Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 211

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Мэндсайхан,

шүүгдэгч О.Саруул түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Чонос овогт Отгонбаатарын Саруулд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020385 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Чонос овогт Отгонбаатарын Саруул, /ФА95010251/  1995 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо 24 дүгээр байр 24 тоотод оршин суух

Урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 119/55 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 27 хоногийн хорих ялыг өршөөн хасаж сулласан.

 

Шүүгдэгч О.Саруул нь урьд танхайрах гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ланд” зочид буудалд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Д.Зоригтбаатарыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Саруул мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Зоригтбаатар нэг эмэгтэйтэй муудалцаад байсан. Нилээн муудалцаад байхаар нь би түүнд “эмэгтэй хүнийг ингэж болохгүй гэж” хэлэхэд над руу дайрсан. Би тэдний маргааныг салгаад бид нар тусдаа өрөөнд орсон. Тэгээд би ширээн дээр мартсан юмаа авах гээд гараад иртэл Зоригтбаатар нэг түлхүүр шиг юм миний хэвлийд тулгаад “чамд зооно шүү” гээд байсан. Би түүнд “тайван бай” гэж хэлэхэд над руу дайраад “би чамтай хэрэлдмээр байна” гээд байсан. Надад тухайн үед Зоригтбаатартай маргалдаж, муудалцах бодол байгаагүй” гэв. 

Шүүгдэгч О.Саруул нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ланд” зочид буудалд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Д.Зоригтбаатарыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Д.Зоригтбаатарын “2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 19 цагт өөрийн найз болох Мөнхболд болон Мөнхболдын 6 найзтай нь Бөмбөгөр худалдааны төвийн тэнд байдаг нэг караокед уулзсан. ...Тэгээд би Мөнхболдын найз, Цогтоо бид гурав тэр 0.5 литрийн архиа хувааж уусан. Тэгээд Мөнхболдын найзууд нь тэр буудалд шивээс хийлгэж байгаа гэсэн. ...Тэгээд Саруулыг орж ирэхэд нь бид нар 0.75 литрийн Соёрхол архийг задлаад уугаад сууж байсан. Тэгээд би шивээсэн дээрээ ямар хээ хийлгэх вэ гээд яриад байж байтал тэр Саруул гэх залуу ширээний хажууд суусан байж байгаад шууд босч ирээд миний хамар луу цохьсон. Цохингуут нь би нүүрээ бариад тонгойсон. Тэгтэл Саруул миний толгойг сөхөж байгаад цохиод байсан. Миний нүүр лүү нилээн хэдэн удаа цохьсон. Миний нуруу луу нилээн хэдэн удаа өшиглөсөн. Намайг зодсон Саруул гэх залууг би өмнө нь огт танихгүй. Тэр өдөр л танилцсан. Би болсон явдлыг санаж байгаа. Би тэр өдөр унтаад сэргэсэн байсан болохоор биеэ авч явах чадвартай байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28 дугаар хуудас/

Гэрч С.Содномдаржаагийн “...Тэгээд бид нар манай өрөөнд пиво ууж жаахан суусан. Бид нар өрөөндөө пиво уугаад сууж байтал сүүлд ирсэн. Манай найз Билгүүнээ  гүйж орж ирээд Саруул дээд өрөөний хэдтэй зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дээшээ гурван давхар луу гараад өрөөнд нь ортол Зоригтбаатар орон дээр нүүрээ дараад хэвтэж байсан. Саруул, Зоригтбаатар хоёрын голд Өнөрбаян тэр хоёрыг салгасан шинжтэй байж байсан. Тэгээд намайг ороод удаагүй байтал цагдаа хүрээд ирсэн. Би яг зодоон болоход нь байгаагүй. Ямар ч байсан Зоригтбаатарын хамарнаас цус гарцан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20 дугаар хуудас/

Гэрч Б.Өнөрбаянгийн “ ...Би нөгөө өрөө лүү нь тэр эмэгтэйтэй хамт орсон. ...Би тэр хоёрыг яг юунаас болж маргалдсаныг нь мэдээгүй. Тэр үед Билгүүн орж ирээд Зоригтбаатар, Саруул хоёр зодолдоод байна гэж хэлсэн. Тэгэнгүүт нь би гараад нөгөө өрөөнд ороод Зоригтбаатар, Саруул хоёрыг салгасан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/

Гэрч Т.Цогтын “ ...Би Зоригтбаатарыг тэр залуутай маргалдсан эсэхийг мэдэхгүй байна. Надад л лав тэр хоёр хоорондоо маргалдсан юм мэдэгдээгүй. Тэгээд удалгүй нөгөө өрөө лүү ортол орон дээр нөгөө залуу /Саруул/ Зоригтбаатарын дээр гарчихсан зодож байсан. ...Ямарч байсан намайг салгах гээд очиход Зоригтбаатарын хамарнаас цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1980 тоот:

        “1. Зоригтбаатарын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 зовхи, баруун алимны салст, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хэргийн 11 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

            Прокуророос О.Саруулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлжээ.

Шүүгдэгч О.Саруул нь урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1205 дугаартай шийтгэх тогтоолоор / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 119/55 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 27 хоногийн хорих ялыг өршөөн хасаж сулласан байна. /хэргийн 45 дугаар хуудас/

Тэрээр урьд танхайрах гэмт хэрэгт шийтгүүлээд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хасаж сулласан үеэс ялтай байх хугацаа тооцогдсон бөгөөд энэ хугацаа дуусаагүй байхдаа дахин танхайрах гэмт хэрэг үйлдсэн тул түүнийг давтан биш харин энэ гэмт хэрэгт шийтггүүлсэн этгээд үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4 дэхь хэсгийг хасч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 1812.3 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.Саруул нь “Зоригтбаатар тэнд байсан нэг эмэгтэйтэй маргалдаад орилоод байхаар нь би очиж эмэгтэй хүнийг болиоч гээд маргааныг зогсоогоод нөгөө өрөөнд найзуудтайгаа байж байгаад тамхи татах гээд Зоригтбаатар ганцаараа сууж байсан өрөөнд ороод хажууд нь байсан ширээн дээр тамхи авах гээд очсон чинь босч ирээд чи ямар их хүн өмөөрдөг юм бэ үзэх үү гэх мэтээр хэл амаар доромжилоод над руу дайрч тулаад түлхээд бас гартаа түлхүүр барьчихаад над руу чичлээд байсан. Тэгээд бид хоёр харилцан заамдалцаад зодолдсон” гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн боловч хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл, тэдний хооронд хувийн таарамжгүй  харьцаа үүсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд түүний үйлдэл нь танхайрах гэмт хэргийн шинжтэй бөгөөд уг гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн, мөн урьд  энэ хэрэгт ял шийтгүүлсэн байхдаа үйлдсэн учир хэргийн зүйлчлэл тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирогч Д.Зоригтбаатарт хохирлын мөнгө “400,000 төгрөг хүлээлгэн өгч баримт үйлдсэн /хэргийн 64 дүгээр хуудас/, хохирогчоос “Би эмчилгээний зардал мөнгөө бүрэн дүүрэн барагдуулж авсан. Надад одоо ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 56 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Саруулаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гаргуулах төлбөргүй байна гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос О.Саруулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн мөн хуулийн 181.2.1, 181.2.3 болгон өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Чонос овогт Отгонбаатарын Саруулыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, урьд энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                                                          

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3  дахь хэсэгт зааснаар О.Саруулыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Саруулд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.           

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дахь хэсэгт зааснаар О.Саруул нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол О.Саруулд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Саруулд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ