Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/04299

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 04

101/ШШ2023/04299

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Ч

 

Хариуцагч: С ХХКхолбогдох,

 

Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 9,227,780 төгрөг, алданги 4,613,890 төгрөг, нийт 13,841,670 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н,

Хариуцагч Э.Ч,

Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Л №2460,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай Х ХХК нь иргэн Э.Чтэй 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 21-630 тоот түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйл, Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн холбогдох заалтыг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь түрээсийн гэрээгээр тулаас гэх нийт 1203 ширхэг бараа материал түрээслэн авч 20-131 хоног ашигласан. Гэвч түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 9,227,780 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхгүй байна. Э.Ч нь тулаас v4 хэмжээтэй /цагаан, хуучин/ 16 ширхэг барааг буцаан хүлээлгэн өгөлгүй дутааж актлуулсан. Актын төлбөрийг Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 7.3 дахь хэсэгт "Түрээслэгч нь түрээслэж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойшхи эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахгүйгээр эвдэж, гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийг зах зээлийн үнээр тооцож 100 хувь төлөх үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө гэж заасны дагуу гэрээний хавсралт№1-д заасан бараа материалын зарах үнээр тооцоолсон болно. Нийт дун 16 ш тулаас дутсан, 580,800 төгрөг. Мөн Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж заасан. Алдангийг түрээс зогссон өдрөөс буюу 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож 4,613,890 төгрөгийн алданги тооцов. Гэрээг Э.Чтэй байгуулахад компанийн бичиг баримт гараагүй, компани байгуулагдаагүй гэсэн тул түүнтэй байгуулсан боловч манайхаас түрээсээр авсан бараа материалыг хариуцагч С ХХК нь өөрийн барьж байсан барилгадаа ашигласан, үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа тул хариуцагч Э.Чд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Түрээсийн төлбөрийг 2 хувааж төлье гээд албан бичиг өгсөн байдаг, үр ашгаа хүртээд үйл ажиллагаа явуулж байна.

Иймд хариуцагч С ХХК-иас барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 9,227,780 төгрөг, алданги 4,613,890 төгрөг, нийт 13,841,670 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч С ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч С ХХК нь Х ХХК-иас барилгын туслах материал авч ашигласнаа хүлээн зөвшөөрч байгаа. Түрээсийн гэрээний үндсэн төлбөр болох 9,227,780 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин алданги хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээ байгуулахдаа С ХХК-ийн эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй, ийм учраас түрээсийн гэрээ байгуулсан нь үндэслэлгүй. Сүүлийн бараа материалыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэж өгсөн байдаг. 11 дүгээр сарын эхээр цутгалт авах боломжгүй болдог. Ашиглаагүй хугацааны төлбөрийг алдангид тооцож оруулсан. С ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан байсан. Тэгэхээр компанитай гэрээ байгуулах бүрэн боломжтой байсан боловч байгуулаагүй гэв.      

 

3. Хариуцагч Э.Ч шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2021 оны 7 дугаар сараас 10 дугаар сар хүртэл Баянзүрх дүүргийн Гачуурт шивэртийн аманд байрлах С ХХК-ийн барьсан А хаус төсөл дээр 3 сарын хугацаанд талбайн инженерээр ажилласан. Тухайн ажиллаж байх хугацаанд барилгад хэрэглэгдэх Х болон бусад эд материалыг компанийн гэрчилгээ гараагүйн улмаас Х ХХК-иас өөрийн нэр дээр түрээсийн гэрээ хийж, ашигласан болно. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус компанид ажиллах боломжгүй болж ажлыг хүлээлгэн өгсөн. Тухайн 3 сарын хугацаанд Х ХХК-тай хамтран ажиллахдаа ямар ч өр төлбөр, зээлээр бараа материал авч ашиглаагүй төлбөрийг бүрэн гүйцэт 100 хувь төлж байсан болно. Энэ ажилласан 3 сард компанийн гэрчилгээ гарахаар гэрээг шинэчилж, компани дээр НӨАТ шивүүлэх тухай Х ХХК-ийн ажилтнуудад хэлж байсан. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи тус 2 компанийн төлбөр тооцоо болон бусад асуудалд би бүрэн хамааралгүй болно. Тухайн нэхэмжлэлийг надад 2022 оны 9 дүгээр сард Х ХХК-иас надад мэдэгдсэн болно. Тухай бүрд нь С ХХК-ийн удирдлагуудад мэдэгдэж байсан. Тус компаниас надад хариу өгөхдөө Х ХХК-ийн төлбөр тооцоотой ямар ч хамааралгүй болно гэдгийг бичгээр хийж өгсөн. Х ХХК-иас түрээслэн авсан бараа материалыг Э.Ч миний бие өөрийн хувьдаа огт ашиглаагүй, зөвхөн С ХХК-ийн гачууртын шивэртийн аманд байрлах А төсөлд 100 хувь ашиглаж, барилга баригдсан болно гэжээ.

 

4. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хүлээн авсан бараа материалын акт, Ч төлбөр төлөлт /задаргаа/, нэхэмжлэгчийн итгэмжлэлүүд, зарлагын болон орлогын падаанууд, 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 21-630 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ, С ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн албан бичиг, Х ХХК-ийн төлбөрийн баримтуудыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагч Э.Чгийн хариу тайлбар, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн С ХХК-ийн албан бичиг, хариуцагчийн итгэмжлэлийг ирүүлсэн, хариуцагч С ХХК-ийн хариу тайлбар, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрэм, хариуцагчийн итгэмжлэлийг тус тус ирүүлсэн байна.

 

5. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн албан бичиг, С ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг тус тус бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Э.Чд холбогдуулан анх Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 9,227,780 төгрөг, алданги 4,613,890 төгрөг, нийт 13,841,670 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар С ХХК-ийн татан оролцуулсан байна.

 

1а. Хариуцагч Э.Ч нь Х ХХК-иас түрээслэн авсан бараа материалыг миний бие хувьдаа огт ашиглаагүй, зөвхөн С ХХК-ийн гачууртын шивэртийн аманд байрлах А төсөлд 100 хувь ашиглаж, барилга баригдсан тул би хариуцахгүй гэж маргадаг.

 

1б. Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд Х ХХК-иас бараа материалыг түрээслэн авсан, гэрээний үлдэгдэл төлбөр 9,227,780 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа, харин алдангийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

1в. Хариуцагч С ХХК-ийн дээрх тайлбартай холбогдуулан нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Э.Чгээс татгалзаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Э.Чд холбогдох шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2а. Х ХХК нь иргэн Э.Чтэй 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 21-630 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г байгуулж, түрээслүүлэгч нь түрээслэгч талд барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж биет байдлын болон эрхийн доголдолгүй барилгын туслах бараа материалыг түрээслүүлж, ашиглуулахаар, түрээслэгч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулах, түрээсийн зүйлийг тогтоосон хугацаанд акт үйлдэн хүлээлгэн өгөхөөр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.

 

2б. Дээрх гэрээний дагуу 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд хэв /30*120, 50*120, 60*120, 40*120 хуучин/, булан /10*10 хуучин, 1.2 шинэ/, труба /3м хар хуучин, 6м цагаан хуучин, 3м цагаан дөрвөлжин, 4м дөрвөлжин хуучин/, тулаас /V-2 цагаан хуучин/ зэрэг нийт 1,203 ширхэг, нийт 13,775,580 төгрөгийн барилгын туслах материал түрээслүүлсэн болох нь Хүлээн авсан бараа материалын акт, зохигчдын гэрээний дагуу түрээслэн авсан бараа материалын хувьд маргаангүй гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

2в. Түрээслүүлсэн бараа материалыг С ХХК-ийн гачууртын шивэртийн аманд байрлах А төсөлд 100 хувь ашиглаж, барилга баригдсан болох нь С ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Х ХХК-д гаргасан албан бичиг, зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд нийт түрээсийн төлбөр 13,775,580 төгрөгөөс 5,934,600 төгрөг төлөгдөж, одоо 9,227,780 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагийн хувьд талууд маргахгүй байна.

 

2г. Гэрээний дагуу түрээсийн зүйлийг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хооронд С ХХК болон тус компанид ажиллаж байсан Э.Ч нь Х ХХК-д хүлээлгэн өгч, Э.Ч нь төлбөрийг төлөхдөө С гэсэн утгаар төлбөрийг төлж байсан болох нь Ч төлбөр төлөлт /задаргаа/ гэх баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

3. Хариуцагч С ХХК нь анзын гэрээг бичгээр хийх хэлбэрийн шаардлага хангаагүй, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс зөвшөөрөл аваагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд Х ХХК-тай С ХХК-д ажиллаж байсан Э.Ч нь гэрээ байгуулсан байх боловч түрээслүүлэгчээс авсан түрээсийн бараа материал нь С ХХК-ийн гачууртын шивэртийн аманд байрлах А төсөлд 100 хувь ашиглагдаж, улмаар гэрээний дагуу төлөх төлбөрийг С ХХК нь төлж, одоо үлдэгдэл төлбөрийг төлөх хүсэл зоригоо илэрхийлж байсан байна.

 

Мөн С ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Х ХХК-д явуулсан албан бичигт Э.Ч нь А төслийн гүйцэтгэгч компани болох С ХХК-ийн түрээслэн хэрэглэсэн Хын төлбөрт ямар нэгэн холбогдолгүй болохыг мэдэгдэж байна. С ХХК-тай холбогдох тооцоог хийнэ үү /хх-24/ гэснээс үзвэл нэхэмжлэгчийн Э.Чтэй байгуулсан гэрээний дагуу төлөх төлбөрийг хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн албан бичгийг нөгөө талдаа хүргүүлж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзэх бөгөөд 43.2.2-т хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан гэж, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцохоор тус тус заажээ.

 

Дээр дурдсан үйл баримт болон хуулийн зохицуулалтаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар түрээсийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй ба мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасны дагуу нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч С ХХК-иас алданги нэхэмжилэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагч С ХХК нь гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдлийг төлөх үүргээ биелүүлээгүй тул талуудын хариуцлагын дагуу алданги төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон нь үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 227,158 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас гэрээний үүрэгт 13,841,670 /арван гурван сая найман зуун дөчин нэгэн мянга зургаан зуун дал/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Э.Чд холбогдох шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 227,158 /хоёр зуун хорин долоон мянга нэг зуун тавин найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ