Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/274

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Д.Дашням (томилолтоор),

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******

Шүүгдэгч Б.*******а нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар Б.*******ад яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2530000000258 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:          

Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын ... дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, *******ын *******а.    

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр):

   Шүүгдэгч Б.*******а нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гэм буруугийн талаар:

1. Шүүгдэгч Б.*******а нь Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 50 минутад Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг Баян-Овооны 8 дугаар гудамжны шороон замаар улсын дугааргүй Хаoжи маркийн тээврийн хэрэгслийг 3.55 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

- Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн “ Гантөмөр найзтайгаа 0.75 граммын Хараа архи нэгийг хамт уучхаад би *******гийнх руу 800 метр газар улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклийг барьж явсан. *******гийн гэрт байж байхад цагдаа ирээд намайг цагдаагийн байр луу аваад явсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан” гэх (хх 29-30 тал),

- Гэрч С.*******ын “ Би олон нийтийн цагдаа 3.*******ийн хамт 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* сумын төвийн 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллахдаа 15 цаг 50 минутын үед 3 дугаар баг Баян-Овооны 8 дугаар гудамжны шороон замд цэнхэр өнгийн Хаожи маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Б.*******а нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож явсан тул цагдаагийн хэсэг дээр очиж тээврийн хэрэгслийг нь журамлаж, согтуурал хэмждэг багаж үлээлгэхэд 3.55 хувийн согтолтой гарсан” гэх (хх 13-14 тал),

- Гэрч З.*******ийн “ Миний бие олон нийтийн цагдаа С.*******ын хамт 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ******* сумын төвд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа 15 цаг 50 минутын үед Баян-Овооны  8 дугаар гудамжны шороон замаар явж байсан цэнхэр өнгийн Хаожи маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Б.*******а нь жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож явсан. Тээврийн хэрэгслийг нь журамлаж, согтуурал хэмждэг багаж үлээлгэхэд 3.55 хувийн согтолтой гарсан” гэх(хх 17-18 тал) мэдүүлгүүд,

- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл (хх 2 тал),

- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл (хх 3 тал),

- Б.*******ын согтолтын хэмжээ 3.55 хувь байгааг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт (хх 4 тал),

- Драйгерын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх 5-10 тал),

- Шүүгдэгч Б.*******ын эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх 31 тал),

- Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх 33-41 тал),

- Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ЗШ/348 дугаартай Шийтгэврийн хуулбар (хх 42-45 тал),

- Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр олгосон Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Оршин суух хаягийн бүртгэл, Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх 49-53 тал),

- Шүүгдэгч Б.*******ын зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл (хх 57-65 тал),

   Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх 66-67 тал),

- Б.*******а, өмгөөлөгч Г.******* нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хх 72 тал),

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 99 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол, Прокурорын санал (хх 73-77 тал),

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01/1104 дугаартай Б.*******а 2025/ШЦТ/43 дугаартай албан бичиг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.  

2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.

3. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж,

“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж тус тус тодорхойлжээ.

4. Шүүгдэгч Б.*******ын тухайн гэмт хэргийг үйлдэх үеийн түүний амьсгал дахь спиртийн агууламж 3.35 промиль спиртийн агууламжтай байсан нь дээр дурдагдсан “согтуурсан” байдалд хамаарах бөгөөд энэ нь Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр,

тэрээр 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1 жил 2 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоол, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/1107 дугаартай албан бичиг зэргээр нотлогдоно.

5. Хэргийн баримтаар, шүүгдэгч Б.*******а нь Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил, 2 сарын хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг нутаг дэвсгэрт улсын дугааргүй Хаожи загварын мотоциклийг амьсгал дахь спиртийн агууламж 3.55 промиль согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*******а хэргийн дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.

6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгодог.

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болно.

7. Шүүх шүүгдэгч Б.*******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

Учир нь тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу  өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэн автомашин жолоодон замын хөдөлгөөнд зориуд оролцож байгаа нь санаатай үйлдэл бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэснээр тодорхойлогдоно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай.

Прокуророос Б.*******ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх  хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон “ жолоодох эрхийг 1 жил, 5 сарын хугацаагаар хасаж, 4,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах”  ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч Б.*******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасаж, 4,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлөх тухай прокурорын санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.*******ад Сүхбаатар аймаг дахь сумын дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 2 сарын хугацаагаар хасаж, 3,200,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.*******а дээрх Шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлсэн бөгөөд харин түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасах ялыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эдлүүлсэн бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 7 сар 4 хоног буюу 216 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эдэлсэн, 6 сар 29 хоног буюу 210 хоногийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эдлээгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар аймаг дахь сумын дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 29 хоног буюу 210 хоногийн ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын нийт хугацааг 1 жил 11 сар 29 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.*******а нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 5 сарын хугацаагаар хасаж, 4,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Сүхбаатар аймаг дахь сумын дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 29 хоног буюу 210 хоногийн ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялд нэмж нэгтгэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын нийт хугацааг 1 жил 11 сар 29 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч Б.*******а нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******а нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил таван сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг, торгох ял оногдуулсан үеэс эхлэн тооцсугай.

8. Шүүгдэгч Б.*******а нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН