Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2023/04630

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 25

101/ШШ2023/04630

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш ХХК

 

Хариуцагч: О.А нарт холбогдох

 

Зээлийн гэрээний төлбөрт 18,721,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.О нь Ш ХХК-ийн захирал О.Атай машин угаалгын газар машинаа угаалгаж байгаад танилцаж байсан. Түүнээс хойш О.А нь хоёулаа хамтарч ажил хийе гээд бид хоёр холбогдож байсан. Ингэж ярилцаж байх үедээ О.А нь өөрийнхөө болон компанийнхаа нэрийн өмнөөс надаас хэд хэдэн удаа мөнгө зээлж авсан. Би О.Агийн хүсэлтийн дагуу түүнд болон түүний Ш ХХК-д нийт 15,200,000 төгрөгийг 7 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн өгсөн юм. Үүнд: 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр О.Агийн Хаан банкны 0 тоот дансруу би өөрийн найз Б.Бийн Хаан банкны 0 тоот данснаас 2,000,000 төгрөгийг О 0 гэсэн гүйлгээний утгатайгаар, 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн найз Б.Бээс /түүний эхнэрийн данснаас/ 5,000,000 төгрөгийг, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр О.Агийн Хаан банкны 0 тоот дансруу Б.Огийн данснаас 1,000,000 төгрөгийг, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр О.Агийн Хаан банкны 0 тоот дансруу Э.Шийн данснаас 200,000 төгрөгийг, О.Ад 4,000,000 төгрөгийг бэлнээр /О.А нь компанийнхаа нүүрс зөөдөг жолоочийн цалинг өгнө гэж хэлээд надаас бэлнээр авсан/, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр О.Агийн хүсэлтийн дагуу н.Ө гэж хүний Хаан банкны 0 тоот дансруу 1,000,000 төгрөгийг О.Агийн өмнөөс тээврийн хөлс 2019 оных гэсэн утгатайгаар, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б.Г гэж хүний Хаан банк дахь 0 тоот дансруу О.Агийн нэг хүний өмчлөлийн Ш ХХК-ийн өмнөөс 2,000,000 төгрөгийг Тээвэрлэлийн хөлс Ш гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн. О.А нь мөнгө хүүтэй зээлье гээд өөрөө хэдэн төгрөгийн хүү бодохоо хэлдэг байсан, ингээд О.Ад нийт 15,200,000 төгрөгийг би өөрийн найз нөхдөөсөө зээлж өгсөн, зээлсэн мөнгөний хүүний төлбөрт баримттайгаар нийт 3,521,000 төгрөгийг би төлсөн. О.Агаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж маш олон удаа утсаар болон мессежээр холбогдож байсан. Ярих бүрт компанийн ажил маань одоо л эхэлж байна удахгүй мөнгө төгрөгтэй болно тэгээд өгье гэдэг байсан. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа О.А, Ш ХХК-д холбогдуулан зээлийн төлбөрт 15,200,000 төгрөг, хүүний төлбөрт 3,521,000 төгрөг, нийт 18,721,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, одоо Ш ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд зээлийн төлбөр 15,200,000 төгрөг, хүүний төлбөрт 3,521,000 төгрөг, нийт 18,721,000 төгрөгийг хариуцагч О.Агаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч О.А, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн О.Агийн хувьд Д.Отай танилцаж, цаашид хамтран ажиллах хүсэлт тавьсан. Миний хувьд Э ХХК-ийн эрчим хүчний угаасан нүүрсийг орон нутгийн үйлдвэрт зөөх тээвэрлэх ажлыг эхлүүлэх журмаар явсан. Энэ үед Д.От итгэл найдвар тавьж, 1,000,000 төгрөгийн цалин бодьё, цаашид энэ ажлыг өргөжүүлэх төлөвлөгөөтэй ярилцаж явсан. Улаанбаатар луу ажил хөөцөлдөх шугамаар явсан. Тухайн үед Д.Оаас хүүтэй мөнгө зээлдэг хүн байна уу гэхэд хүнээс сураглаж өгье гэсэн болно. Ингээд 2018 оны 7 дугаар сарын 6,7-ны үед 5,000,000 төгрөг миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Би надад 4,000,000 төгрөг, чи 1,000,000 төгрөгийг нь ав гэж Д.От хэлсэн. Тухайн үед Д.О нь манай эгч миний компанийн ажлыг хийдэг, нүүрс тээвэр, машин тэрэгтэй гэж мэтчилэн ярьж өөрийн ажилтан н.Б гэдэг залуугаар дамжуулан надад 30 хувийн хүүтэй өгч байсныг 3 сарын дараа буюу 2018 оны 9 дүгээр сард мэдсэн. н.Б гэдэг залуу нь Эрдэнэт хотын залуу, мөн н.Н гэгч эмэгтэйгээс 10 хувийн хүүтэй зээлж өгч байсныг мэдсэн. Тухайн үед зээлж байсан мөнгө төгрөгөө бол хүүтэй нь төлж барагдуулсан. Дахин н.Б, н.Н нараас 5,000,000+3,000,000 төгрөг зээлж аваад огт төлөөгүй. Энэ нэхэмжлэл дээр бол өөрөөсөө хүү төлөөд өгсөн гэсэн баримт тавьсан байна. Энэ хүүг бол би хүлээн зөвшөөрөхгүй. н.Б, н.Н нарт нийт 8,000,000 төгрөг өөрөө 2022 оны 11 дүгээр сард төлсөн юм байна. Тийм учраас Д.От тухайн 2 иргэнд төлсөн 8,000,000 төгрөг, өөрөөс нь тээврийн хөлс өгөх гэж мөнгө дутахаар 4,000,000 төгрөг зээлж өгсөн. Цаашид хамтран ажиллах биш, компанийн нэр ашиглаж, хүнд худал ярьж, мөнгө угаах сонирхолтой гэдгийг мэдэж, ойлгосон. Энэ хүнийг тухайн үед ашиглая гэж бодоогүй. Надад хэрэгтэй хүн байна гэдэг үүднээс ажлаа өдөр тутам тайлагнаж явсан. Дансаар авсан мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа, Д.От нийт 12,000,000 төгрөг л өгнө. Нэхэмжлэлийн бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Оын иргэний үнэмлэх, Б.Бийн Хаан банкны 0 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ц.Яын Хаан банкны 0 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Огийн Хаан банкны 0 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Э.Шийн Хаан банкны 0 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Д.Оын Хас банкны 0 тоот дансны хуулга, Хаан банкны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, Хас банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагааг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,

Хариуцагчийн хариу тайлбар, Ш ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн итгэмжлэлүүдийг хариуцагч нь ирүүлсэн байна.

 

4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Ш ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Хаан банкны 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 29/5133 дугаартай албан бичиг, 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрч Б.Огаас авсан мэдүүлэг, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэрч Б.Бээс авсан мэдүүлэг, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлийг тус тус бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Ш ХХК болон О.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,200,000 төгрөг, хүүний төлбөрт төлсөн 3,521,000 төгрөг, нийт 18,721,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ш ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзаж байх тул уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

2. Хариуцагч О.А нь нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дансаар шилжүүлсэн мөнгийг зөвшөөрч байгаа, Д.Оаас бэлнээр мөнгө авч байгаагүй, хүүний асуудлын хувьд О.Ад хүнээс хүүтэй мөнгө зээлсэн гэдгээ хэлээгүй байдаг, тийм учраас зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Нэхэмжлэгч Д.О нь бусдаас мөнгө авч, О.Ад 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Б.Бээс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, Б.Бийн эхнэр Ц.Яын данснаас 7 дугаар сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөг /2 удаагийн гүйлгээгээр/, Б.Огийн данснаас 7 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, Д.Оын эхнэр Э.Шийн дансаас 9 дүгээр сарын 08-ны өдөр 200,000 төгрөг, Д.О өөрийн Хас банкин дахь данснаас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тээврийн хөлс гэсэн утгаар нийт 3,000,000 төгрөг, нийт 11,200,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны хуулга, Хас банкны дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэж тус тус зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсаны дагуу баримтаар 11,200,000 төгрөгийг О.Ад Б.О нь өөрийн болон бусдын дансаар шилжүүлсэн байх боловч хариуцагч О.А нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 12,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

 

3б. Д.О нь О.Агийн гуйлтын дагуу түүний компанийнхаа нүүрс зөөдөг жолоочийн цалинг өгөх зорилгоор 4,000,000 төгрөгийг бэлнээр зээлүүлсэн гэх боловч хэзээ зээлүүлсэн болох нь тогтоогдохгүй, зохигчдын хооронд 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр чаталсан чатын агуулгаар энэхүү 4,000,000 төгрөгийг зээлүүлсэн болох нь тогтоогдоно гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, нөгөөтэйгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

4. Нэхэмжлэгч Д.О нь О.Ад зээлүүлсэн мөнгөний хүүгийн төлбөрт миний бие баримттайгаар 3,521,000 төгрөгийг төлсөн тул энэхүү мөнгийг хохиролд тооцон хариуцагчаас шаардаж байна гэсэн агуулгаар нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг тодорхойлсон.

 

4а. Д.Оын Хас банкны 0 тоот дансны хуулгаас үзвэл Б.Бэд 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр О хүүний мөнгө гэсэн утгаар 550,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр О хүүний мөнгө гэсэн утгаар 270,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр О гэсэн утгаар 865,000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр О гэсэн утгаар 480,000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр О гэсэн утгаар 816,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр О хүүний мөнгө гэсэн утгаар 40,000 төгрөг, Б.Од 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр О гэсэн утгаар 150,000 төгрөг зэргийг Д.О нь бусдаас авсан зээлийн хүүгийн төлбөрт О.Агийн өмнөөс төлж, хохирсон гэжээ.

 

4б. Б.Бэ нь 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ ... Д.О нь О.Агийн данс руу шилжүүлүүлсэн 8,000,000 төгрөгөөс гадна /хэдэн төгрөг гэдгийг нь санахгүй байна/ мөнгө зээлж байсан. Тэр мөнгөний хүүний мөнгийг өгсөн. Харин дээрх 8,000,000 төгрөгийн хүүний мөнгийг эхний 2 сарын мөнгийг өгсөн. Тэрнээс хойш мөнгийг өгөөгүй гэж мэдүүлсэн, мөн уг мэдүүлэгээс үзэхэд сарын хэдэн хувийн хүүтэй мөнгө зээлсэн болох нь тодорхойгүй, мөн 8,000,000 төгрөгөөс гадна өөр мөнгө зээлж байсан, 8,000,000 төгрөгийн хувьд 2 сарын хүүний мөнгө өгч байсан байх бөгөөд Д.Оын хүүд төлсөн гэх төлбөрүүд нь бүхэлдээ 8,000,000 төгрөгийн хүүтэй холбоотой биш гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нөгөөтэйгүүр иргэд хоорондын зээлийн харилцаанд хүү тохирсон бол гэрээг бичгээр байгуулах шаардлагатай бөгөөд эдгээр иргэдтэй Д.О нь бичгээр хийсэн гэрээ байхгүй, мөн ямар хугацаатай гэрээ байгуулж, ямар хугацааны хүү төлсөн ч тодорхой бус, зохигчдын хооронд үүссэн зээлийн харилцаанаас улмаас нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хэрвээ зээл авсан иргэдтэй Д.О нь зээлийн харилцаа үүсгэж, хүү төлөх тохиолдолд иргэд хоорондын зээлийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй, хүүтэй мөнгө зээлсэн болохоо хариуцагчид мэдэгдээгүй атлаа түүний өмнөөс хүү төлж хохирсон гэж үзэж буй нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заажээ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч О.Агийн нэхэмжлэлийн шаардлагаас зөвшөөрсөн хэмжээ болох 12,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 206,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч О.Агаас зээлийн төлбөрт 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.От олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 6,721,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Оын хариуцагч Ш ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 206,950 /хоёр зуун зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.От олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ