Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0443

 

 

     2023           05           16                                         128/ШШ2023/0443

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ц*******” ХХК /РД:52*******/, 

Нэхэмжлэгч: “М*******” ХХК /РД:28*******/, 

Хариуцагч:   Нийслэлийн Засаг дарга, 

Гуравдагч этгээд: Д*******гийн С******* /РД:*******/, 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нийтийн эзэмшлийн автомашины зам талбайд болон нийтийн дулааны шугам сүлжээ бүхий газарт давхцу иргэн Д.С*******д газар нэмж эзэмшүүлсэн 951 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, иргэн Д.С*******гийн газрын эзэмших эрхийн хугацааг сунгасан нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар захирамжийг хүчингүй болгуулах.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ц*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, С.М, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 882 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Х хойд талд байрлах 600 мкв газрыг М.С*******д анх эзэмшүүлж, 2011 оны 951 дүгээр захирамжаар газрын хэмжээг 1044 мкв болгон нэмэгдүүлж, 2017 оны А/798 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэжээ.

1.2.  Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/463 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Х хойд талд байрлах 1089 мкв газрыг “Ц*******” ХХК-д, 2020 оны А/893 дугаар захирамжаар 3624 мкв газрыг “М” ХХК-д эзэмшүүлжээ(https://egazar.gov.mn/map?parcel_no=1460).

1.3. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Ц*******” ХХК-иас “нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар захирамжийг иргэн Д.С*******д холбогдох хэгсийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргаж, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжийн Д.С*******д газар нэмж эзэмшүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших хугацааг сунгасан 2017 оны А/798 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн.

1.4. “М*******” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар захирамжийн Д.С*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргаж, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Д.С*******д газар нэмж эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар  сарын 29-ний өдрийн 951 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан А/798 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар өөрчилсөн.

           1.5. Тус шүүхийн шүүгчийн 2029 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШЗ2019/3359 дугаар захирамжаар “Ц*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт, “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэгтгэсэн. 

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “Ц*******” ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:

“Манай компанийн зэргэлдээ байрлах “Ч” ХХК нь 2017 онд манай компани руу хандан удаа дараа бичиг ирүүлж үүндээ “...манай 2 компанийн дундах нийтийн эзэмшлийн талбайг хамтран ашиглах ёстой гэж үзэж байна, ..урд талын 5 зогсоолыг манайд өгөх, ...эс зөвшөөрвөл зогсоолыг манай зүгээс хашихыг мэдэгдэж байна” гэсэн байдаг бөгөөд “нийтийн эзэмшлийн энэхүү зам талбайг зогсоол болгож ашиглах боломжгүй талаар” хариу өгч байсан, мөн нийслэлийн Газрын албанд хандаж энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр гомдлыг 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр, мөн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тус тус гаргасан ч хариу өгөөгүй шийдвэрлээгүй юм.

Гэтэл тус “Ч” ХХК-ийн барилгын газар эзэмшигч нь болох иргэн Д.С******* Иргэний хэргийн шүүхэд хандаж “Ц*******” ХХК-иас миний эзэмшлийн газрыг албадан чөлөөлүүлэхийг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасны дагуу шүүх мэдэгдэх хуудсаар дуудаж 2018 оны 11 дүгээр сард нэхэмжлэл гардуулаад байна.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах манай “А барилга нь 2013 онд улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтад орсон ба манай компани барилгын ашиглалт үйл ажиллагааг хариуцан байгаа. Манай компанитай зэрэгцэн баруун талд “Ч” ХХК /иргэн Д.С*******гийн эзэмшил газарт баригдсан-ийн барилга баригдаж мөн 2016 оноос ашиглалтад орсон ба барилгуудын урд зүгт байрлах Х барилгаас хойд зүгт байрлах Жигүүр гранд оффис хүртэл тухайн орчны барилгуудыг дулаанаар хангах зориулалт бүхий дулааны шугам сүлжээ, трасс нь манай 2 компанийн барилгуудын дундуур байх маргаан бүхий тэрхүү нийтийн эзэмшлийн зам талбайн доогуур байрласан, мөн уг зам нь барилгуудын урд талд байрлаж буй “М*******” ХХК-ийн шинээр баригдсан барилгын доорх автомашины зогсоолын орц гарцаар төлөвлөгдсөн байдаг. “Ч” ХХК нь өөрийн эзэмшил газраа эзэмшиж ашиглах хугацаандаа хашаа татаж эзэмшин, ашиглаж байсан ба барилгын ажлаа мөн тэрхүү татсан хашаан дотроо явуулсаар барьж дуусган, улсын комисст өгч байнгын ашиглалтад оруулсан, энэ хашааны хил хязгаар нь тухайн нийтийн эзэмшлийн зам талбайг барьж тохижуулахад уг зам талбайн цаана буюу гадна нь байсан тул тус компанийн хашаа руу оруулж зам талбайг байгуулаагүй, иймээс өнгөрсөн хугацаанд талуудад ийм маргаан байгаагүй, мөн компани түүний газрыг эзэмшээгүй юм.

Харин өөрийн барилгаа баригдаж дууссанаас хойш 2017 онд шинээр ийнхүү газар эзэмших эрх, гэрээ, гэрчилгээг шинэчлэн дахин авсан байгаа нь эзэмшил газрын хэмжээгээ нэмэгдүүлсэн байх магадлалтай гэж үзэж байгаа ба энэхүү газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ нь нийтийн эзэмшлийн зам талбайд давхцу газар олгогдсон, улмаар дулааны шугам хоолойн дээр давхцу нэмж газар олгогдсон бол, замаас тэдний барилга хоорондын зай нь дүрэм зөрчигдсөн хууль бус үйлдэл, үйл ажиллагаа бөгөөд ийнхүү нэмж газар олгогдсон бол Илт хууль бус үйлдэл, үйл ажиллагаа бөгөөд ийнхүү нэмж газар олгогдсон бол илт хууль бус үйлдэл, үйл ажиллагаа гэж үзэж байна.

Газар эзэмшигч иргэн Д.С*******гийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл өгсөн асуудлаар нь уулзахаар санал гаргаж, ингэхдээ мөн эрх ашиг зөрчигдөх “Мөнх-Эвсэr” ХХК-ийн төлөөлөгчийг байлцу 3 талаас хамтарсан уулзалт 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хийгдсэн бөгөөд уг уулзалтаар яагаад нийтийн эзэмшлийн зам талбайг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан тухайг нь тодруулахад “манай компани нь 2017 онд газрын эзэмших эрх, гэрээ гэрчилгээгээ шинэчлэн авсан, үүгээр манай газар энэ зам талбайн баруун талын урсгалд давхцаж байгаа тул энэ эзэмшил газар учраас чөлөөлүүлнэ гэж буй” хэмээн тайлбарласан ба энэхүү эзэмшил газрын хэмжээгээ дуудлага худалдаагаар нэмэгдүүлсэн гэж мөн аман байдлаар тус тус тайлбарласан нь нийтийн эзэмшлийн зам талбай, нийтийн дулааны шугам сүлжээ байрлах газарт давхцу нэмж газар олгогдсон байх магадлалтай, хэрвээ тийм бол энэ нь хууль зөрчиж олгогдсон буюу бусдын эрх ашиг зөрчигдөж байгаа тул тухайн зам талбайд болон дулааны шугам хоолойн газартай давхцу газар олгосон тэрхүү илт хууль бус шийдвэрийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болж байгаа болно. Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14 4-т заасан хугацаа үл хамаарахаар заасан байх ба захиргааны актыг манай компанид хэн нэгэн мэдэгдээгүй, улмаар иргэн Д.С*******гийн шүүхэд хандсан учир шалтгааны дагуу эзэмшил газраа нэмэгдүүлэн 2017 онд авсан гэх тухайг нь болон уг нэмэгдүүлсэн нь энэ за талбайд давхцаж байгаа гэх тухайг 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр талууд уулзалт хийгдэх үед “Ч” ХХК-ийн төлөөлөгчийн амаар ярьж тайлбарласнаар “тухайн зам талбайн зарим хэсэг болох баруун талын замын урсгалд давхцу газраа нэмэгдүүлсэн юм байна” гэж энэ өдөр ойлгож мэдсэн ба захиргааны актыг, улмаар уг акт түүний холбогдох баримтыг тэрээр үзүүлээгүй, үзэж танилцах боломжгүй, улмаар тухайн газрын кадастрын зураг нь энэхүү нийтийн эзэмшлийн зам талбайд давхцах эсэхийг манай компани нь бусад этгээдийн өмнөөс авах эрхгүй зэрэг байдлаар уг актыг мэдсэн, мэдэгдсэнийг нотолсон нотлох баримт гаргах боломжгүй болно.

... иргэн Д.С*******д нэмж газар эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар түүний эзэмшил болох 600 м.кв газрын хэмжээг нь 444 м.кв-аар нэмэгдүүлж 1044 м.кв болгосон байх бөгөөд энэ нь бусад этгээд нарын нийтийн эзэмшлийн автомашины зам, түүний доогуур байрлах нийтийн дулааны шугам сүлжээний газар ашиглах эрхийг зөрчиж буюу давхцуулж эзэмшүүлсэн нь илт хууль бус болсон байна.

Үүгээр манай компанийн тухайн нийтийн эзэмшлийн автомашины замыг ашилгах эрх ашиг сонирхол ийнхүү зөрчигдөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар шийдвэрээр иргэн Д.С*******д газар нэмж эзэмшүүлсэн шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан нь буруу байх тул зөвтгөж, “Иргэн Д.С*******д нэмж газар эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамж илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилж, мөн илт хууль, бус захирамжийн хугацаа дууссанаар түүний хугацааг нь сунгасан нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна” гэжээ. 

2.2. Нэхэмжлэгч “Ц*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч компани нь “Ч” ХХК буюу иргэн Д.С*******гийн эзэмшлийн газар дээр баригдсан барилга нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд зэрэгцээ байрлалттайгаар оршиж үйл ажиллагаа явуулж байгаа. “Ц*******” ХХК нь 2008-2012 оныг дуустал Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах газар дээрээ 20 давхар барилга барьж 2013 онд ашиглалтад оруулсан. “Ч” ХХК-ийн барилга нь 2011 оноос хойш баригдаад, 2017 онд ашиглалтад орсон барилга байгаа. Үүнээс өмнө үйл ажиллагаа явуулж байсан. Эдгээр хоёр барилгын газар нь хоорондоо нийлээгүй дунд нь нийтийн эзэмшлийн дулааны шугам сүлжээний дээгүүр нийтийн эзэмшлийн зориулалттай зам талбай тавигдсан. Энэ шугам нь “Ц*******” ХХК-ийн 20 давхар барилгын доор байрладаг 2 давхар гараашны зориулалттай барилгаас машинууд орж гарах орц гарцаар ашиглаж эхэлсэн. Барилгыг нэхэмжлэгч компани барьж байхдаа тухайн нийтийн эзэмшлийн шугам сүлжээ зам талбай бүхий газрыг оруулаад хашаагаа татаад “Ч” ХХК буюу Д.С*******гийн эзэмшиж байгаа газрын хил хязгаараар хашаагаа татаад барилгыг барьж дуусгасан байдаг. Барилгыг барьж дуусгах үед дулааны шугам сүлжээг шинэчлээд замыг “Ц*******” ХХК өөрийнхөө хөрөнгөөр тохижуулж зам тавьсан. Энэ нь 6 метрийн өргөнтэй орох гарах сөрөг урсгалтай зам байгаа. Энэ хоёр барилгын мөн байгалийн зүгээр урд талд нь Б үсэг хэлбэр хэсгийн дээд талд хөндлөн “Мөнх эвсэг” ХХК-ийн барилга байрладаг. “М” ХХК нь доороо олон машины орц гарцаараа шугам сүлжээ батлагдсан байгаа. Ингээд энэ үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр “Ч” ХХК буюу Д.С*******гийн эзэмшлийн газар дээр баригдсан барилга 2017 онд ашиглалтад орсон. Д.С*******гийн эзэмшлийн газар анх 600 м.кв талбай бүхий газартай байсан. Ингээд “Ц*******” ХХК газар хоёр хоёулаа зэрэгцээ олон жил оршиж ирээд “Ч” ХХК 2016 онд барилга барихдаа газрын хэмжээг 441 метр талбай газраар нэмэгдүүлсэн. Нийт 1044 м.кв талбайтай болгосон.

“Ч” ХХК 2017 онд барилгаа ашиглалтад оруулсны дараа гадна талдаа авто машины зогсоол зогсох талбай аль алинд нь байхгүй. Энэ нөхцөл байдалд нэг урсгал буюу “Ч” ХХК-ийн өөрийнхөө талын орох урсгал нь 6, 7 машин зогсох боломжтой байдаг. Энэ замын урсгалыг хувааж эзэмшиж ашиглаад авто замын зогсоол болгох саналыг Засаг даргад удаа дараа тавьсан. “Ц*******” ХХК энэ саналыг хүлээж авах боломжгүй. Яагаад гэвэл “Ц*******” ХХК-ийн барилгад гадаад дотоодын олон байгууллага мөн хоёр давхар авто машины зогсоол байрлаад энэ дотроо Итали, Польш улсын элчин сайдын яам европын холбоо гэх мэт байгууллага байдаг. Гаднаа зогсоол байхгүй учир орж гарч байгаа машинууд саадгүй нэвтрэх шаардлагатай гэдэг үүднээс үүнийг зогсоолын зориулалттай ашиглах боломжгүй гэдэг саналыг удаа дараа илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулаад “Ч” ХХК баруун талын урсгал руу ороод манай газар урсгалын зарим хэсэгт ташуу хэлбэртэй манай газар орсон байгаа учир бид өөрсдийнхөө газар дээр хашаа хатгах санал тавьсан. Газрын албанд энэ асуудлаар хандсан. Ингээд орц гарцын асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэхэд газрын албанаас шийдвэрлээгүй үүнтэй холбогдуулаад “Ч” ХХК иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлээрээ манай эзэмшил газрыг “Ц*******” ХХК нь өөрсдөө тохижилт хийж ашиглаж байгаа учир нэхэмжлэгч компанийг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Эдгээр үндэслэлээр манай компани захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнтэй холбоотой нийтийн эзэмшлийн газарт шугам сүлжээ эзэмшүүлэхгүй байсан гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны хэрэгтэй холбоотой иргэний хэргийн маргаан түдгэлзсэн нөхцөл байдалтай байдаг.

Тухайн барилга баригдаад барилгаасаа гадагшаа илүү байдлаар шугам сүлжээ зам талбай бүхий газар луу газар нь орж баригдсан болох нь удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн дулааны шугам зам талбай руу газар нь орж баригдсан болох нь тогтоогдсон. Үүнтэй холбоотой эзэмшиж байгаа газар нь нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхэнд халдаагүй боловч тэдгээрийн орц гарцаар төлөвлөсөн байгаа ашиглах зориулалттай газар дээр халдсан байгаа юм. Нөгөө талаас Эрчим  хүчний тухай хуулиар дулааны шугам сүлжээ нь төрийн байгууллагын эзэмшиж байгаа газар юм. Үүн дээр газар давхцуулж эзэмшүүлэх хууль зүйн үндэслэл байгаагүй учраас илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхийн маргааны тухайд талууд эвлэрэн хэлэлцэх боломжтой байдлаар шийдвэрлэх боломжтой. Орц гарцаар төлөвлөсөн байгаа зам талбайг “Ч” ХХК болон “М” ХХК ашиглаад явж байгаа. Аль алинд нь ашиглах зориулалтаар ашиглах тул зогсоолын зориулалтаар ашиглах боломж байхгүй юм. Ч ХХК өнөөдрийг хүртэл зогсоолын зориулалтаар ашиглаагүй бөгөөд өнөөдөр орж гарах тохиолдолд энэ маргааныг шүүхийн журмаар эвлэрнэ хэлэлцэх боломжтой гэж үзэж байна. Гагцхүү хариуцагч талаас төлөөлөгч нар ирэхгүй байсан. Өнөөдөр эвлэрэх эрхгүй хуралдаанд ирж байна. Шүүх эвлэрүүлэх талаар арга хэмжээ авах боломж байна уу гэдэг зүйл байна.” гэв.

2.3. Нэхэмжлэгч “М*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Манай компанийн хойд талд “Ц*******” ХХК болон “Ч” ХХК-ийн барилгууд зэргэлдээ байрладаг бөгөөд тэдгээрийн дундуур манай компани руу чиглэсэн, доогуураа дулааны шугам хоолой бүхий нийтийн эзэмшлийн зам талбай байршиж, энэ нь манай компанийн барилгын доорх авто зогсоолын орц гарцаар төлөвлөгдсөн байдаг болно. Энэхүү авто  зогсоолоо манай компани 2018 оны 12 дугаар сараас ашиглалтад оруулсан ба түүний орц гарц болох нийтийн эзэмшлийн автозамын баруун талын зарим хэсэгт уг автозамтай давхцу газар эзэмшигч иргэн Д.С******* “Ч” ХХК-ийн барилга/-д нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар газар эзэмших эрх нэмж олгогдсон болохыг “Ц*******” ХХК-иас мэдэж, мөн үүнтэй холбоотойгоор нийтийн эзэмшлийн уг замыг зөвхөн автомашин зорчих зориулалтаар нь хөрш талууд хамтран эзэмшиж, ашиглах асуудлаар талуудын хамт уулзалдсан ч үр дүнд хүрээгүй, улмаар энэ асуудлаар иргэн Д.С*******гийн нэхэмжлэлтэй “Ц*******” ХХК-д холбогдох иргэний хэргийн маргаан үүсэж, үүний дараа тус “Ц*******” ХХК нь дээрх захирамжийн асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандаж захиргааны маргаан үүсгээд байгаа тухайг мэдсэн болно.

Энэхүү манай компанийн барилгын доорх авто зогсоолын орц гарцаар эрх бүхий этгээдээс төлөвлөгдөж, батлагдсан нийтийн эзэмшлийн энэ замын зарим хэсэгт газар эзэмшигч иргэн Д.С*******д нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар нэмж газар олгосон нь, мөн уг захирамжийн хугацаа нь дуусахад түүнийг нь сунгаж нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар шийдвэрээр газар эзэмшүүлсэн 1044 м.кв талбай бүхий гэрчилгээний 00070 дугаартай, нэгж талбарын 14, 18 дугаартай энэхүү иргэний эзэмшил газар нь дээрх байдлаараа манай компанийн орц гарц болох автозамтай давхцалтай хэвээр байгаа нь, түүнчлэн уг асуудлаараа газар эзэмшигч иргэн Д.С******* нь өөрөө маргаан үүсгэж Иргэний хэргийн шүүхэд хандсан, харин давхцал үүссэн уг нийтийн эзэмшлийн автозамыг ашиглагч болох “Ц*******” ХХК нь нийтийн эзэмшлийн замыг ашиглахтайгаа холбоотойгоор өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдөж байна гэж үзэж Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс маргаан үүсгэсэн зэрэг нь тус тус манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол давхар хөндөгдөн зөрчигдөж буй тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Талуудын уулзалт, дээрх иргэний хэргийн болон захиргааны хэргийн шүүхийн маргаануудын хүрээнд газар эзэмшигч иргэн Д.С*******гийн эзэмшил газар нь манай компани ашиглахаар зураг төслөөр төлөвлөгдсөн нийтийн эзэмшлийн авто замын баруун хэсэгт давхцалтай гэдгээ өөрөө мэдэгдэж улмаар энэхүү давхцалтай гэх эзэмшил газартаа хашаа татаж хаах тухай яригдаж байгаа энэ тохиолдолд манай барилгын доорх авто зогсоолын 100-аад автомашин орж, гарах орц, гарцаар төлөвлөгдсөн замын зарим хэсэг хаагдах, уг замаар машин зөрөх боломжгүй нөхцөл үүсэх юм. Мөн түүнчлэн манай авто зогсоолын орц, гарцаар төлөвлөгдсөн уг давхцал бүхий маргаантай нийтийн эзэмшлийн замын доогуур Х барилгаас Жигүүр гранд оффисын барилга хүртэл болон тухайн орчны бусад бүхий л барилга байгууламжуудыг дулаанаар хангах дулааны шугам сүлжээ байрладаг байхад яагаад ийнхүү дулааны шугам хоолой бүхий нийтийн эзэмшлийн замд давхцуулж Иргэнд нэмж газар олгосон нь илт хууль бус шийдвэр юм.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас тус “М*******” ХХК-ийн барьсан барилгын доорх автомашины зогсоолын орц, гарцаар төлөвлөж, баталсан барилгын зургийн дагуух Нийтийн эзэмшлийн авто замын зарим хэсэгт болон түүний доорх нийтийн эзэмшлийн дулааны шугам хоолой бүхий газартай давхцу иргэн Д.С*******д нэмж газар эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 951 дүгээр захирамж илт хууль бус болохыг тогтоолгох. Илт хууль бус дээрх захирамжийн хугацаа дуусахад түүний хугацааг сунгаж олгосон нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэжээ.

2.4. Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

““Ц*******” ХХК-ийн үйл явдал адилхан. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ““нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг хэлнэ” гэж заасан. Мөн хуулийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана” гэж заасан. Хуулийн 6.2.3-д “зам, шугам сүлжээний газар” гэсэн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан байдаг. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны байгууллага албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар Газрын тухай хуулиар тогтоосон нийтийн эдэлбэрийн газар буюу нийтээр эзэмших зам шугам сүлжээний газарт давхцу иргэнд газар олгосон нь хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Газрын тухай хуулиар тогтоосон хязгаарлалт болох нийтээр эзэмшүүлэхээр заасан газрыг хувь хүнд эзэмшүүлсэн нь хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн нь илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар захирамж нь уг илт хууль бус захирамжийг сунгаж гарсан захирамж учраас хүчингүй болгуулах зүйтэй гэж үзэж байна” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 882 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Х хойд талд иргэн Д.С*******гийн эзэмшлийн 600 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, тус эзэмшил газартаа барьж буй оффисын барилгын зогсоол, цахилгаан дамжуулах дэд станц, дулаан, цэвэр усны нөөц сан байрлуулах боломжгүй байгааг харгалзан үзэж талбайн хэмжээг нэмэгдүүлэхээр гаргасан хүсэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 951 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээг 1044 м.кв болгон нэмэгдүүлж шийдвэрлэсэн байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нийслэлийн Засаг даргаас эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, ийнхүү газар эзэмшүүлэхдээ хэн нэгний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн эзэмшил газартай хил залгаа бөгөөд нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд давхцалгүй юм.

 Ийнхүү эзэмшил газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж шийдвэрлэсэн нь хөрш зэргэлдээ орших нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд тус газарт нийтийн эзэмшлийн зам талбай, шугам сүлжээ байгаагүй. Иймд нийтийн эзэмшлийн зам талбай болон нийтийн дулааны шугам сүлжээ бүхий газарт давхцу газар эзэмшүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны актыг илт хууль бус болох тохиолдлуудыг дурдсан байх ба Д.С*******гийн эзэмшиж буй газрын хэмжээг нэмэгдүүлсэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамж нь 47.1.1-47.1.7-д заасан 7 үндэслэлийн алинд ч хамаарахгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ, 52 дугаар зүйлийн 52.5.1-захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” болохоо тодорхойлох ёстой. Гэтэл нэхэмжлэгч “М*******” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2011 оны 582 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зочид буудлын зориулалтаар 3254 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... “Ц*******” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар захирамжаар иргэн Д.С*******д газар эзэмшүүлэх эрх олгосон 1044 м.кв талбай бүхий гэрчилгээний 00070 дугаартай, нэгж талбарын 14, 18 дугаартай эзэмшил газар нь маргаан бүхий нийтийн эзэмшлийн зам талбай болон нийтийн эзэмшлийн дулааны шугам сүлжээ бүхий газарт давхцу олгосон нь илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагад тайлбарыг гаргаж байсан.

...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нийслэлийн Засаг даргаас эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, ийнхүү газар эзэмшүүлэхдээ хэн нэгний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, нэхэмжлэгчийн эзэмшил газартай хил залгаа бөгөөд нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд давхцалгүй юм. Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 ...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 882 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Х хойд талд иргэн Д.С*******гийн эзэмшлийн 600 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тус эзэмшил газартаа барьж буй оффисын барилгын зогсоол, цахилгаан дамжуулах дэд станц, дулаан, цэвэр усны нөөц сан байрлуулах боломжгүй байгааг харгалзан үзэж талбайн хэмжээг нэмэгдүүлэхээр гаргасан хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 951 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээг 1044 м.кв болгон нэмэгдүүлж шийдвэрлэсэн байна. Ийнхүү эзэмшил талбайн хэмжээг нэмэгдүүлж шийдвэрлэсэн нь хөрш зэргэлдээ орших нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд тус газарт нийтийн эзэмшлийн зам талбай, шугам сүлжээ байгаагүй. Иймд нийтийн эзэмшлийн зам талбай болон нийтийн дулааны шугам сүлжээ бүхий газарт давхцу газар эзэмшүүлсэн гэх үндэслэл нь тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “нэхэмжлэл гэж иргэн хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ” гэж заасан. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болохоо тодорхойлох ёстой. Гэтэл нэхэмжлэгч “М*******” ХХК-нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 582 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт зочид буудлын зориулалтаар 3254 мкв газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөхгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэнэ үү” гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн хариу тайлбар:

4.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Нэхэмжлэгчээс илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж байгаа хариуцагч нийслэлийн Засаг даргын гаргасан А/798 дугаартай акт нь нэхэмжлэгч “Ц*******” ХХК-д чиглэж, түүнд эрх, үүрэг үүсгэн буюу ашигтай нөхцөл эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан зүйл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Засаг даргаас гаргасан дээрх А/798 дугаартай акт нь нэхэмжлэгч “Ц*******” ХХК-д чиглэн бус гуравдагч этгээд Д.С*******д чиглэсэн ба тус акт гарснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзвэл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, харин ... Хариуцагч Нийслэлийн Засаг дарга А/798 дугаартай актаараа нийтийн эзэмшлийн зам талбай болон нийтийн эзэмшлийн шугам сүлжээ бүхий газарт гуравдагч этгээд Д.С*******д газар эзэмшүүлсэн нь илт хууль бус нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хариуцагч нийслэлийн Засаг даргын дээрх маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараах шаардлагыг хангасан байна”, 18.3.1 “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх”, 18.3.2-т “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой ажиллагаа явуулсан байх” гэж тус тус заажээ. Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч “Ц*******” ХХК нь нийтийн сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх, энэ талаарх нотлох баримт байхгүй тул ийнхүү түүний нийслэлийн Засаг даргад холбогду гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, шүүхэд нийтийн ашиг сонирхлыг хамгаалан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ.

Гуравдагч этгээд Д.С******* нь Төрийн байгууллагатай байгуулсан “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний үүрэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 хэсэгт заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлэн газрыг эзэмшиж ирсэн.

Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээд Д.С*******д газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа холбогдох хууль, тогтоомжийг үндэслэсэн, хэн нэгэн этгээдийн газар эзэмших эрхийг хөндөөгүй, нийтийн эзэмшил газар, талбайд давхцу газар эзэмшүүлээгүй байдаг. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдийн зүгээс Газрын албатай байгуулсан эзэмшүүлэх гэрээ болон Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн үүргээ биелүүлж, өөрийн эрэмшил газраа зохистой эзэмшин ирж, хуульд заасан зохих нөхцөл журмыг хангасны үндсэн дээр нийслэлийн Засаг даргаас эзэмших газрын хугацааг нь сунгаж, нэмэгдүүлсэн ба ингэхдээ өөр газартай давхцуулах болон бусад газар эзэмшигчийн эрх, дуль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байдал хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байна гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.1. “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.2. “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.3 “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.4. “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус “ 47.1.5 “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6. “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 47.1.7. “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч “Ц*******” ХХК-ийн илт хууль бус болохыг тогтоолгох гээд байгаа хариуцагч нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дугаар захирамж, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/798 дугаар захирамжид захиргааны акт илт хууль бус болох хуулийн дээрх заалтуудын аль нь ч тогтоогдохгүй байна. Тухайлбал, Засаг даргын 951 болон А/798 тоот захирамжууд нь хууль тогтоомжид нийцсэн ба Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэг, Монгол Улсын Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т тус тус зааснаар өөрийн чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд гаргасан актууд гэж үзнэ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “эрх хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэж заасан байх ч Засаг даргын болон А/951 болон А/798 тоот шийдвэрүүд гарснаар нэхэмжлэгч “Ц*******” ХХК-ийн болон өөр хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй.

Иймд хариуцагч нийслэлийн Засаг даргын 951 болон А/198 тоот шийдвэрүүдэд илт хууль бус болох хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байх бөгөөд нэхэмжлэгчийн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагаар Д.С*******гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх ёсгүй” гэжээ.

4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа. Хариуцагчтай ижилхэн байр суурьтай байна. “М” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа дууссан. Энэ бол хуульд заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болж таарч байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Мөн талуудын хэрэгт авагдсан тайлбар нотлох баримтаас харахад талууд газар эзэмших эрхийн давхцал байхгүй улмаар газрын маргаан байхгүй гэж харагдаж байна. Нэхэмжлэгч компаниудын ямар хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа талаар тодорхойгүй байна. Нэхэмжлэгч 2017 оны А/798 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар маргадаг. Гэтэл үүнд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалздаг. 2017 он буюу одоогоос 7 жилийн өмнөх асуудал байгаа. Талууд хөрш зэргэлдээ оршдог. Бүгдээрээ барилга байшингаа бариад одоог болтол үйл ажиллагаа явуулж байгаа. 2017 оны эрх зүйн баримт бичгийг мэдэх бүрэн боломжтой байсан гэж тодорхой байгаа. Хуульд заасан хөөн хэлэлцэх хэтэрч байна. 2011 оны 951 дүгээр захирамжийг илт хууль бус болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэг заалтыг баримталж байгаа. Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулиар газар эзэмшүүлэх бүрэн эрхтэй. Үүнтэй холбоотой хууль эрх зүйн актаа үндэслээд захирамж гаргаад эзэмших эрх олгосон. Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх захирамж гаргах боломжгүй гэсэн хууль эрх зүйн ойлголт байхгүй. Үйл ажиллагаа явагдаж байгаа компанид одоог болтол газар эзэмшүүлэх захирамж гаргасаар явж байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Талуудын дунд зам байдаг энэ нь өөрөө нийтийн эзэмшлийн талбай юм. Нийтийн эзэмшлийн талбай дээр одоо ч гэсэн талууд тэр замаар яваад үзэхэд ялангуяа “Ц*******” ХХК зогсоолыг ашиглаад явж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд нийтийн ашиг сонирхлыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийг зааж өгсөн. Тухайн чиглэлээр 3-аас дээш үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллага нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байгаа. Иргэн компаниуд нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд нэхэмжлэл гаргах хууль зүйн эрх байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

4.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тухайн газрыг “Ц*******” ХХК хаалт хийгээд өөрсдөө одоог хүртэл зогсоолын зориулалтаар ашиглаж байгаа. Манайх тухайн газрын дотуур нь хашаагаа татсан байгаа. Өөрсдийнхөө кадастраар газраа татна гэхээр хэрүүл хийгээд бөөн асуудал болж байсан. Тухайн үеийн “Ц*******” ХХК-ийн захирал байсан н.С******* гээд казак хүн байсан. Үүнийг нэмж хэлэх гэсэн юм. Мөн саяны гарсан дүгнэлт дээр талуудын хооронд газар давхцаагүй байна ашиглалтад орсон газар нь бусдын хооронд эзэмшил алга байна гэж дүгнэлт гарсан. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ төрийн эзэмшлийн газрыг буруу олгосон гээд “М” ХХК болон “Ц*******” ХХК нар нь төрийг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1, 18, 83 дугаар зүйлд заасан байгаа учраас “Ц*******” ХХК болон “М” ХХК-иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Ц*******” ХХК, “М” ХХК-иудаас нийслэлийн Засаг даргад холбогду “нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжийн Д.С*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар захирамжийн Д.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч нийслэлийн Засаг даргаас Д.С*******гийн эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ нийтийн эзэмшлийн, дулааны шугам сүлжээ бүхий газарт газар эзэмших эрх олгосон нь илт хууль бус бөгөөд, уг газар эзэмших эрхийн хугацааг сунгасан нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Нэхэмжлэгч “Ц*******” ХХК болон “М” ХХК, мөн гуравдагч этгээд Д.С******* нар нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хуримын ордын хойно хөрш зэргэлдээ газрууд эзэмшиж байх ба газрын кадастрын зурган мэдээллийн санд эдгээр хуулийн этгээд болон иргэний газар эзэмших эрхүүд нь хүчин төгөлдөр бүртгэлтэй, мөн “Ц*******” ХХК болон иргэн Д.С*******гийн газрууд нь зам дагуу зэрэгцээ, “М” ХХК-ийн газар нь дээрх газруудын урд байрлалтай, орж, гарах нэг орц гарцтай байх тул дээрх хуулийн этгээдүүд нь уг орц, гарцыг чөлөөтэй байлгахаар нэхэмжлэл гаргаж, шүүхэд маргах эрхтэй байна.  

2.1 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан тул нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь нийслэлийн Засаг даргын 2011 оны 951 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргах боломжтой байна.

2.2. Мөн зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан боловч “Ц*******” ХХК нь Д.С*******гээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гаргасан “Ц*******” ХХК-ийн хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн газрыг албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг гардан авч 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариу тайлбар хүргүүлж, тус шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан, “М” ХХК-иас захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг мэдсэн даруйдаа нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байр тул “нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар захирамжийн Д.С*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

3. Нэхэмжлэгч нараас илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй нийслэлийн Засаг даргын 951 дүгээр захирамж нь 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гарсан боловч нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтад нийцүүлж уг актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор томьёолсон байна.

4. Иймд шүүх хууль хэрэглэх зарчмын хүрээнд акт гарсан тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн хүрээнд хэргийн үйл баримтыг дүгнэж, мөн нэхэмжлэгчээс тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй тул “Ц*******” ХХК болон “М*******” ХХК-иудаас нийслэлийн Засаг даргад холбогду гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

5. Улмаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. Үүнд:

6. Гуравдагч этгээдэд газар эзэмших эрх, үүссэн, өөрчлөгдсөн тухайд:

6.1. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 348 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороонд байрлах 600 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, мөн Засаг даргын 2010 оны 882 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан.

6.2. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах, эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 951 дугаар захирамжаар Д.С*******гийн газрын хэмжээг 1044 м.кв болгон нэмэгдүүлж, 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулжээ. Ингэхдээ Д.С*******гийн 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан “...машины зогсоол багатай..., цахилгаан дамжуулах дэд станц, дулааны узель цэвэр усны нөөц сан байрлуулах боломжгүй байгааг харгалзан үзэж барилгын үүдний хэсэгт байгаа 549.9 м.кв газрыг дээрх хэрэгцээнд зори нэмж олгох...” гаргасан хүсэлтийг үндэслэжээ.

6.3. Улмаар нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/798 дугаар захирамжаар Д.С*******гийн газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгасан байна.

7. Дээрх 2 дахь хэсэгт дурьдсанчлан “Ц*******” ХХК болон “М*******” ХХК-иудын эзэмшил газрын дундуур 201 м.кв хэмжээтэй автозам баригдсан байна.

8. Нэхэмжлэгч “Ц*******” ХХК-иас уг замаар явах хөдөлгөөнийг хаалт хийж хязгаарласан болох нь шүүхээс хийсэн газрын үзлэгээр, мөн иргэн Д.С*******гээс газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг “Ц*******” ХХК-д холбогду гаргаж байсан болон Нийслэлийн Газрын албанаас 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02/5305 дугаар албан бичгээр “... нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийг мэдэгдсэн” зэргээр тогтоогдов.

9. Мөн “Ц*******” ХХК-ийн ICC оффис болон иргэн Д.С*******гийн барилга хоорондох хэсэгт 2Ø200 голчтой дундын эзэмшлийн салаа шугам байрладаг, уг шугамаас “М” ХХК, хуримын ордон зэрэг хэрэглэгчид дулаанаар хангагддаг болох “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 12/2726 тоот албан бичиг, хавсралт зургаар тогтоогдож байна.

10. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 951 дүгээр захирамжаар нэмэгдүүлсэн Д.С*******гийн 1043 мкв газар нь хойд хэсгээрээ дулаан дамжуулах сүлжээний хамгаалалтын зурвас, мөн төв замтай, зүүн тийш тэлж нэмэгдүүлсэн хэсэг нь дээрх 5 дахь хэсэгт дурьдсан 201 мкв автозамтай давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/49 дугаар дүгнэлтээр “...бетонон хучилттай 201 м.кв талбайтай газартай, давхцу үзэхэд 1460 дугаартай газартай 28 м.кв талбайгаар давхцаж байна...” гэснээр тогтоогдов.  

11. 2002 оноос хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-т “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” тохиолдолд захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахаар зохицуулжээ.

12. 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т зааснаар Монгол улсын газрын нэгдмэл сангийн “...нийтийн эдэлбэрийн газар”-ыг, 6.2.3-т зааснаар “зам, шугам сүлжээний газар”-ыг тус тус төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглахаар хуульчилсны зэрэгцээ 12 дугаар зүйлийн 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, ... зэрэг газар хамаарна”, 13 дугаар зүйлийн 13.1-т “Зам, шугам сүлжээний газарт цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, зам, замын зурвас газар, тээвэр, холбоо, мэдээллийн зориулалтаар хот, тосгон, бусад суурины гадна олгогдсон газар хамаарна” гэж заажээ.

13. Түүнчлэн хот, тосгон, бусад суурины газрыг зохистой, ашиглах, хамгаалах шаардлагыг Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулахад дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлын шаардлага, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөөг үндэслэх” гэж, газрын нэгдмэл санд тавих төрийн хяналтыг хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд ... нийслэл, дүүргийн ... Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина” гэж хуульчилжээ.

14. Хуулийн дээрх зохицуулалтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшил газрын дунд орших энэ шийдвэрийн 7 дахь хэсэгт дурьдсан 201 мкв зам байрлаж байгаа газар нь анхнаасаа нийтийн эдэлбэрийн төдийгүй шугам сүлжээний газарт хамаарч байсан байхад хариуцагч нь 2011 оны 951 дүгээр захирамжаар иргэн Д.С*******гийн газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ уг газарт давхцал үүсгэж, улмаар хөрш зэргэлдээ хуулийн этгээд, иргэдийн хооронд уг автозамаар нэвтрэх, зогсоолын зориулалтаар ашиглахтай холбоотой маргаан үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн буруутай гэж үзэхээр байна.

15. Учир нь иргэн Д.С*******гийн эзэмшилд анх олгогдсон 600 мкв газрын зураг, “М” ХХК-д 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 3254 мкв газрын план зураг(2хх-74 дэх талд), мөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тухайн газрын барилгажаагүй байх үеийн фото зураг(2хх, 102 дахь талд)-уудыг харьцу үзвэл, маргаан бүхий 201 мкв зам байрлаж байгаа газар нь анхнаасаа хотын гудамж, талбай, зам буюу төрийн хяналттайгаар нийтээр ашиглах газарт хамаарч байсан нь илэрхий байна.

16. Тухайн газарт байрлаж буй дулааны шугамд хариуцагчаас хамгаалалтын зурвас тогтоогоогүй, нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээдийн оффисын орчмын барилгуудыг дулаанаар хангах шаардлагаар тавигдсан байх боломжтой боловч өнөөдрийн байдлаар дулааны шугам байрлаж байгаа шугам сүлжээний газар болох тухайд хэргийн оролцогчид маргахгүй байна.

17. Иймд хариуцагч нийслэлийн Засаг дарга нь 2011 оны 951 дүгээр захирамжаар иргэн Д.С*******гийн газрын хэмжээг нэмэгдүүлэн эзэмшүүлэхдээ газрын нэгдмэл санд хяналт тавих чиг үүргээ эс хэрэгжүүлж нийтээр ашиглахаар хуульд заасан газарт давхцал үүсгэж эзэмшүүлсэн байх тул уг захирамж нь “өөр бусад байдлаар хууль тогтоомж зөрчсөн” захиргааны илт хууль бус акт байна.

18. Захиргааны илт хууль бус акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байхад уг актыг үндэслэж, газар эзэмших эрхийн хугацааг сунгах үндэслэлгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, “нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дугаар захирамжийн Д.С*******д холбогдох хэсгийн дулааны шугам, авто замтай давхцал бүхий хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, мөн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар захирамжийн Д.С*******д холбогдох хэсгийн дулааны шугам, авто замтай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж, 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж тус тус заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж болон шүүхийн зардал болох 852,677.00 төгрөгийг нэхэмжлэгч нар болон хариуцагчид хувь тэнцүүлэн хариуцуулах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.2, 6.2.3, 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.1, 56 дугаар зүйлийн 56.3, 57 дугаар зүйлийн 57.1, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль/2002/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц*******” ХХК, “М*******” ХХК-иудын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ы өдрийн 951 дугаар захирамжийн Д.С*******д холбогдох хэсгийн дулааны шугам, авто замтай давхцал бүхий хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, мөн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/798 дугаар захирамжийн Д.С*******д холбогдох хэсгийн дулааны шугам, авто замтай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, шүүхийн зардалд төлсөн 852,677.00 төгрөгийг төлөхийг нэхэмжлэгч “Ц*******” ХХК, “М” ХХК, хариуцагч нийслэлийн Засаг даргад тэнцүү хариуцуулсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ