Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2023/04629

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 25

101/ШШ2023/04629

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Ч холбогдох

 

8,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Б,

Хариуцагч О.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие О.Чаас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр фэйсбүүк зарын дагуу 0 УНЦ улсын дугаартай, приус 20 маркийн машиныг 8,700,000 төгрөгөөр аман тохиролцоогоор худалдан авч, эхнэр болох М.Оийн 0 тоот Хаан банкны дансанд 8,700,000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 9 дүгээр сард тээврийн хэрэгслийн оношлогоонд ороход арлын дугаар гагнасан шалтгаанаар тэнцүүлээгүй, одоо машиныг оношлогоо даруулаагүй учир ашиглах боломжгүй болсон. О.Ч нь Хайлаастад гутлын үйлдвэр ажиллуулдаг гэж ярьсаны дагуу 2022 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг тодорхойгүй шалтгаанаар 2023 оны 01 дүгээр сард буцаасан. Миний бие өөрийн оршин суух хаягийн дагуу шүүхэд хандаж, О.Чыг эрэн сурвалжлуулахаар өгч, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай мэдсэн.

Иймд хариуцагч О.Чаас машины мөнгө 8,700,000 төгрөгийг гаргуулж, ашиглах боломжгүй машиныг буцаана гэв.

 

2. Хариуцагч О.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн 0 УНЦ улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг иргэн Г.Бд 8,700,000 төгрөгөөр худалдсан бөгөөд тухайн үед ямарваа нэг доголдолгүй авто машиныг хүлээлгэн өгсөн. Гэтэл Г.Б нь автомашиныг худалдан авч өөрийн эзэмшил, ашиглалтадаа шилжүүлснээс хойш 7 сарын дараа оношилгоонд ороход арлын дугаар гагнасан байсан гэх шалтгаанаар өнөөдөр автомашины төлбөрт төлсөн 8,700,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл худалдан авахад автомашинд ямарваа доголдол байсан бол худалдан авагчийн зүгээс түүнийг шалгаж авах боломжтой байсан атлаа өөрийн эзэмшил, ашиглалтад авч хэрэглэж байсан үедээ дээр дурдсан автомашины гэмтлийг гаргасан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа, Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, фэйсбүүкийн зарыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн хариу тайлбар, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Б.Б болон О.Чын иргэний үнэмлэхний хуулбарыг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч О.Чад холбогдуулан 8,700,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч О.Ч нь ямар нэгэн доголдолгүй машиныг хүлээлгэн өгсөн, худалдаж авснаас хойш 7 сарын дараа машиныг оношлогоонд оруулахад арлын дугаар гагнасан шалтгаанаар оношлогоонд тэнцсэнгүй гэж үзэж амаар байгуулсан гэрээний дагуу төлсөн мөнгийг буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. О.Ч нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Б.Бтэй тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 0 УНЦ улсын дугаартай, тоёота приус 20 маркийн, 0 арлын дугаартай автомашиныг 10,000,000 төгрөгөөр худалдан авч, улмаар энэхүү автомашиныг худалдах зарыг фэйсбүүк зард оруулсаны дагуу Г.Б холбогдсон болох нь зохигчдын тайлбар, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

3б. Г.Б болон О.Ч нар 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр амаар харилцан тохиролцож, 0 УНЦ улсын дугаартай, тоёота приус 20 маркийн ногоон өнгөтэй машиныг 8,700,000 төгрөгөөр Г.Б нь О.Чаас худалдан авахаар тохирч, мөн өдрөө Г.Б нь О.Чын эхнэр М.Оийн 0 тоот дансанд 8,700,000 төгрөгийг шилжүүлж, автомашиныг О.Ч нь Г.Бд хүлээлгэн өгч, тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Г.Б бүртгэгдсэн, ийнхүү автомашин хүлээлцэхдээ машины эд ангийн оношлогоог хийлгэсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан тооцох үндэслэлтэй.

 

4. Худалдан авсан машиныг 2022 оны 7 дугаар сард авто оношлогоонд нэхэмжлэгч Г.Б нь оруулах гэтэл арлын дугаарыг гагнасан шалтгаанаар тэнцүүлээгүй, одоо машиныг ашиглах боломжгүй болсон тул гэрээг цуцалж, шилжүүлсэн 8,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, машиныг буцаан өгөхөөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь машиныг хүлээн авснаас хойш 5 сарын дараа 2022 оны 7 дугаар сард оношлогоонд оруулсан боловч тэнцээгүй, машин доголдолтой байсныг сүүлд мэдсэн, ингээд О.Чад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан гэж тайлбарлаж байх бөгөөд холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Дээрх хуульд заасан хугацааны дотор доголдолтой холбоотой асуудлаар нэхэмжлэгч нь хариуцагчид хандаагүй, мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 154,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч О.Чад холбогдуулан гаргасан 8,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ