Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/04300

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 04

101/ШШ2023/04300

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.А нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш.Б

 

Хариуцагч: Ч.О нарт холбогдох

 

автозогсоолыг хааж автомашинаа байрлуулж байгаа өмчлөх эрхэд саад болж байгаа үйлдлийг гаргахгүй байхыг хариуцагч нарт даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.А нь хувийн ГХХК-ийн үйл ажиллагааг эрхлэн 2014 онд Баянзүрх дүүргийн 0 тоот үйлчилгээтэй, 0 автомашины дулаан зогсоолтой, 90 айлын орон сууцны барилгыг 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтанд оруулсан. Тус байр нь анх баригдахаас эхлээд ашиглалтанд орох хүртлээ доороо 0 автомашины зогсоолтойгоор төлөвлөгдөн баригдсан юм. Энэ байр болох Баянзүрх дүүргийн 0д байрлах 0 дүгээр байрны В1 давхар буюу зоорийн давхарын автомашины дулаан зогсоолуудын 0 тоот байрлалтай, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай авто зогсоол нь миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө бөгөөд тус зогсоолыг зориулалтын дагуу эзээмшиж ашиглах эрхтэй. Гэвч тус зогсоолд машинаа тавих, бусдад зогсоолоо түрээслүүлэх гэхэд тус байранд амьдардаг Ш.Б нь манай машины зогсоолыг хааж, машин тавихыг хориглоосон тус барилгын цахилгааны болон сангийн хоёр узелийн хаалгыг таглаж өөрийн өмчлөлийн 0 УАА дугаартай ландкрузер маркийн автомашин, Ч.О нь өөрийнхөө өмчлөлийн 0 УНВ субару маркийн машинаараа зогсоолыг хааж хөндөлсүүлэн тавьж учир битүүлэгээр дарамталсаар 1 жилийн хугацаа өнгөрсөн. Ш.Б, Ч.О нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд миний өмчлөлийн автомашины зогсоолыг хааж, өөрсдийн өмчлөлийн машинаа тавьж миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг удаа дараа хязгаарласан. Мөн миний машины зогсоолын дэргэд байрладаг цахилгааны болон сангийн узелийн хаалгыг хааж машин байрлуулахыг хориглодог газарт машинаа хөндлөн байрлуулж миний машинаа зогсоох боломжийг хязгаарлаж, машинаа байрлуулсан үйлдлийг удаа дараа гаргасаар байна. Гэтэл дээрх зориулалтын бус газарт Ш.Б, Ч.О нар нь тус байрны нийт өмчлөгчдийн аюулгүй байдалд нөлөөлж, хоёр узелийн хажууд байрлалтай миний өмчлөлийн 0 дугаартай авто зогсоолыг хааж, машин тавих боломжгүй болгож, машинаа тавьсан ч гарах боломжгүй нөхцөлтэй байсаар нэг жил гаран болсон тул шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрч байна. Мөн энэ байдал удаа дараа үргэлжилснээс шалтгаалан Юнивишн, Скаймедиа компианд өгсөн засвар үйлчилгээний ажил тасалдсан, мөн зогсоолыг худалдаж авах гэсэн хүнд худал мэдээлэл хэлснээс шалтгаалан жил гаран өөрийн эзэмшлийн зогсоолыг ашиглаж чадахгүй хохирсон. Зогсоолын зориулалттай газарт машинаа битгий тавиач ээ гэж удаа дараа шаардсан боловч ийм байдал нь үргэлжилсээр байна. Ч.О нь өмнө энэ байрны СӨХ-ийн дарга хийдэг байсан, одоо хийхээ больсон ба тус байранд амьдарч байгаа байдлаа ашиглан миний зогсоолыг хааж машинаа байрлуулан нэг гэр бүлийн хоёр иргэн нэг нь машины зогсоолтой, нөгөө нь машины зогсоолгүй учраас ээлжлэн авто зогсоол хааж машинаа байрлуулан миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болоод байна. Миний хувьд тэр хоёр ямар нэгэн машины зогсоолтой эсэх, өөр ямар нэгэн харилцааны улмаас зогсоолыг хааж байгаа эсэхийг мэдэх боломжгүй. Надтай ямар нэгэн өр төлбөрийн болон бусад харилцаа огт байхгүй. Ш.Б, Ч.О хоёр нь миний өмчлөлийн машины зогсоолыг хааж машинаа тавьсан үйлдлийг удаа дараа гаргаж миний өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Баянзүрх дүүргийн 0д байрлах 0 дүгээр байрны В1 давхар буюу зоорийн давхарын 0 дугаартай авто зогсоолыг Ш.Б, Ч.О нарт авто зогсоол хааж автомашинаа байрлуулж байгаа өмчлөх эрхэд саад болж байгаа үйлдлийг гаргахгүй байхыг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч бөгөөд хариуцагч Ш.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.А нь гаражаа түрээслэдэг, би нийтийн эзэмшлийн талбайд машинаа тавьдаг. 90 гаран настай хөгшин ээжтэй учир шөнө, оройгүй үргэлж гарч орж байдаг. Оройн цагаар 0 номерийн зогсоолд саад болохгүйгээр тавьдаг, хэл ам гарч байгаагүй. Манай байрны хүмүүс түрээсэлдэг болохоор миний байдлыг ойлгодог. Б.Аийн 1 жил дарамталж байна гэдэг худлаа, харин өөрөө шоронгоос гараад удаагүй гэх үл таних хүнээр дарамтлуулж байсан, манай байрны оршин суугч хажууд байсан мэднэ, бичлэг байгаа болно. Скаймедиа, Юнивишны ажлыг тасалдуулж байсан гэдэг нь худлаа, энэ 2 байгууллагаас гаргасан гомдол байхгүй. Өдрийн цагаар машинаа тавихгүй байхыг хичээдэг. Иргэн Б.Атэй маргаад хэл амаа ололцохгүй байх шалтгаан байхгүй гэж үзэж байна. Баянзүрх дүүрэг, 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0 автомашины дулаан зогсоолтой, 90 айлын орон сууцны барилгын зоорийн давхрын 0, 14, 11 дүгээр зогсоол дээр 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ү-0 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан байдаг. Энэ 3 зогсоолын 11, 0 нь шатны хонгилд байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1.1-д шатны хонгил орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарна гэж заасан байдаг. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т шатны хонгил зэрэг нийтлэг зардлыг хуваарилах тухай заасан. Мөн энэ гараж нь Монгол Улсын стандарт, автомашины зогсоол, ангилал, ерөнхий шаардлагыг хангахгүй машин орж гарахад их төвөгтэй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хүсэлт гаргахад 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 01/1913 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичигт зөрчлийн шинжтэй гэж үзээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/1872 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргах гэхээр анхны зураг төслийг Үндэсний төв архиваас авч байж дүгнэлт бичнэ гээд одоо хүлээлтийн байдалтай байна. Ландкрузер маркийн машин нь манай нөхөр Ш.Бийн машин бөгөөд 0 тоот зогсоолыг хааж тавьдаг гэдэг нь худлаа, манай өөрөө 4 номерийн зогсоолыг өмчлөгч бөгөөд энэхүү зогсоолд ланд крузер маркийн машинаа тавьдаг. Субару маркийн 0 УАА улсын дугаартай машин нь манай нөхрийн нэр дээр байдаг боловч миний бие машиныг барьж, ашигладаг. Тухайн зоорийн давхрын зургийг харвал 8 машины зогсоолтой гэж байхад яагаад 0 зогсоол болсон нь ойлгомжгүй байгаа болно.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэчийн итгэмжлэл, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, гаражийн схем зураг, 0 тоот автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.Аийн иргэний үнэмлэх, гаражийн фото зургийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлж, хариуцагч Ш.Бийн итгэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар, Онцгой байдлын ерөнхий газрын 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 117/10-13 дугаартай барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт, ГХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зургийг тус тус хариуцагч нараас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Үндэсний төв архивын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 02/411 дугаартай албан бичгээр Зоорийн давхрын байгуулалт болон зоорийн давхрын технологийн байгуулалт, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл болон хавсралт, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 837 дугаартай албан бичгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаартай хувийн хэргийн нотлох баримтууд нийт 19 хуудас нотлох баримт, гэрч Б.Баас 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр авсан мэдүүлэгийг тус тус бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ш.Б, Ч.О нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, А хотхонд байрлах, 0 дүгээр байрны В1 давхар буюу зоорийн давхрын 0 дугаартай автозогсоолыг хааж автомашинаа байрлуулж байгаа өмчлөх эрхэд саад болж байгаа үйлдлийг гаргахгүй байхыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч бөгөөд хариуцагч Ш.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 0 дугаартай автозогсоолыг хааж ландкрузер маркийн машиныг тавиагүй, субару маркийн 0 УАА улсын дугаартай машиныг би барьдаг бөгөөд 0 дугаартай зогсоолын хажуугийн нийтийн эзэмшлийн талбайд байрлуулдаг, ер нь анх барилга баригдахад зоорийн давхар нь 8 автозогсоолтой зураг байхад яагаад 0 автозогсоолтой болсон нь ойлгомжгүй, гараж нь Монгол Улсын стандарт, автомашины зогсоол, ангилал, ерөнхий шаардлагыг хангахгүй, машин орж гарахад их төвөгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, ГХХК-ийн захиалгатай, үйлчилгээтэй, 0 автомашины дулаан зогсоолтой, 90 айлын орон сууцны барилгыг 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2014/358 дугаартай улсын комиссын актаар хүлээн авч, барилга байгууламжийг ашиглалтад оруулжээ.

 

3б. ГХХК нь 2013 оны 3 дугаар сарын 0-ны өдөр 13/0 дугаартай Автомашины зогсоол захиалгаар барих гэрээ-г П.Стай байгуулж, 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 14/0 дугаартай албан бичгээр гэрээний дагуу төлбөр тооцоо дууссан, гэрчилгээ гаргаж өгөхийг Баянзүрх дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргаж, холбогдох бичиг баримтыг хавсарган хүргүүлсэн байна.

 

3в. Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, /13321/, Дандарбаатарын гудамж, 0 дүгээр байрны зоорийн давхар, 0 тоотод байрлах, 18 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, автозогсоолын өмчлөгчөөр П.С нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бүртгэгдэж, 0 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

 

П.С нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ж.Энх-Оргилд улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах зэрэг эрхийг 3 жилийн хугацаатай олгож, улмаар 2022 оны 12 дугаар сарын 0-ны өдөр Б.Аийн нэр дээр 0 тоот зогсоолын 0 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.

 

3г. Хариуцагч Ч.О нь нөхөр Ш.Бийн эзэмшлийн 0 УНВ улсын дугаартай субару маркийн автомашиныг өөрөө унаж ашигладаг ба тэрээр дээрх 0 болон 1 тоот зогсоолын хоорондын нийтийн эзэмшлийн талбайд автомашин зогсох зориулалтаар ивээс хийж субару маркийн машиныг байрлуулж байгаа болох нь зохигчдын тайлбар, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, уг тэмдэглэлд хавсаргасан фото зураг зэргээр тогтоогдож байна.

 

3д. Мөн дээрх үзлэгийн тэмдэглэл болон зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч Ч.О нь 0 УНВ улсын дугаартай субару маркийн автомашиныг зоорийн давхрын автозогсоолуудын дундын нийтийн эзэмшлийн талбайд байрлуулахад 0 тоот зогсоолд тавьсан машины орж, гарах хөдөлгөөнд саад учруулж байгаа болох нь тогтоогдож байна.

 

4. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Аийг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.

 

Дээр дурдсан үйл баримтаар Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Б.А нь шаардах эрхтэй байна.

 

Иймд Баянзүрх дүүрэг, 0д байрлах, 0 дүгээр байрны В1 давхар буюу зоорийн давхарт байрлах нэхэмжлэгч Б.Аийн өмчлөлийн 0 дугаартай автозогсоолыг хааж, нийтийн эзэмшлийн талбайд өөрийн эзэмшлийн автомашинаа байрлуулахгүй байхыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

5. Хариуцагч нар нь 0 тоот зогсоолын ард манай байрны ус буух шугам явдаг, санаандгүй байдлаар утсанд хүрч гэмтээсэн тохиолдолд хохирол учрах эрсдэлтэй тул би машинаа нийтийн эзэмшлийн талбайд тавьдаг гэж, мөн 8 зогсоол нь яагаад 0 зогсоол болсонтой холбоотой асуудлаар маргаж байх боловч энэ талаар холбогдох эрх бүхий байгууллагад хандсантай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2.1, 10, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 0д байрлах, 0 дүгээр байрны В1 давхар буюу зоорийн давхарт байрлах нэхэмжлэгч Б.Аийн өмчлөлийн 0 дугаартай автозогсоолыг хааж, нийтийн эзэмшлийн талбайд өөрийн эзэмшлийн автомашинаа байрлуулахгүй байхыг хариуцагч Ш.Б, Ч.О нарт даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Б, Ч.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ