Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 222

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч  Б.Мэндбаяр түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Монгол овогт Бадрахын Мэндбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020432 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Монгол овогт Бадрахын Мэндбаяр, /РД:ХЛ74072110/ 1974 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 7/3 дугаар байрны 48 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.  

 

Шүүгдэгч Б.Мэндбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 8 дугаар хороо 4 дүгээр хорооллын  7/3 дугаар байр 48 тоотод архи ууж согтуурсан үедээ хутгаар лаазалсан загас онгойлгох  гэж байгаад иргэн Ж.Отгонбатын баруун гуяны ар хэсэгт хатгаж бие махбодид нь баруун гуяны ар хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун гуяны тараагуур судасны тасрал буюу хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Мэндбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна” гэв.

 

Шүүгдэгч Б.Мэндбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 8 дугаар хороо 4 дүгээр хорооллын  7/3 дугаар байр 48 тоотод архи ууж согтуурсан үедээ хутгаар лаазалсан загас онгойлгох гэж байгаад иргэн Ж.Отгонбатын баруун гуяны ар хэсэгт хатгаж бие махбодид нь баруун гуяны ар хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун гуяны тараагуур судасны тасрал буюу хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Ж.Отгонбатын “... Мэндбаяр миний урд газар суучихсан хутга бариад лаазтай консеров задлах гээд байж байсан ба би хөлөө ачаад сууж байтал консеров нь онгойхгүй хутга нь хальтраад миний баруун гуяны дотор тал руу хатгачихсан. Тэгтэл Очгэрэл хэвтэж байгаад юу болов гээд босч ирээд Мэндбаяр, Очгэрэл нар нийлээд цусыг тогтоохоор бүдүүн гуяар тэлээгээр боогоод би өөрөө тухайн үед бага зэрэг согтуу байсан учраас өвдөлт ямар нэгэн зүйл мэдрэгдээгүй. Цус л урсаад байсан байгаа. ... Мэндбаяр тухайн үед нилээн согтолттой байсан ба лаазтай шпрот онгойлгох гээд нэг гартаа консеровоо нөгөө гартаа жижигхэн гал тогооны хутгаа бариад миний урд газар завилаад сууж байгаад хальтарчихсан. ... Уг гэмтлийг Мэндбаяр болгоомжгүйгээр учруулсан байгаа. Тэрнээс биш намайг санаатайгаар хутгалах санаа зорилго байхгүй байсан гэж би үзэж байна. Цагдаагийн байгууллагаас дуудаж байхад би өөрөө босч чадахгүй хэвтрийн байдалтай байж байгаад цагаан сараас хойш бага зэргээр явж байна. ... Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 5 дугаар хуудас/

Гэрч Д.Очгэрэлийн “2017 оны 01 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө багын найз Мэндбаяр, Отгонбат нарын хамт шөнийн 01 цагийн орчим Мэндбаярын гэр болох Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 7 дугаар байранд очсон. Тэнд очиход Мэндбаярын ээж Дулмаа ганцаараа байсан. Гэрт нь орохдоо замаасаа авсан нэг шил архи аваад орсон байсан ба уг архиа уусан. ... Отгонбат, Мэндбаяр нар нь задалсан шпрот, консеров онгойлгоно гэсэн зүйл хоорондоо ярилцаж байсан. Гэтэл гэнэт цус гарлаа гэсэн яриа өгүүлэл болоод ирэхээр нь би босч очоод яасан бэ гэхэд Отгонбатын баруун хөлийнх нь гуяны дотор хэсгээс цус гарч байхаар нь би тэлээгээр бүдүүн гуяар нь ороож чангалж цусыг нь тогтоосон. Тэгээд яасан бэ гэхэд Отгонбат, Мэндбаяр хоёр лаазтай консеров онгойлгох гэж байгаад хутга хальтраад хутганы үзүүрээр нь гуя руу нь хатгачихлаа гэсэн. ... Отгонбат, Мэндбаяр нар нь хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй ээ. Би орондоо ороод хэвтэж байсан болохоор яг хаана хаана ямар байдалтай сууж байгаа нь хараагүй ээ. Угаасаа нэг өрөө байр учраас зай муутай зэрэгцээ сууж байсан байхаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6-7 дугаар хуудас/

Гэрч Г.Дуламын “... Манайх нэг өрөө байр учраас ширээний хажуугийн буйдан дээр Отгонбат суучихсан доор нь газар Мэндбаяр сөхрөөд завилаад суучихсан харагдсан. Би нойлын өрөө орчихоод гараад иртэл Отгонбат буйдан дээр суучихсан баруун талын хөлнөөс их хэмжээний цус гарч байхаар нь яасан бэ юу болчихов гэхэд надтай юм ярих завгүй түргэн дуудаад цусыг нь Очгэрэл тогтоож байсан. ... Гаднаас зүгээр инээлдсэн орж ирсэн байгаа. Гэрт орж ирээд бие биенээ тэвэрч аваад л тоглож л байсан. Өмнө ч гэсэн тэгдэг байсан. Гэрт ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй ээ. ... Тэр хутгыг нь би маргааш нь хогийн саванд хийгээд хогийн пункерт аваачиж хаясан.  Хогийн машин ирж хог ачсан байхаа. Одоо тэр хутга байхгүй ээ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2017 оны 01 дүгээр сарын 30 -ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1909 дугаартай:

1. Ж.Отгонбатын биед баруун гуяны ар хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун гуяны тараагуур судасны тасрал /a.femoralis/ бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий үйлийн үйлчлэлээр  нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.8-т зааснаар  амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.  Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 13 дугаар хуудас/

            Шинжээч эмч  М.Золжаргалын “ Уг гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр хутгаар хатгах үед үүсэх боломжтой. Тухайн цаг хугацаанд үүсэж боломжтой байна. А.femoralis  гэдэг нь артерийн судсыг хэлж байгаа юм.  Уг судсыг тасалж гэмтээсэн үг юмаа. Биед уг судас  тасарснаас  өөр гэмтэл байгаагүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14-дүгээр хуудас/

            Шүүгдэгч Б.Мэндбаярын мөрдөн байцаалтад өгсөн “... Отгонбат  буйдан дээр суучихсан ба хажуу талд газар завилаад суучихсан лаазтай шпротыг нэг гартаа бариад нөгөө гараараа хутгаа бариад онгойлгох гэж байгаад хальт хатгаад Отгонбатын баруу хөлний дотор хэсэг рүү хатгачихсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

                 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

                 Шүүгдэгч Б.Мэндбаяр нь хутгаар лаазалсан загас онгойлгох гэж байгаад иргэн Ж.Отгонбатын баруун гуяны ар хэсэгт хатгаж бие махбодид нь баруун гуяны ар хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун гуяны тараагуур судасны тасрал буюу хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан “бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй үйлдэл бөгөөд хэргийн зүйлчлэл зөв байх тул уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Б.Мэндбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 30 дугаар хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул  түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Хохирогч Ж.Отгонбатын “...Б.Мэндбаярт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно. Мөрдөн байцаалтын шатанд эмчилгээнд гарсан зардлуудыг Б.Мэндбаяраас нэхэмжлэхгүй. Найзтайгаа эвлэрсэн. Иймд Б.Мэндбаярт хөнгөн шийтгэл оноохыг хүсч байна” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Мэндбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Мэндбаярт шүүх  ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг байдлуудыг харгалзан хорихоос өөр төрлийн хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Монгол овогт Бадрахын Мэндбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар   Б.Мэндбаярыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Мэндбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Мэндбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Мэндбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд түүнд хяналт тавихыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.     

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар Б.Мэндбаяр нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Мэндбаярт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Мэндбаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ