Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2023/00232

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: **************** байрлах, Б.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ш.И-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4,019,139 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч:Б.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э

Хариуцагч: Ш.И

Нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Ш.И-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 4,019,139 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.түрээслэгч Ш.И дулаан түгээсэн үйлчилгээний хөлс болох 3,050,129.28 төгрөг тухайн төлбөрөөс бодогдсон алданги 966,509.7 төгрөг, нотариатын үнэ 2500 төгрөг нийт 4,019,139 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж, Эрчим хүчний зохицуулах хорооны Аж ахуйн харилцааны дүрэм зөрчиж (2018 оны 292 дугаар)-ийг зөрчиж манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаа тул тус иргэнээс дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч Б.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Э шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манайхаас 70, 71-р байрын гараашинд үйл ажиллагаа явуулж байгаа И нэхэмжлэл гаргасан байгаа. Уг хүн маань болохоор танайхаас ямар нэгэн нэмэлт халаалтын секц тавиагүй учраас манайх ямар нэгэн халаалтын төлбөр төлөхгүй ээ гэсэн тайлбар өгсөн. Энэ нь аж ахуй харилцааны дүрмээрээ зохицуулагддаг байгаа. Хэрвээ подвалын суурын давхарт ямар нэгэн нэмэлт секц дулаан тавьсан аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулах юм бол мээр бодно гэж байгаа. Одоо 525,15 буюу м2аар бодож байгаа, энийг өндрөөр нь үржүүлээд дахиад 1260-аар бодно. Халаахгүй байна гэж үзэж байгаа нь тараалтын шугамаараа манайх горим барьж ажилладаг. Өвлийн улиралдаа гаднах температураас хамаараад 130, дулааны улиралд 70 гэсэн горим барьж манайх ажилладаг суурын давхарыг халаадаг гэсэн үг юм. Үйл ажиллагаа явуулах энгийн нөхцөл бүрдэж байгаа тул манайх дулааны төлбөрөө авна. Дулааны төлбөрийг авахгүй байх нөхцөл байдаг. Дулааныхаа шугамыг бүрэн дулаалсан, дулаан алдагдал байхгүй, актаар нотлогдсон тохиолдолд дулааны төлбөр авахгүй. Уг гарааш нь дулааны алдагдалтай байгаа нь нотлогдож байгаа. Халаалтын зөрүүгээр гараашийг халааж байгаа үүнд итгэхгүй халаахгүй гэсэн ойлголт хариуцагчид байгаа юм билээ. Яагаад халаахгүй байгаа вэ? гэдгээ өөрөө сайн судлах ёстой байсан байх, дээрээс нь бид нарт болон мэргэжлийн байгууллагад итгэхгүй байгаа учир хөндлөнгийн дүгнэлт гаргуулсан. Тэр нь халааж байна гэсэн дүгнэлт гаргасан. Нэг ч удаа мэдэгдээгүй гэж байгаа нь санаатайгаар бас энэ төлбөрийг анхнаасаа төлөхгүй гэсэн санаа байсан юм болов уу? гэж бодож байна. Яагаад гэвэл "*****" ХХК-с энэ хүн түрээслээд үйл ажиллагаа явуулж байна гэдэг нь тэнд тодорхой хэмжээний халаалтаас ашиг олж байна. Ашиг олж байгаа бол надаас тодорхой хэмжээний зарлага гарна гэдгийг мэдэж байх ёстой. Өөрөө ирээд гэрээгээ хийх ёстой, тэгж яваагүй байгаа. Тэгсэн хэр нь тэр хэрэгслүүрийг ашиглаад ашиг олоод байгаа. Манайх байнга мессеж явуулж байсан, тэр тэмдэглэл шаардлагатай гэвэл байна. Хувь хүн учраас эхнэр болон өөрийн чинь дугаар байдаг байсан. Эхнэрийнх утас руу төлбөрийн мэдээллийг явуулдаг. Өөрөө болохоор надад нэг ч удаа мэдэгдээгүй ээ гэсэн, мөн надад дээр нэхэмжлэх ирэнгүүт л мэдэж байна гэж хэлж байгаа нь илтээр эртнээс төлөхгүй гэсэн зорилго цаана нь агуулагдаж байна гэж үзэж байна. Өмнөх жилүүдийн төлбөр нь "******" ХХК маргаангүйгээр төлөөд, дараачийн удаа нь ковидын хөнгөлөлт байсан. 2022 оноос Ш.И дээр төлбөр гарсныг удаа дараа хэлсэн боловч манайх гэрээ хийгээгүй. "******" ХХК-тай гэрээ дуусгавар болоод Ш.И гэрээ хийе гэсэн боловч гэрээ хийгээгүй учраас шүүхэд нэхэмжлэл өгөхгүй байж байгаад аргагүйн эрхэнд 1 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм аа. "*****" ХХК дулаалаг хэрэгтэй гэж хэлээгүй гэх асуудлаа өөрөө ярилцах хэрэгтэй байх, энэ барилгыг бол манайх хүлээж аваагүй байгаа. "******" ХХК энэ барилгыг бариад тухайн шугам хоолойгоо бол дулаалах ёстой байсан. Тэр шаардлагыг бид нар "******" ХХК-с нэхнэ. Ш.И дулааны төлбөрөө төлөх ёстой гэв.

3.Хариуцагч Ш.И шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ус сувгийн хувьд бол нэхэмжлэл ирсэн хугацаанд мэдсэн, урьд нь ямар нэг байдлаар гэрээ байгуулъя гэж нэг ч хүн ирж уулзаж байгаагүй. Над руу утсаар нэг ч удаа мэдэгдэж байгаагүй. Тэр суурийн давхарт байгаа технологийн шугам хэрвээ миний харьяаллынх юм бол би дулаалах ёстой байсан байх, миний харьяаллынх биш, хэвтээ шугамыг Ус суваг хариуцдаг, босоо шугамыг орон сууцны СӨХ хариуцдаг байгаа. Дээрээс нь нэмж хэлэхэд тэр тараалтын шугамаас нь салбарлаж ямар нэгэн хоолой шугам татаагүй, тэр шугам бол надад огт хамааралгүй шугам байгаа юм аа. Би зөвхөн гараашинд үйл ажиллагаа явуулах зорилгоор түрээсэлж ажиллуулж байсан. Түүнээс биш дулаан усны чиглэлээр надтай хамтран ажиллах гэрээ контракт байхгүй. Ямар тоолуур ямар үндэслэлээр тийм төлбөр нэхээд байгааг одоо ч ойлгохгүй байна, Тийм ч утгаараа шинжээч томилох хүсэлт гаргасан, шинжээчийн дүгнэлтээр дулаан авахгүй байгаа гэж гарсан байгаа. Би ямар нэгэн зорилгоор тэр байрны технологийн шугамаас салбарлаж дулаан татсан бол Ус суваг ойлгох ёстой байсан. Нэг ч удаа надад мэдэгдэж байгаагүй ээ. Ер нь бол мэдэгдэж барьсан мессеж дуудлага байвал харчихмаар байна. Манай эхнэрийн утсанд болон миний утсанд мэдэгдэж барьсан нэг ч зүйл ирээгүй, тэрийгээ харуулчихвал зүгээр байна. Ямар утас руу явуулаад байгааг нь харчихмаар байна. Тэр нэг холбогдсон гээд байгаа байцаагч охин манай гараашинд машинаа тавьсан, тэгэхэд л нэг удаа машинаа авъя гэж залгасан болохоос ямар нэгэн байдлаар танд төлбөр гарч байна гэж мэдэгдсэн зүйл байгаагүй. Хариуцсан байцаагч нь хүртэл нэг байранд байсан, гэрээ хэлцэл хийе гээд өөрсдөө явах ёстой байх, би өөрийгөө ямар нэгэн байдлаар дулаан авч байна гэж үзэхүй байгаа учраас тэгж хөөцөлдөж явах үндэс байхгүй гэв.

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Б.У-ын итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, ********* давхрын төлбөрийн задаргаа гаргасан хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас гаргасан хариу тайлбар, фото зураг, шүүхэд гаргаж өгсөн болно.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Ш.И холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.У нь шаардлагын үндэслэлээ: 70, 71 суурийн давхрыг түрээслэгч Ш.И дулаан түгээсэн үйлчилгээний хөлс болох 3,050,129.28 төгрөг тухайн төлбөрөөс бодогдсон алданги 966,509.7 төгрөг, нотариатын үнэ 2500 төгрөг нийт 4,019,139 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулах гэж тодорхойлсон.

Харин хариуцагч Ш.И нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Ганцхан чигтэй нарийн шугам, хөндий пиавр бохирын хоолойнуудаар халаалт түгээж миний эзэмшлийн *** байрны ***** давхарт хамаарах объектод халаалт түгээж байгаа мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Тус шугам хоолойнууд нь оршин суугчдын халаалтын системийн босоо хэвтээ шугамын зориулалтаар суурийн давхрын таацанд байрладаг. Тэдгээр татсан шугам хоолой нь ****** давхарт зориулагдаагүйн дээр гараашийн хоногт үүсэж байгаа температур, мөн тус байгууллага гэрээ хийх санал тавиагүй, надтай гэрээ хийгээгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Ш.И-аас 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарыг дуусталх дулаан түгээсэн үйлчилгээний хөлс болох 3,050,129 төгрөг, алданги 966,509 төгрөг, нотариатын зардал 2,500 төгрөг нийт 4,019,139 төгрөгийг төлүүлэхээр шаардсан бөгөөд талуудын хооронд бичгээр байгуулагдсан гэрээгүй байна.

Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид Зохицуулах хороо гэх/ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 292 дугаар тогтоолын хавсралт Аж ахуйн харилцааны дүрмийн

2.5.Хэрэглэгч нь барилга байгууламжийг өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх тохиолдолд хангагчтай байгуулсан гэрээг 7 хоногийн өмнө цуцалж, төлбөр тооцоог дуусгах ба шинэ эзэмшигч нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр тооцоог дуусгасан тухай хангагч байгууллагаас тодорхойлолт авсан байна.

5.3.12.Подвалд халаах хэрэгсэл суурилуулаагүй бөгөөд барилгын дулааны гол зангилаа, тараалтын шугамын дулаалга холбогдох норм дүрэм, стандарт /Тоног төхөөрөмж ба дамжуулах хоолойн дулаан тусгаарлалт/-д нийцээгүй, дулаан солилцоо явагдаж байгаа тохиолдолд халаалтын төлбөрийг 5.3.11-д заасны дагуу  тооцно гэж зааснаар хариуцагч Ш.Ижилбаяраас төлбөр нэхэмжлэх эрхтэй байна.

Хариуцагч Ш.И нь "******" ХХК-тай 5 жилийн түрээсийн гэрээ байгуулан уг гараашийн зориулалттай подвалыг ашиглаж байгаа талаар талууд маргаагүй. Харин Б.У нь надтай гэрээ байгуулаагүй, надад "******" ХХК дулааны төлбөр тооцоо гардаг гэж хэлээгүй, мөн шугам хоолойнууд нь оршин суугчдын халаалтын системийн босоо хэвтээ шугамын зориулалтаар суурийн давхрын таацанд байрладаг. Тэдгээр татсан шугам хоолой нь суурийн давхарт зориулагдаагүй гэж маргадаг.

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчтай гэрээ байгуулах гэхээр гэрээ байгуулдаггүй, удаа дараа манай байцаагч очсон, хариуцагчийн утсанд сар бүр төлбөр тооцоо очиж байгаа, Ш.И уг ** байрны **** давхрийн гараашийг дулаан гараашийн зориулалтаар ашиглаж ашиг олж байгаа гэж тайлбарладаг.

Зохигчид хэн аль нь дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

"********" ХХК-ийн 2023 оны 4 сарын 3-ны өдрийн 170 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр .., уг гараашид байгаа цэвэр болон бохирын хоолойнууд тухайн гараашийг халаах зориулалтгүй тул дулааныг тооцохгүй үзлэг хийх үед технологийн хоолой нь тус г***** 150С, *** байрны **** 140С хэмжээгээр тус тус халааж байв. Үүнээс зогсоолын дотуур явсан технологийн хоолойны дулаалга хийгээгүй шугам нь ***  байрны зогсоолыг 3 хэм, ***  байрны зогсоолыг 2 хэмээр илүү халааж байна гэсэн дүгнэлт гаргасан.

Дулаанаар зохицуулалттай хангах тусгай Зөвшөөрөл эзэмшигч хэрэглэгчийн Аж ахуйн харилцааны дүрмийн 2.5-д Хэрэглэгч нь барилга байгууламжийг өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх тохиолдолд хангагчтай байгуулсан гэрээг 7 хоногийн өмнө цуцалж, төлбөр тооцоог дуусгах ба шинэ эзэмшигч нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр тооцоог дуусгасан тухай хангагч байгууллагаас тодорхойлолт авсан байна гэж, 2.6-д Хангагч, хэрэглэгч нь дулаанаар хангах гэрээг жил бүрийн халаалтын улирал эхлэх хугацаанд буюу Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон хугацаанд байгуулж мөн тогтоосон халаалтын улирал дуусахад гэрээг дүгнэж, тооцоо нийлэн акт үйлдэнэ гэж тус тус заажээ. Гэтэл хангагч, хэрэглэгч аль аль нь тухайн заалтуудыг дагаж мөрдөөгүй, хэрэгжүүлээгүй буруутай байна. Хэрэглэгч нь хангагчтай гэрээг байгуулаагүй, шинжээч уг гараашид байгаа цэвэр болон бохирын хоолойнууд тухайн гараашийг халаах зориулалтгүй гэсэн дүгнэлт гаргасан хэдий ч мөн дүрмийн 5.3.12-д зааснаар тухайн гараашид дулаан солилцоо байгаа учраас халаатын төлбөрийг 5.3.11-д зааснаар төлөх үүрэг үүснэ.

Иймд үндсэн төлбөр 3,050,129 төгрөг, нотариатын төлбөр 2500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, бичгээр гэрээ байгуулаагүй үндэслэлээр алданги 966,509 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,256 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд 3,052,629 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 63,792 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Ш.И-ээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3,052,629 төгрөгийг гаргуулж Б.У-д олгож, алданги 966,509 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.У нь тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.И-ээс улсын тэмдэгтийн хураамжид 63,792 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ