Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2023/0463

 

  

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ө*******ийн М*******

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.М*******

Маргааны төрөл: Авто машины гарааш барих зөвшөөрлийг олгосон шийдвэр болон нэхэмжлэгчийн эзэмшлийн гараашийн доорх газрыг албадан чөлөөлүүлэх тухай шийдвэрүүд нь хуульд нийцсэн эсэх, гараашийн үнэ болох 5 сая төгрөгийг гаргуулах, гараашийн зориулалтаар газар эзэмших, эзэмшүүлэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг дарга, С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын С дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн зүүн хойно байрлах нэхэмжлэгчийн эзэмшиж буй 72 тоот гарааш, С дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 341 дүгээр шаардах хуудсыг миний эзэмшил болох зохих зөвшөөрөл бүхий гарааштай холбоотой хэсгийг хавсралтаас хасаж тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШЗ2022/9519 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын С дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн зүүн хойно байрлах нэхэмжлэгчийн эзэмшиж буй 72 тоот гарааштай холбоотой хэсгийг хүчингүй болгох” тухай шаардлагаар захиргааны хэрэг үүсгэж, харин С дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох “С дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 341 дүгээр шаардах хуудасны миний эзэмшил болох зохих зөвшөөрөл бүхий гарааштай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 1993 оны А/36 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох, тус захирамжийн дагуу баригдсан гэх гараашийн үнэ болох 5 сая төгрөгийг гаргуулах, гараашийн зориулалтаар газар эзэмших, эзэмшүүлэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” гэж нэмэгдүүлжээ.

Иймд шүүх “ННийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын С дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн зүүн хойно байрлах нэхэмжлэгчийн эзэмшиж буй 72 тоот гарааштай холбоотой хэсгийг хүчингүй болгох, 1993 оны А/36 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох, тус захирамжийн дагуу баригдсан гэх гараашийн үнэ болох 5 сая төгрөгийг гаргуулах, гараашийн зориулалтаар газар эзэмших, эзэмшүүлэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2. Улаанбаатар хотын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/36 дугаар захирамжаар амины машины гараашийн барилгыг С дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар сургуулийн зүүн талд 0,05 га газарт байрлуулахаар тогтоожээ.

Дээрх гарааш барих байршлыг оршин суугчдын хүсэлт болон Нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн өөрчилж, 2 дугаар сургуулийн хашааны хойд талд 24 машины гарааш барих зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 1994 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 6в/892 дугаар албан бичгээр “А*******” ХЭАА-д олгожээ.

Ө.М******* нь 2001 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр маргаан бүхий гараашийг худалдан авсан байна.

3. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 397 дугаар захирамжаар нийслэлийн бүх дүүргүүдийн орон сууцны хорооллын орчимд баригдсан авто машины гарааш ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар эзэмших эрх олгох, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоосон байна.

4. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар 2022 оныг “Хотын иргэний жил” болгон зарласан байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг баталсны дотор С дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн зүүн хойд талд байрлах гараашуудын газар багтжээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх захирамжийн хэрэгжилтийг хангаж, холбогдох ажлыг зохион байгуулахыг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01-07/1054 дүгээр албан бичгээр Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “Дээрээ тохижилт бүхий газар доорх авто зогсоолын барилга” барих МЗХ2022/09-037 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр олгожээ.

Харин “Н*******” УТҮГ-ын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1/142 дугаар албан бичгээр дээрх архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлүүлэх хүсэлтийг Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн БХБХ2022/03-002 дугаар “Тохижилт бүхий их багтаамжийн авто зогсоолын барилга” барих архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгожээ.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/1214 дүгээр захирамжаар “Н*******” УТҮГ-т С дүүргийн 7 дугаар хороонд байрлах 2168 м.кв газрыг тохижилт бүхий олон давхар бүхий гараашийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 0000******* дугаар гэрчилгээг олгожээ.

5. Нэхэмжлэгч тус шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргахад тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШЗ2022/9135 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон, дахин 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 

“1/ С дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөхтөй холбоотой миний өөрийн эзэмшлийн С дүүргийн 7 дугаар хороо 11-р хорооллын нутаг дэвсгэр болох Д.Сухбаатарын нэрэмжит 2 дугаар бүрэн дунд боловсролын сургуулийн чанх ар талд байрлах 72 тоот гараашийг эзэмшиж, өмчилдөг билээ.

"А*******" ХЭАА нь бидний өмчилж байгаа гарааш \барилга\-ыг дээрх эрх бүхий этгээдүүдийн зөвшөөрөлтэйгээр барьсан. Уг ХЭАА нь тус гарааш \барилга\-аа иргэдэд худалдан борлуулж, иргэний арилжаа гүйлгээнд оруулсан, иргэд бид зах зээлайн зарчмын дагуу худалдан авч, эзэмшиж, өмчилж байна. Миний бие тус 72 тоот гараашийг 2001 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Д.Цээc 1,800,000 төгрөгөөр худалдан авч, одоог хүртэл эзэмшин, ашиглаж байна.

Газрын тухай хуулийн 57.3-д "Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.", 57.4-д "Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна." гэж заасан.

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд зааснаар Засаг дарга нь дараах 3 үндэслэлээр газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авна гэж ойлгож байна. Үүнд:

1. Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан;

2. Бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн.

3. Нэг л удаа олгосон хуулийн хугацаа нь дууссан

Гэтэл бидний эзэмшиж, өмчилж байгаа гарааш нь зохих зөвшөөрөлтэйгээр баригдсан. Түүнчлэн иргэд бид газрыг болон уг гараажыг дур мэдэн эзэмшсэн зүйл байхгүй болно. Зохих зөвшөөрөлтэйгээр баригдсан гараашийг худалдан авч, эзэмшиж байгаа болно.

Уг гараашийг худалдан авснаас хойш 2009 онд газрын албан дээр очиж тодруулахад өмнөх төлөөд, захирамжийн дагуу бүртгэлд нэр оруулж онуудын газрын төлбөрөө нөхөн шилжүүлэн авна гэсэн захиргаа \газрын алба\-ны үйл ажиллагааны журам шаардлагын дагуу өмнөх 7 жилийн гаражын газрын төлбөрийг 2009 оны төлбөртэй хамтатган 88,000 төгрөгийг төлж цаашид газрын төлбөрөө жил бүр тогтмол төлж, хувийн хэрэгцээндээ эзэмшиж, өмчилж байгаа болно.

Газрын тухай хуулийн 27.1."Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 36.4-д “Эрхийн гэрчилгээ олгох, бусдад шилжүүлэх, гэрчилгээний хугацааг сунгуулахад төлөх хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно.”, 30.1-т заасан газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна.

Гэтэл миний бие гараашийн газрын төлбөрийг 2002-2019 оныг дуустал бүрэн төлж явсан нь баримтаар нотлогдох ба кадастрын зурагт 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдөр /18*******/ тоот нэгж талбарын дугаараар оруулсан нь 1994 онд баригдсан гараашид 15 жилийн хугацаа нь 2009 онд дуусгавар болох ёстой хэдий ч аль аль талаас ямар нэгэн гэрээг цуцлах талаар мэдэгдэл гаргаагүй тул уг хуулийн заалтаар нэг удаадаа 40 жилээс илүүгүйгээр сунгагдсан гэж үзэх олон улсын жишиг болон хуулийн дагуу болсон билээ.

Газрын тухай хуулийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно." гэж заасан ба мөн хуулийн 34.1-т “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, хорооны газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэсэн. Үүнээс үзэхэд газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн газрын алба "эзэмших гэрчилгээ” олгох ёстой байдаг билээ.

1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/36 дугаар захирамж нь Газрын тухай хууль батлагдахаас өмнө гарсан. Харин Газрын тухай хууль батлагдан гарахад ямар нэгэн дагаж мөрдөх журмын хуулиар урьд барилга, байгууламж барих зориулалтаар олгосон зөвшөөрөл, шийдвэр нь хүчингүй болох талаар заагаагүй болно. Тиймээс уг захирамжийг Газрын тухай хуулийн 33.1-д заасантай дүйцнэ гэж бид үзэж байна.

Иймд шударгаар олж авсан хөрөнгө болох С дүүргийн 11 дүгээр хороолол, 7-р хороо, Д.Сын нэрэмжит 2-р бүрэн дунд сургуулийн ард байрлалтай гараашийг зөвшөөрөлгүй баригдсан барилгад оруулан буулгахаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 57.3, 57.4-д заасантай нийцэхгүй, иргэний шударгаар худалдан авсан үл хөдлөх хөрөнгө олж авах, эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг зөрчсөн шийдвэр гэж үзэж энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.11-д хамаарч байгаа болно. Учир нь Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамжийн хавсралт нь ямар нэгэн кадастрын зураггүй гарсан ба 2 дугаар дунд сургуулийн хойд талын бүх гараашууд гэж албадан буулгах талаар заасан байна. Харин эдгээр гараашууд нь буюу манай 72 тоот гарааш нь зөвшөөрөлтэй баригдсан гарааш бөгөөд үүнийг захиргаанаас нарийвчлан судлахгүйгээр бүгдийг буулгахаар шийдвэрлэсэн нь зөвшөөрөлтэйгээр баригдсан гарааш эзэмшигч, өмчлөгчдийн эрхэд халдсан ноцтой үйл явдал юм.

2/ Миний өмчилж байгаа гарааш нь анх Нийслэлийн Засаг даргын 1993 оны А/36 дугаар захирамжаар баригдсан гэж миний бие ойлгосон. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч нь иргэн намайг дур мэдэн барилга байгууламж барьсан, газар эзэмшсэн гэсэн үндэслэлээ батлан хариу тайлбар ирүүлжээ.

Тиймээс миний бие 1993 онд Нийслэлийн Засаг дарга нь газар эзэмших эрх олгох эрхгүй этгээд байжээ гэж ойлголоо. Тйимээс Нийслэлийн Засаг даргын 1993 оны А/36 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт гэж ойлгосон. Учир нь 2023 онд Нийслэлийн Засаг дарга нь 1993 оны захирамж, шийдвэр үйл ажиллагааг илт үгүйсгэж байна.

Хэрэв Нийслэлийн Засаг дарга нь 1993 онд гарааш барих зөвшөөрөл өгөөгүй бол уг гарааш баригдахгүй, миний бие гарааш худалдаж авч хохирохгүй байсан.

3/ Газрын тухай хууль /1994/-ийн 32.1-д “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ.”, Газрын тухай хууль /2002/-ийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заасан.

Хэрэв Нийслэлийн Засаг даргын гаргасан 1993 оны А/36 дугаар захирамж нь хууль ёсны бол мөн захиргааны байгууллагаас гэрээ байгуулж, гэрчилгээ олгох хуулиар тогтоосон үүрэгтэй юм.

Гэтэл захиргаа гарааш өмчлөгчид өөрөө гэрчилгээ олгоогүй атлаа гарааш өмчлөгч иргэнийг гэрчилгээгүй гэж буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын С дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн зүүн хойно байрлах нэхэмжлэгчийн эзэмшиж буй 72 тоот гарааштай холбоотой хэсгийг хүчингүй болгох, 1993 оны А/36 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох, тус захирамжийн дагуу баригдсан гэх гараашийн үнэ болох 5 сая төгрөгийг гаргуулах, гараашийн зориулалтаар газар эзэмших, эзэмшүүлэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлж өгнө үү.” гэжээ.

            7. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тухайн үеийн үнэ ханшийг судалсан. 2001 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар долларын ханш 1100 төгрөг байсан. 1800000 төгрөгөөр тухайн үед 1636 долларыг худалдаж авах боломжтой байсан байна. Өнөөдрийн ханшаар бодохоор 5,600,000 төгрөг болсон. Үүний 5 сая төгрөгийг нөхөн олгуулах нэхэмжлэл гаргасан. Урд, хойноо 12 буюу нийт 24 гарааш баригдсан. Манай хороолол 1990 онд ашиглалтад орсон. Тухайн үед машинтай хүн ховор байсан. Өнөөдрийн хувьд машин нь хэрэгцээ болсон байна. 1 давхар шавар гарааш хэрэггүй. Орчин үед нийцсэн олон давхар гарааш баригдах гэж байгааг дэмжиж байгаа.” гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.3-т зааснаар зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан, дур мэдэж эзэмшсэн бол хураана гэсэн хууль зөрчсөн иргэдэд хамаарах заалтыг баримталсан. Энэ заалтыг Ө.М*******т хамааруулж гараашийг буулгах гэж байгааг зөвшөөрөхгүй.  Ногоон байгууламж, давхар гарааш, орон сууц барих эсэх нь захиргааны байгууллагын чиг үүргийн асуудал гэж үзэж байна

Нийтийн хэрэгцээний төлөө хувийн субъектив эрхэд халдаж болохгүй. Гарааштай иргэдийг шууд хууль бусаар газар эзэмшсэн гэж үзэж нураах нь буруу. Тухайн үед Газрын тухай хууль батлагдаагүй байсан. Төрийн байгууллагын гаргасан шийдвэрийг буруутгах, үл тоомсорлох, үнэлэлт дүгнэлт өгөхгүй байх зэргээр засаг захиргаанаас хандаж байгааг буруу гэж үзэж байна. Захирамжийн дагуу гараашууд баригдсан. Баригдсан гараашаас Ө.М******* худалдаж авсан. Ийм л харилцаа байгаа юм.

Зөвшөөрөлгүй барьсан гарааш олон бий. Нийслэлийн Засаг даргын 05 дугаар сарын 11-ний өдрийн зогсоолтой холбоотойгоор хууль бусаар баригдсан гараашийг цэгцлэх агуулга бүхий захирамж гарсан. Зөвшөөрөлгүй гараашийг нурааж, зөвшөөрөлтэй иргэдэд нөхөн төлбөр олгох хэрэгтэй. Төрийн захиргааны байгууллагын ажилчид бүх гараашийг зөвшөөрөлгүй гэж үзэн нурааж байгаа нь зохисгүй үйлдэл юм. Нөхөн олговор олгоё. Гараашаа чөлөөл гэсэн агуулга бүхий захирамж гарсан бол асуудал өөрөөр яригдах байсан. Гэтэл хууль бусаар эзэмшсэн эсэхээс үл хамаарч гараашийг нураах шийдвэр гарсан учраас хуулиар хамгаалагдсан эрхээ хамгаалуулахаар захиргааны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Хариу тайлбараас үзэхэд 1993 оны захирамж хамааралгүй гэсэн агуулга байсан учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Бид 1993 оны захирамжийг хууль ёсны гэж ойлгосон. Төрөөс 30 жилийн өмнө гарааш барих шийдвэр гаргаагүй бол өнөөдрийн асуудал үүсэхгүй байсан. Тухайн үед захирамж гаргах эрхгүй этгээд акт гаргасан байна гэж ойлгогдохоор байна. 1993 оны Засаг даргын захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага эсрэг утгатай гэдгийг мэдэж байгаа. Давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй байсан учраас 1993 оны Засаг даргын захирамжийг илт хууль бусад тооцуулахаар зориуд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагч талаас гарааш бариулах захирамжийг гаргах ёсгүй байсан гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд илт хууль бус акт гэж ойлгож байна. Үр дагавраас үүссэн хохирлыг иргэд биш, төр хариуцах ёстой. Тиймээс 5 сая төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. 1993 оны А/36 захирамжийн дагуу гарааш баригдсан. 2009 онд тус гараашийг зарсан хүнтэй уулзаж гэрчилгээ гаргуулах, бүртгэлжүүлэхээр газрын албанд очсон. Гэтэл газрын албаны мэргэжилтэн Засаг даргад хандахгүйгээр захирамжийг үндэслэн кадастрт бүртгэсэн. Үүнийг Ө.М******* асуудал шийдвэрлэгдлээ гэж ойлгосон. Төрийн захиргааны байгууллагын ямар шат дарааллаар үйл ажиллагаа явагддагыг нэхэмжлэгч сайн мэдэхгүй. Газрын албаны дарга нь бүртгэлд бүртгээд кадастрын зураг хийж, гарын үсэг зурсан. 2009 онд гарааш хууль бусаар баригдсан бол боломжгүй байна гэдгийг илэрхийлэх ёстой байсан. 2009 онд бүртгэлжүүлчихээд 2023 онд нураана гэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Гараашийг нурааж өөр бүтээн байгуулалт хийх хэрэгцээ шаардлага нь байгаа хэдий ч үндэслэл нь буруу байна. Захиргааны эрх зүйн харилцааг үүсгэсэн гэж ойлгож байна. 2009 онд 2 шийдвэрийн аль нэг гарах ёстой байсан. Нэг бол захирамж хууль бус учраас газрыг олгохгүй гэж баримт бичгийг хураах, эсхүл Засаг даргын захирамж гарах ёстой байсан. Гэтэл захирамжийг үндэслэн цохолт хийж кадастрын зураг гаргаж газрын төлбөр төлүүлсэн. Иймээс захиргааны байгууллагыг зөвшөөрч албажуулсан гэж үзэж байна. Уг газар нь “А” ХХК-иас Ө.Цид, Ө.Цээс Ө.М*******д шилжсэн эрх зүйн харилцаа байдаг.  Тухайн үед хийгдээгүй ажил гэдгийг батлах шийдвэрийг шүүхээр гаргуулах хэрэгтэй байна.

Нэг давхар гараашийг ашиглах туйлын зорилго байхгүй. 1993 оны захирамж хууль бус гэдэг нь ойлгомжтой. Хууль бус бол 5 сая төгрөг авахгүй. Хууль ёсны дагуу эзэмших эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдолд анхны нэхэмжлэлийн үндэслэл болох Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамж үгүйсгэгдэнэ. Гараашийг Ө.Ц дураараа бариагүй, дур мэдэн эзэмшээгүй. Тухайн үед хориглоогүй учир захирамжийн үндэслэл үгүйсгэгдэхээр гараашийг буулгах шийдвэр үгүйсгэгдэнэ гэж ойлгож байна. Бодит үйл баримт тогтоогдсон тохиолдолд нийтийн хэрэгцээ шаардлагын хүрээнд бусдын өмч хөрөнгөд халдахаар бол нөхөн олговрыг өгч гараашийг буулгана гэж захирамжийн үндэслэл өөрчлөгдөнө гэж найдаж байна.

 1994 болон 2002 онд батлагдсан Газрын тухай хуульд газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэж дүүргийн газрын алба, даамал захирамжийг үндэслэн гэрээ байгуулна гэж заасан байдаг. 1993 онд захирамж гарсан. 1994 онд хуулийг дагаж мөрдсөн. Захирамж гарсан бол гэрээ байгуулах байтал тухайн үед гэрээ гэрчилгээ олгоогүй. Гучин жилийн дараа эрхийн гэрчилгээгүй гэж буруутган гараашийг нураах гэж байгаа нь туйлын буруу, хариуцлагагүй, логикын алдаатай шийдвэр гэж үзэж байна. Хууль батлагдсанаас хойших дагаж мөрдөх журам гэрчилгээ нөхөж олгох захирамж гаргах зэрэг зохицуулалт байдаггүй. 1994 онд хууль батлагдахаас өмнө газар олгосон иргэдтэй уулзаж Та бүхэн газар эзэмших эрхгүй гэж 30 жилийн хугацаанд буруутгаж байгаагүй байж одоо гараашийн нураах шийдвэр гаргаж байгаа нь буруу юм. Газар зохион байгуулалтын албыг шууд гэрээ байгуулж гэрчилгээ гаргавал асуудалд орно гэдгийг ойлгож байгаа.” гэв.

       9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “Газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж заасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжийг гаргасан болно.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь одоо маргаан бүхий газарт байрлаж буй тухайн гарааш нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар Нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай А/388 дугаар захирамжид тусгасан болно.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу маргаан бүхий газрыг эзэмшдэггүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар нэхэмжлэгч хуулийн дагуу олж авсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирол нэхэмжлэх эрхгүй этгээд юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэлээ. 

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4.“Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж зааснаар түүнийг эзгүйд шүүх хуралдааныг явуулав.

2.  Нийслэлийн Засаг даргын 1993 оны А/36 дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулах, тус захирамжийн дагуу баригдсан гэх гараашийн үнэ болох 5 сая төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд;

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.“Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:”, 52.5.1.“захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;”, 106 дугаар зүйлийн 106.3.“Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:”, 106.3.2.“захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох;” гэж зааснаар захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт нь иргэн, хуулийн этгээдийн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тохиолдолд шүүх илт хууль бус болохыг тогтоодог.

Тодорхойлох хэсэгт дурдсанчлан Нийслэлийн Засаг даргын 1993 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/36 дугаар захирамжаар авто машины гараашийн барилгыг барих байршлыг тогтоосны дагуу С дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар сургуулийн хашааны хойд талд 24 машины гарааш барьсан бөгөөд энэхүү захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. 

Өөрөөр хэлбэл тус захирамж нь иргэдийн амины авто машины гараашийг барих байршлыг тогтоосноос бус нэхэмжлэгчийн 2001 онд худалдан авсан гараашийг эзэмших, өмчлөх эрхэд халдаагүй байна. 

Мөн уг захирамжаар Нийслэлийн Засаг даргаас өөрийн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд иргэдийн авто машины гараашын барилгыг барих байршлыг тогтоож, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хот байгуулалт төлөвлөлтийн газарт даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны актыг илт хууль бус байх үндэслэлд хамаарахгүй байна.

Нэгэнт дээрх үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 1993 оны А/36 дугаар захирамж илт хууль бус захиргааны акт биш тул тус захирамжийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх боломжгүй. 

Иймд нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын 1993 оны А/36 дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулах, тус захирамжийн дагуу баригдсан гэх гараашийн үнэ болох 5 сая төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Нийслэлийн Засаг даргын 1993 оны А/36 дугаар захирамжийн дагуу гараашийн зориулалтаар газар эзэмших эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагын тухайд;

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7.“Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;”, 32 дугаар зүйлийн 32.5.“Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна.”, 33 дугаар зүйлийн 33.1.“Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:”, 33.1.1.“энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана;” гэж заажээ. 

Нэхэмжлэгч нь С дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 2 дугаар сургуулийн хашааны хойд талд байрлах 72 тоот гараашийг 2001 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр худалдан авч, газар эзэмших эрхийг шилжүүлэн авахаар газрын албанд хандахад  төрийн захиргааны байгууллага хуульд заасан журмын дагуу газар эзэмшүүлэх эсэх асуудлыг шийдвэрлээгүйгээс нэхэмжлэгчид газар эзэмшигчийн эрх, үүрэг үүсээгүй байна. 

Хэрэв нэхэмжлэгчийн гараашийн доорх газрыг эзэмших хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн бол нэхэмжлэгч газар эзэмшигч, ашиглагчийн хувьд хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх эсэх нь тодорхой байхаар байжээ.

Иймд нэхэмжлэгчээс өөрийн эзэмшлийн гараашийн доорх газрыг эзэмшихээр гаргасан хүсэлтийг захиргааны байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүлээн авч шийдвэрлэлгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул “Нийслэлийн Засаг даргын 1993 оны А/36 дугаар захирамжийн дагуу гараашийн зориулалтаар газар эзэмших эрх зүйн харилцаа байгаа эсэхийг  тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын С дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн зүүн хойно байрлах нэхэмжлэгчийн эзэмшиж буй 72 тоот гараашд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд;

Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.“Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, 57 дугаар зүйлийн 57.3.“Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.” гэж заасныг үндэслэн газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлыг баталжээ.

Нэхэмжлэгчийн эзэмшилдээ байлган ашиглаж буй гарааш нь Нийслэлийн Засаг даргын 1993 оны А/36 дугаар захирамжийн үндсэн дээр эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрлийн дагуу баригдсан бөгөөд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасан зохих зөвшөөрөлгүй газар дээр барилга байгууламж барьсан, газрыг дур мэдэн эзэмшсэн гэх нөхцөл нэхэмжлэгчийн хувьд тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эзэмшиж буй гарааш анх зохих зөвшөөрлийн дагуу баригдсан бөгөөд Газрын тухай хуулийн дээрх зохицуулалт нь иргэн, хуулийн этгээд анхнаасаа огт зөвшөөрөлгүй газар дээр барилга байгууламж барьсан байхыг ойлгох ба Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамж нь нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа гэсэн үндэслэлээр газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар гарсан боловч нэхэмжлэгчийн эзэмшиж буй гэх гарааш байрлаж байгаа газар нь дээрх захирамжид заасан үндэслэлд хамаарч байгаа эсэхийг хангалттай тогтоогоогүй, газрын ямар зөрчилд хамаарч байгаа нь тодорхойгүй байна.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.“Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, 27 дугаар зүйлийн 27.1.“Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 34 дүгээр зүйлийн 34.1.“Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч хүчин төгөлдөр газар эзэмших гэрээ, гэрчилгээгүй боловч нэхэмжлэгчийн эзэмшиж буй гарааш зохих зөвшөөрлийн дагуу баригдсан, газрын төлбөр төлж байсан, өөрийн эзэмшилд байгаа гараашийн доорх газраа журмын дагуу эзэмшихээр газрын албанд хандаж байсан зэргээр нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах үйлдлийг гүйцэтгэсэн боловч хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан газар эзэмшихтэй холбоотой үйл ажиллагаа явагдаагүй байхад нэхэмжлэгчийг газрыг дур мэдэн эзэмшсэн гэх зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй ба нэхэмжлэгчийг шууд буруутгах боломжгүй. 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн эзэмшиж ашиглаж байгаа гарааш зохих зөвшөөрлийн дагуу баригдсан бөгөөд Газрын тухай хуульд зааснаар түүний худалдан авсан гарааш доорх газрыг түүнд эзэмшүүлэх эсэх асуудлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна. 

Шүүх Нийслэлийн Засаг даргын 1993 оны А/36 дугаар захирамжийн дагуу гараашийн зориулалтаар газар эзэмших эрх зүйн харилцаа байгааг тогтоож шийдвэрлэсэн тул Газрын тухай хуульд заасан эрх бүхий этгээдээс бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах, нөхөх олговор олгох, газар дээрх эд хөрөнгийн эрх дуусгавар болох зэрэг зохицуулалтыг хэрэглэн нэхэмжлэгчийг Газрын тухай хуульд заасан ямар зөрчил гаргасан гэж үзэж байгаа болон гарааш доорх газрыг хуульд заасан ямар үндэслэлээр чөлөөлж байгааг тодорхой болгосны үндсэн дээр нэхэмжлэгчид дээр дурдсан Газрын тухай хуулийн зохицуулалтын дагуу нөхөх олговор олгох эсэх асуудлыг шийдвэрлэх эрх нь хариуцагчид хадгалагдаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11.“шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж зааснаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын С дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн зүүн хойно байрлах нэхэмжлэгчийн эзэмшиж буй 72 тоот гараашд холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.5, 106.3.11, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7, 32 дугаар зүйлийн 32.5, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 1993 оны А/36 дугаар захирамжийн дагуу гараашийн зориулалтаар газар эзэмших эрх зүйн харилцаа байгааг тогтоон хүлээн зөвшөөрч, зарим шаардлага болох “Нийслэлийн Засаг даргын 1993 оны А/36 дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулах, тус захирамжийн дагуу баригдсан гараашийн үнэ 5 сая төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын С дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн зүүн хойно байрлах нэхэмжлэгчийн эзэмшиж буй 72 тоот гараашд холбогдох хэсгийн биелэлтийг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн хавсралтын С дүүргийн 7 дугаар хороо, 2 дугаар сургуулийн зүүн хойно байрлах нэхэмжлэгчийн эзэмшиж буй 72 тоот гараашд холбогдох хэсгийг хүчингүйд тооцсугай.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.




 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН