хурдыг тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Х ыг мөргөж амь нас нь хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Оршуулгын зардал 18,200,000 төгрөгийн хохирол хор уршиг нэхэмжилснэээс шүүгдэгч 9,000,000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 9,200,000 төгрөгийг гаргуулах, сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 15,311,340 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Оргилоос: “...Улсын яллагчийн гэм буруутайд тооцох саналыг дэмжиж байна. Хэрэг гарснаас хойш 2 жил хагас мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Анх явагдаж эхэлсэн үеэс, үзлэг хийсэн үеэс тун хангалтгүй явагдсан байдаг. Тухайн ажиллагаануудыг цаг тухайд хийгээгүйгээс болж камерын бичлэг зэрэг нотлох баримтууд устаж үгүй болсон. Хэргийн газрын үзлэг дутуу хийснээс хэргийг бүрэн дүүрэн тогтоогоогүйгээс шалтгаалж прокуророос хэрэг бүртгэлтийг хоёр удаа хаасан байдаг. Гомдол гаргаж байж ийм байдалд хүрсэн. Ч.М ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг тогтоохдоо жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол учирсан бол хариуцлага хүлээхээр хуульчилсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа гэж байна. Хохирогч талаас үүн дээр маргахгүй. Буруутай үйл ажиллагаа байлаа гээд шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Шүүгдэгч өөрөө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчөөгүй бол хохирогч ярьж хэлж маргах асуудалгүй. Нэмэлт ажиллагаа хийлгэснээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн нь тогтоогдож хэрэгт авагдсан баримтаар тогтооогдсон. Ийм учир шүүгдэгч Ч.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. Мөрдөн шалгах ажиллагаанд оршуулгын зардал, 49 хоногийн мөнгийг баримтаар нэхэмжилсэн. Улсын яллагчаас оршуулгын зардлыг бодит хохиролд тооцож байх шиг байна. Оршуулгын зардал, 49 хоногийн мөнгийг нэхэмжлэх үндэслэлтэй байна. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аргачлал журмаар шинжээч томилсон. Яагаад шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын зэргийг тогтоохдоо дүгнэлт гаргана” гэж заасан. Тус хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн заалтыг баримталж шинжээч томилох хүсэлт гаргаж шинжээч томилуулсан. Нотлох баримтаар үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Сэтгэцэд учирсан зэрэглэлтэй холбогдуулж гэм хорын хохирлоо нэхэмжлэхгүй. Иргэний хуулийн 514.5 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ. Хохирогчид учирсан гэм хорын хохирлыг ашигтай хувилбараар буюу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 82,500,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс: “...Эрдэнэт хүний амь нас хохирсонд харамсаж байна. Хохирол мөнгө төлөх талаар ярьж хэлэлцэж байсан зүйл байгаа, үүнийг хохирогч түрүүн хэлсэн. Хохирол мөнгөний асуудлыг оршуулгын зардал төлье, 12 дугаар сарын 31-нд төлөх боломжтой байна гэхэд тэгвэл манайх энэ дээр маргана, өмгөөлөгч авна, солино гээд яриад явсан. Өнөөдрийг хүртэл энэ асуудал тавигдаагүй байсан. Улсын яллагч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хавсралтын 2.24 дэх тэмдэглэлийг зөрчсөн байна. Яллах дүгнэлтэд 40 км-ээс илүү явахыг хориглосон заалтыг зөрчсөн гэж яллах дүгнэлтэд оруулж ирсэн. Тээврийн хэрэгслээс шалтгаалсан, хурдаас шалтгаалсан асуудал бол яллах дүгнэлтэд огт дурдагдаагүй. Шүүгч хэлэхдээ үйл баримт байна шүү дээ гэсэн. Үйл баримтаар явган зорчигч маань согтуу, хоёрдугаарт гарц гарамгүй газар ойртон ирсэн тээврийн хэрэгслийг өнгөрүүлэх заалтыг зөрчсөн гэж шинжээч нар хэлсэн. Хүн гэнэт самбрын ард талаас гарч ирсэн, зорчих хэсэгтээ байсан бол өндөр хана руу явж байгаа асуудал осол гарах үндсэн шалтгааныг бүрдүүлсэн гэж шинжээч дүгнэсэн. Ойртон ирж буй тээврийн хэрэгслийг өнгөрүүлсэн бол осол гарахгүй байсан гэж хэлээд байгаа. Давуу эрхгүй хөдөлгөөнд оролцогчдын хурд чиглэлийг өөрчлөхгүй. 150 км цагийн хурдтай, 20 км цагийн хурдтай явж байсан ч зам тавьж өгөх үйлдлийг хийж, зам руу орохгүй байх ёстой. Зорчих хэсэг нойтон байсан тул тоормосны мөр гараагүй зүйл байдаг. Тодорхой хэмжээний хурдтай явж байгаа тохиолдолд саадыг хараад жолоочийн самбаачлах хугацаа байна. Зогсоох арга хэмжээ авах боломжгүй, ойрын зайнаас орж ирж байгаа тохиолдолд тээврийн хэрэгсэл мөргөлдөх боломжтой. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн замын зорчих хэсэг рүү орохыг хориглоно гэж байгаа. Танай талд үйлчилж явсан гэж ярих гээд байх шиг байна. Мандах гэдэг мөрдөгч амралтаа авчихсан байхдаа орж ирж хэргийн газрын үзлэг хийчхээд сүүлд нь ийм маргаан гарч ирж байгаа. Улсын яллагч ч гэсэн хууль хэрэглэхэд зөв хэрэглэж байгааг хянаж байх ёстой. Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчиж сэтгэцэд учирсан хохирлын үнэлгээ гаргаж орж ирж байхад 22.99 дахин нэмэгдүүлж гаргах нь зүйтэй гээд хянах үүргээ биелүүлэхгүй зогсож байж болохгүй. Хүн мөргөсөн нь миний буруу байна, тодорхой хэмжээнд хохирол төлье гэж шүүгдэгч хэлээд байна. Мандахын хийсэн будлианыг засруулах гэж захирамж гарсан. 40 км гэх тэмдэг байсан уу? үзлэг хийхэд байсан уу? хэдэн метрийн дотор үзлэг хийх вэ? энд байсан уу? гэх магадлагаа гарсан. Магадлагааны заалтыг мөрдөгчийн тэмдэглэл гээд хийгээд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэдэд зааснаар мөрдөгчийн тэмдэглэлийг гаргаж байна вэ? Тэмдэглэл хийсэн бол баахан бичлэг шиг зүйл цуглуулчхаад схем зураг зурах ёстой, тэмдэглэл хийх ёстой. Хэн оролцсон бэ? өөрөө оролцсон уу? шинжээч оролцсон уу? Ийм хариуцлагагүй байдлаар давж заалдах шатны шүүхийн магадлагаанд захирамжийг биелүүлж болохгүй. Мөрдөгч Баяраа мөрдөгчийн тэмдэглэл гаргасан гэх асуудал ярьж байна. Давж заалдах шатны шүүхийн заалтыг хангахын тулд үзлэг хийх ёстой биз дээ. Тэмдэглэл дээр 40 гэсэн тэмдэглэгээ байхгүй байгаа...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. 

 

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, хүний амь нас хохирсон үйлдэл хоорондоо шууд шалтгаант холбоотой байхыг шаарддаг.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр “...амь хохирогч Ш.Х ын цогцсот дух яснаас баруун ухархайн дээд ханаар дайрч суурийн өмнөд хонхорын дунд хэсэг хүрч төгссөн шугаман хугарал, дух ясны цууралт, зүүн чамархай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, эдийн няцрал, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн талын олон хавирганы шууд бус хугарал, зүүн дунд чөмөг, баруун, зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун дээд 1, зүүн дээд 2, 3, баруун доод 1, 2, 4, 5, зүүн доод 1, 2-р шүдний хугарал, дух, баруун гуя, зүүн шилбэ, зүүн тавхайн язарсан шарх, дух, баруун хацар, хамар, цээж, хоёр тохой, хоёр ташаа, баруун мөр, хоёр алга, гуя, хоёр өвдөг, шилбэ, хоёр шагай зулгаралт, дух, хоёр гуяны цус хуралт, дух ясны хуучин хугарал, их тархины хоёр талын духны дэлбэн, зүүн чамархайн дэлбэнгийн эдийн зөөлрөл /маляци/ гэмтэл тогтоогдлоо. Дух ясны хуучин хугарал, их тархины хоёр талын духны дэлбэн, зүүн чамархайн дэлбэнгийн эдийн зөөлрөл /маляци/ нь нас барахаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Энэ нь зам тээврийн осолтой холбоогүй болно. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар зам тээврийн ослын үед үүсгэгдэнэ. Амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас барсан...” болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байх тул уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэж үзэв.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 13.2.1. Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх” гэж тус тус заасан тул замын хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.

 Шүүгдэгч Ч.М  нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянзүрхийн хуучин товчоо, “Мандах нар” төвийн хойд талын замд 2023 оны 6 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг 50 минутын үед “Toyota Mark Х” загварын ... улсын дугаартай автомашиныг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтын 2.24 тэмдэг “Хурдны дээд хязгаарлал”- тээврийн хэрэгслийн хурдыг /км/цаг/ тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас иргэн Ш.Х ын амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд  шүүгдэгч Ч.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс: “...явган зорчигч маань согтуу, хоёрдугаарт гарц гарамгүй газар ойртон ирсэн тээврийн хэрэгслийг өнгөрүүлэх заалтыг зөрчсөн гэж шинжээч нар хэлсэн. Хүн гэнэт самбрын ард талаас гарч ирсэн, зорчих хэсэгтээ байсан бол өндөр хана руу явж байгаа асуудал осол гарах үндсэн шалтгааныг бүрдүүлсэн гэж шинжээч дүгнэсэн. ...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн замын зорчих хэсэг рүү орохыг хориглоно гэж байгаа. ...тодорхой хурдтай явж байсан ч зогсоох арга хэмжээ авах боломжгүй, ...Тэмдэглэл дээр 40 гэсэн тэмдэглэгээ байхгүй байгаа...” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв. 

Шүүгдэгч Ч.М  нь ... улсын дугаартай “Toyota Mark-X Зио” маркийн тээврийн хэрэгслийг осол болох үед 57,74 км/цагийн хурдтай жолоодон явж байсан болох нь техникийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 06/33 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 174-176 дугаар тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын Инженер техникийн шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 240 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 7-10 дугаар тал/ зэргээр тогтоогдож байна.

Мөрдөгчийн 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар “...осол болсон замд дээд хурд 50 км/цаг заалт тэмдэг...” байрлуулсан болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн Техникийн шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №24/223 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалтай танилцахад “Toyota Mark-X Zio” маркийн ... улсын дугаартай автомашины жолооч Ч.М  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 хавсралтын 2.24 тэмдэг “Хурдны дээд хязгаарлал”-тээврийн хэрэгслийн хурдыг /км/цаг/ тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлтээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт няцаан үгүйсгэгдэж байна.

 

Хохирол, хор уршиг:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.А ас: “...оршуулгын зардал 18,200,000 төгрөг, 49 хоногийн зардал 1,687,773 төгрөг болсон, шүүгдэгч 9,200,000 төгрөг төлсөн, үлдэх 10,887,773 төгрөг болон сэтгэл санааны хохирол тус тус нэхэмжилж байгаа...” талаар мэдүүлсэн.

Шүүхээс шүүгдэгч Ч.М ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авсан ба тус хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 10,888,000 төгрөг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:  

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Ч.М д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил, 5 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Оргилоос: “...Хохирогч талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд тэнсэх үндэслэлийг заасан. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул тэнсэх нөхцлийг хангаж чадаагүй байна. Хохирол бүрэн төлж барагдуулсан тул зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүүгээс: “...Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн үед шүүгдэгч өөрийн гар утсаар эмнэлгийн байгууллагад ослын талаар дуудлага өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч тодорхой эрхэлсэн ажилтай, бага насны хүүхэдтэй, хохирлыг барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байх тул улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Ч.М ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 74 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 185 дугаар тал/, жолоочийн лавлагаа, лавлагаа /1хх-ийн 75 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 76 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 77 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1хх-ийн 78 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Ч.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Ч.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жил, 5 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хэргийн үйл баримтын талаар маргаагүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэж;

-Мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.М  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.М ыг Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосонгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүгдэгч Ч.М д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.           

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТСАЙХАН