Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/31

 

Я.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 2020/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Я.Бд холбогдох эрүүгийн 2013003910046 дугаартай, 2 хавтаст хэргийг шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч С.Тилеуберди нарын  давж заалдах гомдлын дагуу 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, прокурор Х.Өрен, шүүгдэгч Я.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеуберди, хохирогчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов. 

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 08-ны өдөр С аймгийн З суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, фермер эрхлэгч мэргэжилтэй, засал чимэглэлийн чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6 хүнтэй, ээж, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын  дүгээр багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт Я-гийн Б /М0000000/ нь 2020 оны 8 дугаар сарын дунд үеэс 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр, Ховд голын эрэг дээр, мөн Өлгий сумын  дугаар багийн нутаг дэвсгэр “Б” зочид буудалд насанд хүрээгүй хохирогч Б.Б-г арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон,

2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шөнө 22.00 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ө сумын  дүгээр багт байрлах өөрийнхөө гэрт насанд хүрээгүй хохирогч Б.Б-г арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 2021/ШЦТ/71 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт Я-гийн Б-ийг арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ

 

            Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд: “Шүүгдэгчийн зүгээс анх мэдүүлэг авч эхэлсэн үеэс гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй, бодит болсон байдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирлын талаар ямар нэгэн маргаангүй, нэхэмжлэх материаллаг эд зүйл байхгүй мөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.6 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн буруутай байдал, хохирогч өөрөө анх танилцахад 18 настай гэснээр нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх заалт байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг доордуулсанд гомдолтой байна.

Хохирогч харилцаанд орох болгонд сайн дурын үндсэн дээр ордог, шүүгдэгчийн дуудсан газарт, дуудсан цагт өөрөө очиж уулздаг, хохирогч байнга шүүгдэгчийн ажлын байранд ирж шүүгдэгчтэй уулзалдаг байсан талаар шүүгдэгчтэй хамт ажиллаж байсан хүмүүсээс тодруулж ямар байдалтай, ямар хувцастай ирж уулзаж байсан талаар шүүгдэгч болон хохирогч мэдүүлэг өгөхөд удаа дараа мэдүүлсээр байхад зөв дүгнэлт хийгээгүй бөгөөд сурагчийн хувцастай байсан гэдгийг миний үйлчлэгч өөрөө мэдүүлсэн бөгөөд хохирогч тухайн үед тийм хувцастай очсон эсэх нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдохгүй байгаа байдалд зөв дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн асуудалд гомдолтой байгаа учир энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бд оногдуулсан нэг жилийн хорих ялыг шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ болгон өөрчилж өгнө үү” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

           

Прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 60 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Я.Б-ийн 2020 оны 8 дугаар сарын дунд үеэс 2020 оны 10 дугаар сарын 23-ны хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр насанд хүрээгүй хохирогч Б.Бг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, мөн Я.Б нь 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын  дүгээр багт байрлах өөрийн гэртээ насанд хүрээгүй хохирогч Б.Бг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэн байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 2021/ШЦТ/71 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт Я-гийн Б-ийг арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Бийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

 

Хэрэгт цугларсан яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч шүүгдэгч Я.Б нь 2020 оны 08 дугаар сарын дунд үеэс 2020 оны 10 дугаар сарын 23-ны хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр насанд хүрээгүй хохирогч Б.Б-г арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын  дүгээр багт байрлах гэртээ насанд хүрээгүй хохирогч Б.Б-г арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн нь бүрэн нотлогдон тогтоогджээ.

 

Иймд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг удирдлага болгож, Я.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн бөгөөд шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн санаатай хэлбэрт нь тохирсон байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ болгон өөрчилж өгнө үү.” гэжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Я.Б-ийн үргэлжилсэн үйлдлээр өсвөр насны хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг үйлдсэн гэмт хэрэг, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзаж, мөн зүйлийн 1.1 дэх заалтыг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Хуульд зааснаар Я.Б-ийн цагдан хоригдсон 44 хоногийн хугацаа түүний ял эдлэх хугацаанд тооцогдоно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Б, түүний өмгөөлөгч С.Тилеуберди нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-ийн цагдан хоригдсон 44 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                     

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

                                                                                                            С.ӨМИРБЕК