Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 355

 

 

 

 

 

 

                                                                                           

 

 

Г.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/00098 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Оын нэхэмжлэлтэй,

Хариуцагч У.Мт холбогдох

 

30 360 629 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 39 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.З

Хариуцагчийн өмгөөлөгч: З.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Глоб констрагшн” ХХК-ийн барьсан хоршооллын хотхоны 36-р байрны зоорийн давхарт №1-11 тоот хаяг байршилтай 236 м.кв талбай бүхий гараашийг худалдан авсан. Уг барилгыг улсын комисс хүлээж аваагүй байсан тул өмчлөх эрхийн гэрчилгээ тухайн үедээ гараагүй байсан ба 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр уг гараашийн гэрчилгээ минмй нэр дээр гарсан. Ингээд сонинд гарааш түрээслүүлэх зар тавьсаны дагуу хариуцагч У.М холбогдож ирж уулзсан. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 17/04/14 тоот “Гарааш түрээслүүлэх гэрээ”-г хариуцагчтай байгуулж, гараашийг 3 жилийн хугацаатай сарын 1 500 000 төгрөгийн төлбөртэй, төлбөрийг улирал бүр төлөхөөр гэрээ хийсэн. Эхний улирлын төлбөр 4 500 000 төгрөгийг хариуцагч урьдчилан төлсөн. Үүнээс хойш хариуцагчаас түрээсийн төлбөрөө төлөхийг шаардсан боловч үүргээ биелүүлээгүй 1 жил болсон. Энэ хугаацаанд түрээслэгч У.М нь уг гараашийг автомашины угаалгын чиглэлээр 2018 оны 07 дугаар сарыг хүртэл үйл ажилгаагаа явуулсан байдаг. Хариуцагч түрээсийн төлбөрөө төлөөгүй учир гэрээний 2.1-д заасны дагуу түрээслүүлэгчийн зүгээс дангаараа гэрээг цуцлах үндэслэл бүрдэж байна. Тиймээс хариуцагч У.Маас 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны 12 сарын түрээсийн төлбөр 18 000 000 төгрөг, түрээслэх хугацааны буюу 2018 оны 07 дугаар сарын цахилгааны төлбөр 61 359 төгрөг, усны төлбөр 131 429 төгрөг болон гараашийг түрээслүүлэхээс өмнө миний бие барилгын материалд 6 229 200 төгрөг, засвар үйлчилгээнд 6 000 000 төгрөг, нийт 12 229 200 төгрөг зарцуулж засвар, үйлчилгээ хийсэн боловч хариуцагч нь ашиглах явцдаа гараашийн хана, тааз шалыг гэмтээсэн. Иймд гэрээний үүрэгт нийт 30 430 629 төгрөгийг хариуцагч У.Маас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч У.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 4-р хорооны 36-р байрны зоорийн давхарт 1-11 дугаартай 236 м.кв талбай бүхий гарашийг түрээслүүлэхээр Г.Отай 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Гарааш түрээслэх” гэрээ байгуулсан.Түрээсийн сарын төлбөрийг 1 500 000 төгрөгөөр байхаар тохиролцож, миний бие урьдчилгаа төлбөрт 4 500 000 төгрөг өгсөн. Инээд түрээслэх явцад үл хөдлөх хөрөнгөтөй больё гэж бодож, энэ талаар нэхэмлэгчтэй ярилцахад уг 296 м.кв талбайг 180 000 000 төгрөгөөр бодож бартер хийх санал тавьсан. Уг саналыг би зөвшөөрч уг гараашийг 180 000 000 төгрөгөөр бодож эхнэр н.Алтанзулын өмчлөлийн шевролит соник маркийн 2015 үйлдвэрлсэн 20-46 УБЦ улсын дугаартай автомашиныг 50 000 000 төгрөгөнд тооцож, урьдчилгаанд Г.Оад хүлээлгэж өгсөн Үлдсэн 130 000 000 төгрөгт 10:10 харьцаатай амины орон сууцыг тоосгоор дотор засварыг хийхгүйгээр бусад ажлыг хийж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Үүний дагуу нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний төсөл боловсруулж миний и-мэйл хаяг руу явуулсан. Г.О гараашийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарангуут миний нэр дээр шилжүүлэх, харин би машины өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Оын нэр дээр шилжүүлэх, байшин барьж өгөх болзолтой байсан. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас н.Мэндбаяртай холбоотой өмчлөлийн зүйлийг өөр хүний нэр дээр уг гарааш шилжих боломжгүй нь тогтоогдсон тул гэрээгээ цуцлая гэж Г.О санал болгосон. Тэгээд бид хоёр өөр өөрсдийн авсан зүйлээ буцааж өгье гэж тохиролцоод гараашийг хүлээлгэж өгөөд машинаа авъя гэтэл Г.О өгөхгүй байсан тул би Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандаж машинаа буцааж авсан. Гараашийг буцааж өгөхдөө би засвар хийж өгсөн. Тухайн гараашинд 2018 оны 07 дугаар сарын 15-ыг хүртэл авто угаалгын чиглэлээр үйл ажиллагаа явуулсан ашигласан нь үнэн. Гараашийн түлхүүрийг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Цагдаад үлдээгэд явсан. Гарахдаа 7 сарын ус, цахилгааны төлбөрийг бүгдийг төлсөн, төлбөрийн үлдэгдэлгүй болсон талаар баримтыг хэрэгт баримтаар өгсөн. Нэхэмжлэгч нь гараашийг худалдана гэж хэлээд миний машиныг бүтэн жил ашигласан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.О сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Хариуцагчтай гараашийг худалдахаар ярилцаж, У.М нь намайг худалдах, худалдан авах гэрээний төслөө явуулаарай гэхээр нь би и-мэйлээр худалдах, худалдан авах гэрээний загвар явуулж байсан нь үнэн. Гэхдээ бид энэ талаар тохиролцоонд хүрээгүй учир худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Хариуцагч нь түрээсийн төлбөрөө төлөхгүй болохоор нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр машиныг нь очиж авсан. Надад холбогдуулж цагдаад гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэсний дараа буюу 2018 оны 07 дугаар сард У.М өөрөө машинаа аваад явсан, ийм л асуудал болсон. Машинаа түрээслэсэн бол олох ёстой орлого гэж 39 000 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Хариуцагч У.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...гараашийг худалдах, худалдан авах гэрээнээс Г.О өөрөө татгалзсан. Тэгээд бид өөр өөрсдийн авсан зүйлээ буцааж өгъе гэж тохиролцож би Г.Оад гараашийг хүлээлгэн өгөөд машиныг авъя гэтэл Г.О өгөхгүй байсан тул би Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хандаж байж машинаа жуулчинд түрээслэсэн бол өдрийн 100 000 сард 3 000 000 төгрөг, 13 сард 39 000 000 төгрөгийн орлого олох ёстой байсан. Иймд орох байсан орлого 39 000 000 төгрөгийн нэхэмжлэгч Г.Оаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.Маас 18 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Оад олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 12 360 629 төгрөгийн шаардлага болон 39 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 314 050 төгрөг, хариуцагчийн төлсөн 352 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийг хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 247 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Г.Оад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо “...Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие анхан шатны шүүхэд Г.Оын и-мейл хаягт үзлэг хийлгэж, гарааш худалдах, худалдан авах гэрээг Г.О өөрөө явуулсан, энэ саналыг би зөвшөөрсөн тул үзлэг хийлгье гэхэд Г.О өөрөө и-мейл хаягт үзлэг хийлгэх шаардлаггүй. Энэ саналыг би өөрөө явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. ...Бидний болзол тавьж, бартераар худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэг нь Г.О гараашийн өмлөх эрхийн гэрчилгээ гарангуут, миний нэр дээр шилжүүлэх, харин би миний нэр дээр байгаа өмлөх эрхийн гэрчилгээ гарангуут машины өмчлөх эрхийн гэрчилгээгээ Г.Оын нэр дээр шилжүүлэх байсан. Худалдах гэрээний саналыг Мөнхбаатар хүлээн авч гараажийн эхний төлбөрт өөрийн эзэмшлийн машинаа хүлээлгэн өгч, гараашийг хүлээн авсан нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогддог.

Мөн шүүхэд гэрчээр Ш.Гантулга, н.Нямэрдэнэ нарын мэдүүлэг авагдсан, уг мэдүүлэгт гарааш худалдан авах талаар гэрээ хийгдсэн, уг гэрээний талаар тохиролцож байгааг нотолсон, мөн Очирбат уг гэрээнээс татгалзаж байна гэдгээ илэрхийлснийг мэдүүлсэн байдаг. Гарааш худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаанд авсан 20-46 УБЦ улсын дугаартай соник маркийн автомашиныг Г.О бүтэн жил эзэмшиж, ашиглаж байсан. ...Гэтэл шүүх дээрх нотлох баримтуудыг огт үнэлээгүй, зөвхөн нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан талуудын тэгш байх зарчмыг зөрчсөн. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч У.Мт холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18 000 000 төгрөг, учирсан хохирол 12 229 200 төгрөг, ашиглалтын урсгал зардалд 131 429 төгрөг, нийт 30 360 629 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, олох байсан орлого 39 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талуудын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Гарааш түрээслэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, хоршооллын хотхон /13360/, Б.Доржийн гудамж 36 дугаар байрны зоорийн давхар №1-11 тоот хаягт байрлалтай 236.68 м.кв автозогсоолын зориулалттай талбайг 3 жилийн хугацаатайгаар түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь сарын 1 500 000 төгрөг төлөх, төлбөрийг улирал тутам төлж байхаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх 11-13/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас уг гараашийг 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 12 сарын хугацаанд түрээсийн төлбөрт сарын 1 500 000 төгрөгөөр тооцож 18 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь тухайн талбай буюу үл хөдлөх эд хөрөнгийг ашиглан авто угаалгын үйл ажиллагаа явуулж байсан болох нь гэрч Б.Ням-Эрдэнэ, Ш.Гантулга нарын “...У.М гараашид 2017 оны 05 дугаар сараас 2018 оны 07 дугаар сар наадмын үе хүртэл ажиллаж үйл ажиллагаа явуулсан...” гэх мэдүүлэг, хариуцагчийн “...гараашид 2017 оны 04 дүгээр сараас авто угаалгын үйл ажиллагаа явуулж байгаад түлхүүрийг 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр цагдаагаар дамжуулж өгсөн...” гэх тайлбар зэргээр тогтоогджээ. /хх 112, 131-135, 142-144/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчдын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Гарааш түрээслэх гэрээ” бичгээр байгуулагдсан байх ба тухайн түрээсийн зүйл болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, хоршооллын хотхон /13360/, Б.Доржийн гудамж 36 дугаар байрны зоорийн давхар №1-11 тоот хаягт байрлалтай 236.68 м.кв автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Г.Оын нэр дээр гарсан байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, мөн хуулийн 318.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заажээ.

 

Талууд түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй тул уг гэрээг анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч У.М нь гараашийг эзэмшиж, ашиглаж байсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус гэрээний үүргийг шаардах, гэрээнээс татгалзах боломжгүй. Харин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж хариуцагч У.Маас 18 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Оад олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцнэ.

 

Мөн анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас учирсан хохирол 12 229 200 төгрөг, ашиглалтын урсгал зардалд 131 429 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв болжээ. Учир нь хариуцагч нь шилжүүлэн авсан эд хөрөнгө буюу гараашийг ашиглах явцдаа гэрээгээр тохиролцсоноос илүү хэмжээгээр муутгасан, мөн ашиглалтын зардлыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, цахилгааны төлбөр төлсөн баримт нь хугацааны хувь зөрүүтэй байх тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Талуудын хооронд тухайн обьект болох гараашийг худалдах, худалдан авах талаар санал солилцож, урьдчилгаа төлбөрт хариуцагч У.М нь Г.Гантуяагийн өмчлөлийн “Шевролит соник” маркийн 20-46 УБЦ улсын дугаартай автомашиныг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Г.Оын эзэмшил ашиглалтад шилжүүлсэн үйл баримт нь талуудын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдож байна. 

 

Нэхэмжлэгч Г.О нь гэрээний зүйл болох гараашийг 50 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах талаар санал солилцож байсан үйл баримт тогтоогдож байгаа боловч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д зааснаар гэрээ байгуулагдсан талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.  

 

            Нэхэмжлэгч Г.О нь автомашиныг 1 жилийн хугацаанд өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж байгаад хариуцагч У.Мт автомашиныг 2018 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр буцааж өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин хариуцагч У.М нь уг автомашиныг 1 жилийн хугацаанд бусдад түрээслэсэн бол орлого олох байсан гэж тайлбарлаж байгаа боловч У.М нь автомашиныг өмчлөх, эзэмших эрхтэй болох нь баримтаар тогтоогдоогүйгээс гадна тухайн автомашины зориулалт, жуулчин тээвэрлэх болон түрээсийн үйл ажиллагаанд оролцож байсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул анхан шатны шүүх олох байсан орлого буюу түрээсийн төлбөрт 39 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/00098 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “...287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1-д” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                        

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

 

            ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

 

                                                                                    Д.ЦОГТСАЙХАН