Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 133/ШШ2023/00497

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн **** багт оршин суух ****овгийн ***ын ***ын нэхэмжлэлтэй

хариуцагч: ****т холбогдох

2022 оны 09 сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугласан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 09 сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Иргэн **** миний бие 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаар тогтоолоор Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байгаад Говь-Алтай аймгийн Засаг Даргын 2021 оны 10 дугаар сарын 05 ны өдрийн Б/67 дугаар захирамжаар ажпаас чөлөөлөгдөж, улмаар шүүхэд хандаж 2022 оны 09 дүгээр сарын 15 ны өдрийн 122/ШШ2022/0029 дугаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн. Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Захиргааны хэргийн Давж Заалдах шатны шүүхийн 221/МА2022/0740 дугаар Магадлал, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 43 дугаар Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа одоо хүртэл хийгдэж байгаа бөгөөд хариуцагч тал шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд эгүүлэн тогтоогоогүй тул Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 15ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн даатгал шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

3. Хариуцагчаас гаргасан тайлбар, нотлох баримт: Шүүхэд тайлбар, нотлох баримт ирүүлээгүй.

 

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 112/ШШ2022/0029 дугаар шийдвэр,

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2022/0740 дугаар магадлал,

-Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 43 дугаар тогтоол,

-Энхбатын Нямбаатарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

-Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоол, уг тогтоолын 11 дүгээр хавсралтын хуулбарууд,

-Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1/550 дугаар албан бичиг,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч **** нь ****т холбогдуулан 2022 оны 09 сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч **** нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан байх бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дотор хариу тайлбараа ирүүлэхээр шүүхээс хугацаа олгосон байна. /хавтаст хэргийн 34 дэх тал/ Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч *** нь уг хугацаанд болон шүүх хуралдааныг хэлэлцүүлэх хүртэл хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна. Мөн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч ***-д мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна /хавтаст хэргийн 43 дахь тал/.

Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацааг хуульд 14 хоног гэж тодорхойлсон нь түүнд шахалт дарамтгүйгээр, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаа хэрэг бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй бол шүүх түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнтэй адил гэж үзэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлтэй юм.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

4. Хэдийгээр хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй бол түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй боловч шүүх төсвийн байгууллагад холбогдох цалин, олговор гаргуулах шаардлага бүхий хэргийг ердийн журмаар буюу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад Говь-Алтай аймгийн ****сумын Засаг дарга ****ыг тус аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаар “Сумын Засаг даргын огцруулах тухай” захирамжаар ажлаас чөлөөлжээ.

Энэхүү ажлаас чөлөөлсөн захирамжийг нэхэмжлэгч **** нь эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Уг нэхэмжлэлийн дагуу Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 112/ШШ2022/0029 дугаар шийдвэрээр “....Нэхэмжлэгч ****ыг *** сумын Засаг даргаас огцруулсан захирамжийн үндэслэл болгосон **** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 дүгэээр тогтоолыг тухайн шатны хурал 2021 оны 12 дугааар сарын 20-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, уг тогтоолыг аймгийн Засаг даргад 2022 оны 08 дугаар сарын 22-нд хүргүүлсэн байхад хариуцагчаас 31 дүгээр тогтоолтой холбогдуулан ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна... Нутгийн өөрөө удирдах ёс нь чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд Хурал хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд сумын Засаг даргаа огцруулж, огцруулсан тогтоолоо өөрөө хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Аймгийн Засаг дарга нь *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 19 дүгээр тогтоолыг үндэслэн ****ыг ажлаас чөлөөлсөн бөгөөд уг 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгосноор аймгийн Засаг даргын 2021 оны Б/67 захирамж эрх зүйн үндэслэлгүй төдийгүй, нэхэмжлэгчийн хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэх нөхцөл тогтоогдохгүй байна... гэж дүгнэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “г”, 25 дугаар зүйлийн 25.4, 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/67 дугаар захирамжийг хүчингүй болгож, ****ыг Говь-Алтай аймгийн ****сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ****т ажилгүй байсан 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны 235 хоногийн олговорт  15,096,517 төгрөгийг Говь-Алтай аймгийн ****сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилт хийж олгохыг Говь-Алтай аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 4-14 дэх тал/

6. Энэхүү шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2022/0740 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдэрлэсэн,

Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 43 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хавтаст хэргийн 15-23 дахь тал/

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 112/ШШ2022/0029 дугаар шийдвэрээр ****ыг Говь-Алтай аймгийн ****сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон үйл баримтын талаар иргэний хэргийн шүүх дахин нотлохгүй.

8. Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс одоог хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй нэхэмжлэгч ****ын хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ.

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1/550 дугаар албан бичигт “Тус газарт Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 112/ШШ2023/0029 дугаар шийдвэртэй, 23050201, 23050202 хувийн хэргийн дугаартай гүйцэтгэх баримт бичгүүдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь үнэн болно” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халсан буюу бууруулсан тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа мөн хамааралтай.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрт заасан захиргааны актыг шүүхийн шийдвэрт өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 127.2-т заасан хугацаанд гаргах үүрэгтэй гэж,

135.2-т Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрт заасан захиргааны актыг гаргаснаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно гэж тус тус зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус, харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно.

9. Иймд **** нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1. дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм нь шүүх хуралдаанд “...ажилгүй байсан хугацаанд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дугаар тогтоолоор төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоосон байдаг. Энэ тогтоосон тогтоолоор сумын Засаг даргын цалин 1,950,000 төгрөгөөр тогтоосон. Энэ цалингаар ажилгүй байсан хугацааны цалин тооцож өгнө үү...” гэжээ.

11. Хөдөлмөрийн тухай 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу ****ын Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан нийт 282 хоногийн олговорт 18,390,066 /арван найман сая гурван зуун ерэн мянга жаран зургаан/ төгрөгийг Говь-Алтай аймгийн ****сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч ****т олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Хэдийгээр ****ыг ажилгүй байсан хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолоор төрийн улс төрийн зарим албан тушаалын хэмжээг шинэчлэн тогтоосон, уг тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байх боловч Хөдөлмөрийн тухай 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг ... урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж тухайлан заасан байх тул Засгийн газрын тогтоолоор цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох нь ажилтны ажилгүй байсан хугацааны олговрыг тооцоход хамааралгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3.5-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор”-ыг  тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч ****ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2021 оны 07, 08, 09 дүгээр сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь ажлын өдрийн нийт тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үндсэн үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг ****тт даалгах нь зүйтэй байна.

Харин ****т нь байгууллагад учирсан хохирлоо буруутай албан тушаалтнаас холбогдох хуульд заасны дагуу гаргуулахаар шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 18,390,066 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 249,900 /хоёр зуун дөчин есөн мянга есөн зуун/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн ****сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар *** овгийн ***ын ***ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 18,390,066 /арван найман сая гурван зуун ерэн мянга жаран зургаан/ төгрөгийг Говь-Алтай аймгийн ****сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч ****т олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ****ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч ****тт үүрэг болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 18,390,066 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 249,900 /хоёр зуун дөчин есөн мянга есөн зуун/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн ****сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Н.ОЮУНБИЛЭГ