Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2026/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар прокурор Ө.Манзушир,

Шүүгдэгч Ц.Г , Р.Г , Ч.Б , О.Ц , шүүүгдэгч Ц.Г-ын өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус Говь-Алтай аймгийн иргэний танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ц-ийн Г, Х овгийн О-ы Ц, Б овгийн Р-ийн Г, Х овгийн Ч-ийн Б нарт холбогдох 2516000000301 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 28-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, *** регистрийн дугаартай Б овгийн Р-ийн Г.

Монгол Улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, *** регистрийн дугаартай, Х овгийн Ч-ийн Б.

Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, *** регистрийн дугаартай, Х овгийн О-ны Ц.

Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 4 жил 11 сарын хугацаагаар хорих ялаар, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар тус тус шийтгүүлсэн, *** регистрийн дугаартай, Б овгийн Ц-ийн Г.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Г , О.Ц , Р.Г , Ч.Б  нар нь бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр газар ухах зориулалт бүхий илжгэн чих, ажлын хүрз,, мотор, баригч, шигшүүрэг зэргийг бэлтгэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвөөс Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг 3 дугаар багийн нутаг Бараан хуруу гэх газарт *** тээврийн хэрэгслээр 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр очиж хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэрэгт бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Ц.Г , О.Ц , Р.Г , Ч.Б  нар бүлэглэн Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг 3 дугаар багийн нутаг Бараан хуруу гэх газарт *** тээврийн хэрэгслээр 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр очиж тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмал олборлохоор хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулах гэмт хэрэгт бэлтгэсэн болох нь:

1.1. 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Халиун сумын Олонбулаг 3-р баг, “Бараан хуруу гэх газарт хууль бусаар газрын хэвлийд халдахыг завдсан” гэсэн мэдээллийг 10-р сарын 30-ны 12:40 минутад хүлээн” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 2-р хуудас/,

1.2. Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас/,

1.3. Мөрдөн шалгах ажиллааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 65 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/,

1.4. Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №ШД-525-914316 дугаартай “...улаан өнгийн мотор 1 ширхэг, баригч 1 ширхэг, пүүнкэр 1 ширхэг, илжгэн чих 2 ширхэг, хүрз 1 ширхэг, шигшүүргэ 1 ширхэг, шар өнгийн хуванцар сав 1 ширхэг, баригчийн хөл 4 ширхэг зэргийг нийт 153,500 төгрөг...” гэх үнэлгээний тайлан дүгнэлт /хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас/,

1.5. Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчны газрын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 276 дугаартай “...Халиун сумын Олонбулаг багийн нутагт байрлах Бараан хуруу гэх газар нь Хар азаргын нуруу нэртэй улсын тусгай хамгаалалттай газарт давхцалтай байна” гэх албан бичиг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

1.6.Гэрч Д.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэсгийн төлөөлөгчийн хамт Олонбулаг багийн бараан хуруу гэдэг газар руу хяналт шалгалт хийхээр явсан. Сумын төвөөс 80 орчим км зайтай Олонбулаг багийн Бараан хуруу гэдэг өмнө нь алт гарч байсан газарт очиход *** улсын дугаартай хар өнгийн Харриер (harrier) загварын тээврийн хэрэгсэлд нэг эмэгтэй, гурван эрэгтэй хүн байсан. Тухайн иргэд нь тэр газарт дөнгөж ирж байна гэх яриа өгүүлэмжтэй машинаасаа багаж хэрэгслээ буулгаад байж байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч тэдгээр хүмүүсийн тээврийн хэрэгслийн бичиг баримт өөрсдийнх нь бичиг баримтуудыг шалгаж баримтжуулан ажилласан. Би 2022 оноос хойш Халиун сумын олон нийтийн цагдаагаар ажиллаж байна. Тэр үед очиход тэдгээр хүмүүс дөнгөж ирсэн гэх яриа өгүүлэмжтэй тээврийн хэрэгслээсээ багаж хэрэгслээ буулгаад байж байсан. Тэр хүмүүс 1 тээврийн хэрэгсэлтэй, улбар шар өнгийн мотор 1, баригч 1, пүүнкэр 1, илжгэн чих 2, хүрз 1, шигшүүрэг 1, шар өнгийн хуванцар сав 1, баригчийн хөл 4 ширхэг багажтай явж байсныг хураан авсан юм. Тэр газар нь тусгай хамгаалалттай бүсэд хамаардаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

1.7. Гэрч Г.Батмагнайн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Говь-Алтай аймгийн Халиун сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажилладаг. 2025 оны 10 дугаар сарын 30-нд хэсгийн төлөөлөгч, олон нийтийн цагдаагийн хамт Халиун сумын Олонбулаг багийн Бараан хуруу гэдэг газар руу хяналт шалгалт хийхээр явсан. Тэгээд бид нарыг очиход нэг тээврийн хэрэгсэлтэй 4 хүн дөнгөж ирлээ гэх яриа өгүүлэмжтэй машинаасаа багаж хэрэглээ буулгаад байж байсан. Тэр хүмүүс дотор нэг эмэгтэй, гурван эрэгтэй хүн байсан. Мөн тэр хүмүүс хар өнгийн Харриер (harrier) загварын *** дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч тухайн иргэдийн бичиг баримтыг шалгаж баримтжуулан ажилласан. Би 2024 оноос хойш Халиун сумын ИТХ-н даргаар ажиллаж байна. Тэр хүмүүс 1 тээврийн хэрэгсэлтэй, улбар шар өнгийн мотор 1, баригч 1, пүүнкэр 1, илжгэн чих 2, шигшүүрэг 1, шар өнгийн хуванцар сав 1, баригчийн хөл 4 ширхэг багажтай явж байсныг төлөөлөгч хураан авсан юм ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

1.8. Шүүгдэгч Ц.Г ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/,

1.9. Шүүгдэгч О.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/,

1.10.Шүүгдэгч Ч.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/,

1.11. Шүүгдэгч Р.Г ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас/ гэсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсэж үйлдсэн байдаг.

Шүүгдэгч нар нь газар илжгэн чих, ажлын хүрз, мотор, баригч, шигшүүрэг зэргийг ашиглан алт олборлох зорилгоор 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг 3 дугаар багийн нутаг Бараан хуруу гэх газарт 2124 УАВ тээврийн хэрэгслээр очсон боловч  цагдаагийн байгууллагын алба хаагчид үйлдлийг таслан зогсоосон байна.

Гэмт хэрэг үйлдэх сэдэл төрж, санаа зорилгоо илэрхийлэхийн дараах шат бол гэмт хэрэгт бэлтгэх явдал юм. Гэмт хэрэгт бэлтгэх үйл ажиллагаа нь идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд урьдаас төлөвлөсөн гэмт хэргийг амжилттай хэрэгжүүлэх урьдчилсан нөхцлийг бүрдүүлэх зорилгод чиглэгддэг. Гэмт хэрэгт бэлтгэх гэдэг нь тодорхой гэмт хэрэг үйлдэгдэх урьдчилсан нөхцлийг урьдаас төлөвлөж санаатайгаар (зориуд) бүрдүүлэхэд чиглэгдсэн гэмт этгээдийн идэвхтэй үйл ажиллагаа юм.

Гэмт хэрэгт бэлтгэх нь обьектив болон субьектив шинжийг агуулах бөгөөд Объектив шинжийн хувьд гэмт хэрэгт бэлтгэх нь гэмт хэрэг үйлдэхэд ашиглах зэвсэг, хэрэгслийг хайж олох, шинээр хийх, засч тохируулах; хамтран оролцогчдыг эрж олох, сонгож, тэдэнтэй урьдчилан үгсэж тохиролцох; гэмт хэргийг хэрхэн үйлдэхэд тохиромжтой бусад нөхцөл боломжийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн үйл ажиллагаа хамаарна. Харин субьектив шинжийн хувьд гэмт хэрэгт бэлтгэх нь зөвхөн санаатай байна.

Мөн гэмт хэрэгт бэлтгэх ажиллагааны өөр нэг обьектив шинж нь хамтран оролцогчийг сонгож авсан байх явдал бөгөөд сонгож авсан хамтран оролцогчтой үгсэж тохиролцох гэдэг нь гэмт хэрэг үйлдэх зорилгоор зориуд сонгон авсан хүмүүстэйгээ хоорондоо гэмт хэргийг хэрхэн, ямар аргаар, хэдийд үйлдэж, хүссэн нэгдмэл хор уршиг бий болгох, хэн ямар үүрэг гүйцэтгэх, гэмт хэргийн замаар олсон мөнгө, эд зүйлээ яаж хуваах, гэмт хэргийн газраас хэрхэн зайлах, ул мөрөө баллах зэрэг асуудлаар амаар, бичгээр урьдчилан тохиролцоо хийсэн байхыг хэлнэ.

Гэмт хэрэгт бэлтгэх нь гэмт санаагаа бодит үйлдлээр хараахан хэрэгжүүлээгүй, зөвхөн бүрдүүлсэн байх, гэмт хэргийн хор уршиг учраагүй байх, бэлтгэх ажиллагаа гэмт этгээдийн хүсэл зоригоос шалтгаалахгүй нөхцөл байдлаас болж зогсоогдсон байх зэрэг шинжүүдээрээ гэмт хэрэгт завдах, үйлдэж дуусах үе шатуудаас ялгагдана.

Үүнээс дүгнэхэд шүүгдэгч Ц.Г , О.Ц , Р.Г , Ч.Б  нь алт олборлохоор Говь-Алтай аймгийн Халиун сумын 3 дугаар багийн нутаг Бараан хуруу гэх газарт очсон боловч хууль бусаар алт олборлох үйлдлээ хийгээгүй буюу тээврийн хэрэгслээсээ багаж хэрэгслээ буулгаж байсан нь гэмт этгээд хэрэг үйлдэх үйлдлээ хэрэгжүүлж эхлээгүй нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд шүүгдэгч нар нь бүлэглэж үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Г , О.Ц , Р.Г , Ч.Б  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны тус тус журамлан шүүгдэгч Бэсүд овгийн Цэндсүрэнгийн Ганболд, Хөх толбо овгийн Отгоны Цолмон, Боржигон овгийн Равдангийн Ганзул, Хонгор адуут овгийн Чулуунхүүгийн Буянтогтох нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэргийг үйлдэхээр бэлтгэсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ц.Г , О.Ц , Р.Г , Ч.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 3-т “Гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой гэмт хэргийн шинжийг хангасан бол тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 4-т  “Шүүх энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүйн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж болно” гэж заасан тул шүүгдэгч Ч.Б , О.Ц , Р.Г  нарыг тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр, шүүгдэгч Ц.Г ыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг тус бүрийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын хувийн байдал, урьд нь тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэмт буруутайд тооцогдож тэнссэн нөхцөл байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан болно.

3.       Гэм хор, хохирлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид ямар нэгэн хор хохирол учраагүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 4.      Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан " Улбар шар өнгийн мотор 1 ширхгийг улсын орлогод оруулж, баригч 1 ширхэг, пүүнкер 1 ширхэг, илжгэн чих 2 ширрхэг, хүрз 1 ширхэг, шигшүүрэг 1 ширхэг, шар өнгийн хуванцар сав 1 ширхэг, баригчийн хөл 4 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлүүлэх комисст даалгасныг тус тус дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ц-ийн Г, Б овгийн Р-ийн Г, Х овгийн Ч-ийн Б, Х овгийн О-ны Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэргийг бүлэглэн үйлдэхээр бэлтгэсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 4, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б , О.Ц , Р.Г  нарыг тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр, шүүгдэгч Ц.Г-ыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г , Р.Г , Ч.Б , О.Ц  нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ц.Г , Р.Г , Ч.Б , О.Ц  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Улбар шар өнгийн мотор 1 ширхгийг улсын орлогод оруулж, баригч 1 ширхэг, пүүнкер 1 ширхэг, илжгэн чих 2 ширрхэг, хүрз 1 ширхэг, шигшүүрэг 1 ширхэг, шар өнгийн хуванцар сав 1 ширхэг, баригчийн хөл 4 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлүүлэх комисст даалгасугай. 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар болон өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ОЮУНБИЛЭГ