Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2023/00231

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2023/00231

 

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 26 дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны 1 тоотод оршин суух, ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ч.,

Хариуцагч: Ц.

Нарийн бичгийн дарга Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч. нь Ц. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 12,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

1.Миний бие 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гэртээ байж байхад утсаар залгаад мөнгө зээлээч, 10 хувийн хүүтэй зээлье гэж хэлсэн. 2 сарын хугацаатай ноолуураа тушаагаад хүүтэй нь өгье гэж гуйсан. Найз нөхөд болохоор итгээд 9,000,000 төгрөгийг зээлсэн. 2,000,000 надад өгсөн, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Нөхөрт нь утсаар хэлсэн боловч би мэдэхгүй өөртэй нь ярь гээд утсаа тасалдаг. Жилийн хугацаанд нөхөр нь хоёр ч удаа самарт явсан, мал зарсан гээд найз нөхөд нь хэлж байсан. Бүтэн 1 жилийн хугацаанд өөрөө гуйж авчхаад одоо шүүхдээ өгөөд аваарай гэж хэлсэн. Тийм учраас хуулийн дагуу миний хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна. Уг хугацааны өөрийнх нь хэлснээр 8 сарын хүү сарын 700,000 төгрөг нийт 5,600,000 төгрөг, үндсэн мөнгө 7,000,000 төгрөг нийт 12,600,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

2.Нэхэмжлэгч Ч. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2022 оны 9 сард мөнгөө нэхэж ирж уулзаж байсан бид хоёр гадаа таарахад жирэмсэн байсан юм. Би жирэмсэн байхыг нь хараад их харж үзсэн найзаа чи 10 сараас хойш 3 хуваагаад өгчихөө гэж тохиролцсон юм. Тэгсэн чинь надад нэг ч төгрөг өгөөгүй утсаа ч авахгүй тэр чигтээ алга болсон. Сүүлдээ би аргаа бараад нөхөр лүү нь залгасан, нөхөр нь надад хамаагүй гэж хэлсэн надад хохиролтой л байна. Хүнд илүүдээ гарсан мөнгө гэж байхгүй 9 сая төгрөг гэдэг чинь тийм ч бага мөнгө биш, бие биедээ туслах зорилгоор өгсөн. Одоо ингээд хэдэн сарын дараа би өгч чадахгүй ээ гээд сууж байгаад нь би гайхаж байна. Тэр хүүхэн надруу ярихаар нь өөрөө авч хэрэглэнэ гэж авсан та хоёрын асуудал надад хамаагүй ээ гэж хэлсэн. Бүтэн жил боллоо би ийм урт хугацаанд мөнгөө ашиглуулчихаад хүү авахгүй баймааргүй байна нэгнийгээ ингэж хохироож болохгүй дээ гэв.

3.Хариуцагч Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 3, 4, 5 ,6 сарын хүүний мөнгө болох 3.600.000 төгрөгийг 2 сая төгрөгтэй хамт өгсөн. Тэгээд 7 сараас хойш өгөөгүй, 2022 оны 9 сард ирж уулзахдаа хүү нэхээгүй үндсэн мөнгөө 3 хуваагаад өгчих өө гэж хэлсэн. Найздаа өгсөн 4 сая төгрөг надад хамааралгүй гэж бодож байна. Би зээлсэн мөнгөө бүгдийг нь өөрөө хэрэглэсэн бол төлнө, би зээлсэн мөнгөний 50 хувийг нь өгөөд, хүү авахгүй харин тэр хүний өмнөөс хүүгийн төлөөд олон сар явсан. Надаас 4 сая төгрөг авдаг луу найз нь 4 саяыг нь авсан өгч чадахгүй байна уучлаарай гээд нэлээн хэд ярьсан. хүүгээ өгч чадахгүй байсан болохоор би 3, 4 сарын хүүг өгсөн би нотолж чадна. Одоо би үндсэн мөнгө болох 7 сая төгрөгийг хуваагаад өгч болно. Харин хүүг төлж чадахгүй ээ яагаад гэвэл 4 сая төгрөгийг хүнд өгсөн, хүүг нь өөрөөсөө өгсөн би хангалттай хүү төлсөн гэж бодож байна гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, 575069 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн,

Хариуцагчаас хариу тайлбар болон нотлох баримт ирүүлээгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд,зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Ч. нь шаардлагын үндэслэлээ: утсаар залгаад мөнгө зээлээч, 10 хувийн хүүтэй зээлье гэж хэлсэн, 2 сарын хугацаатай ноолуураа тушаагаад хүүтэй нь өгье гэж гуйсан. Найз нөхөд болохоор итгээд 9,000,000 төгрөгийг зээлсэн, 2,000,000 төгрөгийг төлсөн. Үндсэн мөнгө 7,000,000 төгрөг, хүү 5,600,000 төгрөг нийт 12,600,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон. Харин хариуцагч Ц. үндсэн 7,000,000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй, би 4,000,000 төгрөгийг найздаа өгсөн, хүүг цаг хугацаанд төлж байсан, одоо хүү төлөх боломжгүй байна гэсэн тайлбарыг өгсөн.

3.Нэхэмжлэгч нь хариуцагчид амаар тохирч 9,000,000 төгрөгийг зээлсэн болох нь Ц.гийн ХААН банкны 574201 тоот дансанд шилжүүлсэн үйл баримт Ч.******* Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч Ц. нь өөрийн дансанд мөнгө орсон эсэхэд маргаан үүсгээгүй. /хх-ийн 6 дугаар тал/

4.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч талууд мөнгө авсан, өгсөн талаар маргаагүй тул үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

5.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч хариуцагчаас хүү шаардаж авах эрхгүй байна.

  6.Иймд хариуцагч Ц.гаас зээлийн үндсэн төлбөр 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх зээлийн хүү 5,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

7.Хариуцагч шүүх хуралдаанд нотлох баримтаар өөрийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг (найздаа 4,000,000 төгрөгийг өгсөн гэдгийг нотлох зорилгоор) гаргаж өгсөн. Уг баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул шүүх үнэлээгүй болно.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ч.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч У.гаас 7,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч овогт ******* гаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт ******* д олгож, үлдэх зээлийн хүү 5,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.гаас улсын тэмдэгтийн хураамж 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ